Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/01255

 

 

 

 

 

 

 

 

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01022 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч Г.Бт холбогдуулан гаргасан, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 193,069,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон тайлбартаа: Талууд 2018 оны 05 сарын 25-ны өдөр 002-18/32 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу хариуцагч нь 2018 оны 08 сарын 16, 20, 22-ны өдөр 21,110 литрээр 2 удаа, 23,450 литрээр 1 удаа нийт 128,713,200 төгрөгийн үнэ бүхий 65,670 литр газрын тосны бүтээгдэхүүн худалдан авсан. Төлбөрийг 2018 оны 08 сарын 30-ны өдрийн дотор төлөх, уг үүргээ биелүүлээгүй бол хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алданги тооцох талаар гэрээний 3.5, 3.6-д заасан. Мөн 2018 оны 08 сарын 22-ны өдөр хавсралт 2 гэрээгээр түлшний үнэ тогтмол бус байдгаас хамаарч 1 литр шатахууныг 1,960 төгрөгөөр тооцох талаар харилцан тохиролцсон.

Орхон тамир туул ХХК, түүний захирал Б.Барамсай нартай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. Б.Барамсай, Г.Б нар Архангай аймгийн Ширтийн уурхайд хамтран ажиллаж байсан боловч гэрч С.Гантөмөр Г.Б дээрх түлшийг өөрийн биеэр хүлээн авсан талаар мэдүүлдэг. Мөн талуудын хооронд маргаан үүсвэл худалдагчийн оршин байрлах газрын харьяаллын шүүхээр шийдвэрлүүлэхээр гэрээнд заасан тул шүүхийн харьяалал зөрчөөгүй. Иймд Г.Боос үндсэн төлбөр 128,713,200 төгрөг болон 2018 оны 08 сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 сарын 21-ний өдөр хүртэлх 450 хоногт ногдох алданги нийт 173,762,820 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алдангийн хэмжээг багасгаж 64,356,600 төгрөг, нийт 193,069,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Г.Б нь талуудын байгуулсан 2018 оны 05 сарын 25-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 2018 оны 07 сарын 31-ний өдөр 78,253,500 төгрөг, 2018 оны 08 сарын 20-ны өдөр 72,833,600 төгрөг, нийт 151,087,100 төгрөг төлж барагдуулсан. Өөр төлбөр тооцоо байхгүй. Нэхэмжилсэн 128,713,200 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг хариуцагч хүлээн аваагүй бөгөөд Орхон тамир туул ХХК-ийн захирал Б.Барамсай гэх хүн авсан. Б.Барамсай, Г.Б нар Архангай аймгийн Ширтийн уурхайд хамт ажиллаж байсан нь үнэн боловч хамтран ажиллаагүй. Тэрээр хариуцагчаас зээлээр түлш авдаг газар асуухад нь нэхэмжлэгчтэй холбож өгсөн. Энэ нь С ХХК-ийн ерөнхий захирал Ц.Элбэгзаяа болон Б.Барамсай нар 2018 оны 11 сарын 30-ны өдөр үйлдсэн 128,713,200 төгрөгийн төлбөр төлөх хуваарь бүхий баримтаар нотлогдоно. Шатахуун тээвэрлэсэн жолооч нар гэрчээр асуугдсан мэдүүлгээр Г.Б нэхэмжлэлд дурдсан түлшийг хүлээж аваагүй нь нотлогдоно. Хэрэгт авагдсан 2018 оны 08 сарын 22-ны өдрийн хавсралтын тухайд хариуцагч өмнөх тооцоо гэж ойлгоод андуурч гарын үсэг зурсан. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээнд гол нөхцөлүүд тусгагдаагүй, 9.1 дэх заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд С ХХК болон Орхон тамир туул ХХК-ийн захирал Б.Барамсай нарын хооронд үүссэн гэрээний үүргийг хариуцагч хүлээх хууль зүйн үндэслэлгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан шүүхийн харьяалал зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Г.Боос 68,943,000 төгрөгийг гаргуулан С ХХК-д олгож, үлдэх 124,126,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,123,299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 502,665 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1.2-т заасан ...худалдан авагч талаас Г.Бтой харилцана, шаардлагатай тохиолдолд эсрэг талаас зөвшөөрөл авсны үндсэн дээр бусад хэлбэрээр баталгаажуулан авч болно... гэсэн тохиролцоо болон Г.Бийн хүсэлтийг үндэслэн түүний заасан газарт дахин түлш нийлүүлсэн. Хариуцагч нь Орхон тамир туул ХХК түлш авсан гэх боловч өөрийн нэрээр захиалга өгч, түлш хүлээн авсан нь Хавсралт-2 баримтад зурсан гарын үсгээр нь нотлогдоно. Нэхэмжлэгч болон Орхон тамир туул ХХК-ийн хооронд ямар нэг үүргийн харилцаа үүсээгүй, бие биеэ огт танихгүй учраас түлш зээлээр нийлүүлэх боломжгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох зорилгоор холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргасан боловч шүүх нэхэмжлэгчийг бүтээгдэхүүн нийлүүлсэн гэдгээ баримтаар нотлоогүй, гэрчийн мэдүүлгийг дэмжих өөр баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн хариуцагч нь ...газрын тосны бүтээгдэхүүнийг аваагүй... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т гэрчээр дуудагдсан этгээд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж заасан. Хэргийн 72 дах талд авагдсан Д.Дагвадоржийн ...2018 оны 08 сарын 16, 20-ны өдөр Архангай аймгийн Ширтийн уурхайд түлш буулгахад Г.Б хүлээн авсан... гэх тодорхойлолт болон хэргийн 102 дах талд авагдсан гэрчийн ...Орхон тамир туул ХХК-ийн захиалгаар тээвэрлэлт хийсэн, яг ямар хүн захиалга өгснийг мэдэхгүй, ...Орхон тамир туул ХХК-ийн захирлыг танихгүй, ...Г.Боос тээвэрлэлт хийгээгүй, ачааг авахад Г.Б байгаагүй... гэсэн мэдүүлэг нь хоорондоо илт зөрүүтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шаардлагыг хангаагүй байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс гэрчийн мэдүүлэгтэй холбогдуулан холбогдох дансны хуулгыг гаргуулах тухай хүсэхэд хэрэгт хамааралгүй этгээдэд холбогдох хэсгийг тодруулж өгсөн нь шүүхээс аль нэг талын хүсэлтээр бус өөрийн санаачилгаар гэрчээс хэрэгт хамааралгүй баримтыг шаардаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Б.Барамсай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож, ...Архангайн Ширтийн уурхайд ирсэн түлшийг авсан, төлбөрийг төлнө... гэж байгаа ч энэ нь Г.Б, Б.Барамсай нарын хооронд үүссэн хамтын ажиллагаа болон өр төлбөрийн асуудал тул нэхэмжлэгчид хамааралгүй. Хэрэгт авагдсан 2018 оны 08 сарын 20-ны өдрийн Хавсралт-2 баримтад тусгагдсан бүтээгдэхүүний үнийн дүнг хариуцагч танилцсанаар гарын үсэг зурсан, үүний үр дагаврыг бүрэн хариуцах чадвартай байтал шүүхээс энэхүү үйл баримтад тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон Орхон тамир туул ХХК-ийн захирал Б.Барамсайн ...С ХХК-аас хүлээн авсан 65 670 литр түлшний төлбөр 128 713 200 төгрөгийг 2 хувийн хүүтэй хэсэгчлэн төлөхөөр 2018 оны 11 сарын 30-ны өдөр хувиар гаргаж байсан, тээвэрлэлтийн хөлсийг би төлдөг байсан... гэх, гэрч С.Гантөмөрийн ...Орхон тамир туул ХХК-д гэрээгүйгээр 65 670 литр түлш нийлүүлсэн шалтгаанаар ажлаас халагдсан... гэх, гэрч /жолооч/ С.Дагвадоржийн ...Орхон тамир туул ХХК-ийн захиалгаар 2 удаагийн ачилт хийсэн... гэх, Гэрч Ч.Даваацэрэнгийн ...С ХХК-аас Б.Барамсайн захиалгаар өрөндөө тооцож 1 удаа түлш авсан, борлуулалтыг өөрөө хийсэн... гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан нэхэмжлэгч компани, Б.Барамсай нарын хооронд хийгдсэн 65 670 литр түлшний төлбөр 128 713 000 төгрөгийг 2 хувийн хүүтэй 2018 оны 12 сараас 2019 оны 07 cap хүртэл төлөх тухай нотлох баримт зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Иймд 65 670 литр түлшний төлбөр 128 713 000 төгрөгийг Г.Б хариуцах үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх 2018 оны 8 сарын 22-ны өдөр 23,450 литр түлшийг нэг бүрийг нь 1,960 төгрөгөөр тооцон нийт 45,962,000 төгрөгийг 2018 оны 8 сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр хавсралт 2 гэрээнд гарын үсэг зурсан. Б.Барамсай, Г.Б нар хэн аль нь Архангай аймгийн Ширтийн уурхайд хамт ажиллаж байсан зэргээс дүгнэхэд тухайн өдрийн түлшний үнэ төлөх үүргийг хүлээн зөвшөөрч өөртөө шилжүүлэн авсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь, хариуцагч нь Б.Барамсайтай хамтран ажиллаж байгаагүй ба нэг уурхайд өөр өөрсдийн техникээр тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг байсан. 2018 хавсралт 2 гэрээнд гарын үсэг зурсан үйлдэл нь өмнө авсан түлшний төлбөр тооцоог дуусгавар болсон баримтад гарын үсэг зурж байна гэж ойлгосон.

Иргэний хуулийн 40, 199 дүгээр зүйлийн 199.1-т заасны дагуу Б.Барамсай нь өмнө хүлээн авсан түлшний төлбөр 128,713,200 төгрөгийг 2 хувийн хүүтэй хэсэгчлэн төлөхөөр хэлэлцэн тохиролцож хүчин төгөлдөр хэлцэл байгуулсан байдаг. Гэтэл шүүхээс хариуцагчийг Б.Барамсайн төлөх түлшний төлбөрийг шилжүүлэн авсан гэж дүгнэж 45,962,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, Б.Батзориг нь Б.Барамсайн өмнөөс түлшний төлбөр 45,962,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэж үзвэл С ХХК болон Г.Б нарын хооронд байгуулсан гэрээний дагуу алданги тооцож байгаа нь ойлгомжгүй юм. Иймд дээрх үндэслэлээр Г.Боос 68,943,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Г.Бт холбогдуулан 2018 оны 05 сарын 25-ны өдрийн 002-18/32 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу нийлүүлсэн 65,670 литр түлшний үндсэн төлбөр 128,713,200 төгрөг, алданги 64,356,000 төгрөг, нийт 193,069,800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, уг гэрээний дагуу хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн, харин нэхэмжлэлд дурдсан түлшийг Орхон тамир туул ХХК, түүний захирал Б.Барамсай авсан тул хариуцагч үүрэг хүлээхгүй, мөн тухайн нэхэмжлэл нь шүүхийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлээр маргажээ. /хх 1-2, 38-39/

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2018 оны 05 сарын 25-ны өдрийн 002-18/32 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, уг гэрээний хавсралт 01, 02, ШТМ-ын зарлагын падаан, 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 002 дугаар Барьцааны гэрээ, Синчи Ойл ХХК-аас Б.Барамсайгийн авсан дизелийн түлшний төлбөрийг төлөх хуваарь /хх12-17, 19-22, 24-26, 41/ зэрэг бичмэл нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэлд дурдсан 65,670 литр түлшийг хэн ямар гэрээний үндсэн дээр хүлээн авсан буюу хариуцагч нь талуудын хооронд байгуулсан 2018 оны 05 сарын 25-ны өдрийн гэрээний дагуу хүлээн авсан, эсхүл Орхон тамир туул ХХК, түүний захирал Б.Барамсай авсан эсэх үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч компаниас 2018 оны 08 сарын 16, 22, 30-ны өдрүүдэд нийт 45,670 литр түлш зарлагадсан гэх ШТМ-ын зарлагын падаан-д түлш хүлээн авагч нь Орхон туул тамир, Батзориг гэж бичигдсэн байхаас гадна талуудын хэн аль нь өөрсдийн шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор дээрх түлшийг хэнд хүлээлгэн өгсөн гэх үйл баримтыг тодруулахаар түлш зөөвөрлөсөн жолооч С.Дагвадорж, Ч.Даваацэрэн болон нэхэмжлэгч компанийн менежер С.Гантөмөр нарыг гэрчээр асуулгасан боловч гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, түлшийг хэний хүсэлтээр хэнд хүлээлгэн өгсөн эсэх үйл баримт тогтоогдоогүй байна. Энэ тохиолдолд зохигчдын хооронд үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэх буюу Г.Б гэрээний дагуу хэдий хэмжээний төлбөр төлөх үүрэг хүлээх эсэхийг тодорхойлох боломжгүй юм. /хх 92-96, 122-125, 129-130, 154-156/

 

Түүнчлэн, хариуцагчийн татгалзалд дурдагдаж буй Орхон тамир туул ХХК-ийн захирал Б.Барамсай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдахдаа өгсөн ...С ХХК-аас 2018 онд түлш авсан, төлбөрийг төлнө... гэсэн агуулга бүхий мэдүүлэг, хэрэгт авагдсан түүний нэхэмжлэгч талтай үйлдсэн 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 128,713,200 төгрөгийн төлбөрийг 2018 оны 12 сараас 2019 оны 07 сар хүртэл 2 хувийн хүүтэй хэсэгчлэн төлөх тухай баримт зэргийг харьцуулан үзвэл, анхан шатны шүүх Б.Барамсай нь уг иргэний маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн эсэх талаар буюу түүний эрх зүйн байдлыг тодруулаагүйгээс зохигчдын хооронд үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжгүй болжээ. /хх 41, 126-128/

 

Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт тодорхой бус тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд эсхүл нотлох баримт бүрдүүлэх аргаар талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн эсэх, улмаар тэдгээрийн хүлээх үүргийн хэмжээнд болон зохигчдын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 778,584 төгрөг, хариуцагчаас төлсөн 505,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.НЯМБАЗАР