Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/446

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Самбуу,

улсын яллагч М.Гансувд,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1834004790196 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул  аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, ам бүл 6, өвөг эцэг, эмэг эцэг, эцэг, эх дүү нарын хамт Дархан-Уул  аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 1 дүгээр хорооллын 17-35 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Бивэн овогт Бгийн М/ / гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 17.00-18.00 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багийн нутаг Шавартын ам гэх газар байрлах асфальтан зам дээр 89-08 ДАР улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д зааснаар хүлээсэн “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Э.Баярмагнай нь арын суудалд сууж явахдаа тээврийн хэрэгслийн баруун талын хойд хаалгаар үсэрч зам дээр унан , амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: "Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэн “Миний охин гэртээ ороход хоол идсэнгүй гээд С.М зодсон байсан. Тэгээд миний охиныг зодож байхад нь дүү нь гээд 12 дугаар ангийн хүүхэд болон аав нь байсан гэсэн. Хаалга түгжиж байгаад намайг зодлоо гэсэн мессеж байсан. Тэр утасны мессежинд энэ тэндээ хүрэн няц болтол нь зодсон, явах замдаа бас зодоод нүүр нь уйлсан бүлцийсэн зураг байдаг. Энэ хэрэг бол энэ хүний мэдүүлгээр явж байгаа. Тэр хүн үхсэн болохоор юм хэлэх биш гээд С.М би алаагүй гэж хэлээд байгаа. Би бол С.Молор-Эрдэнийг миний охиныг алсан гэж бодож байгаа. Миний охин над руу залгаад 2 хүүхэд рүүгээ очиж явна гэж хэлээд цагийн дараа нас барчихсан. Би энэ хүнийг л алсан гэж бодож байна. Миний охин 2 дээд сургууль төгссөн амь насаа хорлохоор яахаа алдсан хүн биш гэдгийг байгууллага болон найзуудын өгсөн мэдүүлгээр нь харагдаж байгаа. Цайны цагаараа миний охин найзуудтайгаа хоол идчихээд С.Молор-Эрдэнийн очсон байсан. Тэгээд хоол ид гэхээр нь хоол идэхгүй гэсэн чинь зодсон байгаа юм. Би бол маш их гомдолтой байна. Эх хүний хувьд. Миний хамгийн бага хүүхэд өдийд амьд байх ёстой. 2 хүүхдийг нь би охиноо өнгөрснөөс хойш харж байгаа. Улсаас олгодог тэжээгчээ алдсан тэтгэмжийг 2 хүүхдэд нь зориулах ёстой байх гэж бодож байна. 2 хүүхдийн хадгаламжид нь хийх ёстой Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг бүгдийг нь С.М авдаг. 2021 оны 8 сарын 30-нд надад тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж 5 сая төгрөг өгсөн.  3 жил 2 хүүхдийг нь би харсан” гэв.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-20 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21 тал/, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төв аймаг Борнуур сум Нарт 4 дүгээр баг Шавартын ам гэх газарт Санота-7 маркийн 89-08 ДАР улсын дугаарын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эмэгтэй 29 настай Эрдэнэбилэг овогтой Баярмагнай нь явж байсан автомашинаас унаж нас барсан гэх хэргийн, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-22-23 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-24-26 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-27 тал/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-28 тал/, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Борнуур сум Нарт 4 дүгээр баг Шавартын ам гэх газарт Соната-7 маркийн 89-08 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эмэгтэй 29 настай Эрдэнэбилэг овогтой Баярмагнай нь явж байсан автомашинаас унаж нас барсан гэх хэргийн, цогцосны гэрэл зургийн үзүүлэлт /хх-29-34 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-35 тал/, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Молор-Эрдэнийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-36-37 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-33 тал/, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Борнуур сум Нарт 4 дүгээр баг Шавартын ам гэх газарт Соната-7 маркийн 89-08 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эмэгтэй 29 настай Эрдэнэбилэг овогтой Баярмагнай нь явж байсан автомашинаас унаж нас барсан гэх хэргийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-39-41 тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-42-48 тал/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх-49-50 тал/, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Цагдаагийн дэслэгч Б.Нямбаатарын Илтгэх хуудас /хх-53 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-54-55 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-57-58, 2-р хавтас хх-195 тал/, гэрч Г.Пүрэвбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-59-60, 83-84 тал/, гэрч П.Эрдэнэ-Очироос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-61-62, 2-р хавтас 180, 242-244 тал/, гэрч А.Туулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-63-64 тал/, гэрч П.Булгамаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-65, 95-96 тал/, гэрч С.Үүрцайхаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-66-67 тал/, гэрч П.Базархүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-68 тал/, гэрч З.Бадамцэрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-69-70 тал/, гэрч Б.Буянжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-74-75 тал/, гэрч Т.Төрмөнхөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-76-77 тал/, гэрч Н.Бгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-78-79 тал/, насанд хүрээгүй гэрч Б.Маргад-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-82 тал/, гэрч Б.Ундралаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-85-87 тал/, гэрч Г.Одончимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-97-98 тал/, гэрч А.Туулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-99-100 тал/, гэрч Ц.Цолмонцогтоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-102 тал/, гэрч С.Уранчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-103 тал/, гэрч С.Алтангинжээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-104 тал/, гэрч Н.Урангоогоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-105-106 тал/, Төв аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжилгээний 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №00000078 дугаар дүгнэлт /хх-108 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №94 дугаар цогцост хийсэн шүүх эмнэлгийн №94 дугаартай дүгнэлт /хх-110-113 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №999 дугаартай дүгнэлт /хх-117-118 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1263 дугаар дүгнэлт /хх-122-125 тал/, шинжээч Б.Ариунзулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-126 тал/, Б.Молор-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-143 тал/, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-149 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-151-152 тал/, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1/402 дугаар тодорхойлолт /хх-153 тал/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 530 дугаар тодорхойлолт /хх-154 тал/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэгийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар тодорхойлолт /хх-155 тал/, №0000207741 дугаар нас барсны гэрчилгээний хуулбар /хх-156 тал/, М.Анар-Одын төрсний гэрчилгээний хуулбар /хх-157 тал/, М.Гэрэлт-Одын төрсний гэрчилгээний хуулбар /хх-158 тал/, Э.Баярмагнайгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-159-169 тал/, хохирлын баримтууд /хх-170-182 тал/, Б.Молор-Эрдэнийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-183-202 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-203 тал/, гэрч Ц.Отгоннарангаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-179 тал/, шинжээч Б.Ариунзулаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-182-183 тал/,  эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал/хх-198, 222 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-199-202 тал/, гэрч Д.Доржданзангаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-206 тал/, 5000770618 дугаартай М.Анар-Одын хас банкны дансны хуулга/2-р хавтас хх-229-230 тал/, 5001074500 дугаартай М.Гэрэлт-Одын хас банзны дансны хуулга /хх-230 тал/, хаан банкны 5119046388 дугаартай М.Гэрэлт-Одын дансны хуулга/хх-232 тал/, хаан банкын 5119046377 дугаартай М.Анар-Одын дансны хуулга/хх-233 тал/,  зэргийг тус тус шинжлэн судласан болно.

