Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2020/00297

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 16 өдөр

    Дугаар 101/ШШ2020/00297

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Шажин хаягт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Өлгийн 23 дугаар гудамж, 208а тоот хаягт оршин суух, Эрхэдтанд овогт Энхбаатарын Б /РД:ЕТ99102318/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, Намъянжүгийн гудамж хаягт байрлах, Баянзүрх дүүргийн А дүгээр цэцэрлэг /РД:9096388, УБД:9070006079/-т холбогдох,

 

Баянзүрх дүүргийн А дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүрэг түр орлон гүйцэтгэгч Я.Баасанхүүгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/56 тоот тушаалыг хүчингүй болгуулах, сантехникч ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 1.600.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлэх, тэдгээр дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /ШТ№1954/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянзүрх дүүргийн А дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/41 дугаар тушаалаар сантехникчээр ажилд орсон бөгөөд үндсэн цалинг /ТҮ-3-1/ дүгээр зэрэглэлийн 1 дүгээр шатлалаар тооцон олгодог байсан.

Өрхийн орлого муутай, ээж ажилгүй тул би ажил хийхийн хажуугаар ХААИС-д мэргэжлийн чиглэлээр суралцдаг, зарим үед хичээл ихтэй үед өглөө эрт ирж сантехникээ шалгаж үзэж хийх зүйлээ хийчихээд, орой хичээл тарж ирээд ажлаа хийдэг тохиолдол байдаг. Ингэж ажиллаж болохгүй гэж надад захиргааны зүгээс сануулж, хэлж ярьж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгасан зүйлгүй.

А дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийг түр орлон гүйцэтгэгч 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/56 дугаар тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргасан удаа дараа шалтгаангүйгээр олон хоног ажил тасалсан гэсэн үндэслэлийг тушаалдаа дурдсан байсан.

Ажлаас чөлөөлөхдөө мэдэгдэл өгөөгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ажил олгогчоос надад албан ёсоор мэдэгдээгүй байж шууд ажлаас халсанд гомдолтой байна, хүлээн зөвшөөрөхгүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор сахилгын ноцтой зөрчил гаргаагүй.

Миний талаар хэлэлцсэн гэх хамт олны хуралд би оролцоогүй, энэ хурлаас надад сануулах арга хэмжээ авсан гэдгийг мэдэгдээгүй. Тэгээд ч манай ажлын газрынхан хурлын протокол хөтөлдөг боловч арын хуудсыг хоосон орхиод уг хоосон хуудсан дээр сүүлд нь нөхөж гарын үсэг зуруулдаг байсан.

Намайг 2019.10.14-ний өдөр ажлаас халсан болохоор 10 сарын үлдсэн ажлын өдрүүдэд ажиллах боломж байгаагүй, 10 сарын эхний ажиллах ёстой 9 өдөрт ажилласан.   

Э.Б намайг ажлаас халсан үйл явц нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, хууль бус тушаал гэж үзэж байна.

Хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд  2 ба түүнээс дээш хоног ажил тасалсан гэж заасан байна, гэтэл би ингэж ажил тасалж байгаагүй.

Сургуульд суралцдаг талаарх баримтаа ажлын газарт өгсөн бөгөөд шүүхэд ирүүлээгүй болно. Ажлын хажуугаар суралцах талаар ажил олгогчтой тохиролцсон зүйлгүй.   

Иймд Баянзүрх дүүргийн А дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийг түр орлон гүйцэтгэгч Я.Баасанхүүгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/56 тоот тушаалыг хүчингүй болгож, сантехникчийн ажилд эргүүлэн тогтоож, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 1.600.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээрт дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн А дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүрэг түр орлон гүйцэтгэгч Я.Баасанхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Бийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг маргаанд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус цэцэрлэгийн дотоод журмын 21.4.1-т:”Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоногийн ажил тасалсан” бол хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болох ноцтой зөрчилд тооцно гэж заасан.

Мөн Э.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.1-д:”Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоногийн ажил тасалсан” тохиолдлыг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар шууд зогсоон, ажилтныг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцсон.

2019 оны ажилчдын цагийн бүртгэлээс үзэхэд Э.Б нь 9 сард 6 хоног ажил тасалсан, 10 сард 23 өдөр ажиллахаас 9 хоног бүртгэгдсэн байдаг.

