Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00262

 

“Монгаз-Ойл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/00985 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Монгаз-Ойл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Балжиннямд холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Мөнхбаатар,

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг Үйлдвэрийн районд байрлах 1600 м.кв талбайтай матузын аж ахуйн барилгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат, П.Зориг, Х.Бат-Ялалт, хариуцагч Б.Балжинням, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгаз-Ойл” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Үйлдвэрийн районд байрлах улсын бүртгэлийн 2003010677 дугаартай, 000202720 дугаар гэрчилгээтэй 1 600 куб.м багтаамжтай мазутын аж ахуйн барилга, 620 метр урттай төмөр зам бүхий үйлдвэрийн байгууламжуудыг өмчилж, нэгж талбарын 080100169 дугаартай, 0008491 дүгээр гэрчилгээтэй газрыг эзэмшиж байсан. Гэтэл тухайн үедээ 1 000 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн дээрх хөрөнгийг Б.Балжинням гэгч Зоос банкинд “Тас петролиум” ХХК-иас төлж барагдуулах өрийг дуусгана хэмээн илт хууль бус худалдах-худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч биднийг хохироосон. Б.Балжинням нь одоог хүртэл өр төлбөрийг барагдуулаагүй нөхцөл байдал үүссэн.Иймд “Монгаз-Ойл” ХХК нь хариуцагч Б.Балжиннямаас хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас алдсан эд хөрөнгөө нэхэмжилж байна. “Тас Петролиум” ХХК, Зоос банк, “Монгаз-Ойл” ХХК нарын маргаанд Б.Балжинням гэдэг хүн оролцож, “Монгаз-Ойл” ХХК-ийн барьцаанд байсан эд хөрөнгө нь Б.Балжиннямын өмчлөлд шилжсэн талаар сүүлд мэдээд энэ хүнийг хариуцагчаар татсан. 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээний талаар маргаж байгаа анхны маргаан. Өмнө нь энэ талаар олон шатны шүүхийн шийдвэр гарсан 4 хавтас бүхий материал нь Б.Балжинням, “Монгаз-Ойл” ХХК, Зоос банк нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус, дүр үзүүлж хийсэн ба өөр гэрээг халхавчилж, хууран мэхлэх аргаар хийгдсэн хэлцэл гэдэг нь тодорхой байна. Тухайлбал, гэрээний зүйл болох объектын үнийг 10 000 000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл Б.Балжинням нь 10 000 000 төгрөгийг “Монгаз-Ойл” ХХК-д тушааж байгаагүй. Тухайн объектын тухайн үеийн үнэлгээ, өнөөдрийн үнэлгээ, гэрээнд заагдсан үнэ зэргээс үзэхэд уг гэрээ нь илт хүчин төгөлдөр бус байх тул 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б.Балжинням “Монгаз-Ойл” ХХК-ийн хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгаз-Ойл” ХХК-ийн захирал Р.Пүрэвсүрэнтэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Тухайн үед уг хөрөнгө нь банкны зээлийн барьцаанд байсан учраас банкнаас зөвшөөрөл авч банкны зээлээс чөлөөлж, би банктай гүйлгээг хийсэн. Бид Дархан-Уул аймаг руу үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэхээр 06 дугаар сарын 24-ний өдөр хамт явж, үл хөдлөх хөрөнгийн газар очиход Р.Пүрэвсүрэн надад 550 000 000 төгрөгөөр гэрээ 10 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ хийх санал тавьсны дагуу хэлцэл хийсэн. Үндсэн гэрээ нь 550 000 000 төгрөгөөр хийгдээд 350 000 ам.доллар орсон талаарх баримт хавтаст хэрэгт байгаа. Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 373 тоот шийдвэрээр 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах болон гэрээний зүйл болсон Дархан-Уул аймагт байрлах улсын бүртгэлийн 2003010677 дугаарт бүртгэгдсэн, 0002027201 тоот гэрчилгээний дугаартай, 1 600 куб.м багтаамжтай мазутын агуулахын сав, аж ахуйн барилга, төмөр зам, газар эзэмших эрхийг гуравдагч этгээдэд буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 383 тоот магадлалаар нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээсэн. Улсын Дээд шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 416 тоот тогтоолоор дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хянаад гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариуг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 6-1672 тоот албан бичгээр өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар “Монгаз-Ойл” ХХК-ийн дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх дуусгавар болсон. Тиймээс 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр, бүгд хуулийн дагуу хийгдэж өмчлөх эрх нь Б.Балжиннямд шилжсэн байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан шаардлагадаа:2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний дагуу тухайн үед төлбөрийг нэхэмжлэгч талын Зоос банкин дахь данс руу шилжүүлсэн, өр төлбөрөөс нь хасалт хийсэн гэдэг нь нотлох баримтаар байгаа. Тухайн үед гэрээ хийхэд Б.