Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02485

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02485

 

 

Н.Рэнцэндоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/02529 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Рэнцэндоржийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.Бат-Аюуш, Ч.Энхтөр нарт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Номтын ам ХХК

 

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны зориулалттай барилгын А орц /блок/ 3 давхрын 109 тоот хаягт байрлах 68.3 м.кв талбай бүхий орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Амарнасаа

Хариуцагч нарын өмгөөлөгч: М.Цэндсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Рэнцэндорж нь Номтын ам ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны барилгын А орц /блок/ 3 давхрын 109 тоот хаягт байрлах 68.3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/00448 дугаар шийдвэрээр хариуцагч Номтын ам ХХК-иас Н.Рэнцэндоржид 20 653 920 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Уг хэргийг хянан шийдвэрлэгдэх явцад миний захиалсан орон сууцыг 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Номтын ам ХХК-тай гэрээ байгуулсан, 240 айлын орон сууцны барилгын А блокийн 11 давхрын 149 тоот захиалагч болох Ч.Энхтөр нь хууль бусаар эзэмших болсон бөгөөд тэрээр Х.Бат-Аюуш гэх хүнийг гэр бүлийн хамт амьдруулж байгаа нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр, Н.Рэнцэндоржийн захиалсан орон сууц болох Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны барилгын 109 тоот хаягт байрлах 68.3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Ч.Энхтөр болон Х.Бат-Аюуш нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Энхтөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ч.Энхтөр миний бие 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Номтын ам ХХК-тай орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулж, тус компанийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны барилгын 11 давхрын 149 тоот 3 өрөө байрыг худалдаж авахаар тохиролцсон. Би гэрээнд заасны дагуу орон сууцны үнэд нийт 75 130 000 төгрөгийг хугацаанд нь төлж барагдуулсан. А блок ашиглалтад орж, улсын комисс хүлээн авч байх үед Номтын ам ХХК-ийн удирдлага н.Тамир, н.Сарнай, н.Алтанцэцэг нартай удаа дараа /4 удаа/ очиж уулзан түлхүүрээ авах талаар ярихад улсын комиссын шийдвэр, бичиг баримт бүрдэж ирээгүй, түлхүүр өгөх болоогүй зэрэг шалтгаанаар буцааж байсан. 2016 оны 4 сарын сүүлээр очиж түлхүүрээ авахыг шаардахад ...танай 149 тоотод Ө.Туул гэдэг хүн орсон, танайхыг 3 давхрын 109 тоотод хуваарилсан... гэж хэлсэн. Манайх 149 тоотод гэрээтэй байрандаа орно гэхэд Ө.Туул түлхүүр буцааж өгөхгүй, 109 тоот төлбөрөө гүйцэд төлөөгүй, гэрээ цуцлагдана санаа зоволтгүй гэж хэлээд 109 тоотын түлхүүрийг өгсөн. Би өөрийн байранд хадам Х.Бат-Аюушийг 2016 оны 5 дугаар сард оруулсан. А блокийн байранд төлбөрөө бүрэн төлсөн хүмүүсийг оруулсан, тэр үед Н.Рэнцэндорж төлбөрөө бүрэн төлөөгүй байсан учир уг сууцыг өмчлөх давуу эрх нь дуусгавар болсон гэж ойлгож байна. Байрыг хуваарилах эрх нь Номтын ам ХХК-д байгаа учраас би өөрийгөө хууль бус эзэмшигч гэж ойлгохгүй байна. Номтын ам ХХК-д уг асуудлын талаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх нь зөв байх гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны барилгын А орц /блок/-ийн 109 тоот хаягт байрлах 68.3 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч Ч.Энхтөр, Х.Бат-Аюуш нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Н.Рэнцэндоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 499 450 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 429 250 төгрөгийг Улаанбаатар хотын банк дахь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Н.Рэнцэндоржид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн агуулга нь эд юмсыг эзэмших эрхээ хэрэгжүүлж буй хэлбэрээр нь бус, харин эд юмсыг бодитойгоор эзэмшиж буй этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхтэй эсэх, тэрээр уг эзэмшлийг хууль ёсны арга замаар хэрэгжүүлж байгаа эсэхээр нь ялган авч үздэг. Хавтаст хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 448 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.Рэнцэндорж болон "Номтын ам" ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, гэрээнд заасны дагуу 109 тоот 68,3 м.кв талбай бүхий орон сууцны төлбөрийн 90 хувийг Н.Рэнцэндорж нь "Номтын ам" ХХК-д төлсөн, ажлыг хүлээлгэн өгөх үед буюу түлхүүр гардуулах үед үлдэгдэл 10 хувийг төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдсон байдаг. Энэ нь нэхэмжлэгч Н.Рэнцэндоржийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт тус тус зааснаар шударга эзэмшигч буюу хууль ёсны эзэмшигч болохыг нотолж байна. Түүнчлэн дээрх шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Н.Рэнцэндоржийг өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч эзэмшлийн асуудлыг шийдээгүй болно. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна. Шударга бус эзэмшигч гэдэг нь эд юмсыг эзэмших хууль ёсны эрхгүй болохоо сайн мэдэж байгаа этгээд байх бөгөөд эд юмсыг эзэмших эрхгүй гэдгээ сайн мэдэхгүй ч гэсэн эзэмших эрхгүй болохоо мэдэхэд төвөгтэй биш болон таньж мэдэх бололцоотой этгээд байдаг. Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч талын тайлбар, "Номтын ам " ХХК-тай байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ, орон сууцны төлбөр төлсөн баримтууд зэргээс үзэхэд хариуцагч тал нь 149 тоот орон сууцыг худалдан авах хүсэл зоригоо илэрхийлсэн, 149 тоот орон сууцны үнийг төлж байсан зэрэг нь 109 тоот орон сууцыг хууль бусаар эзэмшиж байсан, түүнийг эзэмших эрхгүй гэдгээ мэдэж байсан зэрэг үйл баримтад үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр ерөнхий байдлаар хариуцагч нарыг хууль бус эзэмшигч гэж үзэхгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх талуудын хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан цаг хугацааг анхаарч үзээгүй бөгөөд Иргэний хуулийн 9.4.1, 9.4.2 заасан иргэний эрхийг хамгаалах үүргээ хэрэгжүүлсэнгүй. Шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байгаа боловч тухайн маргаанд хамааралтай хуулийн зүйл, заалтыг оновчтой баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Рэнцэндорж нь хариуцагч Х.Бат-Аюуш, Ч.Энхтөр нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны А орцны 3 давхрын 109 тоот хаягт байршилтай 68,3 м.кв талбай бүхий орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрөн маргажээ.

 

Хэрэгт Номтын ам ХХК болон Ч.Энхтөр нарын байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн НА-149 тоот орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр Ч.Энхтөр нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдах 240 айлын 16 давхар орон сууцны шинэ байрны А орцны 11 давхрын 149 тоотод байршилтай 68,3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 68 300 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна. /хх-ийн 93-96 тал/

 

Хэрэгт авагдсан талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Н.Рэнцэндорж нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны А орцны 3 давхрын 109 тоот хаягт байршилтай 68,3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалсан, орон сууцны төлбөрийн 90 хувь буюу 691 470 000 төгрөгийг төлсөн асуудлаар маргаагүй байна. Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Номтын ам ХХК нь хариуцагч Ч.Энхтөрийг орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн гэх тайлбар гаргаж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны А орцны 3 давхрын 109 тоот хаягт байршилтай 68,3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлсэн болохоо үгүйсгээгүй болно. Хариуцагч Ч.Энхтөр нь Номтын ам ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний үндсэн дээр орон сууцанд оршин сууж байх тул түүнийг нэхэмжлэгч Н.Рэнцэндоржийн өмчлөлийн байранд хууль бусаар оршин сууж байгаа гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч Н.Рэнцэндорж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны А орцны 3 давхрын 109 тоот хаягт байршилтай 68,3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч уг орон сууцны үнийг бүрэн төлж байрыг эзэмшилдээ авсан гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Түүнчлэн, хэрэг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/00448 дугаар хүчин төгөлдөр шийдвэр авагдсан байх бөгөөд уг шийдвэрээр нэхэмжлэгч Н.Рэнцэндоржийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны А орцны 3 давхрын 109 тоот хаягт байршилтай 68,3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 3-5 тал/

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна. Хэрэв нэхэмжлэгч Н.Рэнцэндорж хэн нэгний буруутай үйл ажиллагааны улмаас өөрт хохирол учирсан гэж үзэж байгаа тохиолдолд зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар гомдол эрхтэй болно.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт заасан эзэмшлийн талаарх нөхцөл байдлыг зохицуулсан заалт, мөн гэрээний бус үүргийн хүрээнд эд хөрөнгийг шилжүүлснээр нөгөө талд давуу байдал бий болгох талаар зохицуулсан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт давхар баримталсан нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/02529 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас ...90 дүгээр зүйлийн 90.2, 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Н.Рэнцэндоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

                                                          Ц.ИЧИНХОРЛОО