Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/01624

 

 

 

 Х.Зын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01395 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Зын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХБ ХХК болон Б.Б нарт холбогдох

 

Орон сууцны төлбөрт дутуу шилжүүлсэн 17 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Б.Т өөрийн өмчлөлийн нь Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэр гудамж 00 б байрны 00 тоот хаягт байршилтай, 67.99 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг иргэн Х.Зт 115 000 000 төгрөгөөр худалдан борлуулж, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болно. Х.З нь орон сууцыг худалдан авахдаа орон сууцны 10 хувь буюу 11 500 000 төгрөгийг урьдчилгаа болгон Б.Тгийн данс рүү шилжүүлж, үлдэгдэл мөнгө болох 90 хувь буюу 103 500 000 төгрөгт Хаан банкны 8 хувийн ипотекийн зээл гаргуулан авсан. Хаан банкнаас үлдэгдэл мөнгө болох 90 хувийн 103 500 000 төгрөг орж ирэх ёстой байхад Б.Тгийн данс рүү 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 85 800 000 төгрөг орж ирсэн. Зөрүү мөнгө болох 17 700 000 төгрөгийг өөр этгээдийн данс рүү шилжүүлсэн. Уг мөнгийг шилжүүлэхэд орон сууц худалдагч Б.Т байгаагүй бөгөөд Х.З ажлын цаг дууссаны дараа очиж банкны зур гэсэн 2 баримтад гарын үсэг зурсан. Гэтэл Б.Т нь орон сууцны үлдэгдэл мөнгөнөөс 85 800 000 төгрөг орж ирсэн, үлдэгдэл 17 700 000 төгрөг нь яасан болохыг асуухад Х.З мэдэхгүй байна, банкнаас өгсөн төлбөрийн баримтан дээр гарын үсэг зурсан, банк мэдэж байгаа гэж хариулсан. Гэтэл Хаан банк нь тэрхүү 17 700 000 төгрөгийг зээлийн шийдвэрийн дагуу Б.Б, зээлийн төлбөр гэх утгатайгаар өөр этгээдийн дансанд шилжүүлсэн байсан. Б.Б гэх этгээдэд ямар нэгэн өр төлбөр, зээл байхгүй учир миний орон сууц худалдан авсан төлбөрийг худалдан авагчид бүрэн шилжүүлэлгүйгээр дундаас нь суутган авах үндэслэл байхгүй. Үүний улмаас орон сууц худалдагч Б.Т, Х.З хоёрын хооронд үл ойлголцол үүссэн. Иймд уг 17 700 000 төгрөгийг Хаан банкаар дамжуулан хүлээн авсан Б.Б гэгч этгээдтэй эрх зүйн харилцаанд оролцож, ямар нэгэн өр төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, Хаан банк нь гэрээний үүргээ зөрчиж худалдан авагчид шилжүүлэх ёстой орон сууцны төлбөрийн зарим хэсгийг дур мэдэн өөр этгээдэд шилжүүлсэн тул хариуцагч ХБ ХХК-иас 17 700 000 төгрөгийг гаргуулж Х.Зт олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ хэргийн нэхэмжлэгч анх Б.Т байсан боловч Х.З нэхэмжлэгч болсон. Нэхэмжлэгч солигдсонтой холбоотой улсын тэмдэгтийн хураамж болон бусад процессын ажиллагаатай холбогдуулан удаа дараа амаар болон бичгээр тайлбар гаргасан. Шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зохисгүй. Шүүгчийн захирамжид хэн нэгэн этгээд өөрчлөлт оруулах, хэрэгсэхгүй болгох гомдол гаргаагүй атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар хүсэлт хангахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйгээр шүүгчийн захирамж гарсан. Үүнийг процессын алдаа гарсан байна гэж онцгойлон анхааруулж, шүүх хуралдааны тэмдэглэлд онцгойлон тусгахыг хүсэж байна. Маргааны хувьд 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэр гудамж 00 б байр 00 тоот хаягт байрлах 67.99 мкв талбайтай бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Б.Т, Х.З нарын хооронд байгуулагдсан байдаг. Уг гэрээгээр талууд тохиролцохдоо орон сууц худалдах үнийг 115 000 000 төгрөг, 11 500 000 төгрөгийн урьдчилгаа төлбөр өгөөд үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр санхүүжүүлэхээр тохиролцсон. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Б.Т нь Х.Зт үл хөдлөх хөрөнгийн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр Х.З нь Б.Тд үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсантай холбоотой орон сууцны төлбөр төлөхөөр талууд хоорондоо тохиролцсон. Улмаар Х.Зын зээл орон сууцны ипотекийн 8 хувийн зээл батлагдаж 103 500 000 төгрөгийн орон сууцны зээлийг санхүүжүүлэх шийдвэр гарч 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ипотекийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан Х.Зын дансанд 103 500 000 төрөгийн зээл олголтыг хийсэн болно. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, мөн зүйлийн 3-д зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно, 4-д зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан хуулийн заалтад нийцсэн гэрээ бөгөөд зээлийг дээрх хуулийн дагуу зээлдэгчид шилжүүлсэн. Хариуцагчийн хувьд уг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний аль нэг тал биш бөгөөд бусдын өмнө гэрээгээр аливаа үүрэг хүлээгээгүй. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2.2-д хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх гэж заасны дагуу худалдан авагч болох Х.Зын өөрийнх нь данснаас түүний даалгавраар буюу гарын үсэг зурсан мөнгөн шилжүүлгийн баримтыг үндэслэн холбогдох гүйлгээнүүдийг хийсэн болно. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 17 700 000 төгрөгийг хариуцагчийн зүгээс төлөх үндэслэл байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар ХБ ХХК-иас 17 700 000 төгрөг гаргуулахыг хүссэн Х.Зын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцагч Б.Бд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Х.Зын татгалзалыг баталж, хамтран хариуцагч Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 246 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Х.Заас 246 450 төгрөг гаргуулж Б.Тд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/01395 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Х.Зын хариуцагч ХБ ХХК-аас 17 700 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь нэхэмжлэгч Х.З нь худалдагчид шилжүүлэх ёстой орон сууцны төлбөрийн зарим хэсгийг дур мэдэн өөр этгээдэд шилжүүлсэн гэсэн үндэслэлээр хариуцагч ХБ ХХК-иас 17 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн атал шүүх ХБ ХХК нь орон сууцны төлбөрт 17 700 000 төгрөгийг дутуу шилжүүлээгүй байна, орон сууц худалдагч Б.Т нь орон сууцны зээл гаргахад зуучлан оролцсон Б.Бд 17 600 000 төгрөг өгөхөөр тохиролцсон, үүний дагуу 17 600 000 төгрөгийг Б.Бгийн дансанд шилжүүлсэн талаар Б.Т, Х.З нар мэдэж байсан гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байх бөгөөд харин ч ХБ ХХК нь ямар зээлийн шийдвэр гарсан учраас Б.Бд 17 700 000 төгрөгийг зээлийн төлбөр болгон шилжүүлсэн болохоо нотлоогүй, үүнтэй холбоотой ямар ч баримт гаргаж ирүүлээгүй болно. Нэхэмжлэгч Х.З нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ипотекийн зээлийн гэрээний дагуу ХБ ХХК-иас 103 500 000 төгрөг зээлдэн авсан бөгөөд уг 103 500 000 төгрөг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр түүний дансанд орж ирсэн, орон сууцны зээлийг дутуу шилжүүлсэн талаар маргаагүй. Харин уг зээлийн 103 500 000 төгрөгийг бүхэлд нь худалдан авагчид шилжүүлэх ёстой атал хариуцагч ХБ ХХК нь 85 800 000 төгрөгийг худалдан авагч Б.Тд, үлдсэн 17 700 000 төгрөгийг зээлийн шийдвэрийн дагуу гэх утгатайгаар Б.Бд шилжүүлүүлсэн талаар маргаж, ХБ ХХК-иас уг 17 700 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй. Учир нь Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 21.1.7-д зааснаар зээлдэгч орон сууцны урьдчилгаа төлбөрийг эскроу дансанд байршуулсны дараа банк зээлийг эскроу дансанд шилжүүлнэ. Зээлдэгч урьдчилгаа төлбөрийг худалдагчид төлсөн бол зээлийг эскроу дансанд шууд шилжүүлнэ, мөн журмын 2.1.12-д зааснаар ХБ ХХК буюу зээл олгогч нь барьцаат зээлийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, даатгуулсны дараа орон сууц, газар өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувь, барьцаат зээлийн гэрээний 2 хувь, даатгалын гэрээний эх хувь зэргийг авч, эскроу данснаас зарлагын гүйлгээ хийлгэх тухай худалдагч, зээлдэгч талуудын хамтран гаргасан хүсэлтийг үндэслэн эскроу дансанд байршиж буй мөнгийг худалдагчид олгоно, ХБ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын орлогчийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 02/276 тоот тушаалын Хавсралт 1-ээр батлагдсан Орон сууцны ипотекийн зээлийн журмын 6.6-д зааснаар шинээр олгох зээлийн хувьд зээлийн гэрээнд заасан дүнгээр зээлдэгчийн харилцах дансанд зээл олголтын гүйлгээг хийж, худалдах, худалдан авах гэрээний дагуух төлбөрийг худалдагч талын дансанд бэлэн бусаар шилжүүлнэ гэж заасныг тус тус зээл олгогч ХБ ХХК нь зөрчсөн байна. Учир нь зээлийн мөнгөн хөрөнгийг худалдагч, худалдагч авагч нарын зөвшөөрөлтэй гүйлгээ хийгдэх эскроу дансанд шилжүүлж, хэн алины зөвшөөрсний үндсэн дээр эскроу дансанд байршиж буй мөнгийг худалдагчид олгох ёстой байтал худалдан авагчийн дансанд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж, худалдагчийг байлцуулахгүйгээр түүнд шилжүүлэх ёстой орон сууцны төлбөрийн зарим хэсгийг өөр этгээдийн дансанд шилжүүлсэн нь дээрх журамд нийцээгүй байна. Мөн орон сууц худалдан авч буй Х.З нь худалдагч Б.Ттэй 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 100Б байрны 44 тоот хаягт байрлах 67.99 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 115 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, уг гэрээг үндэслэж ХБ ХХК нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 103 500 000 төгрөгийн зээл олгосныг бүхэлд нь худалдан авагч Б.Тд шилжүүлэх үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй юм. ХБ ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэг тал биш боловч гэрээний нэг тал болох орон сууц худалдан авагчид зээл олгож байгаагийн хувьд зээлийн мөнгөн хөрөнгийг орон сууц худалдагчид шилжүүлэх үүрэгтэй. Орон сууц худалдагч Б.Т нь 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 115 000 000 төгрөг миний дансанд орвол 17 600 000 төгрөгийг Б.Бгийн эхнэрийн дансанд шилжүүлэхээр талаар тохиролцсон тодорхойлолтыг гаргаж өгсөн нь ХБ ХХК-д очсон, уг тодорхойлолтын дагуу 17 700 000 төгрөгийг орон сууц худалдан авагч Х.Зын данснаас шууд шилжүүлүүлэн авсан зэргээс үзэхэд Б.Б, ХБ ХХК нар нь хоорондоо холбоотой этгээдүүд байх ба уг тодорхойлолтын дагуу дээрх 17 600 000 төгрөгийг Б.Бд шилжүүлэх үндэслэлгүй юм. Учир нь орон сууц худалдагч Б.Т нь өөрийн орон сууцыг худалдахдаа ББаярхүү гэгчээр зуучлуулсан бол уг зуучлалын хөлсийг түүний зөвшөөрлөөр, түүний данснаас суутгах авахаас боломжтой, дээрх тодорхойлолтод ингэж тохиролцсон байхад орон сууцыг нь худалдан авагчийн дансанд буй түүнд шилжүүлэх ёстой мөнгөнөөс шууд суутган шилжүүлсэн, нэхэмжлэгч Х.З нь Б.Б гэгч этгээдтэй ямар нэгэн зээлийн харилцаанд оролцоогүй, түүнд ямар нэгэн төлбөр төлөх үүрэггүй байхад 17 700 000 төгрөгийг түүнд шилжүүлүүлсэн нь ХБ ХХК-ийн буруу гэж үзэж байна. Нэхэмжлэгч Х.З нь хамтран хариуцагч Б.Бг оршин суугаа хаягтаа байхгүй, олдохгүй байсан учир хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байхад түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Х.Зын данснаас шууд суутган шилжүүлсэн 17 700 000 төгрөгийг орон сууц худалдагч Б.Тгийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолттой харьцуулан, уг 17 700 000 төгрөгийг орон сууцны зээлтэй ямар ч хамааралгүй этгээд болох Б.Бд шилжүүлснийг зөв гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэр гаргасан нь хэргийг тал бүрээс нь судлан үзэж, нотлох баримтыг харьцуулан үзэж, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй учир шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх учир анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч ХБ ХХК, Б.Б нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн 17 700 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1, 18, 120, 128-129 дүгээр тал/

 

Анх шүүхэд Б.Т 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр О.Уад 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг бүрэн төлөөлж оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийг солих эрхтэй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Х.Зыг жинхэнэ нэхэмжлэгчээр сольж нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт гаргасныг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 183/ШЗ2019/02335 тоот шүүгчийн захирамжаар хангаж, нэхэмжлэгч нь Х.З болсон байна./хэргийн 116, 119 дүгээр тал/

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч Х.З, Б.Т нарын хооронд 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ХБ ХХК, Х.З нарын хооронд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/201843718184 дугаартай ипотекийн зээлийн гэрээ, БГҮ/201843718184 дугаар барьцааны гэрээ тус тус байгуулагдсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 4, 26-33 дугаар тал/

 

Түүнчлэн, хариуцагч ХБ ХХК-иас Х.Зт 103 500 000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн болох нь хэргийн 37 дугаар талд авагдсан нэхэмжлэгч Х.Зын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. Иймд хариуцагч ХБ ХХК-ийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 21 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч Х.З нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр банканд өөрийн биеэр гүйлгээ хийж, Б.Тгийн 5003802799 тоот данс руу 85 800 000 төгрөгийг, Б.Бгийн 5021529670 тоот данс руу 17 700 000 төгрөгийг тус тус шилжүүлж, мөнгөн шилжүүлгийн баримтад гарын үсэг зурсан баримт, гэрч Б.Бгийн мэдүүлэг, Б.Т Хаан банкинд 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр бичгээр гаргасан хүсэлт зэргээр нэхэмжлэгч 17 700 000 төгрөгийг Б.Бд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна./хэргийн 46-47, 96, 109-111 дүгээр тал/ Үүнд хариуцагч ХБ ХХК-ийг буруутгах үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хамтран хариуцагч Б.Бд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан баримт хэрэгт авагдсан учраас шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Зын татгалзлыг баталж, хамтран хариуцагч Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй./хэргийн 124, 171-172 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Х.З өөрийн зээлийн данснаас бусдад мөнгө шилжүүлсэнд хариуцагч ХБ ХХК нь буруутай болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй буюу нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр шаардах эрхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

С.ЭНХТӨР