        

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

          1.Улсын яллагч: Б.Мд холбогдох хэрэгт улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, амь хохирогчийн төрсөн хүү М.Анар-Од, М.Гэрэлт-Од нар нь 2018 оны 8 сарын 26-ны өдрөөс 2021 оны 9 сар хүртэл амь хохирогчийн ээж  Бямбасүрэнгийн асрамжид байсан нь хэрэгт нотлогддог энэ талаар талууд маргадаггүй тул тэдэнд тухайн үед зарцуулагдах байсан  тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох 13.000.000 төгрөг үүнээс Б.Молор-Эрдэнийн төлсөн 5000.000 төгрөгийг хасч үлдэх 8000000 төгрөгийг шүүгдэгч Б.Мэс гаргуулж, хууль ёсны төлөөлөгч Б.Бямбасүрэнд олгох саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

         2.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бямбасүрэнгийн өмгөөлөгч Б.Баярмагнай:“ Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Хохирогчийн бага насны 2 хүүхэд амь хохирогчийн аав ээжийн асражид байсан хүүхдийн асран хамгаалагчийн  асуудал шүүх дээр маргаантай байгаа. Хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгө жинхэнэ эзэндээ очоогүй. Зөрүүг гаргуулах саналтай байна.”гэсэн дүгнэлтийг,

        3.Шүүгдэгч Б.Молор-эрдэнийн өмгөөлөгч:  “Шүүгдэгч Б.М гэм буруугүй тул хэргийг цагаатгаж өгнө үү? хүү М.Анар-Од, М.Гэрэлт-Од нарын хувьд эцэг байх эрхээ хасуулаагүй байгаа. Мөнгийг захиран зарцуулахыг хуулиар хориглосон зүйлгүй ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

         Нэг.  Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд:

         Шүүгдэгч Б.М нь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 17.00-18.00 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багийн нутаг Шавартын ам гэх газарт 89-08ДАР улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Баярмагнай нь машинаас унаж, амь насыг нь хохироосон болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэнгийн: “ ...Тэгээд би Чойрт наадам болоод их насны морь үзчихээд хуушуур идээд байж өдөр над руу одоо Дарханаас гарч байна гэж ярьсан. Хэдэн цагийн үед ярьсан болохыг санахгүй байна. Үдээс хойш ярьсан хоёр хүүхэд рүүгээ ээж нь очиж байна гэж ярьсан байсан. Ээж би нөгөө хоёр хүүхэд рүүгээ ярьсан гэж хэлсэн. Наадмын дараагийн морь гартал гэртээ ирээд байж байтал би талийгаач руу залгасан хаана явж байгаа бол гэж асуух гээд тэгтэл утсаа авахгүй салгаад байсан. Тэгтэл М манай охин Батзул руу залгаад талийгаач машинаас үсэрчихлээ гээд залгасан. Тэгээд салгасан дараа нь дараа нь залгаад авахгүй байсан. 17 цагт би Говьсүмбэр аймгийн 103 дамжуулан Баянчандмань сумын эмнэлэг рүү залгаад асуутал нас барсан хүн ирсэн гэж хэлсэн нөхөр нь утсаа авахгүй байсан. Тэгээд бид нар сонсоод бүгд Баянчандмань сум орсон очтол талийгаачийг эмнэлгийн моорогт хийсэн байсан. Цагдаа ирээд хэргийн газар луу явсан гэж байсан. Орой 21 цаг өнгөрч байхад бид нар очсон” гэх мэдүүлэг /хх-57-58 тал/,

