Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2019/00587

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02253 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2487 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Н.Э-

          Хариуцагч: Гаалийн ерөнхий газар

          Хариуцагч: Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатарт холбогдох

          21,159,785 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э-, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан үүргийг 2012-2016 онд гүйцэтгэж байгаад УИХ-ын 2015-12-18-ны өдрийн нэгдсэн чуулганаар батлагдсан Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль, ЗГ-ын 2015-12-21-ний Засгийн газрын агентлагын талаар авах зарим арга хэмжээний тухай 501-р тогтоол зэргийг үндэслэн Сангийн сайдын 2016-1-14-ний 19-р тушаалын дагуу шинэчлэгдэн байгуулагдсан Гааль, татварын ерөнхий газрын дэд даргын албан тушаалд шилжин ажиллаж байсан. Гэтэл УИХ-ын 2016 оны 12-р тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч, ЗГ-ын 2016 оны Засгийн газрын агентлагын талаар авах зарим арга хэмжээний тухай 4-р тогтоол зэргийг үндэслэн Сангийн сайд Б.Чойжилсүрэн нь 2016-09-09-ний өдөр 315 дугаартай хууль бус тушаал гаргаж намайг ГЕГ-ын дэд даргын ажлаас чөлөөлсөн.Энэ нь Гаалийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул холбогдох хууль журмын дагуу НЗХАШШ-д гомдол гаргаж, шүүхээс гомдлыг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Түүнчлэн хариуцагчийн зүгээс Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдсан боловч Дээд шүүхийн шүүгчийн 2017-10-2-ны өдрийн 467-р захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул ЗХДЗШШ-ийн 2017-7-6-ны 221/МА/2017/0499 магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.Гэвч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна. Иймд 2017-04-27-с 2018-06-30-ны өдрийг дуустал хугацааны цалинд 18,745,525.26 төгрөг, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал 2,414,260.17 төгрөг, бүгд 21,159,785.43 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч Гаалийн ерөнхий газар тайлбартаа: Гааль, татварын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан Н.Э-ыг ажлаас чөлөөлөх тухай Сангийн Сайдын 2016-9-9-ний өдрийн 315 тоот тушаал гарч, нэхэмжлэгчийг албан үүргээс нь чөлөөлсөн байдаг. Энэхүү албан үүргээс нь чөлөөлөх тухай 315 тоот тушаалыг батлан гаргаж, хэрэгжүүлсэн этгээд нь одоо энэ хэрэгт хариуцагчаар татагдаад буй ГЕГ, түүний дарга Б.Асралт биш бөгөөд 2016 онд сангийн сайд юм. Албан үүргээсээ хууль бусаар чөлөөлөгдсөн гэдэг үндэслэлээр Н.Э- НЗХАШШ-д хандаж 2017-4-27-ны өдөр 317 шийдвэр, 2017-7-6-ны өдөр давж заалдах шатны шүүхийн 499 магадлал тус тус гарсан. Мөн магадлалд Н.Э-ын ажилгүй байсан хугацааны нийт 7 сар 18 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 10,067,848 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. ГЕГ Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэн 2018-2-2-ны өдрийн 01/574 дугаартай албан тоотоор Сангийн Сайд Ч.Хүрэлбаатарт нэхэмжлэгч Н.Э-ыг ГЕГ-ын дэд даргаар томилж өгөхийг хүссэн албан тоотыг хүргүүлсэн болно.Үүний дагуу эрх барих дээд байгууллага болох ЗГ-аас ГЕГ-ын дэд даргыг томилох асуудал хүлээгдэж байна. Мөн шүүхийн магадлалд дурдсан 10,067,848 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төрийн сангийн дансаар дамжуулан Н.Э-од олгосон болно. Одоо Н.Э-ыг хууль бусаар албан тушаалаас нь чөлөөлсөн гэж Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэх 21,159,785 төгрөгийг Сангийн Сайд хариуцах ёстой.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар тайлбартаа: Сангийн сайдын 2016-09-09-ний өдрийн 315 дугаар тушаалаар Гааль, татварын ерөнхий газрыг өөрчлөн байгуулсантай холбогдуулан Н.Э-ыг ажлаас чөлөөлсөн. Гааль, татварын ерөнхий газрын Гаалийн асуудал хариуцсан дэд дарга асан Н.Э- захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн маргаан 2017-04-27-ны 499 шийдвэр, 2017-7-6-ны 499 магадлалаар эцэслэн шийдвэрлэгдсэн. Шүүхийн шийдвэрээр Сангийн сайдын 2016-09-09-ний өдрийн 315 тушаалын Н.Э-од холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.Э-ыг ГЕГ-ын дэд даргын албан тушаалд санал болгохыг ГЕГ-ын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин болох 10,067,848 төгрөгийг ГЕГ-аас олгуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг ГЕГ-ын даргад даалгаж шийдвэрлэсэн. ГЕГ-ын даргад даалгаж шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу ГЕГ холбогдох ажиллагааг хийсэн буюу ажилгүй байсан хугацааны цалин болох 10,067,848 төгрөгийг ГЕГ-ын даргын 2017-12-12-ны Б/628 тушаалын дагуу олгож, Н.Э-ыг ГЕГ-ын дэд даргын албан тушаалд 2018-2-2-ны 01/574 албан бичгээр санал болгосон тул шүүхийн шийдвэр биелэгдсэн. Иймд Н.Э-ийн ажилгүй байсан хугацааны цалин 21,159,785.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02253 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан Гаалийн ерөнхий газраас 21,159,785.43 төгрөг гаргуулан Н.Э-од олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, зохих бичилт хийхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Н.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2487 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна. 

         Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо:  Сангийн сайдын 2016-9-9-ний 315-р тушаалын Н.Э-од холбоотой хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ тушаал нь Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн Сангийн сайд гарын үсэг зурж, Сангийн яамны тамга тэмдгээр албажсан шийдвэр юм. Энэ тушаалыг Н.Э- үндэслэлгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхээс Сангийн сайдын 2016-9-9-ний 315 тушаалын Н.Э-од холбоотой хэсгийг хүчингүй болгосон. Уг шийдвэрийг гаргасан албан тушаалтан тодорхой байхад тушаалыг батлаагүй, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй, огт холбогдолгүй ГЕГ-аас 21,159,785.43 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн бичилтийг хийлгэхээр даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Н.Э-ыг албан тушаалаас нь чөлөөлсөн Сангийн сайдын 2016-9-9-ний 315 тоот тушаалын хуулбарыг хавсаргасан боловч энэ тушаалыг шүүх хуралдааны мэтгэлцээний үеэр ямар субъект баталсан, гарын үсэг зурсан, тамга тэмдэг дарж баталгаажуулсан эсэх талаар зохигчид маргаагүй байна. Н.Э-ыг албан тушаалаас чөлөөлсөн эрх бүхий этгээд нь энэ хэргийн хариуцагч тал болох ГЕГ-ын дарга Б.Асралт биш гэдгийг зохигчдын хэн аль нь мэдэж байхад ИХШХШТХ-ийн 37-р зүйлд заасныг зөрчин, дээрх нотлох баримтыг үндэслэж үзэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байгаа юм. Сангийн яамнаас гаргасан шийдвэрийн үр дагаврыг ГЕГ-т газарт хариуцуулж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул холбогдох шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

         Н.Э- 2018-07-05-ны өдөр шүүхэд хандаж, 21,159,785.43 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, зохих бичилт хийхийг даалгахыг шаардаж, үндэслэлээ “...захиргааны шүүхийн шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ... иймд Гаалийн ерөнхий газар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нараас шүүхийн шийдвэр гарсан 2017-04-27-ны өдрөөс хойшхи хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор...” нэхэмжилсэн гэжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан Гаалийн Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Н.Э- 2017-04-27-с хойш хугацаанд ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор шаардахдаа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0317 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0499 дугаар магадлалыг үндэслэсэн байх тул захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шийдвэр, магадлалын агуулгыг тухайлан дурдах нь хяналтын гомдлын талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой гэж үзлээ.  

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Н.Э- нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж “...Сангийн сайдын 2016-09-09-ний өдрийн 315 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож Н.Э-ыг томилуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгах, Засгийн газрын 2016-08-24-ний өдрийн 62-р тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаал бууруулахгүйгээр дүйцэхүйц өөр ажил албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх...”-г шаардсан байв. /хх 19/ 

       Н.Э-ын уг нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017-04-27-ны өдөр хэлэлцэж 128/ШШ2017/0317 дугаартай шийдвэр гаргасан бөгөөд шийдвэрийн тогтоох хэсэгт “... Н.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн сайдын 2016-09-09-ний өдрийн 315 дугаар тушаалын Н.Э-од холбогдох хэсгийг хүчингүй болгож, Гаалийн ерөнхий газрын даргаас Н.Э-ыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дэд даргын албан тушаал санал болгохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж, Гаалийн ерөнхий газрын даргаас Н.Э-ыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгох хүртэл 3 сарын хугацаанд Засгийн газрын 2016-08-24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг түдгэлзүүлж, Н.Э-ын ажилгүй байсан хугацаа болох 2016-09-09-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан 2017-04-27-ны өдрийг хүртэлх нийт 7 сар, 18 хоногийн цалин 10.067,848 төгрөгийг Сангийн сайдаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Сангийн сайдад даалгах...” гэж заажээ. /хх 19-33/

        Гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, 2017-07-06-ны өдөр 221/МА2017/0499 дугаартай магадлал гаргаж, “...Н.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2016-08-24-ний өдрийн 62 дугаар тогтоол, Сангийн сайдын 2016-09-09-ний өдрийн 315 дугаар тушаалын Н.Э-од холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Гаалийн ерөнхий газрын даргаас Н.Э-ыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дэд даргын албан тушаалд санал болгохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж, 2016-09-09-ний өдрөөс 2017-04-27-ны өдрийг хүртэл ажилгүй байсан нийт 7 сар 18 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 10,067,848 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулан Н.Энхцтогтод олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгах...” гэсэн өөрчлөлтийг шийдвэрт оруулсан байна. /хх34-38/

       Магадлалыг эс зөвшөөрч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Дээд шүүхэд хандсан боловч шүүгч 2017-10-02-ны өдөр 467 дугаартай захирамж гаргаж, гомдлыг хүлээн авахаас татгалзжээ. /хх39-41/  

        Дээд шүүхийн шүүгчийн 2017-10-02-ны өдрийн 467 дугаар захирамжид гомдол гаргасан баримт хэрэгт байхгүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0499 дугаар магадлал хүчин төгөлдөр болж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, энэ талаар зохигч нар маргаагүй байна.    

        2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-07-06-ны өдрийн 221/МА2017/0499 дугаар магадлалын заалт биелэгдээгүй ажил үүрэг гүйцэтгээгүй байгаа гэсэн үндэслэлээр Н.Э- иргэний хэргийн шүүхэд хандан захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017-04-27-ны өдрөөс хойш хугацаанд ажилгүй байсан цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг хариуцагч нараас шаарджээ. 

       Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэг хүлээнэ. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.

        Н.Э- нь Гаалийн Ерөнхий газар ямар нэг ажил үүрэг гүйцэтгээгүй хэвээр байгаа нь тогтоогдсон тул хоёр шатны шүүх нэхэмжлэгчийг 2017-04-27-ны өдрөөс хойш хугацаанд ажилгүй байсан цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг шаардах эрхтэй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж дүгнэв. 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Н.Э-од олговорт 10,867,848 төгрөгийг гаргуулахаар заахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн буруу халсан үеийн олговор олгох тухай зохицуулалтыг баримталсан байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ. 

        3. Хоёр шатны шүүх Н.Э-ын ажилгүй байсан хугацааны олговорыг 2017-04-27-ны өдрөөс тооцсоныг буруутгах үндэслэлгүй ч нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь дутагдалтай болжээ. 

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Н.Э-ыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгасан бөгөөд уг заалтыг ажил олгогч 2018-02-02-ны өдөр биелүүлсэн байна. Иймд Н.Э-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг 2017-04-27-ны өдрөөс 2018-02-02-ны өдөр хүртэл тооцох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

      4. Сангийн сайдад холбогдох Н.Э-ын нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. Учир нь Гаалийн Ерөнхий газар Гаалийн Ерөнхий газрын дэд даргад Н.Э-ыг 2018-02-02-ны өдөр санал болгосон боловч Сангийн сайд үүнд хариу өгөөгүй, Сангийн сайдын энэ үйл ажиллагаатай холбоотой гомдол, нэхэмжлэлийг Н.Э- эрх бүхий байгууллагад гаргаагүй байна.

      Түүнчлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-07-06-ны өдрийн 221/МА2017/0499 дугаар магадлалд Сангийн сайдад үүрэг болгосон ямар нэг заалт байхгүй тул Сангийн сайдаас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах нь үндэслэлгүй юм.

     Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч 2017-04-27-ны өдрөөс 2018-02-02-ны өдөр хүртэл ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нийт 16,235,138 төгрөгийг Гаалийн Ерөнхий газраас гаргуулж Н.Э-од олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,925,647 төгрөгийн шаардлагыг Сангийн сайдад холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгоно. Олговорыг хоёр шатны иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлалд заасан аргачлалаар тооцно. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2487 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02253 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Гаалийн ерөнхий газраас  16,235,138 төгрөг гаргуулан Н.Э-од олгож, уг үнийн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, зохих бичилт хийхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 4,924,647 төгрөгийн шаардлагыг Сангийн сайдад холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Гаалийн ерөнхий газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