Э.Бийн ажил тасалсан байдлыг хамт олны хурлаар хэлэлцээд, түүнд “сануулах” арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Тэрээр сургуульд суралцдаг гэдэг баримтаа ажил олгогчид өгсөн гэх боловч шүүхэд ирүүлээгүй байна. Түүнчлэн тэрээр хичээлтэй байсан болон бусад шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан гэх байдлаа нотолсонгүй.

Дээр дурдсан байдлаар Э.Б нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил буюу удаа дараа ажил тасалсан болох нь цагийн бүртгэл, хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Баянзүрх дүүргийн А дүгээр цэцэрлэгийн тушаал үндэслэлтэй байна.

Иймд Э.Бийн Баянзүрх дүүргийн А дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийг түр орлон гүйцэтгэгч Я.Баасанхүүгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/56 тоот тушаалыг хүчингүй болгож, сантехникчийн ажилд эргүүлэн тогтоож, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт нэг сарын 450.000 төгрөгөөр тооцож 1.600.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээрт дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтууд болон Э.Бийн №1409206 тоот нийгмийн даатгалын дэвтэр, №0790814 тоот эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг эх хувиар нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Баянзүрх дүүргийн А дүгээр цэцэрлэгт холбогдуулан

Тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүрэг түр орлон гүйцэтгэгч Я.Баасанхүүгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/56 тоот тушаалыг хүчингүй болгуулах, сантехникч ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 1.600.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээрт дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э.Б нь Баянзүрх дүүргийн А дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/41 тоот тушаалын дагуу тус цэцэрлэгт “сантехникч”-ээр 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан байх ба талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан,   уг гэрээгээр цалин хөлсийг ТҮ-3-1 шатлалаар олгохоор тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, ажил олгогчийн тушаал, хөдөлмөрийн гэрээ, Э.Бийн №1409206 тоот нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байна.

 

/хх-ийн 4-10, 23-27 тал/ 

 

 Хариуцагч Баянзүрх дүүргийн А дүгээр цэцэрлэг нь ажилтан  Э.Бийг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Баянзүрх дүүргийн А дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/56 тоот тушаалаар “...Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.4, ...дотоод журмын 21 дүгээр зүйлийн 21.4, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.1 дэх заалт”-ыг тус тус үндэслэн сантехникч Э.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөс эхлэн цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. 

/хх-ийн 11, 52 тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.1-д: “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоногийн ажил тасалсан” тохиолдлыг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар шууд зогсоон, ажилтныг ажлаас халж, гэрээг цуцлахаар тохиролцсон байх ба дотоод журмын 21 дүгээр зүйлийн 21.4.1-д:”Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоногийн ажил тасалсан” бол хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцохоор тус тус заажээ.

/хх-ийн 25,44 тал/

 

Ажил олгогч нь Э.Бийг удаа дараа шалтгаангүйгээр олон хоногоор ажил тасалж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь байгууллагын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл, цагийн бүртгэл зэрэг баримтаар  тогтоогдсон гэж тайлбарласан болно.

Баянзүрх дүүргийн А дүгээр цэцэрлэгийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар: “...Албан хаагчдын сахилга, хариуцлага”-ын талаар хэлэлцсэн байх ба уг хурлаас :”Сантехникийн слесарь Э.Бт протоколоор хатуу сануулах арга хэмжээ авч, дараагийн удаа ажил таслах, ажлын цагийг хийдүүлэх, хуруугаа уншуулчихаад гараад явах зэрэг зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах” гэсэн шийдвэр гаргажээ.

/хх-ийн 47-51 тал/

 

Тус цэцэрлэгийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ажилчдын хурлаас Э.Бт “сануулах” сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.  

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д: “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж зааснаас үзэхэд ажил олгогч буюу түүнээс эрх олгосон эрх бүхий албан тушаалтан нь ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаас өөр байдлаар буюу өөрийн эрхийг байгууллагын хуралд шилжүүлэх хэлбэрээр ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаар тусгасан гэж үзэх боломжгүй. 

Өөрөөр хэлбэл байгууллагын хурлаас гаргасан шийдвэрийг ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулж байгаатай адилтгаж үзэх үндэслэлгүй юм.

Тодруулбал ажил олгогчийн зүгээс дээр дурдсан 2019.09.27-ны өдрийн ажилтнуудын хурлаас шийдвэрлэсний дагуу Э.Бт “сануулах” сахилгын арга хэмжээ ногдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д: “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заажээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн  2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд Э.Б нь хэддүгээр сард ажиллавал зохих хэд хоног, хэдэн цагаас хэд хоног, хэдэн цаг ажиллаж, хэд хоног, хэдэн цагийн ажил тасалсан болох, ийнхүү ажил тасалсан нь ямар баримтаар тогтоогдсон болох нь тодорхойгүй байхаас гадна хэрэв түүнийг ажил тасалсан нь тогтоогдсон гэж үзсэн бол хэдийд  гаргасан зөрчлийг хэзээ илрүүлсэн болох, уг зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан хугацааны дотор хэрхэн шийдвэрлэсэн болох  нь тодорхойгүй байна.

Ажил олгогчийн 2019 оны 9 сарын цагийн бүртгэлийн 23-т Э.Б, сантехникч,  нийт хоног-21, бүгд-15, 10 сарын цагийн бүртгэлийн 24-т Э.Б, сантехникч, нийт хоног-23, бүгд-9 гэх тэмдэглэлээс үзэхэд ажилтан Э.Б тухайн сард хэдэн хоног, хэдэн цаг ажиллахаас хэдэн хоног, хэдэн цагт нь ажилласан болох, үүнээс хэдэн хоног, хэдэн цагийн ажил тасалсан болохыг тогтоосон гэж үзэх боломжгүй.

Тодруулбал 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар түүний хэдийд гаргасан зөрчлийг хэлэлцсэн болох нь тодорхойгүй байхаас хэрэв түүнийг 9 сард ажил тасалсан гэж үзсэн бол 10 дугаар сард хэдэн хоногийн ажил тасалсан болохыг тогтоогоогүй байх ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр цуцлах хүртэл хугацаагаар тооцоход ажлын 9 хоног байх ба цагийн бүртгэлээс үзэхэд түүнийг 10 сард ажил тасалсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д: “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол” хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн А дүгээр цэцэрлэг нь ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Э.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар цуцалсан тушаалынхаа үндэслэл буюу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй тайлбараа нотлох баримтаар нотолж чадсангүй гэж үзэх үндэслэлтэй. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Э.Бийг Баянзүрх дүүргийн А дүгээр цэцэрлэгийн “сантехникч” ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, түүнийг уг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ажил олгогчийн тушаал нь цаашид эрх зүйн дагаврыг үүсгэхгүй тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Э.Бийг урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Э.Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд 1.600.000 төгрөг нэхэмжилжээ.

Монгол Улсын Нийгмийн Хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу...буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж зааснаар тооцоход Э.Бийн №1409206 тоот нийгмийн даатгалын дэвтэр дэх 2019 оны 3, 2019 оны 4, 2019 оны 5 дугаар сарын дундаж цалин /1.434.753 төгрөг/-аар тооцоход 478.251 төгрөг гэж үзэв.

Э.Бийн ажилгүй байсан 2019.10.14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны ажлын 66 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт /478.251төгрөг/22хоног=21.738төгрөгх66хоног=1.434.753/ 1.434.753 төгрөгийг Баянзүрх дүүргийн А дүгээр цэцэрлэгээс гаргуулан нэхэмжлэгч Э.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 165.247 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т: “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Баянзүрх дүүргийн А дүгээр цэцэрлэгчийн эрхлэгч болон нягтлан бодогчид Э.Бийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Б нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдлоо 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нь  Хөдөлмөрийн тухай хуулийн А дүгээр зүйлийн А.2-т заасан: ”Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэх заалтад нийцжээ.

/хх-ийн 2 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн хуулийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Э.Бийг Баянзүрх дүүргийн А дүгээр цэцэрлэгийн “сантехникч” ажилд эгүүлэн тогтоосугай. 

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн А дүгээр цэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.434.753 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 165.247 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Бийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн А дүгээр цэцэрлэгийн эрхлэгч болон нягтлан бодогчид даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Бийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Баянзүрх дүүргийн А дүгээр цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 37.906 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОНГЭРЭЛ