Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02487

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02487

 

 

Н.Энхцогтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02253 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Энхцогтын нэхэмжлэлтэй

Хариуцагч Гаалийн ерөнхий газар, Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар нарт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 21 159 785,43 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тамираагийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Энхцогт

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Ч.Тамираа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Энхцогт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан үүргийг 2012- 2016 онд гүйцэтгэж байгаад Монгол Улсын Их Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн чуулганаар батлагдсан Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн Засгийн газрын агентлагын талаар авах зарим арга хэмжээний тухай 501 дүгээр тогтоол зэргийг үндэслэн Сангийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр тушаалын дагуу шинэчлэгдэн байгуулагдсан Гааль, татварын ерөнхий газрын дэд даргын албан тушаалд шилжин ажиллаж байсан. Гэтэл Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч, Засгийн газрын 2016 оны Засгийн газрын агентлагын талаар авах зарим арга хэмжээний тухай 4 дүгээр тогтоол зэргийг үндэслэн Сангийн сайд Б.Чойжилсүрэн нь 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 315 дугаар хууль бус тушаал гаргаж намайг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн нь Гаалийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул холбогдох хууль журмын дагуу Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхээс гомдлыг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Түүнчлэн хариуцагчийн зүгээс Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдсан боловч Улсын дээд шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 467 дугаар захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ний өдрийн 221/МА/2017/0499 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 4 дүгээр сарын 27-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалинд 18 745 525.26 төгрөг, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал 2 414 260.17 төгрөг, бүгд 21 159 785.43 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тамираа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гааль, татварын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан Н.Энхцогтыг ажлаас чөлөөлөх тухай Монгол Улсын Сангийн Сайдын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 315 тоот тушаал гарч, нэхэмжлэгчийг албан үүргээс нь чөлөөлсөн байдаг. Энэхүү албан үүргээс нь чөлөөлөх тухай 315 тоот тушаалыг батлан гаргаж, хэрэгжүүлсэн этгээд нь одоо энэ иргэний хэрэгт хариуцагчаар татагдаад буй Гаалийн ерөнхий газар, түүний дарга Б.Асралт биш бөгөөд 2016 онд сангийн сайдаар ажиллаж байсан субьекттэй холбоотой асуудал юм. Албан үүргээсээ хууль бусаар чөлөөлөгдсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч Н.Энхцогт Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандаж 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 317 дугаартай шийдвэр, 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр давж заалдах шатны шүүхийн 499 дугаартай магадлал тус тус гарсан. Мөн магадлалд Н.Энхцогтын ажилгүй байсан хугацааны нийт 7 сар 18 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 10 067 848 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гаалийн ерөнхий газар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 01/574 дугаартай албан тоотоор Монгол Улсын Сангийн Сайд Ч.Хүрэлбаатарт нэхэмжлэгч Н.Энхцогтыг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилж өгөхийг хүссэн албан тоотыг хүргүүлсэн болно.Үүний дагуу эрх барих дээд байгууллага болох Монгол Улсын Засгийн Газраас Гаалийн ерөнхий газрын дэд даргыг томилох асуудал хүлээгдэж байна. Мөн шүүхийн магадлалд дурдсан 10 067 848 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төрийн сангийн дансаар дамжуулан Н.Энхцогтод олгосон болно. Одоо Н.Энхцогтыг хууль бусаар албан тушаалаас нь чөлөөлсөн гэж Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэх 21 159 785 төгрөгийг Монгол Улсын Сангийн Сайд хариуцах ёстой гэж үзэж буй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 315 дугаар тушаалаар Гааль, татварын ерөнхий газрыг өөрчлөн байгуулсантай холбогдуулан Н.Энхцогтыг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Гааль, татварын ерөнхий газрын Гаалийн асуудал хариуцсан дэд дарга асан Н.Энхцогт нь Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн маргаан нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүрээр сарын 27-ны өдрийн 499 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 499 дугаартай магадлалаар тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 315 дугаар тушаалын Н.Энхцогтод холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.Энхцогтыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж, ажилгүй байсан хүгацааны цалин болох 10,067,848 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас олгуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Н.Энхцогтыг ажлаас чөлөөлөхөөс өмнө Гаалийн ерөнхий газрын дарга тус газрын дэд даргаар Ё.Бат- Эрдэнийг томилуулахаар Засгийн газарт санал хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах гэсэн зарчмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Гаалийн ерөнхий газар холбогдох ажиллагааг хийсэн буюу ажилгүй байсан хугацааны цалин болох 10 067 848 төгрөгийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/628 дугаар тушаалын дагуу олгож, Н.Энхцогтыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд 2018 оны 2 дугаар сарын 2-ний өдрийн 01/574 дугаар албан бичгээр санал болгосон тул шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэж байна. Иймд Н.Энхцогтийн ажилгүй байсан хугацааны цалин 21 159 785,43 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыгхэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч Гаалийн ерөнхий газраас 21 159 785,43 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхцогтод олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, зохих бичилт хийхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч хариуцагч нар нь улсын тэмдэгтйн хураамж төлөхөөс тус тус чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч Н.Энхцогтоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 750 төгрөгийг улсын төсвийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тамираа давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч Н.Энхцогтын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхдээ Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 315 тоот тушаалын Н.Энхцогтод холбоотой хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээр дурдсан 315 тоот тушаал нь Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Сангийн сайд гарын үсэг зурж, Сангийн яамны тамга тэмдэг дарагдан баталгаажиж гарсан тушаал юм. Энэ тушаалыг Н.Энхцогт нь үндэслэлгүй гэж үзэн Захиргааиы хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хоёр шатны шүүхээс Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 315 тоот тушаалын Н.Энхцогтод холбоотой хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг тушаалыг гаргасан этгээд тодорхой байсаар байтал анхан шатны шүүх батлан гаргаагүй, уг тушаалд тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй, огт холбоогүй субьект болох Гаалийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалин 21 159 785,43 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэидийн бичилтийг хийлгэхээр даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн хэрэгт нотлох баримтаар Н.Энхцогтыг албан тушаалаас нь чөлөөлсөн тухай Мопгол Улсын Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 315 тоот гушаалын хуулбарыг хавсаргасан бөгөөд энэ тушаалыг ямар субьект баталсан, гарын үсэг зурсан, тамга тэмдэг дарж баталгаажуулсан талаар зохигчид маргаагүй байна. Н.Энхцогтыг албан тушаалаас чөлөөлсөн буруугай этгээд нь хариуцагч ГЕГ-ын дарга Б.Асралт биш гэдгийг зохигчдын хэн аль нь мэдэж байхад Иргэиий хэрэг шүүхэд хяпаи шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасныг зөрчин, дээрх нотлох баримтыг үнэлэлгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Энхцогт нь хариуцагч Гаалийн ерөнхий газар болон Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар нарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 21 159 785,43 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Гаалийн ерөнхий газар ... уг цалин хөлсийг Сангийн сайд хариуцах ёстой гэж,