Гэрч Г.Пүрэвбаатарын: “ ...2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явж байсан. Би Аглаг бүтээлийн хийд өнгөрөөд явж байх үед замын хажууд 89-08 ДАА улсын дугаартай соната-6 маркийн машин зогсоод машины хажууд нэг залуу нэг эмэгтэй хүнд хиймэл амьсгал хийгээд зүрхэнд нь иллэг хийгээд зогсож байсан. Тэгээд би машинаасаа буугаад юу болсон гээд очтол тэр залуу ахаа түргэн дуудаад өг гэсэн. Би 103 дугаарын утас руу 16 цаг 42 минутанд залгахад хөдөө орон нутагт хамгийн ойрхон эмнэлэг рүүгээ яв гэж хэлсэн. Тэгээд тэр залуу намайг та миний машиныг жолоодоод яваад өг би арын суудалд машиндаа эхнэртээ хиймэл амьсгал хийгээд явъя гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө машиныг хамт явсан хүнээрээ жолоодуулаад тэр залуугийн машиныг жолоодож эмнэлэг Баянчандмань сумын эмнэлэгт хүргэж ирсэн. Тэгээд эмнэлгийн гадаа зогсоод эмнэлэг рүү ороод эмч дуудаад нацилк авч гарч ирээд даралтын үзээд зүрхний цохилтыг нь үзээд тэр эмэгтэйг нас барсан байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-60 тал/,

Гэрч П.Эрдэнэ-Очирын: “... Тэгээд би 15 цаг 10 минутын үед мэссэж бичсэн хөдөлсөн үү гээд бичсэн тэгтэл зодуулаад намайг хүчээр Чойр аваад явж байна хоол идсэнгүй гээд би айгаад байна гээд над руу утгагүй мэссэж бичсэн тэгээд би юу яриад байна гээд мэссэж бичсэн өөдөөс энэ нэг юманд алуулах гэж байна хариу өгсөн хэнд гээд асуутал Молорт гээд нөхрийнхөө нэрийг хэлсэн тэгээд баахан мэссэж бичсэн тэгтэл намайг жижиг өрөөнд оруулаад хаалгаа түгжиж байгаад гарах гэсэн гаргахгүй зодсон. Хадам аав, ээж, өвөө, эмээ хэн ч орж ирээгүй, туслаагүй, хоол идсэнгүй гээд тэгсэн гэж мэссэж бичсэн. Би тэгээд хаана байгаа юм гээд асуутал намайг хүчээр машиндаа суулгаад хөдөлж байгаа юм чинь гэсэн. Тэгээд хаана байна гээд асуутал Хонгор өнгөрөөд явж би зодолдоод дийлэхгүй юм чинь гэхдээ цээжийг урсан гэж надад хэлсэн. Толгой хүзүү эвгүй болчиж гэж хэлсэн. Тэгээд би наадах чинь даварч байгаа юм биш үү гэсэн тэгтэл харин тийм ээ амьд дээрээ салъя гэсэн тэгээд нилээн явж байгаад би хаана явж байна гэж асуусан тэгтэл Баруун хараа орж байна тэгээд толгой өвдөөд байна цагдаа дуудах гэтэл утас өгөхгүй байна гээд тэрнээс хойш таг болсон тэгээд би чатаар яагаад таг байгаа юм гээд асуусан манай найзууд зөндөө залгасан тэгтэл таслаад байсан тэгээд байж байтал Булгамаа над руу залгаад Баярмагнай нас барсан байна гэсэн тэгээд би наашаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-61 тал/,

Гэрч А.Туулын:  “ ...Тэгээд би гэртээ хариад байж байтал 16 цагт над руу Эрдэнэ-Очир залгаад Магнай руу залгадаа холбоо барихгүй байна гэсэн. Тэгээд би залгаад байтал утсаа авахгүй салгаад байсан. Тэгээд над руу би утсаар ярьвал уйлах гээд байна гэсэн мэссэж явуулсан. Тэгээд би юу болсон бэ гээд асуутал хариу бичээгүй тэгээд тэрнээс хойш би байнга залгасан. Тэгээд орой 20 цагийн үед Эрдэнэ-Очир залгаад Баянчандмань дээр нас барсан байна гэнээ гээд бид нар наашаа ирсэн. Талийгаач Дарханд 5 жил ажиллаж байгаа байр хэр удаан амьдарч байгааг нь мэдэхгүй. 2 жилийн өмнө нөхөр нь хамт ажилладаг хүүхэнтэйгээ явалдаж эхэлсэн. Тэгээд тэрийг мэдээд нөхрөөсөө сална гээд очих айл хамаатан садан байхгүй тэгээд хадмындаа байдаг байсан. Тэгээд гэртээ бол гэр бүлийн уур амьсгал гэж байхгүй тусдаа унтдаг байсан. 2 хүүхдээ бодоод энд байна гэж ярьдаг байсан. 1 жилийн өмнө би тусдаа гарна гээд хүүхдээ аваад тусдаа гарч байсан. Тэгээд 2 хүүхдээ ээлжлээд авдаг байсан” гэх мэдүүлэг /хх-64 тал/, ...Миний санаж байгаагаар 2017 оны 03 дугаар сарын орчим хамт ажилладаг Баярмагнай, Эрдэнээ бид 3 хамт юм яриад сууж байхад Баярмагнай хэлэхдээ манай нөхөр М зодож цохидог гэж хэлээд уйлж байсан. Яг юунаас яагаад гэдгийг тодорхой нарийн хэлээгүй. Тэгж байхад би анх Дархан-Уул аймагт бэр болоод ирэхдээ сайхан амьдралтай, сайхан хамт олонтой байна гэж бодсон гэтэл миний амьдрал дунд Ундрал гэх эмэгтэй орж ирээд миний амьдралыг орвонгоор нь эргүүлчихлээ гээд уйлаад байсан. Ер нь Баярмагнай хэр барагтаа хүнд нулимсаа харуулаад өөрийнхөө амьдралыг яриад байддагүй хүн. Мөн тухайн оны 06 дугаар сард бас надад ярихдаа нөхөр намайг Ундралаас болоод зодож цохьлоо гээд уйлаад тусдаа гармаар байна гээд түрээслэх байр хайж байгаад 2 хүүхдийнхээ хамтаар нэг өрөө байр түрээслэж амьдарч байсан” гэх мэдүүлэг /хх-99-100 тал/,

