Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 00985

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 20 өдөр                   Дугаар183/ШШ2016/00985                           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн 37 дугаар гудамжны Тас петролиум ХХК-ийн байранд байрлах Монгаз- Ойл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 24 дүгээр байрны 35 тоотод оршин суух, УУ68120210 регистрийн дугаартай, Зурхайч овогт Бадарчийн Балжиннямд холбогдох

            Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Сүхбаатар дүүргийн 12-р хороо Хангайн 9-р гудамж 380 тоотод оршин суух Хатан овгийн Доржсүрэнхорлоогийн Мөнхбаатар /УХ 66072515/-ын

Дархан-Уул аймгийн Дархан сум, 15-р баг Үйлдвэрийн районд байрлах 1600 м.кв талбайтай мазутын аж ахуйн барилгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Монгаз Ойл ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Бат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалт, П.Зориг, хариуцагч Б.Балжинням, хариуцагчийн өмгөөлөгч Б.Чулуунбат, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Монгаз Ойл ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Бат-Ялалт, П.Бат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгаз Ойл ХХК нь Дархан-Уул аймгийн Дархам сумын 15 дугаар баг, Үйлдвэрийн районд улсын бүртгэлийн 2003010677 дугаартай, гэрчилгээний 000202720 дугаартай 1,600 куб.м багтаамжтай мазутын аж ахуйн барилга, 620 метр урттай төмөр зам бүхий үйлдвэрийн байгууллагуудыг өмчилж, нэгж талбарын 080100169 дугаартай, гэрчилгээний 0008491 дугаар бүхий газрыг эзэмшиж байсан юм. Гэтэл манай компанийн тухайн үедээ 1,000,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн дээрх хөрөнгийг Б.Балжинням гэгч илтэд хүчин төгөлдөр бус хэлцэл буюу үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч биднийг хохироосон юм. Б.Балжинням нь Зоос банкны өр барагдуулах албанд ажиллаж байсан бөгөөд Зоос банканд Тас петролиум ХХК-иас төлж барагдуулах өрийг дуусгана хэмээн энэхүү илтэд хууль бус хэлцлийг хийж биднийг төөрөгдүүлсэн байдаг юм. Гэтэл одоог хүртэл өр төлбөрийг барагдуулаагүй нөхцөл байдал үүссэн. Иймд Монгаз-Ойл ХХК нь хариуцагч Б.Балжиннямаас хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас алдсан эд хөрөнгөө нэхэмжилж байгаа юм. Тас Петролиум ХХК, Зоос банк, Монгаз-Ойл ХХК нарын гурван хуулийн этгээдийн маргаанд иргэн Б.Балжинням гэдэг хүн орж ирсэн ба Монгаз-Ойл ХХК-ийн барьцаанд байсан эд хөрөнгө нь Б.Балжиннямын өмчлөлд шилжсэн талаар сүүлд мэдээд энэ хүнийг хариуцагчаар татаж байгаа. 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээний талаар маргаж байгаа анхны маргаан юм. Өмнө нь энэ талаар олон шатны шүүхийн шийдвэр гарсан 4 хавтас бүхий материал нь иргэн Балжинням, Монгаз-Ойл ХХК, Зоос банк нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус, дүр үзүүлж хийсэн ба өөр гэрээг халхавчилж, хууран мэхлэх аргаар хийгдсэн хэлцэл гэдэг нь тодорхой харагдаж байна. Эдгээр байдлыг бид олон зүйлээр тодорхойлж болно. Тухайлбал, гэрээний зүйл болох объектын үнийг 10 000 000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл Б.Балжинням нь 10 000 000 төгрөгийг Монгаз-Ойл ХХК-д тушааж байгаагүй, хэрэв худалдаж авсан бол худалдаж авсан эд зүйлийнхээ төлбөрийг төлөх нь Иргэний хуульд маш тодорхой заасан байдаг. Тиймээс тус компанийн өртэй байдлыг далимдуулж, хууран мэхлэх, дарамтлах байдлаар хийгдсэн гэрээ гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа гэрээний үнийн дүн, цаг хугацаа, орон зай, маргаж байгаа цар хүрээг авч үзэхэд уг гэрээ нь илтэд хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг нь тодорхой байна. Тухайн объектын тухайн үеийн үнэлгээ, өнөөдрийн үнэлгээ, гэрээнд заагдсан үнэ зэргээс үзэхэд уг гэрээ нь илтэд хүчин төгөлдөр бус байх тул 2009 оны 6 сарын 24-ний өдрийн Б.Балжинням Монгаз-Ойл ХХК-ийн хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээ байгуулагдахаас өмнөх байдалд шилжүүлж, Монгаз-Ойл ХХК-ийн хууль бусаар алдсан хөрөнгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Балжинням, хариуцагчийн өмгөөлөгч Б.Чулуунбат нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Монгаз Ойл ХХК-ийн захирал Р.Пүрэвсүрэнтэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Тухайн үед уг хөрөнгө нь банкны зээлийн барьцаанд байсан учраас банкнаас зөвшөөрөл авч банкны зээлээс чөлөөлж, Р.Пүрэвсүрэн гуай чи миний 350,000 ам.доллар буюу 550,000,000 төгрөгийн өрийг дарчих гэж хэлсний дагуу би банктай яриад гүйлгээг хийсэн. Энэ үед миний хамтрагч Мөнхбаатар бид хоёр асуудлыг нь шийдэж банкны гүйлгээ хийсэн. Ингээд бид Дархан аймаг руу үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэхээр 6 дугаар сарын 24-ний өдөр хамт явж үл хөдлөх хөрөнгийн газар очиход Р.Пүрэвсүрэн гуай Балжиннямаа 550,000,000 төгрөгөөр гэрээ битгий хийгээч. Ах нь мөнгөгүй ядруу явж байна. Чи нэгэнт банканд мөнгөө тушаасан юм чинь 10,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээгээ хийчих гэсэн саналыг тавьсан. Тухайн үед орлого олж байгаа тал нь татварын 2 хувь төлдөг учраас Р.Пүрэвсүрэн гуайг ойлгоод 10,000,000 төгрөг нь зөвхөн нэр шилжүүлэх дээр хийгдсэн болохоос үндсэн гэрээ нь 550,000,000 төгрөгөөр хийгдээд 350,000 ам.доллар орсон талаарх баримт хавтаст хэрэгт байгаа. Уг нь надад баярлаж явах ёстой хүмүүс. Талийгаач надад тухайн үед их баярлаж байсан. Одоо намайг дээрэмчин мэт яриад байх юм. 6 жилийн өмнөх асуудлыг сөхөж гаргаад байна. Яагаад тухайн үед нь шүүхэд хандаж болоогүй юм бэ? Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 373 тоот шийдвэрээр 2009 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах болон гэрээний зүйл болсон Дархан-Уул аймагт байрлах улсын бүртгэлийн 2003010677 дугаарт бүртгэгдсэн, 0002027201 тоот гэрчилгээний дугаартай, 1,600 куб.м багтаамжтай мазутын агуулахын сав, аж ахуйн барилга, төмөр зам, газар эзэмших эрхийг гуравдагч этгээдэд буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 383 тоот магадлалаар нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 416 тоот тогтоолоор дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хянаад гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариуг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 6-1672 тоот албан бичгээр өгсөн байна. Иргэний хуулийн 110.1 дүгээр зүйлд тус тус заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар Монгаз Ойл ХХК-ийн дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх дуусгавар болсон. Тиймээс 2009 оны 06 сарын 24-ний өдөр байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ, энэ гэрээний үндсэн дээр бүгд хуулийн дагуу, ном журмын дагуу хийгдэж өмчлөх эрх нь Б.Балжиннямд шилжсэн байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Мөнхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оны 6 сарын 24-ний өдрийн гэрээний дагуу тухайн үед төлбөрийг нэхэмжлэгч талын Зоос банкан дахь данс руу шилжүүлсэн, өр төлбөрөөс нь хасалт хийсэн гэдэг нь нотлох баримтаар байгаа. Тухайн үед гэрээ хийхэд Б.Балжинням байсан бөгөөд дараа нь буюу 2009 оны 08 сард Д.Мөнхбаатар нь хамтран өмчлөгчөөөр бүртгүүлсэн байдаг. Одоогийн байдлаар тухайн үл хөдлөх хөрөнгө нь Б.Балжинням, Мөнхбаатар нарын нэр дээр байгаа учраас Д.Мөнхбаатар миний өмчлөх эрхэд халдаж байна. Иймд өмчлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн тухайн объектийг худалдаж авсны дараа нийт 300 000 000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул гуравдагч этгээд миний хувьд маш их хохиролтой байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Монгаз Ойл ХХК нь хариуцагч Б.Балжиннямд холбогдуулан 2009 оны 6 сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Мөнхбаатар нь Дархан-Уул аймгийн Дархан сум, 15-р баг Үйлдвэрийн районд байрлах 1600 м.кв талбайтай мазутын аж ахуйн барилгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Монгаз-Ойл ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...манай компанийн тухайн үедээ 1 000 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн дээрх хөрөнгийг Б.Балжинням гэгч илтэд хүчин төгөлдөр бус хэлцэл буюу 2009 оны 6 сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 10 000 000 төгрөгийн гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч биднийг хохироосон юм. Б.Балжинням нь Зоос банкны өр барагдуулах албанд ажиллаж байсан бөгөөд Зоос банкинд Тас петролиум ХХК-иас төлж барагдуулах өрийг дуусгана хэмээн энэхүү илтэд хууль бус хэлцлийг хийж биднийг төөрөгдүүлсэн байдаг юм. Гэтэл одоог хүртэл өр төлбөрийг барагдуулаагүй нөхцөл байдал үүссэн. Иймд Монгаз-Ойл ХХК нь хариуцагч Б.Балжиннямаас хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас алдсан эд хөрөнгөө нэхэмжилж байгаа юм. ... бидний эд хөрөнгийг үнэгүйдүүлж хохироосон гэх тайлбарыг гаргасан байна.

Хариуцагч Б.Балжинням нь 2009 оны 6 сарын 24-ний өдрийн гэрээний дагуу Зоос банкинд 2009 оны 6 сарын 30-ны өдөр 350 000 ам.долларыг шилжүүлж, Тас Петролиум ХХК-ийн зээлийн төлсөн. Дээрх гэрээний дагуу бүх үл хөдлөх эд хөрөнгүүд шилжиж ирсэн. Тухайн үед уг эд хөрөнгүүдийг авах ажлыг Д.Мөнхбаатар надад хариуцуулсан байсан бөгөөд дээрх гэрээний дагуу л бүх зүйл хийгдэж, өр төлбөр барагдаж, үнийг төлсөн. Гэтэл гэрээг тухайн үед нь хууль зөрчсөн гэж гомдол гаргаагүй байж, 6 жилийн дараа гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж маргасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Маргааны зүйл болох Монгаз-Ойл ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, үйлдвэрийн районд байрлах 1,600 куб.м багтаамжтай мазутын агуулахын сав, аж ахуйн барилга, төмөр зам, үйлдвэрийн байгууламжууд, 12,282 м.кв га газрыг тус компанийн Зоос банктай байгуулсан 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 560 тоот зээлийн, 560А тоот барьцааны гэрээгээр банкны барьцаанд тавьж, уг зээлийн гэрээний үлдэгдэл 785,000 ам.долларыг шилжүүлсэн гэх Зоос банк болон Тас Петролиум ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 221 тоот зээлийн гэрээний дагуу хийгдсэн барьцааны гэрээний барьцаалагч тал болон Монгаз-Ойл ХХК оролцож, дээрх нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газрыг мөн барьцаанд тавьсан байжээ.

Үүний дараа буюу 2009 оны 6 сарын 24-ний өдөр Б.Балжинням /худалдан авагч/, Тас петролиум ХХК, Монгаз-Ойл ХХК нарыг төлөөлж Р.Пүрэвсүрэн /худалдагч/ нарын хооронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр Монгаз Ойл ХХК нь Дархан-Уул аймгийн Дархам сумын 15 дугаар баг, Үйлдвэрийн районд улсын бүртгэлийн 2003010677 дугаартай, гэрчилгээний 000202720 дугаартай 1,600 куб.м багтаамжтай мазутын аж ахуйн барилга, 620 метр урттай төмөр зам, үйлдвэрийн зориулалттай байгууламжууд, нэгж талбарын 080100169 дугаартай, гэрчилгээний 0008491 дугаар бүхий 12282.0 м.кв газрыг худалдаж, худалдах хөрөнгийн нийт үнийг талууд 10 000 000 /арван сая/ төгрөгөөр харилцан тохиролцож гэрээг байгуулсан байна.

 

Түүнчлэн 2009 оны 6 сарын 25-ны өдрийн Зоос банкны 102-р салбараас Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд ...Тус банкны харилцагч Тас Петролиум ХХК нь 2008 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 221 тоот зээлийн гэрээний барьцаанд Монгаз-Ойл ХХК-ийн өмчлөлийн ... аж ахуйн барилга,...төмөр зам, үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжуудыг барьцаалан зээл авсан бөгөөд 2009 оны 6 сарын 25-ны байдлаар барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгнө үү гэсэн тоотыг хүргүүлж байсан байна./2-р хх-ийн 30/

 

Уг гэрээний дагуу улсын бүртгэлийн 2003010677 дугаартай, гэрчилгээний 000202720 дугаартай 1,600 куб.м багтаамжтай мазутын аж ахуйн барилга, 620 метр урттай төмөр зам, үйлдвэрийн зориулалттай байгууламжуудыг өмчлөх эрх 2009 оны 6 сарын 26-ны өдөр Б.Балжиннямд шилжиж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна./2-р хх-ийн 6-9/

Үүний дараа буюу дээрх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Д.Мөнхбаатар нэмэгдэж, уг эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Балжинням, Д.Мөнхбаатар нар өмчлөлд 2009 оны 8 сарын 06-ны өдөр бүртгүүлсэн байна./1-р хх-ийн 223-232/

Мөн дээрх гэрээгээр худалдаж авсан нэгж талбарын 080100169 дугаартай, гэрчилгээний 0008491 дугаар бүхий 12282.0 м.кв газрыг 2009 оны 08 сарын 27-ны өдөр Эрдхул ХХК-д /захирал Д.Мөнхбаатар/ эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон байна. /2-р хх-ийн 86-89/

Түүнчлэн 2-р хх-ийн 34-39 дүгээр талд авагдсан баримтад Зоос банк дахь Тас петролиум ХХК-ийн /USD/ зээлийн дансны 2009 оны 6 сарын 30-ны өдрийн гүйлгээгээр 350,000 ам.доллар зээл төлөлт гэж бичигдсэн байна.

 

Дээрх үйл явдал болсны дараа дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан зээл авсан зээлийн гэрээтэй холбоотой маргааныг Зоос банкны эрх хүлээн авагч нь Тас Петролиум ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг хэргийг шат шатны шүүх хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байна.

Уг хэргээр Зоос банкны эрх хүлээн авагч нь Тас Петролиум ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулах, шаардлагаа барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, Зоос банк болон Тас Петролиум ХХК-ийн хооронд байгуулсан 221 тоот зээлийн гэрээг хүчин төгөдөр бусд тооцуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй,

Зоос банк болон Тас Петролиум ХХК-ийн хооронд байгуулагдсан 1 тоот зээлийн гэрээ мөн гэрээг сунгасан 80 тоот гэрээ, Зоос банк болон Монгаз Ойл ХХК-ийн хооронд байгуулагдсан 560 тоот зээл, 560А тоот барьцааны гэрээ, Монгаз Ойл ХХК-ийн бусадтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

Дархан-Уул аймагт байрлах улсын бүртгэлийн 2003010677 дугаарт бүртгэгдсэн 1600 куб.м багтаамжтай мазутын агуулахын сав, аж ахуйн барилга, төмөр зам, эзэмшил газрыг өөрийн өмчлөх эрхэд буцаан шилжүүлэх,

560 тоот зээлийн гэрээний үүрэг нэрээр зээлд төлсөн 70 000 ам.доллар, хүүд төлсөн 339 695.39 ам.доллар буюу 438 662 252.32 төгрөгийг Зоос банкнаас буцаан гаргуулахыг хүссэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Монгаз Ойл ХХК-ийн шаардлагатай хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 2 сарын 22-ны өдрийн 373 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 5 сарын 22-ны өдрийн 383 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2013 оны 9 сарын 10-ны өдрийн 416 дугаар магадлалаар хянан шийдвэрлэсэн байна.

Дээрх хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолоор нэхэмжлэгч Зоос банкны зээлийн гэрээний төлбөр гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагч Тас Петролиум ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Монгаз-Ойл ХХК-ийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 26-54/

Түүнчлэн дээрх хүчинтөгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолд нэхэмжлэгч Зоос банкны гаргасан тайлбарт ...гэхдээ барьцаа хөрөнгөнөөс Дархан-Уул аймагт байрдах 2003010677 дугаарт бүртгэгдсэн 1600 куб.м багтаамжтай мазутын агуулахын сав, аж ахуйн барилга, төмөр зам, эзэмшил газар зэрэг зарагдсан тул эдгээр нь үүргийн гүйцэтгэлийг хангахад хамааралгүй болсон гэх, хариуцагч Тас петролиум ХХК болон Гуравдагч этгээд Монгаз Ойл ХХК нь гаргасан тайлбарт ...Монгаз Ойл ХХК-ийн эзэмшлийн мазутын агуулах сав, аж ахуйн барилга, төмөр зам, газрын хамт 350 000 ам.доллараар үнэлэн, худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн боловч 221 тоот зээлийн гэрээний төлбөрөөс хасалгүй... зээлийн хүүгийн төлбөрт суутган авч... дансны хуулгаас мэдсэн гэх тайлбарыг тус тус гаргаж байсныг тэмдэглэжээ. /1-р хх-ийн 26-54/

Дээрх маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэх үед талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 6 сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хэрэгжиж, улмаар гэрээний үнэнд шилжүүлсэн 350 000 ам.доллар зээлийн гэрээний төлбөрт тооцогдсон үйл баримт тогтоогдож байна.

Дээрхээс байдлуудаас дүгнэхэд Б.Балжинням /худалдан авагч/, Тас петролиум ХХК, Монгаз-Ойл ХХК нарыг төлөөлж Р.Пүрэвсүрэн /худалдагч/ нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал 2009 оны 6 сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 10 000 000 төгрөгийн гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч биднийг хохироосон юм. Б.Балжинням нь Зоос банкны өр барагдуулах албанд ажиллаж байсан бөгөөд Зоос банкинд Тас петролиум ХХК-иас төлж барагдуулах өрийг дуусгана хэмээн энэхүү илтэд хууль бус хэлцлийг хийж биднийг төөрөгдүүлсэн байдаг юм. Гэтэл одоог хүртэл өр төлбөрийг барагдуулаагүй нөхцөл байдал үүссэн. ... бидний эд хөрөнгийг үнэгүйдүүлж хохироосон гэх тайлбарыг гаргасан нь дараах үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч талыг хохироосон гэх үнийг 10 000 000 төгрөгөөр тохиролцсон гэрээний дагуу дээрх бүх ажиллагаа хийгдсэн хэдий ч энэ нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхөөргүй байна. Өөрөөр хэлбэл гэрээний үнийг бодит байдлаас багасгасан асуудал нь гэрээний талуудын хүсэл зорилгыг гуйвуулсан, өөр хэлцлийг халхавчлах болон дүр үзүүлсэн шинжийг агуулаагүй байх бөгөөд дээрх гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авч, хуульд заасан зохих журмын дагуу гэрээ байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлэн Б.Балжинням нь өмчлөгч болж, худалдан авагч Б.Балжинням нь гэрээний үнэнд 350 000 ам.доллар төлсөн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар зэргээр тогтоогдож байна.

Дээрхийг нэгтгээд Монгаз Ойл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй.

Бие даасан шаардлагын тухайд:

Дархан-Уул аймгийн Дархан сум, 15-р баг Үйлдвэрийн районд байрлах 1600 м.кв талбайтай мазутын аж ахуйн барилгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Мөнхбаатар шаардлага гаргасан байна.

Хэдийгээр гуравдагч этгээд нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааруулан бие даасан шаардлага гаргаж болох хэдий ч энэ шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай ижил байхыг шаарддаг.

Гэтэл нэхэмжлэгч Монгад Ойл ХХК нь гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбогдуулан шаардлага гаргасан байхад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Мөнхбаатар эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан нь дээрхийг зөрчсөн байна. Иймд дээрх шаардлагыг шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтруулан шийдвэрлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Монгаз Ойл ХХК-ийн хариуцагч Б.Балжинямд холбогдох Монгаз Ойл ХХК, Тас петролиум ХХК болон Б.Балжинням нарын хооронд байгуулагдсан 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Мөнхбаатарын Дархан-Уул аймгийн Дархан сум, 15-р баг Үйлдвэрийн районд байрлах 1600 м.кв талбайтай мазутын аж ахуйн барилгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монгаз Ойл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.Мөнхбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулан Д.Мөнхбаатарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг авснаас 14 Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд , зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                               Б.МӨНХЖАРГАЛ