Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 195

 

Б.М-д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл, Л.Бурмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Б.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны        10 дугаар сарын 11-ний өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 93 дугаар магадлалтай, Б.М-д холбогдох 1834004790196 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-н М нь өөрийн эхнэрийг амиа хорлоход гарцаагүй хүргэсний улмаас 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 17.00-18.00 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багийн нутаг Шавартын ам гэх газарт 89-08 Д улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Б нь машинаас үсэрч амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Б.М-г “хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр” шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтийн хүрээнд шүүгдэгч нь хохирогчийг байнга хүчирхийлсэн (зоддог байсан, хохирогч тустай амьдарч байсан) хангалттай тогтоогдсон байдаг. Мөн доромжилсон болох нь хавтас хэрэгт авагдсан шүүгдэгч нь гэр бүлээс гадуурх харилцаатай байсан талаарх гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Хэрэг гарах өдөр шүүгдэгч нь хохирогчийг зодож, хүчирхийлж, хүчээр машинд суулгаж, бие засая гэхэд нь машинаа зогсоохгүй зэрэг хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийхгүй байхыг нь албадаж хүчирхийлэл үйлдсэн нь хангалттай тогтоогдсон. Иймд тухайн гэмт хэргийн субьектив, обьектив шинжүүдийг нэмж тогтоох шаардлагагүй.

Гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь хавтас хэрэгт авагдсан шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан талаарх баримтуудаар хангалттай тогтоогдсон. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүрэх гэмт хэргийн үндсэн шинж нь заавал шүүгдэгч этгээдийг идэвхтэй үйлдэл хийсэн байхыг шаардахгүй.

Мөн гэрч П.Э нь гар утсанд үзлэг хийхдээ түүнээс авсан гэрчийн мэдүүлгийг үндэслэж өөрийнхөө зөвшөөрснөөр хөндлөнгийн гэрчийг байлцуулж бэхжүүлж авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн бөгөөд гэм бурууд маргаж байсан хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж 1 жил хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ганбат хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүх хохирогчийг автомашинаас үсрэхээс өмнөх үйл явдалд дүгнэлт хийгээгүй. Мөн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, үндэслэлтэй. Харин “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамласан нь буруу” гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шүүгдэгчийн өмгөөлөгч би анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд миний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгоод хэргийг тодорхой үндэслэл зааж прокурорт буцаасан.

“... яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд Б.М-д холбогдох эрүүгийн гэмт хэргийн обьектив талын шинж буюу өөрийн эхнэрийг амиа хорлоход хүргэсэн ямар идэвхитэй үйлдэл байгааг тодорхой зааж чадаагүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.6-д заасан байдлуудыг нотолж, бүрэн тогтоож чадаагүй, ...мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй талаар заасан” гэжээ.

Энэхүү дүгнэлтээр яллах дүгнэлт, шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй болохыг тодорхой, ойлгомжтой дүгнэсэн атал яллах талд давуу байдал олгож хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа, хэрэгт цугларсан нотлох баримтаар нотолж тогтоож чадаагүй үйл баримт, ажиллагааг нөхөн гүйцэлдүүлэх, яллах бололцоо олгож байгаа нь Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй, прокурорт буцаах үндэслэл биш, харин цагаатгах үндэслэл болно гэж үзнэ.

Магадлалд “...1 дүгээр хавтаст хэргийн 42-48 дугаар хуудсанд авагдсан 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээлэл байх тул нотлох баримтад тооцохгүй үр дагавар үүсгэж байна” гэж дүгнэсэн атлаа хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргуулж авахаар дүгнэж байгаа хууль зөрчиж байна.

Яллах тал энэ баримтаа хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэж мэтгэлцдэг бөгөөд давж заалдах шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр прокурорт буцаах хууль зүйн үндэслэл байхгүй.

Магадлалд “гэрч У-н нөхрийг гэрчээр асууж хэргийн талаар мэдүүлэг авах шаардлагатай байна” гэжээ.

Нэр зааж буй гэрчийн мэдүүлгээр хэрэг гарсан байдлын талаар шинэ нөхцөл байдал тогтоогдохгүй, хэрэгт авагдсан гэрч П, У, Ч нарын мэдүүлгээр хэргийн үйл баримтыг хангалттай тогтоосон. Иймд энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй.

“Дээрх ажиллагаануудыг хийснээр ...ямар идэвхтэй үйлдэл байгаа эсвэл өөр гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг нарийвчлан шалган тогтоож, хэргийг зүйлчилж ирүүлэх шаардлагатай” гэж дүгнэсэн нь шүүх хэргийг хөндлөнгийн байр сууринаас биш яллах байр сууринаас дүгнэж байгаа, эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг биш гэдэг дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.

Энэ үндэслэлээр миний үйлчлүүлэгчийг яллах биш цагаатгах хангалттай үндэслэл байна гэж дүгнэж байна. Мөн анхан шатны шүүх ял оногдуулахдаа эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-г журамласан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна” гэж дүгнэсэн нь өмнөх дүгнэлтээ няцаасан, өөрөөр хэлбэл прокурорт буцаах үндэслэлээ няцаасан гэж ойлгогдохоор эсрэг тэсрэг дүгнэлт болж байгаа учир магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд хэргийг хяналтын журмаар бүрэн хянан хэлэлцэж шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа хэлсэн саналдаа “Ш.Сарангэрэл өмгөөлөгчтэй санал нэг байна гэв. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь шүүгдэгч ямар үйлдэл хийсний улмаас амь хохирогч амиа хорлох болсон талаар дүгнэлт хийлгүй шүүхэд шилжүүлсэн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарын гомдлыг үндэслэн Б.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос өөрийн эхнэрийг амиа хорлоход гарцаагүй хүргэсний улмаас 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 17.00-18.00 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багийн нутаг Шавартын ам гэх газарт 89-08 ДАР улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Б нь машинаас үсэрч амь нас нь хохирсон гэж дүгнэн Б.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалган тогтоогоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийн обьектив шинж нь ... байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн идэвхитэй үйлдлээр илэрхийлэгдэхээр хуульчилсан бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл ба үр дагаврын хооронд шалтгаант холбоо байх ёстой.

Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй буюу хэрэгт цугларсан баримт нь хэргийн үйл баримтыг бодитой тогтоох, түүнд хууль зүйн дүгнэлт хийх, гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай байна.

Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал”, 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан” зэрэг байдлуудыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, шүүгдэгч Б.М-н ямар идэвхитэй үйлдлийн улмаас хохирогч амиа хорлох болсон талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Аливаа гэмт хэргийн яллах болон цагаатгах, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдлын хүрээг зөв тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа хийснээр хэргийн бодит үнэний талаарх үйл баримтыг тогтоохоос гадна хууль зүйн дүгнэлт буюу хэргийн зүйлчлэлд нөлөөлхүйц байдлыг тогтоодог болно.

Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгжих учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.6 дахь заалт буюу гэмт хэргийн нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэлийн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээлгэх” тухай хууль зүйн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  10 дугаар сарын 11-ний өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 93 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.М-д холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН