Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/MA2018/0285

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2018/0285

Улаанбаатар хот

 

 

 

 

“П” ХХК болон “П” ХХК-ийн 

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд “М ц” ХХК-ийн итгэмжэлгэдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0160 дугаар шийдвэртэй, “П” ХХК болон “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т-гийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0160 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 35 дугаар зүйлийн 35.1.6, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус баримтлан “П” ХХК болон “П” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/545 тоот захирамжаар “М ц” ХХК-д эзэмших эрхтэйгээр олгосон 470 мкв газрын зарим хэсгийг буюу Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 57 дугаар тушаалаар батлагдсан “Шатахуун түгээх станц, галын аюулгүй норм ба дүрэм”-ийг зөрчиж олгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “П” ХХК, “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т давж заалдах гомдолдоо: “ ... Шүүх үндэслэх хэсэгтээ “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний 02-03/2696 дугаар албан бичигт “... шалгахад дээрх зөрчлийг арилгасан байна” Онцгой байдлын ерөнхий газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтэд “Шатахуун түгээх станцаас Зэргэлдээ орших олон нийтийн барилга хүртэл 25 метр ... хангаж байгаа болно” ээрэг баримтаар үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн. Мэргэжлийн хяналтын газрын албан бичиг болон Онцгой байдлын ерөнхий газрын улсын байцаагчийн мэдэгдэл гаргасан цаг хугацаанаас хойш буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Шүүх маргаан бүхий газарт үзлэг явуулсан. Энэ үзлэгээр Шатахуун түгээх станцын орлого буулгах хэсгийн цементэн хашлагаас “М ц” ХХК-ийн барилгын суурь хүртэл 11.3 м байсан нь тогтоогдсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар “үзлэг” нь нотолгооны хэрэгсэл гэж заасан байдаг.

Мөн анхан шатны шүүх хуралдааны үеэр Шатахуун түгээх станцын аль хэсгээс хэмжилт хийж эхлэх тухай мэтгэлцээн явагдсан. Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний 57 тоот тушаалаар Шатахуун түгээх станц, Галын аюулгүйн норм баталсан бөгөөд уг нормын 5,8-д “Шатахуун түгээх станцаас зэргэлдээ орших барилга, байгууламж хүртэл хамгийн бага зайг Хүснэгт 1-ийн дагуу тогтооно. Хүснэгт 1-т Газар доор байрлах савтай Шатахуун түгээх станцаас Орон сууц олон нийтийн барилга 25 метр гэж заасан байдаг. Мөн уг нормын Хавсралт А буюу нэр томъёоны тодорхойлолтод Шатахуун түгээх станц гэж “Шатахууныг хүлээн авах, хадгалах, тээврийн хэрэгслийг цэнэглэх, савласан бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэхэд зориулсан барилга, байгууламж цогцолбор” гэж тодорхойлсон нь Шатахуун түгээх станц гэдэгт орлого буулгах талбайг хамруулан ойлгож байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0160 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч “П” ХХК, “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/545 дугаар захирамжаар “М ц” ХХК-д үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгохдоо Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/12 дугаар тогтоолоор баталсан нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаа явуулж, ялагч “М ц” ХХК-д 470 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн

нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасанд нийцсэн байна. Нэхэмжлэгч компаниуд нь шатахуун түгээх станцаас “М ц” ХХК-ийн тухайн газар дээр барьж буй барилга хоорондын зайн хэмжээ нь Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 57 дугаар тушаалаар баталсан “Шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм дүрэм”-ийн заалтад нийцээгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/199 дүгээр дүгнэлт, Нийслэлийн газрын албаны 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 03/3006 дугаар албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02-03/2696 дугаар албан бичиг, Онцгой байдлын ерөнхий газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “П” ХХК-д хүргүүлсэн дүгнэлт зэргээр “М ц” ХХК-ийн газрын байршлыг өөрчилж, кадастрын зургийг шинэчилсний үр дүнд уг зөрчил арилсан талаар дурдсан байна.  

Нэхэмжлэгч “П” ХХК, “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо “... 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Шүүх маргаан бүхий газарт үзлэг явуулсан. Энэ үзлэгээр Шатахуун түгээх станцын орлого буулгах хэсгийн цементэн хашлагаас “М ц” ХХК-ийн барилгын суурь хүртэл 11.3 м байсан нь тогтоогдсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар “үзлэг” нь нотолгооны хэрэгсэл гэж заасан байдаг” гэжээ.

Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд зайн хэмжээг “11.3 м” гэж тэмдэглэсэн боловч дээрх эрх бүхий мэргэжлийн байгууллагуудын хийсэн хэмжилтийг үгүйсгэх нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй. Учир нь үзлэгийн үеэр уг зайн хэмжилтийг мэргэжлийн бус шүүхийн ажилтан, энгийн багаж хэрэгслээр хийсэн байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, эргэлзээгүй талаас  нь эрх бүхий этгээдүүдийн зайн хэмжилт хийж гаргасан дээрх албан бичгүүд, дүгнэлтийг үнэлснийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актаар “М ц” ХХК-д хууль ёсоор газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд уг газар дээр барилга барихдаа Барилгын тухай хуульд заасны дагуу холбогдох норм дүрэмд нийцэх эсэхийг эрх бүхий байгууллагууд хянаж, олгосон техникийн нөхцөлүүд, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэргийг авсны үндсэн дээр барилгыг барьдаг боловч нэхэмжлэгч нь тухайн асуудалтай маргаагүй тул Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв байх бөгөөд уг захирамжийн улмаас нэхэмжлэгч компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0160 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “П” ХХК, “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч “П” ХХК, “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