хариуцагч Сангийн яамны сайд ... 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 01/574 тоот албан бичгээр Н.Энхцогтыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгосон тул шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзнэ, цалин хөлсийг олгох боломжгүй гэж тус тус эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2018 оны 6 дугаар 30-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэж тодорхойлсон байна.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 221/МА2017/0499 дугаар магадлалаар Гаалийн ерөнхий газрын даргаас Н.Энхцогтыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дэд даргын албан тушаалд санал болгохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж, ажилгүй байсан 7 сар 18 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 10 067 848 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулан Н.Энхцогтод олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг Гаалийн ерөнхий газар даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 19-41 тал/

 

Зохигчид өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчид 10 067 848 төгрөгийн олговор олгосон асуудлаар маргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Захиргааны хэргийн шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Гаалийн ерөнхий газраас гаргуулж шийдвэрлэсэн үйл баримт нэгэнт тогтоогдсон байх тул дахин нотлохгүй.

 

Мөн нэхэмжлэгч Н.Энхцогтын шууд ажил олгогч буюу ажилгүй байсан хугацааны олговрыг олгох эрх бүхий этгээд нь Сангийн сайд биш байх бөгөөд өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул анхан шатны шүүх Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч Н.Энхцогтын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 6 дугаар 30-ны өдрийг хүртэлх хугацааны урьд авч байсан цалингийн дундаж хөлстэй тэнцэх олговорт 21 159 785,43 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Гаалийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тамираагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тамираагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Гаалийн ерөнхий газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД