Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/00244

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/00244

 

 

 

 

Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/02156 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Т.Баярсайхан нарт холбогдох

Хувийн сууц, гараашийг, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Т.Баярсайханы давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Т.Баярсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох хурлын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлгийн 2 дугаар гудамжны 20 тоот хаягт байрлах Ү-2204011732 дугаарт бүртгэгдсэн 429 м.кв талбайтай хувийн сууц, гараашийг, газрыг тус тус Капитал банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, төлбөр төлөгч Женлайфс групп ХХК-д төлбөрөө 3-4 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахыг даалгасан. Дээрх шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлгийн 2 дугаар гудамжны 20 тоот хаягт байрлах Ү-2204011732 дугаарт бүртгэгдсэн 429 м.кв талбайтай хувийн сууц, гараашийг Капитал банк ХХК-ийн өмчлөлд, Г-2204013265 дугаарт бүртгэгдсэн газрыг тус банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмчлөлд тус тус шилжүүлж 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн. Гэтэл зээлдэгч Женлайфс групп ХХК нь өнөөдрийг болтол зээлийн төлбөрийг төлөөгүй байгаа бөгөөд Капитал банк ХХК-ийн өмч болох Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлгийн 2 дугаар гудамжны 20 тоот хаягт байрлах Ү-2204011732 дугаарт бүртгэгдсэн 429 м.кв талбайтай хувийн сууц, гараашийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар болон Т.Баярсайхан нар нь өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй, Капитал банк ХХК-ийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Капитал банк ХХК зардал урамшууллын гэрээний дагуу холбогдох бүх зардал, урамшууллыг тухай бүр төлсөн болно. Иймд банкны өмчлөлийн хувийн сууц, гараашийг болон газрыг тус тус чөлөөлж өгөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Т.Баярсайхан нарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Баярсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Женлайфс групп ХХК нь 3 гишүүнтэй. Миний хувийн өмчийг барьцаалж компани зээл авсан. Шийдвэр гүйцэтгэх албаны хуралд намайг оролцуулаагүй. Би эд хөрөнгөө үнэлэхдээ 300 000 000 төгрөгөөр үнэлсэн. Гэнэт Капитал банк ХХК-ийн өмч болсон, чөлөөл гэсэнд гомдолтой байна. Өгсөн үнэлгээгээр тооцоогүй гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэржав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3151 дугаар захирамжаар Женлайфс групп ХХК-иас 36 283 870 төгрөгийг Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлгийн 2 дугаар гудамжны 20 тоот хаягт байрлах хувийн сууц, гарааш, газрыг битүүмжлэн хурааж, 2 удаагийн албадан дуудлага худалдааг явуулсан боловч худалдагдаагүй. Эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрээр барьцааны хөрөнгийг Капитал банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, төлбөр төлөгч Женлайфс групп ХХК-д төлбөрөө 3-4 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахыг даалгасан. Дээрх шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлгийн 2 дугаар гудамжны 20 тоот хаягт байрлах Ү-2204011732 дугаарт бүртгэгдсэн 429 м.кв талбайтай хувийн сууц, гараашийг Капитал банк ХХК-ийн өмчлөлд, Г-2204013265 дугаарт бүртгэгдсэн газрыг тус банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр дээр өмчлөлд байхаар тус тус шилжүүлж 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн. Байрыг чөлөөлөхгүй гэж банк зөвшөөрсөн. Тухайн эд хөрөнгө нь Т.Баярсайханы нэр дээрх хөрөнгө байсан ба үнийн саналыг нь өмчлөгчөөс авч байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан Капитал банк ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлгийн 2 дугаар гудамжны 20 тоот хаягт байрлах Ү-2204011732 дугаарт бүртгэгдсэн 429 м.кв талбайтай хувийн сууц, гараашийг чөлөөлөхийг Т.Баярсайханд даалгаж, нэхэмжлэгчийн газар чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Баярсайханаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Баярсайхан давж заалдах гомдолдоо: Өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 22 хороо Өлгийн 2-р гудамж 20 тоот Ү-2201011732 улсын бүртгэлийн дугаартай 429 м.кв талбайтай хувийн сууц гараашийн хамт Женлайфс групп ХХК-ийн хүсэлтээр барьцаа хөрөнгөөр хангаж Капитал банк ХХК-иас зээл авсан. Тухайн зээлийг Женлайфс групп ХХК-ийн хэрэгжүүлж байсан төсөлд санхүүжилт хэрэгтэй байна гэсэн саналыг захирал Д.Нарантуяа нь тавьснаар тус компанийн хувьцаа эзэмшигч болсны үндсэн дээр барьцаа хөрөнгөөр хангаж зээл болон барьцааны гэрээг байгуулсан. Гэвч тухайн үед хэрэгжүүлж байсан төсөл нь саад тотгор гаран хэрэгжих боломжгүй болсон тул тус зээлийн гэрээний үүргийг Женлайфс групп ХХК-ийн хөрөнгөөр гүйцэтгэхийг хүлээсэн. Одоогоор Женлайфс групп ХХК нь ямар нэгэн төлбөр төлөөгүй байгаа тул өөрийн өмчийг хамгаалан алдахгүйн тулд зээлийн гэрээний үүргийг хүлээж, төлбөр төлөхийг Капитал банк ХХК-д мэдэгдсэн. 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3151 дугаартай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар Женлайфс групп ХХК-иас Капитал банк ХХК-д 36 283 870 төгрөг олгохоор захирамж гарсан. Тухайн шүүх хуралдаанд өөрийн өмчийг хамгаалах зорилгоор оролцох хүсэлт гаргасан боловч оролцуулаагүй. Тус шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулан өмчийг өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр барьцаалагчийн өмчлөлд шилжүүлсэн байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаанд оруулах гэж байна гэж дуудсаны дагуу тухайн шүүгчийн захирамж болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагаанд гомдолтой талаар мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээг гүйцэтгэх ажиллагаанд саад болохгүйн тулд үнийн санал өгсөн. Гэвч дуудлага худалдаагаар борлуулагдаагүй гэдэг үндэслэлээр миний өмчийг бусдын өмчлөлд шилжүүлсэн явдал нь өөрийн өмч хөрөнгийг хамгаалах эрхийг зөрчсөн үйлдэл болсон. Тус банкинд өөрийн хөрөнгөөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй шаардлагатай бол тус компанийн хувьцаа эзэмшигч байсан тул өөрт ногдох хувийн төлбөрийг төлж, өмч хөрөнгөө авах тухай саналыг илэрхийлсэн боловч өмч хөрөнгө эзэмшигчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдаан хийж, мөн надад мэдэгдэлгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, бусдын өмчлөлд шилжүүлсэн явдалд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, өөрийн өмч хөрөнгөө хамгаалан, хуулиар тогтоосон иргэний эрхээ эдлэх эрхийг минь олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, Т.Баярсайхан нарт холбогдуулж Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлгийн 2 дугаар гудамжны 20 тоот хаягт байрлах Ү-2204011732 дугаарт бүртгэгдсэн 429 м.кв талбайтай хувийн сууц, гарааш, Г-2204013265 дугаарт бүртгэгдсэн газрыг тус тус чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3151 дугаартай захирамжаар Женлайфс групп ХХК-иас 36 283 870 төгрөгийг Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх бөгөөд төлбөр төлөгч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлгийн 2 дугаар гудамжны 20 тоот хаягт байрлах хувийн сууц, гарааш, газрыг битүүмжлэн хурааж, талуудын тохиролцсон үнээр 2 удаагийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч барьцааны хөрөнгө худалдагдаагүй, төлбөр авагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн талаар үйл баримт тогтоогджээ. /Х.х-ийн 15-16, 18, 35, 40-41, 46-47 дугаар хуудас/

Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлгийн 2 дугаар гудамжны 20 тоот хаягт байрлах Ү-2204011732 дугаарт бүртгэгдсэн 429 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн өмчлөгч нь Капитал банк ХХК байх бөгөөд Т.Баярсайхан нь хувийн сууц, гараашийг өөрийн эзэмшилд байлгах эрхгүй болсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хувийн сууц, гараашийг чөлөөлөх үүрэгтэй болно.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дах хэсэгт зааснаар барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон авахыг санал болгох хурал дээр уг хөрөнгүүдийг зөвхөн 3-4 сарын хугацаанд буюу зээлийн төлбөр төлөгдтөл чөлөөлөхгүй байхаар талууд тохирсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай шийдвэр гүйцэтгэгчийн 596 дугаар тогтоолд төлбөр авагч Капитал банк ХХК гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хариуцагч Т.Баярсайханы тайлбар гомдол үндэслэлгүй байна. /Х.х-ийн 9-10, 18 дугаар хуудас/

Анхан шатны шүүх хувийн сууц, гараашийг чөлөөлөхийг хариуцагч Т.Баярсайханд даалгаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тухайн маргааны зүйл болох газрын өмчлөгч нь Капитал банк ХХК биш, уг шаардлагыг тавих эрхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул газар чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/02156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржготовын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Б.НАРМАНДАХ