Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/00434

 

Д.Батмөнх, Ч.Төрбат, Н.Цолмонбаатар, Т.Пионер, Б.Мөнхням,

Н.Батсайхан, Б.Алтанцэцэг, Ж.Сувдмаа, Н.Байгаль,

Т.Ганбат нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2016/01418 дугаар шийдвэр,           

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 32 дугаар магадлалтай,

Д.Батмөнх нарын нэхэмжлэлтэй,

“ББ-Од” ХХК-д холбогдох,

3.979.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнхийн  гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Д.Батмөнх, Д.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Батмөнх, Ч.Төрбат, Н.Цолмонбаатар, Т.Пионер, Б.Мөнхням, Н.Батсайхан, Б.Алтанцэцэг, Ж.Сувдмаа, Н.Байгаль, Т.Ганбат нар санаа нэгдэн бригадын зохион байгуулалтанд орж 2005 оноос эхлэн 1-5 байрны урд дахь нийтийн эзэмшлийн авто машины зогсоолоос таксины  үйлчилгээ эрхлэх болсон. Гэтэл 2007 оны 06 дугаар сараас “ББ-Од” ХХК нь такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, аймгийн ЗДТГ болон тээвэр зохицуулалтын албатай гурвалсан гэрээ байгуулсан гэх шалтгаанаар зогсоолыг булаан авч, жолооч тус бүрээс сар бүр 4000 төгрөгийн хураамж авч, та нарын эрүүл мэндийн даатгалыг төлнө, хөнгөлттэй үнээр завсар үйлчилгээ үзүүлнэ, дулаан гаражаар хангана, харилцан ашигтай ажиллана гэсэн тохиролцоотойгоор таксины зогсоол түрээслүүлэх гэрээ байгуулж, 2014 оныг дуустал хугацаанд биднээс хураамжид 4.332.200 төгрөг, эмбелем 4.000 төгрөг, замын хуудсанд 12.000 төгрөг, бүгд 4.385.200 төгрөгийг хүчин төгөлдөр бус гэрээгээр хууль бус аргаар хурааж авсан болно. Энэ  хугацаанд “ББ-Од” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлж байгаагүй тул бидэнтэй 2007 оны 01 дүгээр сар, 2008 оны 01 дүгээр сар, 2008 оны 06 дугаар сар, 2009 оны 01 дүгээр сар, 2010 оны 01 дүгээр сар, 2011 оны 01 дүгээр сар, 2012 оны 01 дүгээр сар, 2013 оны 01 дүгээр сар, 2014 оны 01 дүгээр саруудад байгуулж байсан  гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, хуулийн ямар ч үндэслэлгүйгээр биднээс хурааж авсан 4.385.200 төгрөгийг “ББ-Од” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчилжээ: гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаасаа татгалзаж, үндэслэлгүйгээр хурааж авсан хураамжид 3.979.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ариунзул шүүхэд гаргасан тайлбартаа: “ББ-ОД” ХХК нь 2006 оноос хойш ААН-ийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх сонгон шалгаруулалтаар ялсан. Засаг даргын 2007 оны 23, 2010 оны А/252 тоот захирамжийн дагуу өнөөдрийг хүртэл гэрээтэй ажиллаж сар улирлын гэрээг 80 хувиас дээш амжилттай дүгнүүлж ирсэн. Иргэн Д.Батмөнхтэй тодорхой хугацаанд хамтарч ажиллаж байсан ба байгууллагын дотоод журмын дагуу нийт бригадын дарга нарыг төлбөр хураамжаас чөлөөлдөг тул бригадын дарга Д.Батмөнхөөс нэг ч төгрөгийн хураамж төвлөрүүлж байгаагүй болно. Мөн Д.Батмөнхтэй 2013 оноос хойш ямар нэгэн гэрээ хийж хамтарч ажиллаагүй. Тус байгууллага жолооч нартай байгуулсан гэрээний 4.1, 4.2-т заасан дулаан зогсоол, авто засвар, авто угаалгаар өнөөдрийг хүртэл тодорхой хөнгөлөлттэй үнээр үйлчилж гэрээний үүргээ биелүүлж байгаа болно. Харамсалтай нь дээрхи нэр бүхий жолооч нар байгууллагатай хамтарч ажилладаггүй, хууль дүрэм стандартын шаардлага хангадаггүй болно. Байгууллага гэрээний 5.9-т зааснаар үнэт цаас болон замын хуудас төр захиргааны байгууллагатай холбоотой бичиг баримтыг ямарч үнэ төлбөргүй олгосон. Эмблем,  туузыг хэвлэлтээс гарсан тухайн үеийн үнээр нь олгож гэрээний заалтыг хэрэгжүүлж ажиллаж байна. Тухайн үеийн Тээвэр авто замын газраас ААН-д таксины симфорын нийлүүлэлт хийж хураасан мөнгийг Тээвэр авто замын газарт төвлөрүүлж байсан. /Симфор нэг бүрийн үнэ 35 000 төг/ Шаардлагатай бол холбогдох газраас тодруулж болно. Н.Байгал, Ж.Сувдмаа, Б.Алтанцэцэг, Т.Пионер, Б.Ганбат, Б.Мөнхням, Н.Батсайхан, Н.Цолмонбаатар, Ч.Төрбат зэрэг жолооч нараас  2010-2013 оны хооронд байгууллагын санхүүд нийт 140.000 төгрөгний хураамж төвлөрсөн байна. 2013 оноос хойш 1-5 зогсоолын дээрхи нэр бүхий жолооч нартай гэрээ хийж хураамж аваагүй бөгөөд эд нар хууль бусаар тээвэрлэлт хийж ирсэн. Иймд компаний нэр төрд халдаж, бодит үндэслэлгүй гүтгэж байгаа тул цагдаагийн байгууллагаар шалгуулж үнэнийг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2016/01418 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т зааснаар хариуцагч “ББ-Од” ХХК-д холбогдох үндэслэлгүйгээр хурааж авсан хураамжийн төлбөр 3.979.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Батмөнх, Ч.Төрбат, Н.Цолмонбаатар, Т.Пионер, Б.Мөнхням, Н.Батсайхан, Б.Алтанцэцэг, Ж.Сувдмаа, Н.Байгаль, Б.Ганбат нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын урьдчилан төлсөн 85.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 32 дугаар магадлалаар: 0рхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1418 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т зааснаар...” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар...” гэж өөрчилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх 2007 оны 01 дүгээр сар, 2008 оны 01 дүгээр сар, 2008 оны 06 дугаар сар, 2009 оны 01 дүгээр сар, 2010 оны 01 дүгээр сар, 2011 оны 01 дүгээр сар, 2012 оны 01 дүгээр сар, 2013 оны 1 дүгээр сар, 2014 оны 01 дүгээр саруудад байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталсугай гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Батмөнхийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.620 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 142/ШШ2016/01418 дугаар шийдвэр,  Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 32 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж дараах үндэслэлээр шийдвэр болон магадлалд хяналтын гомдол гаргаж байна.

Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 410 дугаар захирамжийн 2-р хавсралтаар Т16 зогсоолыг тухайн үеийн “Тээврийн алба” одоогийн Авто тээврийн төвд хуваарилсан байна. Харин Орхон аймгийн Засаг даргын 2008 оны 57 дугаар захирамжийн хавсралтаар Т16 зогсоолыг хариуцагч “ББ-Од” ХХК-д хуваарилж 2006 оны 410-р захирамжийн 1,2-р хавсралтыг хүчингүйд тооцсон байхад Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 32 дугаар магадлалын “Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Орхон аймгийн Засаг даргын 2006 оны 410 дугаар захирамжаар Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийг оновчтой болгох, автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор шинээр таксины зогсоол байгуулснаар” гэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч “ББ-Од” ХХК-ний Авто тээврийн тухай хуулийн 8.4, 9.1, 3.1.18, 192.1, 192.1.1, 192.1.2, Иргэний хуулийн 380.1, 380.2, 381.1, татварын ерөнхий хуулийн 5.6 заалтыг зөрчсөн үйлдлийг үгүйсгэж байна үзэж байна. Авто тээврийн төвийн 244 тоот тодорхойлолт гаргах албан бичигт... зорчигч тээвэрлэгч гэрээг жил бүр байгуулан гэсэн үнэлгээ авч ажиллаж ирсэн аймгийн шилдэг тээвэрлэгч байгууллага юм гэжээ. Энэ нь хариуцагч “ББ-Од” ХХК-ний Авто тээврийн тухай хуулийн 8.4, 9.1, 3.1.18 иргэний хуулийн 380.1, 380.2, 381.1, татварын ерөнхий хуулийн 5.6 заалтыг зөрчсөн үйлдлийг хамгаалсан тодорхойлолт гэж үзэж байна.

2006 оны 410-р захирамжийн 2-р хавсралтаар Т16 зогсоолыг тухайн үеийн тээврийн алба одоогийн Авто тээврийн төвд хуваарилсан байдаг. Нэхэмжлэгч Д.Батмөнх хариуцагч ББ-Од ХХКомпаниас 2007 оны 6 дугаар сараас 2014 оны 12 дугаар сарыг дуустал дээрх нэр бүхий жолооч нараас сар бүр 4000 төгрөгийг үндэслэлгүйгээр хураамж авсан гэж тайлбарлаж байх боловч хариуцагч ББ-Од ХХКомпаний жолооч нарын тоог үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, хууль бусаар төлбөр жолооч нараас авсан болох нь тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна хариуцагч талаас гаргаж өгсөн тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгч тал үгүйсгэж чадаагүй байна гэжээ. Үүнийг Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, Тээвэр авто замын газар, ББ-Од ХХК-ний хооронд 2010 оны 1-р сард байгуулсан зорчигч тээвэр гүйцэтгэх гэрээний 4.8-г үгүйсгэж байна гэж үзэж байна.

Иймд хэргийг хянан, шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж үндэслэлгүйгээр өөрөөр хэлбэл гэрээгүйгээр нэхэмжлэгч биднээс хурааж авсан хураамж болох 3.979.200 төгрөгийг хариуцагч “ББ-Од” ХХК-иас гаргуулан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Батмөнх, Ч.Төрбат, Н.Цолмонбаатар, Т.Пионер, Б.Мөнхням, Н.Батсайхан, Б.Алтанцэцэг, Ж.Сувдмаа, Н.Байгаль, Т.Ганбат нар нь хариуцагч “ББ-ОД” ХХК-д холбогдуулан хураамжид төлсөн 3.979.200 төгрөгийг буцаан гаргуулахыг шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...гэрээ хийгээгүй, хамтарч ажиллаагүй...” гэсэн тайлбар гаргаж маргажээ.

Орхон аймгийн Засаг даргын 2006 оны 410, 2007 оны 196, 2008 оны 57, 2009 оны 99, 2010 оны 252, 2012 оны 332, 2013 оны А/73, 2015 оны А/548 дугаар захирамжаар хариуцагч “ББ-Од” ХХК-д такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгож, таксины зогсоол, чиглэлийн хуваарилалтыг баталсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нар такси үйлчилгээ явуулахын тулд 2007 оны 6 сараас 2014 оныг дуустал хугацаанд сар бүр 4000 төгрөгийн хураамж төлсөн, хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх, тухайлбал, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон байхыг хуулиар зохицуулжээ.

Зохигчдын хооронд үүрэг үүсээгүй гэж тодорхойлоход тэдгээрийн хооронд хийгдсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус буюу анхнаасаа ямар нэгэн үр дагавар үүсгэх үндэслэлгүй байх учиртай.

Нэхэмжлэгч нар шүүхэд анх “...гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцох” шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад уг шаардлагаас татгалзжээ. Үүнээс үзвэл зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан байсан, уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нар нь хураамжид сар бүр 4000 төгрөг төлснөө нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Батсайхан, Н.Цолмонбаатар, Т.Ганбат, Б.Мөнхням, Ж.Сувдаа, Т.Пионер нар нь 2009-2010 оны хооронд 155.600 төгрөг төлсөн баримт хэргийн 101-110 дугаар талд авагдсан, хариуцагч 140.000 төгрөг төлснийг үгүйсгээгүй боловч энэ үед нэхэмжлэгч нар нь үйл ажиллагаа явуулж байгаагүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой баримтлаагүй, зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангах”  талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 32 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнхийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 2 дугаар сарын 22-ний өдөр төлсөн 78.620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