Гэрч П.Булгамаагийн: “ ... Орой 20 цагт над руу Урангоо гээд надтай нэг өрөөнд хамт суудаг эмэгтэй залгаад та сэтгэлээ бариараа гээд Баярмагнай эмч өнгөрчихлөө Баянчандмань эмнэлэг дээр моорогт оруулсан гэж хэлсэн тэгээд би Эрдэнэ-Очирт хэлээд наашаа гарсан. Анх таарамжтай сайхан байдаг байсан. Сүүлд 2 жилийн өмнөөс нөхөр нь хамт ажилладаг хүүхэнтэйгээ явалдаад гэртээ ирэхгүй болсон тэгээд харилцаа нь муудаад надад хэцүү байна би хадмындаа байх гээд тусдаа гаруул яах бол гээд тусдаа байр хөлсөлсөн. Нөхөртэйгөө хамт амьдраад 8, 9 жил болсон байх. Тусдаа байр хөлслөөд бараг 1 жил болж байгаа. Өмнө нь намайг цохьсон гээд 1,2 удаа ярьж байсан. Анх гайгүй гэдэг л байсан сүүлд хүүхэнтэй орооцолдоод гээд л ярьж байсан 2 хүүхэдтэй байж хүүхэнтэй орооцолдоод гэж байсан. Нөхөр нь хүүхэнтэй явалдаад гэртээ ирэхгүй тэгээд хадамындаа байх хэцүү гээд тусдаа гарсан. Өчигдөр надтай уулзахдаа 2 хүүхдээ бодоод байр аваад нөхөртэйгөө цуг амьдарна гэж бодоод гээд ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-65 тал/,

Гэрч М.Чулуунбаатарын: “ ...Эрдэнэбилэгийн Баярмагнай гэх эмэгтэй нь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 10 минутын орчим ирсэн. Би ажил дээрээ байж байхад 2 залуу орж ирээд эмч байна уу яаралтай хүн ирлээ гээд тэгэхээр нь тухайн хоёр залууд кушитик өгөөд тэр хоёрыг гарах хооронд монитор апрат залгаж хүчилтөрөгчийн аппаратаа ажиллахад бэлэн болгоод гарахад эмчтэй явж байгаа байхгүй болчихлоо гээд оруулж ирээгүй ба машин дотор арын суудал дээр хэвтээ байрлалтай байсан. Тэгэхээр нь би даралтын аппарат, чагнуураа аваад шалгаж үзсэн тэгэхэд нас барсан байсан.  Хүүхэн хараа өргөссөн, захад нум тодорхойлогдохгүй, арьс салст хөхөлбөр, амьсгалахгүй байсан. Тэгээд саяхан өнгөрсөн асуумжтай болохоор адирнолин эхний тун авсан/хийсэн/. Цээж шахалт хийж эхэлсэн ба үр дүнгүй байсан тул зогсоосон. Тэгээд цагдаагийн хэсэг рүү утасдаж хэлээд ар гэрээс нь асуумжийг нь авч эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-66 тал/,

Гэрч З.Бадамцэрэнгийн: “ .... Тэгээд орой 16 цагын үед манай хүү над руу залгаад ээж Баярмагнай машинаас явж байхад үсэрчихлээ гэсэн тэгээд яах бэ гээд уйлаад байсан би тэгээд хаана байна гэж асуухад 72-н энд байна гэж хэлсэн. Тэгээд би орой Улаанбаатар хотоос ирсэн. ... Анх 2017 оны 02 сард цагаан сарын өмнө нэг өдөр Дарханд гэртээ гаднаас орж ирэхдээ хэрэлдээд орж ирсэн. Мобикомоос хуулга аваад хэрүүл хийгээд орж ирсэн. Манай хүү нэг хүүхэнтэй харьцсан гээд хэрэлдсэн. Би энэ талаар мэдээгүй. Манай нөхөр зодолдсон гэж хэлээгүй хоорондоо чанга хэрэлдсэн гэж надад хэлсэн. Манай нөхөр гэртээ хоол хийсэн тэрийг идэхгүй гээд хэрэлдсэн юм шиг байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-69 тал/,

