Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2019/01395

 

2019 оны 06 сарын 17 өдөр                    Дугаар 183/ШШ2019/01395                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг ... тоотод оршин суух Х.З  /РД.../-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг ... Х  ХХК /РД... /-д холбогдох,

 

орон сууцны төлбөрт дутуу шилжүүлсэн 17,700,000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

                                                                                                      

 

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Б.Т  өөрийн өмчлөлийн нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, .......  тоот хаягт байршилтай, 67.99 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг иргэн Х.З т 115.000.000 төгрөгөөр худалдан борлуулж, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болно. Х.З  нь орон сууцыг худалдан авахдаа орон сууцны 10 хувь буюу 11.500.000 төгрөгийг урьдчилгаа болгон Б.Т гийн данс рүү шилжүүлж, үлдэгдэл мөнгө болох 90 хувь буюу 103.500.000 төгрөгт Х ны 8 хувийн ипотекийн зээл гаргуулан авсан. Х наас үлдэгдэл мөнгө болох 90 хувийн 103.500.000 төгрөг орж ирэх ёстой байхад Б.Т гийн данс рүү 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 85.800.000 төгрөг орж ирсэн. Зөрүү мөнгө болох 17.700.000 төгрөгийг өөр этгээдийн данс рүү шилжүүлсэн. Уг мөнгийг шилжүүлэхэд орон сууц худалдагч Б.Т  байгаагүй бөгөөд Х.З  ажлын цаг дууссаны дараа очиж банкны зур гэсэн 2 баримтад гарын үсэг зурсан. Гэтэл Б.Т  нь орон сууцны үлдэгдэл мөнгөнөөс 85.800.000 төгрөг орж ирсэн, үлдэгдэл 17.700.000 төгрөг нь яасан болохыг асуухад Х.З  мэдэхгүй байна, банкнаас өгсөн төлбөрийн баримтан дээр гарын үсэг зурсан, банк мэдэж байгаа гэж хариулсан. Гэтэл Х  нь тэрхүү 17.700.000 төгрөгийг зээлийн шийдвэрийн дагуу Борисын Баярхүү, зээлийн төлбөр гэх утгатайгаар өөр этгээдийн дансанд шилжүүлсэн байсан. Б.Б  гэх этгээдэд ямар нэгэн өр төлбөр, зээл байхгүй учир миний орон сууц худалдан авсан төлбөрийг худалдан авагчид бүрэн шилжүүлэлгүйгээр дундаас нь суутган авах үндэслэл байхгүй. Үүний улмаас орон сууц худалдагч Б.Т , Х.З  хоёрын хооронд үл ойлголцол үүссэн. Иймд уг 17.700.000 төгрөгийг Х аар дамжуулан хүлээн авсан Б.Б  гэгч этгээдтэй эрх зүйн харилцаанд оролцож, ямар нэгэн өр төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, Х  нь гэрээний үүргээ зөрчиж худалдан авагчид шилжүүлэх ёстой орон сууцны төлбөрийн зарим хэсгийг дур мэдэн өөр этгээдэд шилжүүлсэн тул хариуцагч Х  ХХК-иас 17.700.000 төгрөгийг гаргуулж Х.З т олгож өгнө үү” гэв.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ хэргийн нэхэмжлэгч анх Б.Т  байсан боловч Х.З  нэхэмжлэгч болсон. Нэхэмжлэгч солигдсонтой холбоотой улсын тэмдэгтийн хураамж болон бусад процессын ажиллагаатай холбогдуулан удаа дараа амаар болон бичгээр тайлбар гаргасан. Шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зохисгүй. Шүүгчийн захирамжид хэн нэгэн этгээд өөрчлөлт оруулах, хэрэгсэхгүй болгох гомдол гаргаагүй атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар хүсэлт хангахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйгээр шүүгчийн захирамж гарсан. Үүнийг процессын алдаа гарсан байна гэж онцгойлон анхааруулж, шүүх хуралдааны тэмдэглэлд онцгойлон тусгахыг хүсэж байна. Маргааны хувьд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж 100б байр 44 тоот хаягт байрлах 67.99 мкв талбайтай бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Б.Т , Х.З  нарын хооронд байгуулагдсан байдаг. Уг гэрээгээр талууд тохиролцохдоо орон сууц худалдах үнийг 115.000.000 төгрөг, 11.500.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр өгөөд үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр санхүүжүүлэхээр тохиролцсон. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Б.Т  нь Х.З т үл хөдлөх хөрөнгийн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр Х.З  нь Б.Т д үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсантай холбоотой орон сууцны төлбөр төлөхөөр талууд хоорондоо тохиролцсон. Улмаар Х.З ын зээл орон сууцны ипотекийн 8 хувийн зээл батлагдаж 103.500.000 төгрөгийн орон сууцны зээлийг санхүүжүүлэх шийдвэр гарч 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ипотекийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан Х.З ын дансанд 103.500.000 төрөгийн зээл олголтыг хийсэн болно. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, мөн зүйлийн 3-д зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно, 4-д зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан хуулийн заалтад нийцсэн гэрээ бөгөөд зээлийг дээрх хуулийн дагуу зээлдэгчид шилжүүлсэн. Хариуцагчийн хувьд уг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний аль нэг тал биш бөгөөд бусдын өмнө гэрээгээр аливаа үүрэг хүлээгээгүй. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2.2-д хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх гэж заасны дагуу худалдан авагч болох Х.З ын өөрийнх нь данснаас түүний даалгавраар буюу гарын үсэг зурсан мөнгөн шилжүүлгийн баримтыг үндэслэн холбогдох гүйлгээнүүдийг хийсэн болно. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 17.700.000 төгрөгийг хариуцагчийн зүгээс төлөх үндэслэл байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

            Шүүх Х.З ын гаргасан Х  ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           Нэхэмжлэгч 2019.04.04-ний өдрийн нэхэмжлэлдээ “...Б.Б  гэгч этгээдтэй эрх зүйн харилцаанд оролцож, ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, орон сууцны төлбөрийн зарим хэсгийг Х  дур мэдэн өөр этгээдэд шилжүүлсэн” гэх үндэслэлээр хариуцагч Х  ХХК, Б.Б  нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн 17,700,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. 

 

          Хариуцагч Х  ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний аль нэг тал биш, бусдын өмнө гэрээгээр аливаа үүрэг хүлээгээгүй гэж маргажээ.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...хамтран хариуцагч Б.Б гийн оршин суух хаяг тодорхойгүй, мөн орон сууц худалдагчийн зөвшөөрөлгүйгээр мөнгө шилжүүлсэнийг Х  хариуцах ёстой” гэсэн үндэслэлээр хамтран хариуцагч Б.Б гээс татгалзсан 2019.05.14-ний өдрийн хүсэлтийг нэхэмжлэгчийн төлөөлөгч ирүүлсэн байна.

 

         Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцагч Б.Б д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Х.З ын татгалзалыг баталж, хамтран хариуцагч Б.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

         Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Т , Х.З  нарын хооронд 2018.07.02-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний 1.1, 2.1 дэх хэсэгт зааснаар Б.Т  өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 115,000,000 төгрөгөөр худалдахаар, орон сууцны урьдчилгаа төлбөрт 11,500,000 төгрөгийг банкинд байршуулж, үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр тохиролцож, төлбөр төлөх хугацааг 2018.10.01 гэж тогтоосон байна.  

 

Дээрх гэрээний дагуу 2018.07.19-нд байрны урьдчилгаанд 11,500,000 төгрөг, 2018.07.25-нд байрны үлдэгдэл төлбөрт 85,800,000 төгрөгийг тус тус Х.З аас шилжүүлсэн болох нь Б.Т гийн Х ны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон, байрны үлдэгдэл төлбөрт 103,500,000 төгрөгийг  Х наас шилжүүлэх байсанаас 85,800,000 төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр зөрүү 17,700, 000 төгрөгийг Х  ХХК-иас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Б.Т  анх шүүхэд гаргасан болно.

 

Х , Х.З  нарын хооронд 2018.07.23-ны өдрийн ЗГ/201843718184 дугаар ипотекийн зээлийн гэрээ, БГҮ/201843718184 дугаар  барьцааны гэрээ байгуулсан, 360 сарын хугацаагаар, жилийн 8 хувийн хүүтэй, 103,500,000 төгрөгийг Х.З  зээлж авсан байх бөгөөд түүний Х ны 5068188001 дугаарын дансанд 103,500,000 төгрөгийн зээл олголтыг хийсэн болох нь Х ны 2018.07.25-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон байна.

 

Мөн тухайн өдөр Б.Т гийн данс руу байрны үлдэгдэл төлбөрт 85,800,000 төгрөгийг, Б.Б гийн данс руу зээлийн төлбөр гэж 17,700,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн Х.З ын гарын үсэг бүхий 2018.07.25-ны өдрийн 2 ширхэг мөнгөн шилжүүлгийн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд хариуцагч Х  хариу тайлбартаа “...орон сууц худалдан авагч Х.З ын өөрийнх нь данснаас түүний гарын үсэг зурсан мөнгөн шилжүүлгийн баримтыг үндэслэн гүйлгээ хийсэн“ гэжээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 3-т “зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно”, 4-т “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно”, 7 дугаар зүйлийн 2.2-т “хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх” гэж тус тус зааснаар Х.З ын зээлийн дансанд 103,500,000 төгрөгийн зээл олголт хийгдсэн, улмаар түүний гарын үсэг бүхий мөнгөн шилжүүлгийн баримтаар дээрх 2 гүйлгээ хийгдсэн байх тул орон сууцны төлбөрийн зарим хэсгийг дур мэдэн өөр этгээдэд шилжүүлсэн гэх Х ыг буруутгасан үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй бөгөөд 492.1.1 дэх хэсэгт заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 492.1.2 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдол үүссэн байхыг шаарджээ.

 

“Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн” гэдэг нь хөрөнгийн эзэмшигч өөрийн хөрөнгийг мэдэж, эсхүл андуурч сайн дураар, нөгөө этгээдэд шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж ойлгон тухайн эд хөрөнгийг биет байдлаар эзэмших эрхийн хамт шилжүүлсэн байхыг хэлдэг, харин “Буцаан шаардана” гэх ойлголтод хөрөнгийг биет байдлаар, эрхийн хамт шаардахыг хамааруулдаг байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад Х.З  өөрийн хөрөнгийг бусдад шилжүүлсэн байхыг ойлгох бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.1.2 дахь хэсэгт заасан тохиолдол үүссэн тохиолдолд хөрөнгө олж авсан этгээд буюу Б.Б гээс шаардах эрхтэй байжээ.

 

Тэрээр орон сууцыг худалдсан Б.Т  Х инд 2018.07.05-ны өдөр бичгээр хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтэд “...3 өрөө байрыг Х ны 8 хувиар борлуулж 115,000,000 төгрөг миний дансанд орвол 17,600,000 төгрөгийг Борис овогтой Баярхүүгийн эхнэр болох Ц.Туяагийн Х ны .......... тоот дансанд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй тохиролцсон болно. Уг 17,600,000 төгрөгийг миний данснаас шууд татан авч болно” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У ын удаа дараагийн шүүх хуралдааны явцад “...Б.Т  өөрийн орон сууцыг яаралтай бэлэн мөнгөөр худалдахаар зар өгсөн, улмаар Б.Б тэй холбогдож байр зарсан үнийн тодорхой хувийг Б.Б  авахаар тохиролцсон, харин тэдний тохиролцсон хэмжээг Б.Т гийн гэр бүлийн хүн зөвшөөрөөгүй, одоо Б.Б тэй ярилцаж 4-6 сая төгрөгийг тодорхой хугацаанд 2 хувааж буцааж өгөхөөр харилцан тохиролцсон” гэх тайлбараас үзэхэд тухайн орон сууцыг худалдагч, худалдан авагч, зуучлагч нарын хоорондын асуудал байх бөгөөд Б.Б гийн дансанд шилжүүлсэн 17,600,000 төгрөгийн талаар Б.Т , Х.З , Б.Б  нар мэдэж байсан байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.1, 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд  нэхэмжлэгч тал хуулиар хүлээсэн  үүргийг  биелүүлээгүй гэж шүүх үзлээ.

 

           Нэхэмжлэгч Х.З  2019.04.04-ний өдрийн нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Б.Т гийн улсын тэмдэгтийн хураамжид 2018.12.03-нд төлсөн 246,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Х.З аас 246,450 төгрөг гаргуулж Б.Т д олгох  нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                                 ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар Х  ХХК-иас 17,700,000 төгрөг  гаргуулахыг хүссэн Х.З ын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцагч Б.Б д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Х.З ын татгалзалыг баталж, хамтран хариуцагч Б.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Т гийн улсын тэмдэгтийн хураамжид 2018.12.03-нд төлсөн 246,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Х.З аас 246,450 төгрөг гаргуулж Б.Т д олгосугай.

 

 

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

  

 

                         

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ЭНХЦЭЦЭГ