Балжинням байсан бөгөөд дараа нь буюу 2009 оны 08 дугаар сард Д.Мөнхбаатар нь хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Одоогийн байдлаар тухайн үл хөдлөх хөрөнгө нь Б.Балжинням, Д.Мөнхбаатар нарын нэр дээр байгаа учраас миний өмчлөх эрхэд халдаж байна. Иймд өмчлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Мөн тухайн объектыг худалдаж авсны дараа нийт 300 000 000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул гуравдагч этгээд миний хувьд маш их хохиролтой байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/00985 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2. 56.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Монгаз Ойл” ХХК-ийн хариуцагч Б.Балжинямд холбогдох “Монгаз Ойл” ХХК, Тас петролиум ХХК болон Б.Балжинням нарын хооронд байгуулагдсан 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Мөнхбаатарын Дархан-Уул аймгийн Дархан сум, 15-р баг Үйлдвэрийн районд байрлах 1600 м.кв талбайтай мазутын аж ахуйн барилгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Монгаз-Ойл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.Мөнхбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулан Д.Мөнхбаатарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/00985 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Монгаз-Ойл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Монгаз-Ойл” ХХК, “Тас петролиум” ХХК болон Б.Балжинням нарын хооронд байгуулагдсан 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Д.Мөнхбаатарт...” гэсний ард “хариуцагч Б.Балжиннямаас улсын тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Монгаз-Ойл” ХХК-д тус тус” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Монгаз-Ойл” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүх 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэн Балжинням “Таспетролиум” ХХК, “Монгаз-Ойл” ХХК-ийн хооронд байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай” гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийг 350 000 ам.доллараар худалдсан хэлцлийг халхавчлах зорилгоор 10 000 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасантай нийцнэ гэж дүгнээд, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэдэг үндэслэлээр дээрх магадлалд гомдол гаргаж байна. ...Зохигчдын хооронд байгуулагдсан 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай” гэрээ хийгдэх болсон нөхцөл байдал болон уг гэрээг бодит байдалд үнэн зөвөөр хийсэн 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай” гэрээний үүрэг дуусгавар болсон талаарх хэргийн бодит байдал тогтоогдсон байна. Хариуцагч Б.Балжинням нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан 10 000 000 төгрөгөөр уг үл хөдлөх хөрөнгийг худалдаж аваагүй, 350 000 ам.доллараар худалдан авсан үйл баримт нотлох баримтуудаар тогтоогдсон байна.Иргэн Б.Балжинням нь хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгө борлуулсаны татвар төлөх үүрэгтэй “Монгаз ойл” ХХК-ийн Пүрэвсүрэнгийн хүсэлтээр худалдах-худалдан авах гэрээний зүйлийн үнийг багаар бичигдсэнийг хожим буюу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дархан-уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гарган 350 000 ам.доллараар үнэн зөв бүртгэж өгөхийг хүссэн бөгөөд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу 10 000 000 төгрөгөөр үнэлсэн гэрээний үнийн дүнг “350 000 ам.доллар” болгон улсын бүртгэлд бүртгэсэн тухай баримт хэрэгт авагдсан байна. Ингэснээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу зохигчдын хооронд хийгдсэн 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах- худалдан авах тухай” гэрээний үнэ болох 10 сая төгрөг нь улсын бүртгэлд “350 000 ам.доллар” гэж бүртгэгдснээр уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх эрх зүйн үндэслэл бий болсон тул энэ талаар хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлтийг нэмэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч өөрийн хийсэн буруу үйлдлийг хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд залруулснаар маргаан бүхий гэрээ нь улсын бүртгэлд шинэчлэн бүртгэгдсэн нь өмнөх буюу халхавчлуулсан гэрээ болон халхавчилсан гэрээ нэгэн адил хүчин төгөлдөр болсон үр дагавар гарсан байна.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа зохигчдын хооронд хийгдсэн 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай” гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл” гэж үзэхдээ уг хэлцлийн мөн чанар, үр дагаврын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна.

Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлөөс хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх талаар гэрээний оролцогч талууд хүсэл зоригоо бүрэн дүүрэн илэрхийлсэн болох нь зохигчдын хооронд байгуулагдсан 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай” гэрээний үүрэг дуусгавар болсноор нотлогджээ. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авахаар тохиролцсон боловч уг гэрээнд ногдох татвараас зайлсхийх зорилгоор үнийн дүнг багасган гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй байна. Ийнхүү гэрээний үнийн дүнг багасгасан гэрээг хэлбэрийн хувьд байгуулахдаа талууд худалдах-худалдан авах гэрээний агуулгыг нуух, халхавчлах зорилготой байсан нь тодорхой байдаг юм. Гэвч өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл өөрөө ямар нэгэн үр дагавар үүсгэдгүйн зэрэгцээ талуудын гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө хэлбэрийн хувьд бус, агуулгын хувьд худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагчийн өмчлөлд шилжсэн тул 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээр үл хөдлөх эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрх нэхэмжлэгчид эргэн сэргээгдэх үндэслэлийг бий болгохгүй байхад энэ талаар давж заалдах шатны магадлалд дүгнээгүй орхигдуулсан нь тухайн магадлалын хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Худалдан авагч объектийг худалдан авсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд уг объектод 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 324 179 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд объектийг улсын комисст хүлээлгэн өгч ямарч үнэ цэнэгүй хаягдсан байсан объектийг үйл ажиллагаа явуулах хэвийн хэмжээнд болгосныг дурдах нь зүйтэй юм.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 373 дугаар шийдвэрээр бие даасан шаардлага гаргасан “Монгаз-Ойл” ХХК-ийн 2009 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн шүүхийн 2013 оны 383 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 416 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул уг гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар талууд дахин маргах учиргүй өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасан тул тухайн гэрээний талаар дахин маргах боломжгүй юм. “Монгаз-Ойл” ХХК нь “Тас петролиум” ХХК-ийг төлөөлж Р.Пүрэвсүрэн нь 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Балжиннямтай гэрээ хийж, дээр дурдагдаж байгаа Мазотын үйлдвэрийн барилга гэх Үл хөдлөх хөрөнгийг эзэмшил газрын хамт 350 000 ам.доллараар худалдсан, уг хоёр компанийн Зоос банк дах зээлийн төлбөрөөс 350 000 ам.долларын төлбөр төлөгдсөн зэрэг үйл баримтыг Улсын Дээд шүүхийн 2013 оны 416 дугаар тогтоолд дүгнэн шийдвэрлэснийг анхааран үзнэ үү.Иймд дээрх байдлыг харгалзан магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                            ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдал, хэлцлийн оролцогч талын хүсэл зоригийн илэрхийлэл зэрэг эрх зүйн асуудлыг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглээгүй, зарим зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээр зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлгүй хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болсон боловч шийдвэрийн үндэслэлд хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг орхигдуулсаныг уг тогтоолоор нэмж, шийдвэрийг хэвээр үлдээх боломжтой байна.

Нэхэмжлэгч “Монгаз-Ойл”  ХХК нь хариуцагч Б.Балжиннямд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Үйлдвэрийн районд байрлалтай 1600 кубм багтаамжтай мазутын аж ахуйн барилга, 620 м урттай төмөр зам зэрэг үйлдвэрийн байгууламж, 12282.0 мкв талбай бүхий газрын өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргажээ. Хариуцагч Б.Балжинням нь худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр, биелэгдсэн хэлцэл гэж үзэж, нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах 2009 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн, мөн 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хоёр гэрээ байгуулагджээ. 2009 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн гэрээг нэг талаас “Зоос банк” ХХК-ийг төлөөлж Б.Балжинням, нөгөө талаас “Тас петролеум” ХХК болон “Монгаз-Ойл” ХХК-ийг төлөөлж Р.Пүрэвсүрэн байгуулсан ба гэрээний үнэ 350 000 000 ам.доллар байна. Харин 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг нэг талаас иргэн Б.Балжинням, нөгөө талаас “Тас петролеум” ХХК болон “Монгаз-Ойл” ХХК-ийг төлөөлж, Р.Пүрэвсүрэн байгуулсан ба гэрээний үнэ 10 000 000 төгрөг байна \1-р хх-ийн 6-8, 2-р хх-ийн 25-26 дугаар тал\.