Гэрч Н.Бгийн: “ ...Талийгаач хоол идэхгүй гэсэн замдаа юм идье гэсэн тэгээд би хоолоо аваад гал тогоондоо байж байтал талийгаач өрөөнөөс гүйж гарч ирээд чи ганцаараа яв гэж хэлсэн тэгээд М гарч ирээд цуг явна гээд өргөж аваад эргээд өрөөндөө орсон  хаалгаа хаагаад талийгаач чи намайг хорьдог хэн юм пизда минь гээд  эргэж гарах гээд ноцолдоод байх шиг байсан тэгээд чимээгүй болоод 2-3 минут болсон байх сайн санахгүй байна тэгээд талийгаач түрүүлээд гэрээс гарсан араас нь М хувцасаа өмсөөд цүнхийг нь аваад гарсан би араас нь полкон дээрээс харсан тэгтэл урд нь хүн байгаагүй би суугаагүй юм болов уу гэж бодсон тэгээд хөдлөөд явсан цагийн сайн санахгүй байна манай хүү над руу яриад ааваа үсэрчихлээ гээд уйлаад байсан яг юу яриад байгаа нь ойлгогдохгүй байсан сүүлд манай эхнэр хотоос ирсэн. Манай охин хүргэнтэй Дарханаас гарсан тэгээд сүүлд машинаас үсэрсэн гэж сонссон.  ...2017 онд цуг манайд амьдардаг байхдаа хэрүүл хийдэг байсан нэг нэгнийгээ өөр хүмүүстэй хардаад чи тэгсэн ингэсэн гээд хэрэлддэг байсан би гэр бүлийн маргаанд нээх оролцдоггүй байсан. Сүртэй зодолдож байсан юм байхгүй би харж байгаагүй. Манай хүүг хааяа маажсан байдаг байсан” гэх мэдүүлэг /хх-78 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Маргад-Эрдэнийн: “...тэгээд талийгаач манай ахыг Чойр явъя гэсэн тэгээд ах хонохгүй ирнэ шүү гэсэн хүүхдээ аваад буцаад шууд ирнэ шүү гэсэн тэгээд эгч би тэгвэл хононо ганцаараа явлаа гээд өрөөнөөс гараад үүд рүү явсан ах орноосоо босоод хамт явна гээд эгчийг тэврээд буцаад өрөөнд нь оруулаад орон дээр суулгасан тэгээд би чамтай явахгүй гээд эгч хашгирсна тэгээд уурлаад ахыг цээж нь дээр нь маажсан. Залгуураар цээж рүү ороолгосон. Тэгтэл ах ахиад гарах гэхээр нь түлхээд орон дээр суулгасан. Тэгээд агаа сандал дээр суугаад хоолноосоо амссан. Тэгээд талийгаач уурлаад пизда минь гэж хараагаад чи надтай хамт явах албатай юм уу гээд агаа заз явъя гээд хувцасаа өмссөн тэгээд тэр хоёр гараад явсан” гэх мэдүүлэг /хх-82 тал/,

Гэрч Б.Ундралын: “ ... Б.М нь эхнэрээсээ 2017 оны зун салсан байх тэрнээс хойш бид хоёр хувийн харилцаатай болсон байгаа. Тэгэхдээ ямар нэгэн байдлаар нэг гэрт орж тусдаа гарсан зүйл байхгүй. 2017 оны 02 дугаар сард Э.Баярмагнай нь орой утсаар яриад надтай уулзаад би Э.Баярмагнайд хандан салж болохгүй учир зүйгээ олсон нь дээр миний хувьд өмнө нь салж байсан хүн учраас мэдэж байна гэх зэргээр ойлгуулж хэлж байсан боловч маргааш эмнэлэг дээр ирээд гадаа машин дотроо дуудаж оруулаад үгийн зөрүүгүй намайг өчигдөр ойлгуулах гээд байсан үгээ хэл гэж хэлээд намайг үсдэж аваад хэд хэдэн удаа цохиж байсан тэгээд салцгаасан байгаа” гэх мэдүүлэг /хх-86 тал/,

Гэрч Г.Одончимэгийн:  “ ... Харин Баярмагнайтай уулзах үед гар хөл нь хөхөрсөн байх үед юунаас болсон талаар асууж тодруулахад манай нөхөр М цохьлоо гэдэг байсан. Тэгээд нөхөртэйгээ хувийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болоод түрээслэх байр надтай хамт хайгаад явж байсан. Байр түрээслэх гээд явж байхад нь яагаад тусдаа амьдрах болсон талаар тодруулахад надад хэлэхдээ манай нөхөр ажлын газрынхаа Ундрал гэх эмэгтэйтэй яваад байгаа юм шиг байна гэж хэлж байсан. Тэрнээс хойш удаа дараа тэр хүүхэнтэй явж байгаа мөн харилцаж байгаа чат, мэссэжийг нь уншиж байсан гэж хэлсэн мөн сүүлдээ гэртээ ирэхээ больсон гээд тусдаа амьдрахаар болоод байр түрээслэсэн. Талийгаачийн том хүүхэд нь хүртэл манай аав нэг аниатай мэссэж бичээд байдаг гэж хэлдэг байсан” гэх мэдүүлэг /хх-97 тал/,

Гэрч С.Уранчимэгийн: “... 2018 оны 02 дугаар сард байсан байх манайд ажилладаг Ундрал гэдэг эмч намайг дуудаад гараад очиход Баярмагнай, М, мөн Молор-Эрдэнийн 2 төрсөн эгч нар нийлээд хэрэлдээд сууж байсан. Тухайн үедээ Ундрал айгаад намайг дуудсан байсан юм билээ. Тухайн үеийн хэрүүл нь хардалт байсан бөгөөд Молор-Эрдэнийн хоёр эгч нь Ундрал руу дайраад байсан” гэх мэдүүлэг /хх-103 тал/,

Гэрч Н.Урангоогийн: “...Манай нөхөр чи хурдан гарч ирэхгүй яасан юм бэ. Танай эмнэлгийн хүний машин сая зогсооод ард талдаа нэг хүнд хиймэл амьсгал хийгээд тэр хүнийх нь ам хамарнаас цус гараад сандраад давхиад явчихлаа гэж хэлсэн тэгээд би араас нь очоод Баянчандманий хойхон талд араас нь ирээд дагаж яваад Баянчандманий эмнэлэг дээр ирээд би очоод арын хаалгыг нь онгойлготол Молор эмч эхнэр дээрээ мордчихсон манай эхнэр сая машинаас үсэрчихлээ гээд уйлаад байсан. Тэгээд би Молор эмчийг буулгаад үзтэл амьсгал байхгүй судас цохилохгүй байсан” гэх мэдүүлэг /хх-105 тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-20 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21 тал/, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төв аймаг Борнуур сум Нарт 4 дүгээр баг Шавартын ам гэх газарт Санота-7 маркийн 89-08 ДАР улсын дугаарын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эмэгтэй 29 настай Эрдэнэбилэг овогтой Баярмагнай нь явж байсан автомашинаас унаж нас барсан гэх хэргийн, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-22-23 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-24-26 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-27 тал/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-28 тал/, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Борнуур сум Нарт 4 дүгээр баг Шавартын ам гэх газарт Соната-7 маркийн 89-08 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эмэгтэй 29 настай Эрдэнэбилэг овогтой Баярмагнай нь явж байсан автомашинаас унаж нас барсан гэх хэргийн, цогцосны гэрэл зургийн үзүүлэлт /хх-29-34 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-35 тал/, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Молор-Эрдэнийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-36-37 тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-42-48 тал/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх-49-50 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №94 дугаар цогцост хийсэн шүүх эмнэлгийн №94 дугаартай “1.Талийгаач Э.Баярмагнайгийн биед гавал тархины гэмтэл: хуйхан дор цус хуралт, баруун, зүүн духны дэлбэн суурь хэсэгт эдийн няцрал, чамархайн урд дэлбэн суурь хэсэгт эдийн няцрал, зүүн чамархайн аалзан хальсан дор цус харвалт, дагзны их төвгөрөөс зүүн хонхор чиглэсэн 9 см урт шугаман хугарал, уг хугарал нугасны том нүхний ар хэсгээр тойрч дагзны баруун хонхорын дотор хэсгээр суурийн дунд ховил хүрсэн хугарал, баруун тавхайд шарх, дагзны хуйх, баруун, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, баруун хонго, баруун бугалга, баруун тохой, хамар, зүүн тохой, зүүн сарвуу, зүүн өвдөг, зүүн, баруун тавхайнд зулгаралт, дагзны хуйх, баруун хонго, ооч, баруун, зүүн эгэм, баруун тохой, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Талийгаач нь О/1/-р бүлгийн цустай байна. Цусанд спиртын зүйл илрээгүй байна. 4.Архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас зүрх амьсгалын хурц дутагдалд орж нас барсан байна” гэх дүгнэлт /хх-110-113 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №999 дугаартай дүгнэлт /хх-117-118 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1263 дугаар дүгнэлт /хх-122-125 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бгийн Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.М нь 2018 оны 7 сарын 7-ний өдөр эхнэр Э.Баярмагнайтайгаа гэр бүлийн таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаад хамт амьдрахаар ярилцаж /гэрчүүдийн мэдүүлэгт/ /Говь-сүмбэр аймгийн төвд/ Чойрт байсан 2 хүүгээ авчрахаар 14 цагийн орчим Дарханаас 2 лаа гарч яваад 17 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 багийн нутагт амь хохирогч  Э.Баярмагнай нь машинаас унасан байдалтай дагз болон суурь ясны хугарал.... гавал тархины битүү гэмтлийн улмаас зүрх амьсгалын хурц дутагдалд орж нас барсан үйл явдал болсон байна. /1 хх-20,21-25,110-113 тал/,

 

Хэрэг учрал гарахаас өмнө шүүгдэгч Б.М амь хохирогч Э.Баярмагнай нар нь 2008 оны 11 сарын 18-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2010 оны 8 сарын 3-ны өдөр хүү Анар-Од, 2013 оны 12 сарын 8-ны өдөр хүү М.Гэрэлт-Од нар төрж хамт амьдарч байгаад 2017 оноос гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас /гэр бүлээс гадуурхи харьцааны улмаас/ тусдаа амьдарч эхэлсэн байна.

Хэрэг учрал гарах өдөр амь хохирогч нь найзууддаа 2 хүүгээ авчирч Б.Мтэй буцаж хамт амьдрах хүсэлтэй байгаа талаар хэлээд Б.Молор-Эрдэнийн аавын гэрт 14 цагийн орчим хүргүүлсэн нь гэрч П.Эрдэнэ-Очир, А.Туул, П.Булгамаа, Г.Одончимэг нарын мэдүүлэгт тусгагджээ./хх-61-62, 63-64, 100, 97-98 тал/

Тухайн өдөр буюу хэрэг учрал гарахын өмнө амь хохирогч болон шүүгдэгч Б.М нарын хооронд маргаан гарч шүүгдэгчийн цээж эрүүний орчим маажсан гэх сорви үлдсэн ба хөдөө замд явах хугацаанд амь хохирогчийн сэтгэл санаа тогтворгүй, сэтгэл санааны зовиуртай, сэтгэл санааны дарамттай байсан, машины арын суудалд сууж явсан, суудлын бүс зүүгээгүй байсан нь, туршилт /шүүх хуралдаанд хийгдсэн/ болон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн амь хохирогчийн П.Эрдэнэ-очирт явуулсан зурвас, түүний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,  15цаг 03 минутад явуулсан гэрэл зурагт /1 х, хх-45 тал/  авагдсан бөгөөд дээрхи баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй нотлох баримтын шаардлага хангасан баримт бөгөөд хэрэг учрал гарах цаг хугацаанд амь хохирогч болон шүүгдэгч Б.М нар байсан нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.М нь амь хохирогчийг хүчээр машинд суулгаагүй, суудлын бүс зүүсэн гэж мэдүүлдэг боловч шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт / 1х, хх-39 тал / 4-р зурагт 89-08 дугаартай тээврийн хэрэгслийн ар талыг харуулсан гэрэл зурагт тээврийн хэрэгслийн арын суудлын зорчигчийн суудлын бүсны түгжээ цаашаа чихэгдэж орсон харагдахгүй байсан, энэ нь шүүх хуралдааны явцад прокурорын хүсэлтээр хийсэн туршилтаар 89-08 дугаартай тээврийн хэрэгслийн арын суудлын бүсны түгжээ байхгүй байсан нь тогтоогдсон,

Мөн амь хохирогч шүүгдэгчийн хамт Чойр явах дургүй байгаагаа илэрхийлж маргадаг нь насанд хүрээгүй гэрч  Б.Маргад-Эрдэнэ, гэрч П.Эрдэнэ-Очирт явуулсан зурвас /хх-45 тал/ зэргээр няцаагддаг тул шүүх шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

 

          Түүнчлэн амь хохирогчийн хамрын баруун талд  шарх үүссэн байдаг. /1 х, хх-33 тал гэрэл зураг 11/

          Шинжээч эмч эмч Б.Ариунзул “нүүр хэсгээс  бусад газарт гэмтэл учирсан байна...тээврийн хэрэгслээс үсрэх, унах үед талийгаачийн нүүр хэсэгт гэмтэл учрахгүй байх боломжтой.” гэжээ.

          Амь хохирогч 15 цаг 03 минутад гэрч П.Эрдэнэ-Очирт явуулсан өөрийн зурагт /мэссэж/ зурваст нүүрэн тус газарт ямар нэг шарх сорви байдаггүй ба сүүлийн зурвасыг 15 цаг 36 минутад хийсэн байна.

           Дээрхи нөхцөл байдлуудаас үзэхэд 89-08 дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Дарханаас Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багуун нутаг Шавартын ам гэх газрын асфальтан замд 89-08 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан гэр бүлийн харилцаатай Баярмагнайг сэтгэл санааны хямралтай, хамт явах дургүй байгааг нь мэдсээр байж хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4,б-д зааснаар хүлээсэн “ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, үүргээ биелүүгээгүйн улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Баярмагнай унаж амь насыг нь хохироосон гэж үзэх үндэслэлтэй байна.

          Өөрөөр хэлбэл амь хохирогч тухайн тээврийн хэрэгслээр зорчих дургүй байсан, тээврийн хамгаалах бүсээр бүрэн тоноглогдоогүй байсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримттаар тогтоогдсон.

          Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.  

        Мөн шүүгдэгч Б.М түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарын эцэг байх эрхийг хасаагүй тэжээгчээ алдсан тэтгэмжийн мөнгийг хэрэглэсэн хууль зөрчсөн үйлдэл биш тул гаргуулах үндэслэлгүй гэсэн санал, дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”гэж заасан.

 

Амь хохирогч Э.Баярмагнай 2018 оны 7 сарын 7-ны өдөр нас барсан бөгөөд Э.Баярмагнай,  Б.М нарын дундаас 2010 оны 08 сарын 03-ны өдөр төрсөн М.Анар-од, 2013 оны 12 сарын 08-ны өдөр төрсөн М.Гэрэлт-од нар нь амь хохирогчийн аав болох нагац өвөө Г.Эрдэнэбилэг, нагац эмээ Н.Бямбасүрэн нарын асрамжинд 2018 оны сараас 8 сарын 6-ны өдрөөс 2021 оны 9 сар хүртэл амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэнгийн асрамжинд байсан энэ хугацаанд тэтгэмжийн мөнгийг шүүгдэгч Б.М авч хэрэглэдэг байсан талаар талууд маргадаггүй.

Энэ хугацаанд амь хохирогчийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэг хүүхэд нь 155000 төгрөгөөр, 2 хүүхэд нь 310000 төгрөгөөр тогтоолгосон байдаг ба шүүгдэгч Б.М 13000000 төгрөгийг хэрэглэсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон/талууд маргадааггүй/

Үүнээс 5000000 төгрөгийг хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэнд шилжүүлснийг /баримтаар/хасч үлдэх 8000000 төгрөгийг шүүгдэгч Б.Мэс гаргуулж хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэнд олгох нь зүйтэй байна.

Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчлагдсан бөгөөд

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12,16 дугаар зүйлд заасны дагуу амь хохирогч Э.Баярмагнайгийн хүүхэд болох 2010 оны 08 сарын 03-ны өдөр төрсөн М.Анар-Од, 2013 оны 12 сарын 08-ны өдөр төрсөн М.Гэрэлт-Од нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмжээ тогтоолгосон боловч одоо хүртэл авч чадаагүй байгаа тэдний эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Б.Молор-эрдэний эцэг байх эрхийг шүүхээр хасаагүй боловч Төрөөс тогтоож олгогдож байгаа тэжээгчээ алдсан тэтгэмжийн мөнгийг өөр зүйлд захиран зарцуулж байгаа нь /хүүхдээ асран хамгаалаагүй цаг хугацаанд цалингийн зээл төлөх гэх мэт/ ашиглах нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д “ гэр бүл, нийгмийн орчинд өөрийгөө хөгжүүлэх”, 7-д “хамгаалуулах эрх”, 8-д заасан “Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох  эрх “ мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-д “хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах”, мөн зүйлийн 10.1.11-т “ хууль тогтоомжид заасан бусад” эрх зөрчигдсөн гэж дүгнэхээр  байх тул Төрөөс тогтоож, зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зориулж олгогдож байсан /2018-2021 оны 9 сар хүртэл хугацааны 13000000 төгрөг 5000000 хасч үлдэх 8000000 төгрөг зохих эзэндээ очоогүй энэ хугацаанд Н.Бямбасүрэн М.Анар-од, Гэрэлт-од нарыг асран хамгаалж, тэжээн тэтгэж байсан нь нотлогдож байх тул/ гэмт хэргийн шууд хохирлоос үүссэн хор уршигт тооцож, шүүгдэгч Б.Мэс гаргуулж, хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэнд олгох зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, цагдан хоригдсон 296 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Амь хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай: “.прокурорын саналыг дэмжиж байна.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Молор-эрдэнийн өмгөөлөгч:” Эрүүгийн хариуцлагийн санал хэлэхгүй.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй байна.

 

Шүүхээс Б.Мд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн боловч “гэмт хэрэг бус, гэмт хэрэг хийгээгүй” хэмээн мэтгэлцэж оролцсон тул гэм буруу дээр маргасан гэж үзэх үндэслэлтэй, иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 зүйлийг мөн адил хэрэглэх боломжгүй байна.

 

Мөн шүүгдэгч Б.Молор-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь 2018 оны 7 сарын 7-ны өдөр үйлдэгдсэн 2021 оны 7 сарын 2-ны өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан хууль үйлчлэх цаг, хугацаа, хүрээнд хамаарах боловч шүүгдэгч Б.М нь гэм буруу дээр маргаж, “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх” Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж заасан үндсэн шаардлагыг хангаагүй байх тул шүүх Б.Мд оногдуулсан хорих ялыг Өршөөлийн үзүүлэх тухай хуульд хамааруулах үндэслэлгүй байна.

 

Иймд улсын яллагчаас санал болгосон 4 жил 10 сарын хорих ялыг, биечлэн эдлүүлэх зүйтэй гэж  шүүх үзлээ.

   

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий си ди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсаргаж,

 Samsung9+маркийн гар утсыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бямбасүрэнд,

89-08 ДАР улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Мд тус тус буцаан олгохыг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.М нь нийт 299 хоног цагдан хоригдсонийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцвол зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б М-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М 4 жил /дөрөв/ 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 4/дөрөв/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй Хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М цагдан хоригдсон 299 хоног /хоёр зуун ерөн ес/-ийг эдлэх ялд нь оруулан тооцосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэс 8.000.000 төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бямбасүрэнд олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий си ди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсаргаж, эд мөрийн баримтаар ирсэн Samsung9+маркийн гар утсыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэнд, 89-08 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг /эд мөрийн баримтаар хураан авсан тогтоолгүй/ хууль ёсны эзэмшигч Б.Мд тус тус буцаан олгосугай.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Мд урд авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2021 оны 12 сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг  мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 даххь хэсэгт зааснаар давж заалдах госдол гаргах, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЖАРГАЛ