Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/00747

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/00747

 

 

 

Э.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00297 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.Бийн хариуцагч Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 600 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/41 дугаар тушаалаар сантехникчээр ажилд орсон. Өрхийн орлого муутай, ээж ажилгүй тул ажил хийхийн хажуугаар Хөдөө аж ахуйн их сургуульд мэргэжлийн чиглэлээр суралцдаг. Заримдаа хичээл ихтэй үед өглөө эрт ирж сантехникээ шалгаж, хийх зүйлээ хийгээд орой хичээл тарж ирээд ажлаа хийдэг тохиолдол байдаг. Ажлаас чөлөөлөхдөө мэдэгдэл өгөөгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ажил олгогчоос надад албан ёсоор мэдэгдээгүй байж шууд ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй. Миний талаар хэлэлцсэн гэх хамт олны хуралд оролцоогүй, энэ хурлаас надад сануулах арга хэмжээ авсан гэдгийг мэдэгдээгүй. Манай ажлын газрынхан хурлын протокол хөтөлдөг боловч арын хуудсыг хоосон орхиод уг хоосон хуудсан дээр сүүлд нь нөхөж гарын үсэг зуруулдаг байсан. Намайг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажлаас халсан болохоор 10 сарын үлдсэн ажлын өдрүүдэд ажиллах боломж байгаагүй, 10 сарын эхний ажиллах ёстой 9 өдөрт ажилласан. Хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд 2 ба түүнээс дээш хоног ажил тасалсан гэж заасан байна. Гэтэл би ингэж ажил тасалж байгаагүй. Иймд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/56 тоот тушаалыг хүчингүй болгож, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоож, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 1 600 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээрт дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн төлөөлөгч Я.Баасанхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 21.4.1, хөдөлмөрийн гэрээний 5.4.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоногийн ажил тасалсан тохиолдлыг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар шууд зогсоон, ажилтныг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцсон. 2019 оны ажилчдын цагийн бүртгэлээс үзэхэд Э.Б нь 9 дүгээр сард 6 хоног ажил тасалсан, 10 дугаар сард 23 өдөр ажиллахаас 9 хоног бүртгэгдсэн байдаг. Э.Бийн ажил тасалсан байдлыг хамт олны хурлаар хэлэлцээд, түүнд сануулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Тэрээр сургуульд суралцдаг гэдэг баримтаа ажил олгогчид өгсөн гэх боловч шүүхэд ирүүлээгүй байна. Түүнчлэн тэрээр хичээлтэй байсан болон бусад шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан гэх байдлаа нотолсонгүй. Дээр дурдсан байдлаар Э.Б нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил буюу удаа дараа ажил тасалсан болох нь цагийн бүртгэл, хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн тушаал үндэслэлтэй байна. Иймд Э.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Э.Бийг Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн сантехникчийн ажилд эгүүлэн тогтоон, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 434 753 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 165 247 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Бийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч болон нягтлан бодогчид даалган, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Бийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 37 906 төгрөг гаргуулан улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдолдоо: Хөдөлмөрийн дотоод журмын 21.4.1, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоногийн ажил тасалсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар талууд тохиролцон гарын үсэг зурж хөдөлмөрийн гэрээг байгуулсан. 2019 оны ажилчдын цагийн бүртгэлээс үзэхэд Э.Б нь 9 дүгээр сард 6 хоног ажил тасалсан, 10 дугаар сард 23 өдөр ажиллахаас 9 хоногт цагийн бүртгэлтэй бусад ажлын хоногт бүртгэгдээгүй. Энэ байдлаа нэхэмжлэгч Э.Б нь ажил олгогчид тайлбарлахдаа ...би ар гэрийн гачигдалтай байдаг.. тэгээд ажлын хажуугаар сургуульд суралцдаг тул энэ байдал нөлөөлж ажилд ирэхгүй байх асуудал байдаг... гэж тайлбарлах ба шүүхийн хэлэлцүүлэгт ч энэ тайлбарыг гаргаж байсан. Гэвч нэхэмжлэгч Э.Бээс 129 дугаар цэцэрлэгт ажиллаж байхдаа ажил олгогч буюу тус цэцэрлэгийн эрхлэгч Я.Баасанхүүд холбогдох баримт сургуулийн тодорхойлолт зэрэг бичиг баримтуудыг гаргаж өгөөгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд ч холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй байдаг. Мөн ажилчдын хурлын тэмдэглэл дээр нэхэмжлэгч ажил тасалсан үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж хүсэл зоригоо илэрхийлсэн байдалд нь анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр хэдийд гаргасан зөрчлийг хэлэлцсэн болох нь тодорхойгүй энэ нь хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх үе хамаарна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Э.Б нь 2019 оны 9 дүгээр сард ажил удаа дараа тасалж сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь хариуцагч болон түүний өмгөөлөгч нараас шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байхад түүнд дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... 10 сард хэд хоногийн ажил тасалсан нь тодорхойгүй гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч Э.Бийг 9 дүгээр сард 6 хоног ажил тасалсан нь баримтаар тогтоогдож байгааг анхны удаа гэж дүгнээд харин 10 дугаар сард ажил тасалсан бол 2 дахь удаагаа тасалсан гэж дүгнэж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч 9 дүгээр сард 6 удаа ажил тасалсан нь 1 удаа бус түүнийг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хурал дээр цагийн бүртгэлийн талаар мөн тэр нь санхүүгийн баримт болж цалин олгох үндэслэл болдог талаар баримтыг гаргаж өгсөн боловч шүүхээс дүгнэж үзээгүй үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч Э.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт холбогдуулан тус төвийн эрхлэгчийн Б/56 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 600 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд 2017 оноос хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэдэгт хэн аль нь маргаангүй, ноцтой зөрчил тогтоогдсон эсэх нь маргааны зүйл болжээ.

Ажил олгогч Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б/56 дугаартай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 285 дугаар тогтоолын 1.9, Хөдөлмөрийн дотоод журмын 21.4, Хөдөлмөрийн гэрээний 5.4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ажилтан Э.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан, сантехникчийн албан тушаалаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, гэрээний талуудын тайлбар зэрэг баримтаар нотлогдсон байна./хх11, 61/ Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоногийн ажил таслахыг ноцтой зөрчилд тооцохоор талууд хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон байна.

Хэрэгт авагдсан цагийн бүртгэл, талуудын тайлбар зэрэг баримтуудаас үзэхэд Э.Б нь 2019 оны 9 дүгээр сард ажлын 21 хоног ажиллахаас 15 хоног, мөн оны 10 дугаар сард ажлаас чөлөөлөх тушаал гарсан өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажлын 9 хоног ажиллахаас 9 хоног ажилласан үйл баримт тогтоогдож байна. /хх53-54/ Улмаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Э.Бийн 2019 оны 9 дүгээр сард ажил тасалсан зөрчилд мөн сарын 27-ны өдөр багш ажилчдын хурлаар сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх47-51/ Хариуцагч нь нэхэмжлэгчийг дээрх зөрчилд сахилгын шийтгэл ногдуулснаас хойш Хөдөлмөрийн дотоод журмын 21.4.1, Хөдөлмөрийн гэрээний 5.4.1-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоногийн ажил тасалсан зөрчил гаргасныг баримтаар нотлоогүйн гадна сахилгын зөрчилд давхардуулан ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Анхан шатны шүүх багш, ажилчдын хурлын үйл ажиллагааг сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй эсэх талаар дүгнэсэн нь шууд хамааралтай нөхцөл байдал биш боловч энэ нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00297 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ч.ЦЭНД