Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2017/02156

 

 

 

 

   2017 оны 11 сарын 10 өдөр

        Дугаар 182/ШШ2017/02156

    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: “КБ” ХХК

 

Хариуцагч: Т.Б

Хариуцагч: НШШГГ

хувийн сууц, гараж, газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, хариуцагч Т.Б, хариуцагч НШГГын төлөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох хурлын 2016 оны 09 сарын 28-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, **** тоот хаягт байрлах Ү-22***** дугаарт бүртгэгдсэн 429 м.кв талбайтай хувийн сууц, гараж, газрыг тус тус КБны өмчлөлд шилжүүлж, төлбөр төлөгч “ЖГ” ХХК-д төлбөрөө 3-4 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахыг даалгасан. Дээрх шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь Баянзүрх дүүрэг, **** 20 тоот хаягт байрлах Ү-22***** дугаарт бүртгэгдсэн 429 м.кв талбайтай хувийн сууц, гаражийг “КБ” ХХК-ийн өмчлөлд, Г-22****** дугаарт бүртгэгдсэн газрыг тус банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр дээр тус тус өмчлөлд шилжүүлж 2016 оны 10 сарын 13-ны өдөр бүртгэсэн. Гэтэл зээлдэгч “ЖГ” ХХК нь өнөөдрийг болтол зээлийн төлбөрийг төлөөгүй байгаа бөгөөд КБны өмч болох Баянзүрх дүүрэг, **** 20 тоот хаягт байрлах Ү-22***** дугаарт бүртгэгдсэн 429 м.кв талбайтай хувийн сууц, гаражийг НШШГГ болон Т.Б нар нь өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй, КБыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт КБ зардал урамшууллын гэрээний дагуу холбогдох бүх зардал, урамшууллыг тухай бүр төлсөн болно. Иймд банкны өмчлөлийн хувийн сууц, гараж болон газрыг тус тус чөлөөлж өгөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Т.Б нарт даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЖГ” ХХК 3 гишүүнтэй. Миний хувийн өмчийг барьцаалж компани зээл авсан. Шийдвэр гүйцэтгэх албаны хуралд намайг оролцуулаагүй. Би эд хөрөнгөө үнэлэхдээ 300 сая төгрөгөөр үнэлсэн. Гэнэт КБны өмч болчихсон, чөлөөл гэсэн, гомдолтой байна. Өгсөн үнэлгээгээр тооцоогүй гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 сарын 28-ны өдрийн 3151 дугаар захирамжаар “ЖГ” ХХК-иас 36.283.870 төгрөгийг КБинд олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг,*** тоот хаягт байрлах хувийн сууц, гараж, газрыг битүүмжлэн хурааж, талууд үнэ дээр нэгдсэн тул 2 удаагийн албадан дуудлага худалдааг явуулсан боловч худалдагдаагүй. Ингээд эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох 2016 оны 09 сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрээр барьцааны хөрөнгийг КБны өмчлөлд шилжүүлж, төлбөр төлөгч “ЖГ” ХХК-д төлбөрөө 3-4 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахыг даалгасан. Дээрх шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь Баянзүрх дүүрэг, 2*** тоот хаягт байрлах Ү-22****** дугаарт бүртгэгдсэн 429 м.кв талбайтай хувийн сууц, гаражийг “КБ” ХХК-ийн өмчлөлд, Г-22***** дугаарт бүртгэгдсэн газрыг тус банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр дээр тус тус өмчлөлд шилжүүлж 2016 оны 10 сарын 13-ны өдөр бүртгэсэн. Байрыг чөлөөлөхгүй гэж банк зөвшөөрсөн. Энэ эд хөрөнгө нь Т.Бы нэр дээрх хөрөнгө байсан ба үнийн саналыг нь өмчлөгчөөс авч байсан гэв.

 

Шүүх нэхэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын протокол, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            “КБ” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Т.Б нарт холбогдуулж Баянзүрх дүүрэг, **** тоот хаягт байрлах Ү-22******дугаарт бүртгэгдсэн 429 м.кв талбайтай хувийн сууц, гараж, Г-22****** дугаарт бүртгэгдсэн газрыг тус тус чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болж нэршил нь өөрчлөгдсөн байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 сарын 28-ны өдрийн 3151 дугаартай захирамжаар “ЖГ” ХХК-иас 36.283.870 төгрөгийг КБинд олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх бөгөөд төлбөр төлөгч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлгийн 2 дугаар гудамжны 20 тоот хаягт байрлах хувийн сууц, гараж, газрыг битүүмжлэн хурааж, талуудын тохиролцсон үнээр 2 удаагийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч барьцааны хөрөнгө худалдагдаагүй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 09 сарын 28-ны өдрийн эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурлаар барьцааны хөрөнгийг КБны өмчлөлд шилжүүлж, төлбөр төлөгч “ЖГ” ХХК-д төлбөрөө 3-4 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахыг даалгах талаар ярьж тохиролцож байсан ба эцэст нь Баянзүрх дүүрэг, **** 20 тоот хаягт байрлах хувийн сууц, гаражийг “КБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэж, уг шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Баянзүрх дүүрэг, **** тоот хаягт байрлах Ү-22******* дугаарт бүртгэгдсэн 429 м.кв талбайтай хувийн сууц, гаражийг “КБ” ХХК-ны өмчлөлд, Г-22******* дугаарт бүртгэгдсэн газрыг тус банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх С.Бямбацэцэгийн өмчлөлд тус тус бүртгэж, энэ тухай мэдэгдсэнээр шийдвэр гүйцэтгэгч 2016 оны 10 сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 596 дугаар тогтоол гаргасан байх бөгөөд төлбөр төлөгч “ЖГ” ХХК дээрх бүх ажиллагаанд оролцож явсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай шийдвэр гүйцэтгэгчийн 596 дугаар тогтоолд төлбөр авагч КБ  гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул НШШГГт холбогдуулж гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 Харин одоо Баянзүрх дүүрэг, 2****тоот хаягт байрлах Ү-22****дугаарт бүртгэгдсэн 429 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн өмчлөгч нь КБ байх бөгөөд Т.Б  нь хувийн сууц, гаражийг эзэмших эрхгүй болсон байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу хувийн сууц, гаражийг чөлөөлөх үүрэгтэй байна, хувийн сууц, гаражийг чөлөөлөхийг түүнд даалгаж шийдвэрлэв. Харин газрын хувьд КБ өмчлөгч биш байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авахаас татгалзав.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.1-ийг баримтлан “КБ” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг,*****тоот хаягт байрлах Ү-22****** дугаарт бүртгэгдсэн 429 м.кв талбайтай хувийн сууц, гаражийг чөлөөлөхийг Т.Бд даалгаж, нэхэмжлэгчийн газар чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, НШШГГт холбогдуулж гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Баас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “КБ” ХХК-д олгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   С.БУД