Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00294

 

Б.Уугангэрэл, Ц.Бат-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01116 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Уугангэрэл, Ц.Бат-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Эмгэг судлалын үндэсний төвд холбогдох,

Гэм хорын хохиролд 21 426 271 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Уугангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатар, М.Цэцэгдэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэрэнбат, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Уугангэрэл 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нуруун дээрх төрөлхийн мэнгээ авахуулахаар Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмчид хандсан бөгөөд мэнгэ авахуулах боломжтой гэсэн тул мэнгээ авахуулсан. Мэс заслын эмч нь мэс заслаар авсан мэнгэ, ургацгийг заавал шинжилгээнд өгч шинжлүүлэх шаардлагатай гэсэн тул 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Эмгэг судлалын шинжилгээний төвд шинжлүүлэхээр илгээсэн бөгөөд шинжилгээний хариу 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гарсан бөгөөд Melanoma буюу Арьсны хорт хавдар гэж оношлогдсон болно.Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч нь Melanoma арьсны хорт хавдар нь хурдан явцтай яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол тунгалгийн булчирхайд тархах аюултай тул хими туяаны эмчилгээ хийлгэх шаардлагатай, биед чинь хорт хавдрын эс хэр тархсан байгааг Монгол Улсад тодорхойлох боломжгүй бөгөөд химийн эмчилгээний дараа мөн хорт хавдрын эсийг устсан эсэхийг шалгах мөн боломжгүй, Монгол улсад арьсны хорт хавдрын нарийн мэргэжлийн эмч байхгүй, бүрэн эмчлэх боломжгүй, гадаадад эмчлүүлэхээр бол өөрсдөө судал гэсэн тул гадаад улсад эмчлүүлэхээр болсон.Хавдар судлалын үндэсний төвийн хамтын ажиллагааны гэрээт байгууллага болох БНСУ-ын GSAM эмнэлэгт хандсан бөгөөд бидний хүсэлтийг нааштайгаар шийдсэн тул 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр БНСУ-д очиж нарийвчилсан шинжилгээ оношлогоонд орохоор нөхрийн хамт явсан. “GSAM” эмнэлэг нарийвчилсан шинжилгээгээр хорт хавдрын эс байгаа эсэхийг шинжлэхийн тулд мэнгэ авахуулсан арьснаас тайрч авах шаардлагатай байсан бөгөөд шинжилгээний хариу хорт хавдрын эс байхгүй гэж гарсан. GSAM эмнэлгээс авахуулсан мэнгээ аваад ир, мэнгийг дахин шинжилж үзэх шаардлагатай гэсэн тул Монголоос авахуулсан мэнгэний дээжийг авчруулан шинжилгээнд оруулахад мөн хорт хавдрын эс илрээгүй бөгөөд арьсны хорт хавдаргүй гэж оношилсон.Манай гэр бүл намайг БНСУ-д нарийвчилсан шинжилгээнд оруулж, эмчлүүлэхийн тулд багагүй хэмжээний зардал гаргасан бөгөөд Монгол Улсад ирээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан Хавдар судлалын үндэсний төв болон Эмгэг судлалын үндэсний төвийн үйл ажиллагаанд гомдол гаргасан. Гомдлын хариуг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02-03/3284 тоот албан бичигт “дээрх байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд миний арьснаас авсан мэнгэ, хөх мэнгэ буюу арьсны нөсөөт хоргүй хавдар” гэж оношлогдсон болно. Ингээд хамгийн сүүлийн дүгнэлт Хоргүй хавдар гэж гарсан бөгөөд үүнийг үгүйсгэсэн нотлох баримт байхгүй тул онош буруу байсан гэж үзэж байна. Иймд шинжилгээний хариу буруу оношилсны улмаас БНСУ-д нарийвчилсан шинжилгээнд хамрагдахад эмчилгээний зардал олохын тулд нөхөр маань 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 2,5 жилийн хугацаатай сарын 1,8 хувийн хүүтэй 4 000 000 төгрөгийн цалингийн зээл, “Сайд ачит” ХХК-иас гэр бүлийн хэрэгцээний Subaru Forester маркийн УНВ 99-70 улсын дугаартай машинаа барьцаанд тавьж, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 3 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй 3 000 000 төгрөгийн зээлийг тус тус авсан.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар гэм хороо байгууллагаас нь шаардаж байна. Буруу оношилж болдог эмнэлгийн дүрэм, ёс зүй гэж байхгүй тул БНСУ руу ирж очих 2 хүний онгоцны зардал 2 116 000 төгрөг, 16 хоногийн эмнэлгийн төлбөр 9 924 708 вон буюу 16 772 756,52 төгрөг, БНСУ-д байх хугацааны буудлын төлбөр 730 000 вон буюу 1 233 700 төгрөг, Ц.Бат-Эрдэнийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан ажлын 11 хоногийн цалин 415 094 төгрөг, Ц.Бат-Эрдэнийн Хас банкнаас авсан цалингийн зээлийн хүүд 257 720,24 төгрөг, “Сайд ачит” ХХК-иас Subaru Forester маркийн УНВ 99-70 улсын дугаартай машин барьцаанд тавьж авсан зээлийн хүүд 630 000 төгрөг, нийт 21 425 271 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эмгэг судлалын үндэсний төвийн 4 дүгээр тасаг нь Б.Уугангэрэлээс 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр авсан эдийн шинжилгээний Б 1337 I микро бэлдмэлд арьсны доторх мэнгэ /interdermal nevus/, Б 1337 II мэнгэний хорт хавдар /melanoma/ гэсэн хариу өгсөн байна.Нэхэмжлэгч Б.Уугангэрэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус төв эдийн шинжилгээг буруу оношилсон гэж гомдол гаргасны дагуу Эрүүл мэнд, спортын яамны дэргэдэх Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15/06 дугаар дүгнэлтээр “...хөх мэнгэ нь арьсны нөсөөт хоргүй хавдар боловч эсийн гажигшил байгаа тусгай ялган оношлох дархан эд химийн шинжилгээг хийж тодруулах шаардлагатай байдаг. Энэ арга нь Монголын эмгэг судлалын практикт нэвтрээд хэрэглэж байгаа боловч мэнгэний хорт хавдрыг ялган оношлоход урвалж бодис дутагдалтай байна...” гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл нэхэмжлэгч Б.Уугангэрэл анагаах ухаан өндөр хөгжсөн өөр улс буюу БНСУ-ын “GSAM” эмнэлэгт хийлгэсэн нарийвчилсан шинжилгээгээр хорт хавдрын гажигшлыг агуулсан хөх мэнгэний сэжигтэй гэдэг оношийг Asan medical center эмнэлгийн зөвлөх эмчийн зөвлөсний дагуу гаргаж, мөн хавдар авсан суурийг дахин өөлж авах шаардлагатай гэж үзэн хорт хавдрын шинжийг ямар нэгэн байдлаар агуулсан тул мэс засал хийсэн гэж үзэж байна.“GSAM” эмнэлэгт хийлгэсэн эд химийн нарийвчилсан шинжилгээ хийсэн дүгнэлтэд эцсийн төгс дүгнэлтийг гаргаж чадаагүй. Эмгэг судлалын үндэсний төв нь мэс заслаар авагдсан бүх эдэд шинжилгээ хийдэг бөгөөд Б.Уугангэрэлийн арьснаас авсан 2 мэнгэ ирсэн. Мэнгийг зайлшгүй болон гоо сайхны зориулалтаар авдаг ба мэнгэний хортойших шинж нь үрэгдэж, хүрэлцэх үед илүү нэмэгддэг тул мэнгэ хар бараан болох, хэмжээ томрох гэх мэт зүйлүүдээс болж мэнгийг авах тодорхой заалтууд байгаа.Б.Уугангэрэлийн мэнгэ том хэлбэртэй байсан бөгөөд 2 мэнгэний 1 нь харахад хэвийн мэнгэ гэж харагдахгүй, мэнгэний хэвийн зураглал огт байгаагүй тэр чигтээ хүрэн бор өнгийн мэнгэ байсан тул зөвлөх эмч рүүгээ дамжуулж, тодруулахад зөвлөх эмч миланома /melanoma/ буюу арьсны нөсөөт өмөн илэрсэн гэж үзсэн. Онош зөв тавигдсан.Бид онош л тавьдаг байгууллага. Бид эцсийн хариуг өгдөггүй. Бид нарын харсан зүйл дээр хортой мэнгэ байна гэсэн хариу гарсан. Хөх мэнгэ ховор тохиолддог мэнгэ. Хортой бол хор нь цаашаа бусад эрхтэн рүү хурдан шилждэг. Бид нарын тавьсан оношинд шууд очдог мэнгэ юм. Хөх мэнгэнээс Миланомо үүснэ гэсэн онол байдаг. Энэ мэнгэ хоргүй байсан тохиолдолд ч маш хурдан хортойд шилжинэ гэсэн онол байдаг. Мэс заслын эмчийн хяналтад дор хаяж 3 сар байх шаардлагатай байдаг.БНСУ-ын эмч онош тавихдаа мэнгийг гажигшилтай гэж үзсэн учир хавдрын эд буюу мэнгэний үлдэгдлийг дахин өөлж, ухаж авах нь зөв гэж үзсэн байдаг. Ингээд өөлөхөд зах ирмэгт хорт хавдрын үлдэгдэл илрээгүй тул хоргүй хөх мэнгэ гэж сэжиглэж байна гэсэн 60-62 хувийн итгэлтэй онош тавьсан байсан. Энэ нь өөрөө мэнгийг хоргүй гэдгийг батлахгүй юм. Хөх мэнгэ ч байж болно, хавдар ч байж болно, үүнийг үгүйсгээгүй гэсэн утгатай онош юм. Бид АНУ-руу материал явуулж асуусан ба хариу нь манай оноштой тохирч байна. Солонгосоос ирсэн хариун дээр манай шилийг хараад Миланомагийн ийм шинж байвал байран хэлбэр юм гэсэн байдаг. Хөх мэнгэ өөрөө ховор бөгөөд энэ мэнгэтэй холбоотой байж болох бүх хувилбарыг судалж урьдчилсан оношийг тавьсан. Иймд тавьсан оношдоо итгэлтэй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Б.Уугангэрэлээс авсан эд одоо ч тус төвд хадгалагдаж байгаа боловч үүнээс дахин шинжилгээ хийж, хортой эсхүл хоргүй хавдар аль нь болохыг тогтоох боломжгүй. Учир нь манай улсад энэ шинжилгээг хийх урвалж бодис дутагдалтай. АНУ-ын мэргэжилтнүүдийн зөвлөснөөр дээжийг хамгийн багадаа 5 будгийн аргаар шинжлэх, мөн мэнгэ дахин ургасан тохиолдолд тайрч аваад генетикийн шинжилгээ хийх замаар шинжлэх ёстой.Ийм шинжилгээний дүнд уг хөх мэнгэ нь хэв шинжгүйтэл буюу гажигшилтай хорт хавдар үүсгэх хөх мэнгэ мөн эсэхийг тогтоох боломжтой. Гэвч эдгээр шинжилгээг манайд хийх боломжгүй. Эмгэг судлалын үндэсний төв нь эмнэлгийн эрх зүйн зөрчил гаргасан гэж үзэх ямар ч үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01116 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эмгэг судлалын үндэсний төвөөс гэм хорын хохиролд 21 425 271 төгрөг гаргуулахыг хүссэн Ц.Бат-Эрдэнэ, Б.Уугангэрэл нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/001116 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Уугангэрэлээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02-03/3284 тоот албан бичгээр “ЭМСЯ-ны “Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөл”-д хүргүүлж давтан шинжилгээ хийлгэхэд арьсан доторх мэнгэ, хөх мэнгэ буюу арьсны нөсөөт хоргүй хавдар гэж оношлогдсон болно” гэж хариу ирсэн. Энэхүү албан бичиг нь шинжээчийн дүгнэлтэд дурьдагдаад байгаа ЭМСЯ-ны “Эмгэг судлалын мэргэжлийн зөвлөл”-ийн 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн санал бөгөөд энэхүү саналтай шинжээчид санал нэгтэй байгаа болохыг дурьдсан байна. Уг шинжилгээгээр тогтоохдоо хөх мэнгэ “арьсны хоргүй хавдар боловч эсийн гажигшилтай байгаа нь тусгай ялган оношлох дархан эд химийн шинжилгээг хийж тодруулах шаардлагатай байдаг. Энэ арга нь Монголын эмгэг судлалын практикт нэвтрээд хэрэглэж байгаа боловч мэнгэний хорт хавдрыг ялган оношлоход урвалж бодис нь дутагдалтай байна...” гэсэн байдаг.Эмгэг судлалын үндэсний төвийн гаргасан 2015 оны 7 дугаар сарын 08-ний өдрийн шинжилгээний хариу нь “Меланома” гэж оншилсон бөгөөд ямар нэгэн нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай, эсхүл хорт хавдарын урьтал хэлбэр гэсэн онош тавиагүй бөгөөд шууд л “Меланома” буюу хорт хавдар гэж оношилсон юм. Гэтэл шүүх энэхүү хорт хавдар гэж оншилсоныг зөвтгөн шинжилгээний хариуг зөв гарсан мэтээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна....Шүүхээс томилсон шинжээчид энэхүү дүгнэлтийг үгүйсгээгүй юм. Мөн Эмгэг судлалын Үндэсний төвийн гаргасан дүгнэлтийг бодитой дүгнэлт ч гэж дүгнээгүй. Салбар зөвлөлийн дүгнэлтээр “арьсны хоргүй хавдар боловч эсийн гажигшилтай байгаа нь тусгай ялган оношилох дархан эд химийн шинжилгээг хийж тодруулах шаардлагатай байдаг” гэсэн байхад Эмгэг Судлалын Үндэсний төвийн шинжилгээний хариугаар эргэлзээгүйгээр арьсны хорт хавдар гэж оношлосон байгаа юм.2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 164 тоот тушаалаар батлагдсан “Амьд Сорц, Эмгэг судлалын шинжилгээ хийх заавар”-ын 3.12.3 “эргэлзээтэй тохиолдолд амьд сорьц, эмгэг эс судлалыг давтан авч шинжлэх боломжийг шийдвэрлэнэ...” гэсэн байдаг бөгөөд хэрэв үнэхээр эргэлзээтэй байсан бол энэхүү журамд зааснаар давтан шинжилгээ хийх шаардлагатай байсан байна. Гэтэл ямар нэгэн эргэлзээгүйгээр шууд арьсны хорт хавдар гэж оношилсон, ийнхүү оношилсоны улмаас бид БНСУ-д очиж шинжилгээ хийлгэсэн, уг шинжилгээгээр хоргүй хавдар гэж тогтоогдсон, зэрэг нөхцөл байдал нотлогдож байхад анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг зөвхөн хариуцагч талд ашигтай байдлаар үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.Эмгэг судлалын үндэсний төвийн гаргасан 2015 оны 7 дугаар сарын 08-ний өдрийн шинжилгээний хариу нь “Меланома” гэж оншилсон бөгөөд ийнхүү арьсны хорт хавдар хэмээн оншилсон нь цаашид ямар үр дагаврыг бий болгож байгаа талаарх нөхцөл байдалд шүүх бодитой дүгнэлт хийгээгүй, ийнхүү буруу оншилсон нь биднийг ямар ч хохирол учируулах нөхцөл байдал болоогүй хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэв Эмгэг судлалын үндэсний төв нь зөв оншилсон бол өөрөөр хэлбэл арьсны хоргүй хавдар хэмээн оншилсон тохиолдолд БНСУ-д очиж дахин шинжилгээ хийлгэхгүй, хийлгэх ямар нэгэн үндэслэл ч байхгүй юм. Эмгэг судлалын үндэсний төв нь арьсны хортой хавдар хэмээн оншилсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа, энэхүү онош нь бодитой байгаагүй талаарх нөхцөл байдал мөн тогтоогдож байхад ийнхүү буруу оншилсноос хамааран ямар ч хохирол учраагүй, гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Эмгэг Судлалын Үндэсний төв цаашид шинжилгээний хариуг ийнхүү дахин буруу гаргасан ч, ийнхүү буруу гаргаснаас шалтгаалан өөр хүмүүст ямар нэгэн хохирол учирсан ч хариуцлага хүлээхгүй болж байгаа нь эрүүл мэндийн салбарыг ямар ч хариуцлага хүлээдэггүй. Иймээс анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                                                   ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан, мөн тэдгээрийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зохигчдын хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Уугангэрэл нь Эмгэг судлалын үндэсний төвд холбогдуулан өвчний онош буруу тогтоосноос учирсан эд хөрөнгийн гэм хорыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Эмгэг судлалын үндэсний төв нь шинжилгээгээр тогтоогдсон онош буруу биш тул нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй гэж маргаж, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагын үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, улмаар нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн алдагдлыг хариуцагч арилгах үүрэггүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Харин мөн зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг болно.

Шүүх Эмгэг судлалын үндэсний төвийн хийсэн амьд сорьцын шинжилгээний дүн, ЭМСЯ-ны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт, БНСУ-ын “GSAM” эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан үзэж, хариуцагчийн үйл ажиллагаанд хууль бус, санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ байхгүй учир нэхэмжлэгчээс гарсан эд хөрөнгийн зардлыг хариуцах гэм буруугүй гэж үзсэн нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д зааснаар ажил олгогч нь ажиллагсдынхаа хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг зөвхөн тэдгээрийн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ тогтоогдсон тохиолдолд хүлээх учиртай. Хариуцагч Эмгэг судлалын үндэсний төвийн шинжилгээний дүнгээр тогтоогдсон онош буруу байсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн  анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй ба нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нарын хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01116 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265 609 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН