Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 65

 

   Б.Уугангэрэл, Ц.Бат-Эрдэнэ нарын

    нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/001116 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Уугангэрэл,  Ц.Бат-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Эмгэг судлалын үндэсний төвд холбогдох

           

Гэм хорын хохирод 21 426 271 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгч Б.Уугангэрэл,  Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Уугангэрэл

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Цэцэнбилэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатар, М.Цэцэгдэлгэр

Хариуцагчийн өмгөөлөгч М.Цэрэнбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Уугангэрэл,  Ц.Бат-Эрдэнэ нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Уугангэрэл 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нуруун дээрх төрөлхийн мэнгээ авахуулахаар Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмчид хандсан бөгөөд мэнгэ авахуулах боломжтой гэсэн тул мэнгээ авахуулсан. Мэс заслын эмч нь мэс заслаар авсан мэнгэ, ургацгийг заавал шинжилгээнд өгч шинжлүүлэх шаардлагатай гэсэн тул 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Эмгэг судлалын шинжилгээний төвд шинжлүүлэхээр илгээсэн бөгөөд шинжилгээний хариу 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гарсан бөгөөд Melanoma буюу Арьсны хорт хавдар гэж оношлогдсон болно. Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч нь Melanoma арьсны хорт хавдар нь хурдан явцтай яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол тунгалгийн булчирхайд тархах аюултай тул хими туяаны эмчилгээ хийлгэх шаардлагатай, биед чинь хорт хавдрын эс хэр тархсан байгааг Монгол Улсад тодорхойлох боломжгүй бөгөөд химийн эмчилгээний дараа мөн хорт хавдрын эсийг устсан эсэхийг шалгах мөн боломжгүй, Монгол улсад арьсны хорт хавдрын нарийн мэргэжлийн эмч байхгүй, бүрэн эмчлэх боломжгүй, гадаадад эмчлүүлэхээр бол өөрсдөө судал гэсэн тул гадаад улсад эмчлүүлэхээр болсон. Хавдар судлалын үндэсний төвийн хамтын ажиллагааны гэрээт байгууллага болох БНСолонгос улсын GSAM эмнэлэгт хандсан бөгөөд бидний хүсэлтийг нааштайгаар шийдсэн тул 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр БНС улсад очиж нарийвчилсан шинжилгээ оношлогоонд орохоор нөхрийн хамт явсан. “GSAM” эмнэлэг нарийвчилсан шинжилгээгээр хорт хавдрын эс байгаа эсэхийг шинжлэхийн тулд мэнгэ авахуулсан арьснаас тайрч авах шаардлагатай байсан бөгөөд шинжилгээний хариу хорт хавдрын эс байхгүй гэж гарсан. GSAM эмнэлгээс авахуулсан мэнгээ аваад ир, мэнгийг дахин шинжилж үзэх шаардлагатай гэсэн тул Монголоос авахуулсан мэнгэний дээжийг авчруулан шинжилгээнд оруулахад мөн хорт хавдрын эс илрээгүй бөгөөд арьсны хорт хавдаргүй гэж оношилсон.

