Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/02110

 

 2020            08           07                                                       183/ШШ2020/02110

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, ............. тоот хаягт байрлах Ш ХХК /000000/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хан-Уул дүүрэг, ............. дугаар байр, А ХХК-ийн байранд байрлах Э ХХК /000000/-д холбогдох,

худалдах худалдан авах гэрээний үүрэгт 37.233.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч А.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хуулийн 243.1-т заасны дагуу 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр №44 тоот Худалдах, худалдан авах гэрээ Ш ХХК болон Э ХХК нарын хооронд байгуулагдсан. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр №44 тоот гэрээгээр тохиролцсоны дагуу Худалдан авагч Э ХХК нь эрхийн болон чанарын шаардлага хангасан Спрут экстра буюу ургамал хамгааллын 2000 л бодисыг нийлүүлэгч Ш ХХК-иас худалдан авахаар тохиролцсон байдаг. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр №44 тоот гэрээний барааны нэгж үнэ буюу литрийн үнэ нь 19 700 төгрөг, нийт үнэ нь 39 400 000 төгрөг болсон ба нийлүүлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 351 тоот зарлагын баримтаар гэрээгээр тохиролцсон нийт тоо хэмжээнээс багаар буюу нийт 35 460 000 төгрөгийн үнэ бүхий 1800 л ургамал хамгааллын бодисыг нийлүүлсэн байдаг бөгөөд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заасны дагуу Худалдан авагч нь барааг хүлээн авч, эрсдэл шилжсэн гэж үзнэ. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 44 тоот Худалдах, худалдан авах гэрээний хувьд:

Худалдах худалдан авах гэрээний 4.1-т “Худалдан авагч нь барааны үнийг дараах хувилбаруудын аль нэгээр төлж барагдуулна. Гэрээний А-д Худалдан авагч нь бараа авахдаа барааны үнийн 30 хувь буюу 11 820 000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны дотор урьдчилан төлсөн байна, Б-д барааны төлбөрийн үлдэх 70 хувь буюу 27 580 000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлнө гэж тус тус гэрээний төлбөр болох 39 400 000 төгрөгийг 2 хуваан төлөхөөр тохиролцсон. Харин худалдан авагч Э ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөр 10 638 000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөр 24 822 000 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй нь гэрээний талуудын хооронд хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа бүхий баримт бичгээр нотлогддог. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.7-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу Худалдах худалдан авах гэрээний 4 зүйлийн Б-д Хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги нэмж төлнө гэж заасан ба тус гэрээний үүргээ гүйцэтгээгүй алданги нь нийт 12 411 000 төгрөг болсон. Иймээс гэрээний үүрэгт нийт 36 118 900 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Иймээс хариуцагч Э ХХК-иас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 44 тоот Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 37 233 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2020 оны тариалалтад бэлдэж химийн аргаар уринш боловсруулахаар 1800 литр Сируп экстра хор Ш ХХК-иас авч урьдчилгаа 30 хувь буюу 10 638 000 төгрөгийг төлсөн 2019 онд. Ца уурын таагүй байдлаас болж ургац алдсан. Ер нь авсан хорыг 2019 онд ургац авахад бус 2020 оны тариалалтад зориулан авсан. Үр дүн нь 2020 онд гарна. Төлбөрийн үлдэгдэл 24 822 000 төгрөгийг энэ жилийн ургацаас төлнө. Ш ХХК-ийн алданги өндөр байгаа тул тус компанийг алдангидаа арай уян хатан хандахыг хүсэж байна. Мөн уг хорноос 260 га-д цацсан хорыг иргэн Баттүшиг түрээсэлж тарьсан бөгөөд уг талбайд цацсан хорны үнэ 16 000 000 төгрөг болж байгаа тул хамтран хариуцагчаар оролцуулж өгөхийг хүсье гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “Э” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 37 233 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч “Э” ХХК-д холбогдох нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 Зохигчдын хооронд 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 44 тоот гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч “Ш” ХХК нь Монгол улсад хэрэглэхэд зөвшөөрөгдсөн ургамал хамгааллын бодисын жагсаалтанд орсон спрут экстра гэх   бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч “Э” ХХК нь бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийг харилцан хүлээжээ.

Талуудын хооронд бичгээр байгуулагдсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд зохигчдын хэн аль нь гэрээ байгуулсан эсэх болоод түүний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.

Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Гэрээний дагуу нэхэмжлэгч “Ш” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 1800 литр хэмжээ бүхий 35 460 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч “Э” ХХК-д нийлүүлсэн байх  бөгөөд ийнхүү нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнээс урьдчилгаа төлбөр 10 638 000 төгрөг төлөгдсөн байх ба 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 24 822 000  төгрөг төлөгдөөгүй байгаа болох нь талуудын маргаагүй тайлбараар болон хавтас хэргийн 11 дүгээр талд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна.

Талууд ийнхүү үлдэгдэл төлбөрийн дүнд болон шилжүүлэн авсан бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, чанарын талаар маргаагүй тул шүүх нэхэмжлэгч нь хэзээ, хэдэн төрлийн, ямар хэмжээтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, хариуцагч хэзээ, хэдэн төгрөгийг төлсөн зэрэг үйл баримтыг нотлох, үүнтэй холбоотой дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

Гэрээний 4 дүгээр зүйлийн 1Б-д “Барааны төлбөрийн үлдэх 70 хувь буюу 27 580 000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлнө” гэсэн байгаа нь  үүрэг гүйцэтгэх эцсийн хугацаа байсан гэж үзэх нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т нийцнэ. Иймд төлбөр төлөх хугацаа өнгөрсөн тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар шүүх хариуцагчийг төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, “Э ” ХХК-иас төлбөрийн үлдэгдэл 24 822 000  төгрөгийг гаргуулж “Ш” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Талууд гэрээний 4 дүгээр зүйлийн 1Б дэхь заалтаар “Хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги нэмж төлнө” гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч гэрээний дээрх заалтыг үндэслэн хариуцагчаас алдангид 12 411 000 төгрөг шаардахдаа анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг үндэслэжээ.

Хариуцагч 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр багтаан 24 822 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийг шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 194 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд энэ хугацааны хоног тутамд 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг тооцоход нийт 24 077 340  /(24 822 000 х0,5%)х194/ төгрөг гарч байх ба анзын нийт хэмжээ гүйцэтгээгүй үндсэн үүрэг 24 822 000 төгрөгийн 50 хувиас хэтэрч болохгүй хуулийн заалттай тул нэхэмжлэгчийн алданги шаардсан хэмжээг шүүх хуульд нийцсэн гэж үзэв.

Хариуцагч нь цаг уурын таагүй нөхцлөөс шалтгаалан ургац алдсан шалтгаанаар анз төлөх боломжгүй, алдангийн хэмжээ хэт их байна, уг авсан хорноос иргэн н.Баттүшиг ашигласан гэх тайлбараа дэмжсэн нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул шүүх түүний төлөх анзын хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан үндэслэлээр багасгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Талууд анзын гэрээг бичгээр байгуулсан, алданги тооцох хувь хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан 0,5 хувиар тогтоосон, нэхэмжлэгч алданги шаардахдаа анзын хэмжээг нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлээгүйн гадна Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасан татгалзах эрх хариуцагчид үүсээгүй учир шүүх хариуцагчийг алданги төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Иймд шүүх хариуцагч “Э” ХХК-иас үндсэн төлбөр 24 822 000 төгрөг, түүнийг төлөх хугацааг хэтрүүлснээс үүссэн алданги 11 411 000 төгрөг буюу нийт 37 233 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож шийдвэрлэв.

2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ба дараагийн хурлын товыг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр товлон зарласан байдаг.

Хариуцагчийн өмгөөлөгч уг товыг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн атлаа 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөр огноолсон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны зарыг шүүхэд ирүүлэн хурал хойшлуулах хүсэлт гаргасныг  мэтгэлцэх, эрх тэгш байх боломжийг бүрдүүлэхийн тулд шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн товыг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 11.00 цагт товлосон боловч мөн л энэ өдрөөр огноолсон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны зарын хамт хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан.

 Эндээс дүгнэхэд хариуцагчийн өмгөөлөгч  хуралдааны товыг мэдсэн атлаа сүүлд тавигдсан өөр шүүх хуралдааны зарын хамт хурал хойшлуулах хүсэлт гаргаж  байгаа нь хүндэтгэн үзэх үндэслэл биш бөгөөд тус хэргийг шийдвэрлэх ажиллагаанд илтэд саад учруулж байгаа хэлбэр юм.

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “Э ” ХХК-иас  37 233 000 төгрөгийг гаргуулж “Ш ” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344 120 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 344 120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ЧУЛУУНЧИМЭГ