| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00887/И |
| Дугаар | 32 |
| Огноо | 2017-01-31 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 32
| 2017 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 207/МА2017/00032 |
Д.Батмөнх, Ч.Төрбат, Н.Цолмонбаатар, Т.Пионер, Б.Мөнхням,
Н.Батсайхан, Б.Алтанцэцэг, Ж.Сувдмаа, Н.Байгаль, Т.Ганбат нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1418 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч:
Д.Батмөнх, Ч.Төрбат, Н.Цолмонбаатар, Т.Пионер, Б.Мөнхням, Н.Батсайхан, Б.Алтанцэцэг, Ж.Сувдмаа, Н.Байгаль, Т.Ганбат нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч ББ-ОД ХХК-д холбогдох
Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, үндэслэлгүйгээр хурааж авсан 4 385 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Барсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Байгал, Ж.Сувдаа, З.Батбаяр, Б.Оюунгэрэл, Э.Ганбаатар, Б.Мөнхням, Д.Чулуунбаатар, Н.Цолмонбаатар зэрэг жолооч нартай санаа нэгдэн бригадын зохион байгуулалтанд орж 1-5 байрны урд дахь нийтийн эзэмшлийн авто машины зогсоолоос 2005 оноос эхлэн такси үйлчилгээ эрхлэх болсон. Гэтэл 2007 оны 06 дугаар сараас ББ-Од ХХК нь такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, аймгийн ЗДТГ болон тээвэр зохицуулалтын албатай гурвалсан гэрээ байгуулсан гэх шалтгаанаар бидний зогсоолыг булаан авч, жолооч тус бүрээс сар бүр 4000 төгрөгийн хураамж авна, түүнээсээ та нарын эрүүл мэндийн даатгалыг төлнө, хөнгөлттэй үнээр завсар үйлчилгээ үзүүлнэ, дулаан гаражаар хангана, харилцан ашигтай ажиллана гэсэн тохиролцоотойгоор таксины зогсоол түрээслүүлэх гэрээ байгуулж, 2014 оныг дуустал хугацаанд жолооч биднээс хураамжинд 4 332 200 төгрөг, эмбелем 4 000 төгрөг, замын хуудсанд 12 000 төгрөг, бүгд 4 385 200 төгрөгийг хүчин төгөлдөр бус гэрээгээр хууль бус аргаар хурааж авсан болно. Энэ хугацаанд ББ-Од ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлж байгаагүй тул бидэнтэй 2007 оны 01 дүгээр сар, 2008 оны 01 дүгээр сар, 2008 оны 06 дугаар сар, 2009 оны 01 дүгээр сар, 2010 оны 01 дүгээр сар, 2011 оны 01 дүгээр сар, 2012 оны 01 дүгээр сар, 2013 оны 01 дүгээр сар, 2014 оны 01 дүгээр саруудад байгуулж байсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, хуулийн ямар ч үндэслэлгүйгээр биднээс хурааж авсан 4 385 200 төгрөгийг ББ-Од ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Нэхэмжлэлийн шаардлагаас гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаасаа татгалзаж, үндэслэлгүйгээр хурааж авсан хураамжийн төлбөрт 3.979.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна гэжээ.
Хариуцагч ББ-ОД ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ББ-ОД ХХК нь 2006 оноос хойш ААН-ийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх сонгон шалгаруулалтаар ялсан. Засаг даргын 2007 оны 23, 2010 оны А/252 тоот захирамжийн дагуу өнөөдрийг хүртэл гэрээтэй ажиллаж сар улирлын гэрээг 80 хувиас дээш амжилттай дүгнүүлж ирсэн. Иргэн Д.Батмөнхтэй тодорхой хугацаанд хамтарч ажиллаж байсан ба байгууллагын дотоод журмын дагуу нийт баригадын дарга нарыг төлбөр хураамжнаас чөлөөлдөг тул бригадын дарга Д.Батмөнхөөс нэг ч төгрөгний хураамж төвлөрүүлж байгаагүй болно. Мөн Д.Батмөнхтэй 2013 оноос хойш ямар нэгэн гэрээ хийж хамтарч ажиллаагүй. Тус байгууллага жолооч нартай байгуулсан гэрээний 4.1, 4.2-т заасан дулаан зогсоол, авто засвар, авто угаалгаар өнөөдрийг хүртэл тодорхой хөнгөлөлттэй үнээр үйлчилж гэрээний үүргээ биелүүлж байгаа болно. Харамсалтай нь дээрхи нэр бүхий жолооч нар байгууллагатай хамтарч ажилладаггүй, хууль дүрэм стандартын шаардлага хангадаггүй болно. Байгууллага гэрээний 5.9-т зааснаар үнэт цаас болон замын хуудас төр захиргааны байгууллагатай холбоотой бичиг баримтыг ямарч үнэ төлбөргүй олгосон. Эмблем туузыг хэвлэлээс гарсан тухайн үеийн үнээр нь олгож гэрээний заалтыг хэрэгжүүлж ажиллаж байна. Тухайн үеийн Тээвэр авто замын газраас ААН-д таксины симфорын нийлүүлэлт хийж хураасан мөнгийг Тээвэр авто замын газарт төвлөрүүлж байсан. /Симфор нэг бүрийн үнэ 35 000 төг/ шаардлагатай бол холбогдох газраас тодруулж болно. Н.Байгал, Ж.Сувдаа, Б.Сувдаа, Б.Алтанцэцэг, Т.Алтанцэцэг, Т.Пионер, Б.Ганбат, Б.Мөнхням, Н.Батсайхан, Н.Цолмонбаатар, Ч.Төрбат зэрэг жолооч нартай 2010-2013 оны хооронд гэрээгээр хамтарч ажиллаж байсан. Энэ хугацаанд байгууллагын санхүүд нийт 140000 төгрөгний хураамж төвлөрсөн байна. 2013 оноос хойш 1-5 зогсоолын дээрхи нэр бүхий жолооч нартай гэрээ хийж хураамж төвлөрүүлж хамтарч ажиллаагүй, хууль бусаар тээвэрлэлт хийж ирсэн. Иймд компаний нэр төрд халдаж, бодит үндэслэлгүй гүтгэж байгаа тул цагдаагийн байгууллагаар шалгуулж үнэнийг тогтоолгох хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1418 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т зааснаар хариуцагч ББ-Од ХХК-д холбогдох үндэслэлгүйгээр хурааж авсан хураамжийн төлбөр 3 979 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Батмөнх, Ч.Төрбат, Н.Цолмонбаатар, Т.Пионер, Б.Мөнхням, Н.Батсайхан, Б.Алтанцэцэг, Ж.Сувдмаа, Н.Байгаль, Б.Ганбат нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын урьдчилан төлсөн 85 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх давж заалдсан гомдолдоо: Орхон аймгийн ЗД-н 2007.06.18-ны өдөр 196-р тоот захирамж /ХХ-40-р х/-ны хавсралт/ ББ-ОД ХХК-тай гэрээгээр хамтран ажиллах жолооч нарын бүртгэл такси 1-5 /ХХ-41-р х/ 15 жолоочийн нэр байгаа бөгөөд эдгээр жолооч нар бүгд ББ-ОД ХХК-тай такси зогсоол түрээсээр ашиглах гэрээ байгуулж 2007 оны 06 сараас 2014 оны дуустал ББ-Од ХХК-д сар бүр 4000 төгрөг, 2008.07.01-ээс 2009 оныг дуустал хугацаанд сар бүр 6600 төгрөгний хураамж төлж байсан. Харин ББ-ОД ХХК нь 2008.06 сараас жолооч Амарбаясгалан, Батсайхан, Хүдэрбаян, Ганбат, Цолмонбаатар нарыг манай зогсоол дээр нэмж сар бүр 6600 төгрөгний хураамж авах болсон. Гэтэл 2008 оны 7,8,9,10,11-р кассын тайланд биднээс сар бүр 6600 төгрөг авч байснаа сар бүр 4000 төгрөг авч байснаар, 2008 оны 6,7,8,10,11-р саруудад Амарбаясгалан, Ганбаатар, Хүдэрбаян нараас 6600 төгрөг хурааж авч байснаа тусгасан байна. Харин 2008.12 сарын кассын тайланд бидний нэр огт тусгагдаагүй байна. Энэ нь хариуцагч ББ-ОД ХХК-ний хууль бус үйлдэл, хураамжаа ямарч үндэслэлгүй өсгөдөг машиныхаа тоог нэмдэгийг нотлох үндэслэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Монгол улсын авто тээврийн тухай хуулийн 9.1, Монгол Улсын иргэний хуулийн 380, 381.1-ийг үндэслэн ББ-ОД ХХК-тай байгуулж байсан такси зогсоол түрээсээр ашиглах гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно. Мөн Монгол улсын иргэний хуулийн 3.7. Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн заалтыг үндэслэл болгон ББ-ОД ХХК-ний хууль бус үйл ажиллагааны талаар хариуцагч ББ-ОД ХХК болон холбогдох дээд шатны байгууллагад гомдол, шаардлага, ил захидал хүргүүлж байсан боловч тэднээс нотлох баримт болгох ямар ч хариу ирүүлээгүй тул хугацаа алдсан. Үүнийг нэхэмжлэл хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймээс шүүхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна. Иймд хэргийг хянан иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр давж заалдсан гомдолдоо: Хариуцагч ББ-Од ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар хийн мэтгэлцсэн боловч энэхүү татгалзсаныхаа талаар ямар ч нотлох баримт ирүүлээгүй бөгөөд харин нэхэмжлэгч талаас нотлох баримт болгон ирүүлсэн ХХ-ийн 16-19-р хуудсанд байгаа Таксины зогсоол түрээсээр ашиглах гэрээ /жолооч Батмөнхтэй байгуулсан 2012 01 сарын; 2013 оны 2 сарын, 2014 оны 1 сарын гэрээнүүд /хх 121-122 хуудсан дахь жолооч Пионертэй байгуулсан 2013, 2014 оны гэрээнүүд/хх 28 дахь хуудас ББ-Од ХХК-ийн 2010-01-14ны өдрийн албан бичгээр Такси үйлчилгээний бригадын дарга Д.Батмөнхөд ирүүлсэн 2009 онь 12 р сарын кассын тайлан, жолооч нарын 12 сард хураамж төлсөн дэлгэрэнгүй зэрэг нотлох баримтууд ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болохыг харуулж байна. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн дээрх баримтууд нь хуурамч нотолгооны ач холбогдолгүйг тогтоосон ямар ч нотлох баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болголоо. Мөн ББ-ОД ХХК нь 2010-06-15наас 2013-12-01ны өдөр хүртэл хугацаанд хууль бусаар жолооч нараас хураамж авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдаг бөгөөд энэ нь Засаг даргын 2010 оны 252-р Захирамжаар нотлогддог. Энэ захирамжинд 1-1б-р байрны зогсоол буюу зөвшөөрлийг дээрх хугацаанд Автомастер төвд олгосон бөгөөд ББ-ОД ХХК-д эрх олгоогүй байдаг. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй бөгөөд 2007 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд ББ-Од ХХК-ын энэхүү хууль бус ажиллагаа үргэлжилж байгаа. Жолооч нар эрх нь зөрчигдөж байгаагаа 2009 оноос мэдэж энэ тухай гомдол хүсэлтээ 2009 оноос эхлэн холбогдох шат шатны байгууллага албан тушаалтан эрх мэдэлтэнгүүдэд бичгээр мэдэгдэж энэ асуудлыг шийдвэрлүүлэхийг хүссэн боловч тэдэнд хариу өгөхгүй, шийдвэрлэж өгөөгүйгээс эрхийн зөрчил нь хэвээр үргэлжилж байсан тул шүүхэд хандсан. Ийм учраас шүүхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг хянан шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.Батмөнх Ч.Төрбат, Н.Цолмонбаатар, Т.Пионер, Б.Мөнхням, Н.Батсайхан, Б.Алтанцэцэг, Ж.Сувдмаа, Н.Байгаль, Т.Ганбат нар Хариуцагч ББ-ОД ХХК-д холбогдох 2007 оны 01 дүгээр сар, 2008 оны 01 дүгээр сар, 2008 оны 06 дугаар сар, 2009 оны 01 дүгээр сар, 2010 оны 01 дүгээр сар, 2011 оны 01 дүгээр сар, 2012 оны 01 дүгээр сар, 2013 оны 01 дүгээр сар, 2014 оны 01 дүгээр саруудад байгуулж байсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, үндэслэлгүйгээр хурааж авсан 4.385.200 төгрөгийг ББ-Од ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3.979.200 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан жолооч нартай 2010-2013 оны хооронд гэрээгээр хамтарч ажиллаж байсан. Энэ хугацаанд байгууллагын санхүүд нийт 140.000 төгрөгний хураамж төвлөрсөн. 2013 оноос хойш 1-5 зогсоолын дээрхи нэр бүхий жолооч нартай гэрээ хийж хураамж төвлөрүүлж хамтарч ажиллаагүй, харин дээрх нэр бүхий жолооч нар хууль бусаар тээвэрлэлт хийж ирсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх хариуцагч ББ-Од ХХК-д холбогдох үндэслэлгүйгээр хурааж авсан хураамжийн төлбөр 3.979.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Батмөнх, Ч.Төрбат, Н.Цолмонбаатар, Т.Пионер, Б.Мөнхням, Н.Батсайхан, Б.Алтанцэцэг, Ж.Сувдмаа, Н.Байгаль, Б.Ганбат нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасантай нийцээгүй байна.
Учир нь хариуцагч ББ-ОД ХХКомпани дээрх нэр бүхий жолооч нараас 2007 оны 6 дугаар сараас 2014 он дуустал хугацаанд үндэслэлгүйгээр сар бүр 4000 төгрөгийн төлбөр буюу нийт 3.979.200 төгрөг авсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нар эрх зөрчигдсөн тухай мэдсэнээс хойш буюу 2015 оны 1 дүгээр сараас эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдох тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Орхон аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн № 410 дугаар захирамжаар Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийг оновчтой болгох, автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор шинээр таксины зогсоол байгуулснаар хариуцагч ББ-Од ХХКомпани нь Такси үйлчилгээ эрхлэх туслах үйл ажиллагааны зөвшөөрлийг зохих журмын дагуу авч улмаар өнөөдрийг хүртэл хугацаанд дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болох нь тус аймгийн Засаг даргын № 410, 196 дугаар захирамжийн хуулбарууд, аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 6 дугаарсарын 14- ний өдрийн 244 тоот албан бичиг, компаний Эрсдэлийн үнэлгээний хяналтын хуудас Улсын бүртгэлийн 2011002098 дугаар бүхий гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч тухайн зогсоолын такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр жолооч нараас зохих журмын дагуу төлбөр авч байсан гэж үзэхээр байна. /хх-ийн 36,40,47-64,150-155, 168 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.Батмөнх хариуцагч ББ-ОД ХХКомпаниас 2007 оны 6 дугаар сараас 2014 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд дээрх нэр бүхий жолооч нараас сар бүр 4000 төгрөгийг үндэслэлгүйгээр хураамж авсан гэж тайлбарлаж байх боловч хариуцагч ББ-ОД ХХКомпани жолооч нарын тоог үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, хууль бусаар төлбөр жолооч нараас авсан болох нь тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна хариуцагч талаас гаргаж өгсөн тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгч тал үгүйсгэж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар сар бүр төлбөрт тооцож өгч байсан мөнгийг хариуцагчаас буцаан шаардах болсон үндэслэлээ нотлоогүй байх тул нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн жилийн тайлан балансад жолооч нараас хурааж авсан төлбөр тусгагдаагүй, үндэслэлгүйгээр жолооч нараас төлбөр авсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Анхан шатны шүүхийн шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Батмөнх шүүхэд гаргасан 2007 оны 01 дүгээр сар, 2008 оны 01 дүгээр сар, 2008 оны 06 дугаар сар, 2009 оны 01 дүгээр сар, 2010 оны 01 дүгээр сар, 2011 оны 01 дүгээр сар, 2012 оны 01 дүгээр сар, 2013 оны 1 дүгээр сар, 2014 оны 01 дүгээр саруудад байгуулж байсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан талаар шийдвэрт заагаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1418 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т зааснаар... гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар... гэж өөрчилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх 2007 оны 01 дүгээр сар, 2008 оны 01 дүгээр сар, 2008 оны 06 дугаар сар, 2009 оны 01 дүгээр сар, 2010 оны 01 дүгээр сар, 2011 оны 01 дүгээр сар, 2012 оны 01 дүгээр сар, 2013 оны 1 дүгээр сар, 2014 оны 01 дүгээр саруудад байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталсугай гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Батмөнхийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.620 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжааар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.БАТТӨР
Б.ОЮУНЦЭЦЭГ