Манай гэр бүл намайг БНС улсад нарийвчилсан шинжилгээнд оруулж, эмчлүүлэхийн тулд багагүй хэмжээний зардал гаргасан бөгөөд Монгол Улсад ирээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан Хавдар судлалын үндэсний төв болон Эмгэг судлалын үндэсний төвийн үйл ажиллагаанд гомдол гаргасан. Гомдлын хариуг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02-03/3284 тоот албан бичигт “дээрх байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд миний арьснаас авсан мэнгэ, хөх мэнгэ буюу арьсны нөсөөт хоргүй хавдар” гэж оношлогдсон болно. Ингээд хамгийн сүүлийн дүгнэлт Хоргүй хавдар гэж гарсан бөгөөд үүнийг үгүйсгэсэн нотлох баримт байхгүй тул онош буруу байсан гэж үзэж байна.  Иймд шинжилгээний хариу буруу оношилсны улмаас Бүгд найрамдах Солонгос Улсад нарийвчилсан шинжилгээнд хамрагдахад эмчилгээний зардал олохын тулд нөхөр маань 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 2,5 жилийн хугацаатай сарын 1,8 хувийн хүүтэй 4 000 000 төгрөгийн цалингийн зээл, “Сайд ачит” ХХК-иас гэр бүлийн хэрэгцээний Subaru Forester маркийн УНВ 99-70 улсын дугаартай машинаа барьцаанд тавьж, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 3 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй 3 000 000 төгрөгийн зээлийг тус тус авсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар байгууллагаас нь шаардаж байна. Буруу оношилж болдог эмнэлгийн дүрэм, ёс зүй гэж байхгүй тул Бүгд найрамдах Солонгос Улс руу ирж очих 2 хүний онгоцны зардал 2 116 000 төгрөг, 16 хоногийн эмнэлгийн төлбөр 9 924 708 вон буюу 16 772 756,52 төгрөг, Бүгд найрамдах Солонгос Улсад байх хугацааны буудлын төлбөр 730 000 вон буюу 1 233 700 төгрөг, Ц.Бат-Эрдэнийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан ажлын 11 хоногийн цалин 415 094 төгрөг, Ц.Бат-Эрдэнийн Хас банкнаас авсан цалингийн зээлийн хүүд 257 720,24 төгрөг, “Сайд ачит” ХХК-иас Subaru Forester маркийн УНВ 99-70 улсын дугаартай машин барьцаанд тавьж авсан зээлийн хүүд 630 000 төгрөг нийт 21 425 271 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатар, М.Цэцэгдэлгэр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эмгэг судлалын үндэсний төвийн 4 дүгээр тасаг нь Б.Уугангэрэлээс 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр авсан эдийн шинжилгээний Б 1337 I микро бэлдмэлд арьсны доторх мэнгэ /interdermal nevus/, Б 1337 II мэнгэний хорт хавдар /melanoma/ гэсэн хариу өгсөн байна. Нэхэмжлэгч Б.Уугангэрэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус төв эдийн шинжилгээг буруу оношилсон гэж гомдол гаргасны дагуу Эрүүл мэнд, спортын яамны дэргэдэх Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15/06 дугаар дүгнэлтээр ...хөх мэнгэ нь арьсны нөсөөт хоргүй хавдар боловч эсийн гажигшил байгаа тусгай ялган оношлох дархан эд химийн шинжилгээг хийж тодруулах шаардлагатай байдаг. Энэ арга нь Монголын эмгэг судлалын практикт нэвтрээд хэрэглэж байгаа боловч мэнгэний хорт хавдрыг ялган оношлоход урвалж бодис дутагдалтай байна... гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл нэхэмжлэгч Б.Уугангэрэл анагаах ухаан өндөр хөгжсөн өөр улс буюу Бүгд найрамдах Солонгос Улсын GSAM эмнэлэгт хийлгэсэн нарийвчилсан шинжилгээгээр хорт хавдрын гажигшлыг агуулсан хөх мэнгэний сэжигтэй гэдэг оношийг Asan medical center эмнэлгийн зөвлөх эмчийн зөвлөсний дагуу гаргаж, мөн хавдар авсан суурийг дахин өөлж авах шаардлагатай гэж үзэн хорт хавдрын шинжийг ямар нэгэн байдлаар агуулсан тул мэс засал хийсэн гэж үзэж байна. GSAM эмнэлэгт хийлгэсэн эд химийн нарийвчилсан шинжилгээ хийсэн дүгнэлтэд эцсийн төгс дүгнэлтийг гаргаж чадаагүй. Эмгэг судлалын үндэсний төв нь мэс заслаар авагдсан бүх эдэд шинжилгээ хийдэг бөгөөд Б.Уугангэрэлийн арьснаас авсан 2 мэнгэ ирсэн. Мэнгийг зайлшгүй болон гоо сайхны зориулалтаар авдаг ба мэнгэний хортойших шинж нь үрэгдэж, хүрэлцэх үед илүү нэмэгддэг тул мэнгэ хар бараан болох, хэмжээ томрох гэх мэт зүйлүүдээс болж мэнгийг авах тодорхой заалтууд байгаа.

Б.Уугангэрэлийн мэнгэ том хэлбэртэй байсан бөгөөд 2 мэнгэний 1 нь харахад хэвийн мэнгэ гэж харагдахгүй, мэнгэний хэвийн зураглал огт байгаагүй тэр чигтээ хүрэн бор өнгийн мэнгэ байсан тул зөвлөх эмч рүүгээ дамжуулж, тодруулахад зөвлөх эмч миланома /melanoma/ буюу арьсны нөсөөт өмөн илэрсэн гэж үзсэн. Онош зөв тавигдсан. Бид онош л тавьдаг байгууллага. Бид эцсийн хариуг өгдөггүй. Бид нарын харсан зүйл дээр хортой мэнгэ байна гэсэн хариу гарсан. Хөх мэнгэ ховор тохиолддог мэнгэ. Хортой бол хор нь цаашаа бусад эрхтэн рүү хурдан шилждэг. Бид нарын тавьсан оношинд шууд очдог мэнгэ юм. Хөх мэнгэнээс Миланомо үүснэ гэсэн онол байдаг. Энэ мэнгэ хоргүй байсан тохиолдолд ч маш хурдан хортойд шилжинэ гэсэн онол байдаг. Бид сурах бичгийн дагуу л явдаг. Бүгд найрамдах Солонгос Улсын эмч онош тавихдаа мэнгийг гажигшилтай гэж үзсэн учир хавдрын эд буюу мэнгэний үлдэгдлийг дахин өөлж, ухаж авах нь зөв гэж үзсэн байдаг. Ингээд өөлөхөд зах ирмэгт хорт хавдрын үлдэгдэл илрээгүй тул хоргүй хөх мэнгэ гэж сэжиглэж байна гэсэн 60-62 хувийн итгэлтэй онош тавьсан байсан. Энэ нь өөрөө мэнгийг хоргүй гэдгийг батлахгүй юм. Хөх мэнгэ ч байж болно, хавдар ч байж болно, үүнийг үгүйсгээгүй гэсэн утгатай онош юм. Бид Америкийн нэгдсэн улс руу материал явуулж асуусан ба хариу нь манай оноштой тохирч байна. Солонгосоос ирсэн хариун дээр манай шилийг хараад Миланомагийн ийм шинж  байвал байран хэлбэр юм гэсэн байдаг.

Хөх мэнгэнээс миланома /мelanoma/ үүсдэг тул бидний тавьсан онош үндэслэлтэй. Хэдийгээр хоргүй байсан ч хортойд хурдан шилждэг тул мэс заслын эмчийн хяналтад дор хаяж 3 сар байх шаардлагатай байдаг. Хөх мэнгэ өөрөө ховор бөгөөд энэ мэнгэтэй холбоотой байж болох бүх хувилбарыг судалж урьдчилсан оношийг тавьсан. Иймд тавьсан оношдоо итгэлтэй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Б.Уугангэрэлээс авсан эд одоо ч тус төвд хадгалагдаж байгаа боловч үүнээс дахин шинжилгээ хийж, хортой эсхүл хоргүй хавдар аль нь болохыг тогтоох боломжгүй. Учир нь манай улсад энэ шинжилгээг хийх урвалж бодис дутагдалтай. АНУ-ын мэргэжилтнүүдийн зөвлөснөөр дээжийг хамгийн багадаа 5 будгийн аргаар шинжлэх, мөн мэнгэ дахин ургасан тохиолдолд тайрч аваад генетикийн шинжилгээ хийх замаар шинжлэх ёстой. Ийм шинжилгээний дүнд уг хөх мэнгэ нь хэв шинжгүйтэл буюу гажигшилтай хорт хавдар үүсгэх хөх мэнгэ мөн эсэхийг тогтоох боломжтой. Гэвч эдгээр шинжилгээг манайд хийх боломжгүй. Эмгэг судлалын үндэсний төв нь эмнэлгийн эрх зүйн зөрчил гаргасан гэж үзэх ямар ч үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эмгэг судлалын үндэсний төвөөс гэм хорын хохиролд 21 425 271 төгрөг гаргуулахыг хүссэн Ц.Бат-Эрдэнэ, Б.Уугангэрэл нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Уугангэрэл,  Ц.Бат-Эрдэнэ нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Мэргэжлийн хяналтийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02-03/3284 тоот албан бячгээр "ЭМСЯ-ны "Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөл" -д хүргүүлж давтан шинжилгээ хийлгэхэд арьсан доторх мэнгэ, хөх мэнгэ буюу арьсны нөсөөт хоргүй хавдар гэж оношлогдсон болно" гэж хариу ирсэн. Энэхүү албан бичиг шинжээчийн дүгнэлтэд дурдагдаад байгаа ЭМСЯ-ны Эмгэг судлалын мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн санал бөгөөд энэхүү саналтай шинжээчид санал нэгтэй байгаа болохыг дурдсан байна. Уг шинжилгээгээр тогтоохдоо хөх мэнгэ "арьсны хоргүй хавдар боловч эсийн гажигшилтай байгаа нь тусгай ялган оношилох дархан эд химийн шинжилгээг хийж тодруулах шаардлагатай байдаг. Энэ арга нь Монголын эмгэг судлалын практикт нэвтрээд хэрэглэж байгаа боловч мэнгэний хорт хавдарыг ялган оншилоход урвалж бодис нь дутагдалтай байна..." гэсэн байдаг. Эмгэг судлалын үндэсний төвийн гаргасан 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шинжилгээний хариу нь "Меланома" гэж оншилсон бөгөөд ямар нэгэн нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай, эсхүл хорт хавдарын урьтал хэлбэр гэсэн онош тавиагүй бөгөөд шууд л "Меланома" буюу хорт хавдар гэж оншилсон юм. Гэтэл шүүх энэхүү хорт хавдар гэж оношилсныг зөвтгөн шинжилгээний хариуг зөв гарсан мэтээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлүй байна.

2. БНСУ-ын GSAM эмнэлгийн онош нь "хоргүй хохөрсөн арьсны архаг гэмтэл буюу nervus байна" гэж дүгнэсэн. Шүүхээс томилсон шинжээчид энэхүү дүгнэлтийг үгүйсгээгүй. Мөн Эмгэг судлалын үндсэний төвийн гаргасан дүгнэлтийг бодитой дүгнэлт ч гэж дүгнээгүй. Салбар зөвлөлийн дүгнэлтээр "арьсны хоргүй хавдар боловч эсийн гажигшилтай байгаа нь тусгай ялган оношлох дархан эд химийн шинжилгээг хийж тодруулах шаардлагатай байдаг" гэсэн байхад Эмгэг судлалын үндэсний төвийн шинжилгээний хариугаар эргэлзээгүйгээр арьсны хорт хавдар гэж оношилсон байгаа юм.

2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 164 тоот тушаалаар батлагдсан "Амьд Сорц, Эмгэг судлалын шинжилгээ хийх заавар"-ын 3.12.3 "эргэлзээтэй тохиолдолд амьд сорьц, эмгэг эс судлалыг давтан авч шинжлэх боломжийг шийдвэрлэнэ..." гэсэн байдаг бөгөөд хэрэв үнэхээр эргэлзээтэй байсан бол энэхүү журамд зааснаар давтан шилжилгээ хийх шаардлагатай байсан. Гэтэл ямар нэгэн эргэлзээгүйгээр шууд арьсны хорт хавдар гэж оношилсон, ийнхүү оношилсны улмаас бид БНСУ-д очиж шинжилгээ хийлгэсэн, уг шинжилгээгээр хоргүй хавдар гэж тогтоогдсон, зэрэг нөхцөл байдал нотлогдож байхад анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг зөвхөн хариуцагч талд ашигтай байдлаар үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шаны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Уугангэрэл, Ц.Бат-Эрдэнэ нар нь хариуцагч Эмгэг судлалын үндэсний төвд холбогдуулан гэм хорын хохиролд нийт 21 425 271 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.Уугангэрэл нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хавдар судлалын үндэсний төвд нуруун дээрх төрөлхийн мэнгээ авахуулах мэс ажилбар хийлгэж, авагдсан мэнгийг шинжилгээнд илгээхийг мэс заслын эмч Б.Дарьсүрэнгийн “Нуруун дахь мэнгэний хавдрыг авч явуулав” гэсэн онош бүхий Эмгэг гистологийн шинжилгээний илгээлтийн баримтыг үндэслэн Эмгэг судлалын үндэсний төвд 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр /хх-11/, амьд сорьц /биопси/-ын шинжилгээ хийлгэж, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Меланома” буюу арьсны хорт хавдар гэж оношлогдсон /хх-11/ үйл баримт нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон, зохигчид уг үйл баримтын хувьд маргаангүй.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас гадна нэхэмжлэгч Б.Уугангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмчид хандсан. Энэ эмч дамжуулаад шинжилгээний төвд шинжлүүлсэн. Эндээс арьсны хорт хавдар гэдэг онош гарсан. Үүнийг яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай, манай улсад энэ нь бүрэн эмчлэгдэх боломжгүй, мэргэжлийн эмч байхгүй гэж зөвлөгөө өгсөн” гэж тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг нотлох баримтаар тогтоох нотолгооны хэрэгсэлд хамаарна.

Хариуцагч Эмгэг судлалын үндэсний төвийн зүгээс шинжээчийн дүгнэлт нь нэхэмжлэгч Б.Уугангэрэлийг БНСУлсын “GSAM” эмнэлэгт шинжилгээ хийлгэхээр явахад хүргэсэн гэх шууд шалтгаант холбоо тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан нөхцөлд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй.

 

Учир нь: хариуцагч байгууллагын шинжилгээний дүгнэлт буруу болсны улмаас гадаад улсад эмчилгээ хийлгэхээр явж, шинжилгээ, эмчилгээнд орж хохирол амссан гэх нэхэмжлэгч нарын тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах, хариуцагч байгууллагад гэм хорын хохирол арилгах үүрэг хүлээлгэх үндэслэлд хамаарахгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Уугангэрэлд хариуцагч Эмгэг судлалын үндэсний төвөөс гадаад улс руу явж шинжилгээ, эмчилгээ хийлгэх талаар зөвлөгөө өгсөн гэх байдал буюу хариуцагч байгууллагын ажилтны гэм буруутай эс үйлдэл, өөрт учирсан гэм хорын хохирол хоорондын шалтгаант холбоог нотолсон баримтыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлооогүй гэж үзнэ. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/001116 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Уугангэрэлээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                               Д.БАЙГАЛМАА