Сонгинохайрхан дүүргийн шүүх 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 373 дугаар шийдвэрээр “Зоос” банкны эрх хүлээн авагчийн “Тас петролеум” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөрийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн биелэлтийг хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй, “Зоос банк” болон “Тас петролеум” ХХК-ийн хоорондох зээлийн гэрээ, нэмэлт гэрээ, “Зоос банк” болон “Монгаз-Ойл” ХХК-ийн хоорондох зээлийн болон барьцааны гэрээ, “Зоос банк” болон “Монгаз-Ойл” ХХК-ийн хоорондох 2009 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний зүйл болох эд хөрөнгийг буцаан гаргуулах гуравдагч этгээд “Монгаз-Ойл” ХХК-ийн бие даасан шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэжээ \1-р хх-ийн 26-33 дугаар тал\.

Уг шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 383 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн байна \хх-ийн 34-46 дугаар тал\.

Улсын дээд шүүх 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 416 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахдаа үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ \1-р хх-ийн 47-59 дүгээр тал\.

Гурван шатны шүүх дээрх шийдвэр, магадлал, тогтоолд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай “Монгаз-Ойл” ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Дээрх байдлаас дүгнэж үзвэл “Монгаз-Ойл” ХХК-ийн өмчлөлд 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс \бүртгэлээр\ байсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Үйлдвэрийн районд байрлалтай 1600 кубм багтаамжтай мазутын аж ахуйн барилга, 620 м урттай төмөр зам нь 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс \бүртгэлээр\ иргэн Б.Балжиннямын өмчлөлд шилжсэн ба ийнхүү өмчлөх эрх шилжихийн эрх зүйн үндэслэл нь худалдах-худалдан авах гэрээ байжээ.

“Тас петролеум” ХХК-ийн зээлийн төлбөрт 350 000 000 ам.доллар 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлөгдөж, “Зоос банк” үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлжээ \2-р хх-ийн 30, 33-39 дүгээр тал\.  

“Монгаз-Ойл” ХХК нь маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг “Зоос банк”, иргэн Б.Балжинням гэх хоёр этгээдэд хоёр удаа худалдаагүй, харин зээлийн өр төлбөр барагдуулах зорилгоор Б.Балжиннямд худалдсан байна. Өөрөөр хэлбэл, худалдах-худалдан авах нэг хэлцлийн талаар 2009 оны 6 дугаар сарын 05-ны өдөр, мөн 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хоёр гэрээ байгуулжээ. Эхний гэрээнд заагдсан үнэ болох 350 000 ам.доллар төлөгдсөн бол хоёр дахь 10 000 000 төгрөгийн үнэ бүхий гэрээ улсын бүртгэлд бүртгэгдэж, худалдан авагч Б.Балжиннямын өмчлөх эрх баталгаажсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх худалдах-худалдан авах хэлцлийн үндсэн дээр “Монгаз-Ойл” ХХК-иас Б.Балжиннямд шилжсэн үйл баримтын талаар талууд маргаагүй ажээ. Өмчлөх эрх худалдах-худалдан авах хэлцлээс өөр хэлцлээр шилжсэн, өөр хэлцлийн талаар талууд тохиролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Харин нэг хэлцлийн талаар талууд хоёр гэрээ бичгээр байгуулахдаа гэрээний үнийн дүнг өөрөөр бичсэн явдал нь татварыг бага хэмжээгээр төлөх зорилготой байсан бол худалдан авагч талыг нэг гэрээнд “Зоос” банкийг төлөөлөгч гэж заасан нь банкны өр төлбөрийг төлж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх шалтгаантай байсан гэж үзэхээр байна.

2009 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 350 000 ам.долларын үнэ бүхий худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол байгаа ба шүүхийн энэхүү шийдвэрүүдэд зөвхөн бичгээр хийгдсэн гэрээний талаар бус харин талуудын хэлцэл, хүсэл зоригийн илэрхийллийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийжээ.

Харин 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 10 000 000 төгрөгийн бичгийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдэж, худалдан авагчийн өмчлөх эрхийг баталгаажуулах үндэслэл болсон боловч гэрээнд заагдсан 10 000 000 төгрөгийн үнэ нь бодит бус, талуудын жинхэнэ хүсэл зоригт нийцээгүй, өөр учир шалтгаанаар гэрээнд тусгагдсан тул гэрээний энэ заалт нь худалдах-худалдан авах хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д зааснаар хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэх агуулгаар талуудын харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн, худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх шилжүүлэх талаар хийгдсэн, төлбөр нь төлөгдөж хэрэгжсэн хэлцлийг үнийн дүнгийн хувьд хоёр өөрөөр бичиж, гэрээ байгуулсан үйл баримтаас шалтгаалан хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй болно.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т зааснаар 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхдээ Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д заасан зохицуулалтыг анхаараагүйгээс гадна хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

“Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгодог.  

Тухайлбал, талууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлж байгаа боловч татвараас зайлсхийхийн тулд бэлэглэлийн гэрээ хийсэн бол бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үздэг. Хэлцэлд оролцогч талуудын хэн алин нь эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр, бэлэглэлийн журмаар шилжүүлэхийг хүсээгүй боловч бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжүүлж буй байдлыг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд хийж, харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бодит байдал дээр хариу төлбөртэйгээр шилжүүлсэн бол бэлэглэлийн гэрээ нь худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийж буй дүр үзүүлсэн хэлцэл болдог.

Зохигчдын хооронд 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ өөр ямар нэгэн хэлцлийг халхавчлах зорилготой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээнд худалдагч “Монгаз-Ойл” ХХК-ийг төлөөлсөн Р.Пүрэвсүрэн нь 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нас барж, түүний өв залгамжлагч нарт Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1., 518 дугаар зүйлийн 518.1., 527 дугаар зүйлийн 527.3.-т зааснаар эд хөрөнгийн болон бусад эрх шилжсэн, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон үйл баримтын талаар Сонгинохайрхан дүүргийн шүүх 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэжээ.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.-т зааснаар хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна.

“Хүсэл зориг” гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлэлийн гадаад илрэлийг “хүсэл зоригийн илэрхийлэл” гэж ойлгодог. Нэг этгээдийн хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн хэлцэл зөвхөн хуульд зааснаар эсхүл харилцан тохиролцсоноор нөгөө этгээдэд эрх, үүрэг үүсгэдэг. Хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн уг эрмэлзлэлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд “хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан” гэж үздэг.  

Хэлцлийн нэг тал хэлцэл хийснээс хойш нас барсан бол ийнхүү нас барахаас өмнө хийгдсэн хэлцэл, улмаар  хэлцлийг хийх хүсэл зориг хүчин төгөлдөр хэвээр байх тул хүсэл зоригийн илэрхийлэл буюу хүсэл зоригийн нэгэнт хийгдсэн, өөрчлөх боломжгүй гадаад илрэл мөн хүчин төгөлдөр байна.

Гэрээ байгуулах үед “Монгаз-Ойл” ХХК-ийг төлөөлж байсан Р.Пүрэвсүрэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хүсэл зориггүй байсан, төөрөгдсөн, хуурагдаж, мэхлэгдсэн, дарамт шахалтад орсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, худалдах-худалдан авах хэлцлийн талаар Р.Пүрэвсүрэн нас барах хүртлээ маргаан үүсгэж байгаагүй болно.

2009 оны 6 дугаар сарын 05-ны болон 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ байгуулахад Р.Пүрэвсүрэн нь “Тас петролеум” ХХК болон “Монгаз-Ойл” ХХК-ийн аль алинийг нь төлөөлсөн байх ба худалдах-худалдан авах гэрээний үнэ 350 000 ам.доллар эдгээр компанийн зээлийн гэрээний төлбөрт хэрхэн тооцогдсон үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул энэ талаар хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар маргах эрхгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/00985 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.        

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН