Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/ма2020/02168

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02168

 

 

Ш- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/02110 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ш- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э- ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 37 233 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Хариуцагчтай 2019 оны 7 сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, спрут экстра ургамал хамгааллын 2000 л бодисыг худалдахаар болж, 2019 оны 7 сарын 23-ны өдөр 35 460 000 төгрөгийн үнэ бүхий 1 800 л бодисыг нийлүүлсэн. Худалдан авагч нь урьдчилгаа 10 638 000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөр 24 822 000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй. Гэрээнд анзын талаар тохиролцсон. Алданги нийт 12 411 000 төгрөг болсон. Иймээс гэрээний үүрэгт 37 233 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: 2020 оны тариалалтад бэлдэж химийн аргаар уринш боловсруулахаар 1 800 литр Спрут экстра хорыг Ш- ХХК-иас авч урьдчилгаа 30 хувь буюу 10 638 000 төгрөгийг төлсөн, 2019 онд цаг уурын таагүй байдлаас болж ургац алдсан. Хорыг 2019 онд ургац авахад бус 2020 оны тариалалтад зориулан авсан ба үр дүн нь 2020 онд гарна. Төлбөрийн үлдэгдэл 24 822 000 төгрөгийг энэ жилийн ургацаас төлнө. Ш- ХХК-ийн алданги өндөр байна, уян хатан хандахыг хүсэж байна. Мөн уг хорноос 260 га-д цацсан хорыг иргэн Б.Б- авсан, тарьсан бөгөөд уг талбайд цацсан хорны үнэ 16 000 000 төгрөг болж байгаа тул хамтран хариуцагчаар оролцуулж өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Э- ХХК-иас 37 233 000 төгрөгийг гаргуулж Ш- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344 120 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 344 120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Цаг уурын нөхцөл байдал болон дэлхий нийтийг хамарсан Ковид-2019 халдварт өвчин зэрэг нь компаний үйл ажиллагаанд нөлөөлж байгаа учир алдангийг багасгах боломжтой байсан. Өмгөөлөгчийн зүгээс 2020 оны 8 сарын 07-ны өдөр 10.00 цагт Баянзүрх дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал давхацсан байсан бөгөөд энэ талаар холбогдох баримтыг хүсэлтийн хамт шүүхэд хүргүүлсэн. Уг шүүх хурал өмнө нь зарлагдсан хурал байсан учир хүндэтгэн үзэх шалтгаангүй хуралдаанд ирээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш- ХХК нь хариуцагч Э- ХХК-нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 37 233 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч худалдан авсан барааны үнэ 24 822 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, анзын хэмжээ илт их гэж маргажээ. /хх 1-2, 22/

Талуудын хооронд 2019 оны 7 дугаар сарын 18-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, Спрут экстра буюу 1 800 литр ургамал хамгааллын бодисыг нийлүүлсэн,худалдан авагч барааг хүлээн авч 10 638 000 төгрөг төлсөн, одоо 24 822 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа үйл баримт тогтоогдсон. / хх 11,13,22/ Талууд № 44 дүгээр гэрээний 4.Б-д анзын талаар тохиролцсон байна. / хх 13/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхээс дүгнэснийг бруутгах боломжгүй.

Монгол Улсад зөвшөөрөгдсөн, ургамал хамгааллын бодисын жагсаалтад орсон Спрут экстра бодисыг нийлүүлсэн үйл баримтын талаар гэж талууд маргахгүй тайлбарлаж байгаа хэдий ч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.11.6 дах хэсэгт зааснаар ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх юм. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрөлтэй гэх үйл баримт тогтоогдоогүй хэдий ч талууд энэ талаар маргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцүүлэн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ. Талуудын хооронд гэрээний үүрэг хэрэгжүүлж дууссан байна.

 

Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй, хариуцагч энэ талаар давж заалдах гомдолдоо заагаагүй, харин анзын хэмжээ илт их гэж маргасан.

 

Хэдийгээр хариуцагч үүргээ гүйцэтгээгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон хэдий ч цаг уурын байдлаас ургац алдсан, Ковид-19 өвчний улмаас компанийн үйл ажиллагаа алдагдсан, анзын хэмжээ илт их талаар маргасныг нэхэмжлэгч баримтаар няцааж чадаагүй байна. / хх 22/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох юм. Нийтэд илэрхий үйл баримт болох өвчин, хөл хорионоос шалтгаалан хариуцагчийн үйл ажиллагаа алдагдсан, ургамал хамгааллын бодисын тодорхой хэсгийг өөр этгээд хүлээж авсан зэрэг байдлыг харгалзан хуулийн дагуу шаардах эрх нь хязгаарлагдсан анзын дээд хэмжээ 12 411 000 төгрөгийг 50 хувиар бууруулан 6 205 500 төгрөг болгон алдангийг тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн 2020 оны 8 дугаар сарын 7-ний өдрийн 10 цагт Баянзүрх дүүргийн шүүх дээр хуралдаан давхацсан байхад эзгүйд хэргийг хэлэлцсэн талаархи гомдол үндэслэлгүй байна. Хэргийн оролцогчдод эрхээ эдлэх боломжийг анхан шатны шүүх бүрэн олгосон, шүүх хуралдаан 2020 оны 8 дугаар сарын 7-ний 11 цагт болсон байна. /хх 41-43/

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж анзын хэмжээг багасгах талаар гарсан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/02110 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...232 дугаар зүйлийн 232.6 гэснийг ... 232 дугаар зүйлийн 232.8 гэж, ...37 233 000 төгрөг гэснийг ...31 027 500 төгрөг гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын ...344 120 төгрөг гэснийг ...313 087 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ш.ОЮУНХАНД