Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01441

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01441

 

 

Б.Сүхбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 102/ШШ2018/01417 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Сүхбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Батцэнгэл, Д.Оюундэлгэр нарт холбогдох

- Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 153 440 343 төгрөг гаргуулах тухай үндсэн

- Ү-2205017043 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон Г-0241324 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Оюундэлгэрийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Гантөмөр

Хариуцагч: Д.Оюундэлгэр

Хариуцагч Д.Оюундэлгэрийн өмгөөлөгч: Э.Жаргал

Хариуцагч Н.Батцэнгэлийн өмгөөлөгч: Ч.Шаравнямбуу

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Батцэнгэл нь 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 125 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр Д.Оюундэлгэрт зээлдүүлж, зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах санал гаргасныг нэхэмжлэгч Б.Сүхбаатар зөвшөөрч, Н.Батцэнгэлээр дамжуулж Д.Оюундэлгэртэй зээл болон барьцааны гэрээ байгуулж 125 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Б.Сүхбаатар өөрийн харилцах данснаас Д.Оюундэлгэрийн Хаан банкны 5124019006 дансанд 65 298 578 төгрөгийг, Н.Батцэнгэлийн Хаан банкны 5099787799 дансанд 59 550 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөнгийг шилжүүлснээр иргэн Д.Оюундэлгэр өөрийн өмчлөлийн хөрөнгөө Хаан банкны барьцаанаас чөлөөлсөн. Барьцаалбар бүртгэгдсэнээр Б.Сүхбаатар Н.Батцэнгэлийн данс руу үлдэх 60 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Б.Сүхбаатар, Н.Батцэнгэл нар хамтарч мөнгө зээлдэг. Б.Сүхбаатарын мөнгийг зээлэх хүнийг Н.Батцэнгэл олж зуучилж дундаас нь ашиг авдаг гэж яриад байгаа нь үнэн. Ер нь мөнгө зээлдэг ийм харилцаа энэ хүмүүсийн дунд байсан. Зээл болон барьцааны гэрээ хийх нь Н.Батцэнгэлийн ажил байсан тул Б.Сүхбаатарын өмнөөс Н.Батцэнгэл Д.Оюундэлгэртэй гэрээг хийж, хөрөнгийг барьцаалж гэрээг Б.Сүхбаатарт авчирч өгсөн. Б.Сүхбаатар буцааж мөнгийг шаардахад Д.Оюундэлгэр мөнгө авсан, аваагүй гэсэн маргаан гарсан. Д.Оюундэлгэр 125 000 000 төгрөгийг аваагүй, Н.Батцэнгэл үлдэх 60 000 000 төгрөгийг өгсөн. 60 000 000 төгрөгийг Н.Батцэнгэл Хаан банк дахь өөрийн данснаас бэлнээр авсан болох нь зарлагын мэдүүлгийн баримтаар тогтоогддог. Энэ мөнгийг Д.Оюундэлгэрт зээлийн гэрээний дагуу өгсөн гэж мэдүүлдэг. Б.Сүхбаатар болон хариуцагч нарын хооронд хэлцэл байгуулагдаагүй. Хариуцагч нарын үндэслэлгүй олсон 124 848 570 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Мөнгө өгснөөс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн. Хэрэв энэ мөнгө 3 жилийн хугацаанд банкинд хадгалуулсан бол хүү нь өсөх байсан тул энэ хугацааны хохирлыг банкны 6 хувиар тооцож хохирол нэхэмжилсэн. Эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч өмгөөлөгчийн хөлс 8 000 000 төгрөг төлсөн. Шүүхэд гэрчээр оролцсон Д.Бат-Ирээдүй 60 000 000 төгрөгийг Н.Батцэнгэл нь Д.Оюундэлгэрт өгсөн талаар мэдүүлсэн. Иймд хариуцагч Н.Батцэнгэл, Д.Оюундэлгэр нараас шилжүүлсэн 124 848 578 төгрөг, хохиролд 28 591 765 төгрөг нийт 153 440 343 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч Н.Батцэнгэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Д.Бат-Ирээдүй над руу утсаар ярьж  худалдааны Тоса төвийг барьцаалж 150 000 000 төгрөгийн зээл авъя гэсэн нэг эгч байна гэсэн. Тэр үед Б.Сүхбаатар бид хоёр хамт явж байсан тул түүнд хэлээд бид хоёр вокзалын хойно байдаг Тоса төв дээр очиход Д.Оюундэлгэр байсан. Тэр үед Д.Оюундэлгэр Голланд улс руу явна. Тоса төв барьцаанд байгаа гээд бичиг баримтаа Б.Сүхбаатарт үзүүлээд барьцааг чөлөөлж мөнгө зээлэх тухайгаа ярьсан.  Бид хамт Улсын их дэлгүүрийн урд байрлах Хаан банкинд очсон. Б.Сүхбаатар зээлийг нь чөлөөлхөөс өмнө тооцооны төвийн зээлийн эдийн засагчаас худалдааны Тоса төв хэдэн төгрөгний барьцааны шаардлага хангах талаар асуухад эдийн засагч 150 000 000 төгрөг орчим бол болно гэж хариулж байсан. Ингээд Б.Сүхбаатар мөнгө зээлхийг зөвшөөрч Д.Оюундэлгэртэй ярилцаад түүний банкны зээлийг чөлөөлсөн. Д.Оюундэлгэр бид хоёр 125 000 000 төгрөгний зээл болон барьцааны гэрээг хийсэн. Энэ үеэр Б.Сүхбаатар ажилтай гээд барьцааны гэрээг хийсний дараа 60 000 000 төгрөг шилжүүлээрэй, чам руу шилжүүлчихье гээд миний дансанд хийгээд явсан. Барьцааны хөрөнгийг чөлөөлөөд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар очиж барьцааны гэрээг Д.Оюундэлгэр бид хоёр бүртгүүлсэн. Нотариат, үл хөдлөхийн мөнгө байхгүй гэж Д.Оюундэлгэр гарсан бүх зардлыг надаар төлүүлсэн. Ингэж явсаар орой болсон. Барьцааны гэрээг бүртгүүлчихээд Д.Оюундэлгэрт зээлийн үлдэгдэл 60 000 000 төгрөгийг шилжүүлэх гэтэл банк хаачихлаа, данснаас авах боломжгүй, бэлнээр авч евро, доллар авах хэрэгтэй байна чи данснаасаа бэлнээр аваад өг, би чамд шагналыг нь өгнө гэхээр нь Ард кино театрын дэргэдэх тооцооны салбар орж өөрийн данснаас бэлнээр авч өгсөн. Мөнгө өгөх үед Д.Оюундэлгэр гадаа машин дотроо хүлээгээд, хажууд нь Д.Бат-Ирээдүй явсан. Д.Бат-Ирээдэй нь Д.Оюундэлгэрийн машиныг бариад цуг явж байсан. Д.Оюундэлгэр мөнгийг аваад уутан дотроос мөнгө авч надад 1 500 000 орчим төгрөг өгсөн гэжээ.

Хариуцагч Д.Оюундэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Батцэнгэл, Д.Бат-Ирээдүй нар анхнаасаа миний зээлийг чөлөөлүүлээд үлдэгдэл мөнгийг авна гэж ярьсан. Н.Батцэнгэл нь шүүх, цагдаагаас оргон зайлдаг хүн. Миний хувьд дуудсан цагт нь очдог байсан. Прокурорын байгууллага Д.Оюундэлгэр, Н.Батцэнгэл нар хэд хэдэн төгрөг төлөх ёстой вэ гэдгийг үнэн зөвөөр нь шийдэж өгсөн. Гэтэл Н.Батцэнгэл, Д.Бат-Ирээдүй нар үгсэн тохиролцож Тоса төвийн хөрөнгийг үндэслэн надаар төлүүлэх гээд байна. Би Б.Сүхбаатарыг танихгүй. Тоса төвийн хөрөнгөөрөө зээлээ төлж явсан. Зөвшөөрөхгүй. Юу гэж 1 хувийн зээлийг хаалгаж хүнээс 10 хувийн зээл авах юм бэ. Би өөрийн авсан 65 298 578 төгрөгийг төлнө гэжээ.

Хариуцагч Д.Оюундэлгэр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Д.Оюундэлгэр би Н.Батцэнгэлтэй 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор Ү-2205017043 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Г-0241324 дугаартай газар эзэмших эрхийг барьцаалсан. Гэтэл Б.Сүхбаатар уг гэрээний аль нэг тал биш, зээлийн гэрээний үүргийг надаас шаардах эрхгүй атлаа дээрх гэрээний барьцаа хөрөнгө болох өмчлөх эрхийн болон газар эзэмших гэрчилгээг эх хувиар нь Н.Батцэнгэлээс авчхаад одоог хүртэл буцааж өгөхгүй байна. Б.Сүхбаатар дээрх гэрээний дагуу 125 000 000 төгрөгийг өөрөөсөө гаргаж Н.Батцэнгэлээр дамжуулж надад өгсөн хэмээн шүүхэд хохирол шаардаж нэхэмжлэл гаргасан. Н.Батцэнгэл бид хоёрын дунд байгуулагдсан гэрээг ашиглан надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж ямар ч үндэслэлгүйгээр миний эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг хадгалж байна. Иймд Ү-2205017043 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Г-0241324 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг Б.Сүхбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Гантөмөр сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Ү-2205017043 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Г-0241324 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч Д.Оюундэлгэрээс 124 848 578 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Сүхбаатарт олгож, хариуцагч Н.Батцэнгэлд холбогдох болон нэхэмжлэлийн үлдэх 28 591 765 төгрөгний шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 083 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюундэлгэрээс 782.193 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Сүхбаатарт олгож, хариуцагч Д.Оюундэлгэрийн Ү-2205017043 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Г-0241324 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн эх хувийг гаргуулах сөрөг шаардлагыг нэхэмжлэгч Б.Сүхбаатар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Сүхбаатараас 70 200 төгрөг гаргуулж хариуцагч Д.Оюундэлгэрт олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.Оюундэлгэр давж заалдсан гомдолдоо:

... Батцэнгэл нь намайг самрын зөвшөөрлийг өөр 2 хүний хамт эзэмшдэг болохыг мэддэг байсан. Ингээд нэг өдөр самар урагшаа гаргахад санхүүжилт хэрэгтэй байна гэсэн саналыг тавьсан. Энэ үед нь би Хаан банкнаас 65 000 000 төгрөгийн зээл авч Тоса төвөө барьцаалсан байсан, өмнө нь би 100 000 000 төгрөгийн зээлийг Хаан банкнаас аваад хугацаанд нь төлж барагдуулсан байдаг. Энэ үед н.Бат-Ирээдүйтэй намайг танилцуулсан ба Бат-Ирээдүй нь самартай хүн таньдаг гэдэг. Хэсэг хугацааны дараа надад таньдаг мөнгөтэй хүн байна ТОСА төвийг Хаан банкны барьцаанаас чөлөөлөөд нэмээд 60 000 000 төгрөг авах боломжтой байна. 7-14 хоногийн дотор л гурваас илүү нугалаад мөнгөө олоод авчихна, таны зээлийг дараад үлдсэнийг нь хуваая гэсэн саналыг тавьсан. Миний хувьд хүнд итгэмтгий зан болон илүү хялбар мөнгө олох юм байна гэсэн бодолдоо автагдаж зөвшөөрч н.Батцэнгэл, н.Бат-Ирээдүй нарын залилах ажиллагааны хохирогч болсноо сүүлд нь мэддэг. Ямар ч хүн жилийн 1 хувийн хүүтэй банкны зээлээ 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлээр өөрөө солих шийдвэр гаргахгүй. Н.Батцэнгэл нь надад гэрээ байгуулахдаа санаа зоволтгүй самраас ирэх ашгаас Б.Сүхбаатарын мөнгийг гаргаж өгөх тул санаа зоволтгүй гээд хийсэн гэрээ байгаа юм. Миний хувьд Хаан банкны зээлээ нэгэнт хаалгасан тул тухайн мөнгийг нэхэмжлэгчид өгөхөөс татгалзах зүйлгүй талаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаан дээр удаа дараа илэрхийлдэг. Гэтэл аваагүй мөнгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Иргэн Б.Сүхбаатараас мөнгө зээлэхээр амаар, бичгээр тохирсон ямар нэг хэлцэл тохиролцоо байхгүй, Б.Сүхбаатар гэдэг хүний тухай урьд нь сонсоогүй байсан. Н.Батцэнгэлтэй байгуулсан гэрээ л хавтаст хэрэгт авагдсан баримт байдаг. Гэтэл шүүгч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасныг хэтэрхий явцууруулж буюу нэхэмжлэгч болон хариуцагч н.Батцэнгэл нарт ашигтай байдлаар хуулийг буруу тайлбарлан. Б.Сүхбаатар болон Н.Батцэнгэл, Д.Оюундэлгэр нарьн хооронд үүссэн харилцааг болсон бодит нөхцөл байдалд үндэслэн тодорхойлоогүй. Д.Сүхбаатар нь хариуцагч Н.Батцэнгэлд 59 000 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Мөн Д.Оюундэлгэрийн 65 000 000 төгрөгийн банкны зээлийг нь хаасан байдаг. Үүнээс үзэхэд шүүх бүх мөнгийг Д.Оюундэлгэр авсан хэмээн дүгнэсэн нь бодит байдалд огт нийцээгүй, нэхэмжлэгчид үйлчилсэн шүүхийн шийдвэр болсон. Нэхэмжлэгч Б.Сүхбаатар нь Д.Оюундэлгэрийн Хаан банкнаас авсан 65 000 000 төгрөгийн зээлийг хаасан нь талаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол болон зохигч гэрч нарын мэдүүлгээр нотлогддог, нэхэмжлэгч Б.Сүхбаатар нь Батцэнгэлийн дансанд 59 000 0000 төгрөг шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогдоно. Н.Батцэнгэл 60 000 000 төгрөг надад өгсөн гэж гүжирдэн гүтгэж, Бат-Ирээдүй нь гэрч болж гэрчилж худлаа мэдүүлэг өгч байгаагаар харагдаж байна. Сүхбаатарын мөнгийг Бат-Ирээдүйтэй нийлж Батцэнгэл нь үрэгдүүлсэн гэж би боддог. Мөрдөн байцаалтын явцад СД-ны ярианы бичлэг байгаад түүнд шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан нь эрүүгийн хэргийн баримтаас алдагдсан, хэрэг шалгаж байсан прокурор Жаргал нь нэхэмжлэгч Д.Сүхбаатарын хамт дүүргийн хажуу талын ресторанд хоол идэж байсантай таарсан. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийы 496.1 дэх хэсэгт нэхэмжлэгч Б.Сүхбаатар нь Д.Оюундэлгэр надаас Хаан банкны өр хааж шилжүүлсэн 65 298 578 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжилсэн байна гэж би үздэг. Хохиролд 28 591 765 төгрөгийг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн цаг хугацаанд би өөрт оногдох өр хааж шилжүүлсэн мөнгийг бүрэн төлчих байсан байхад өөрөө эрүүгийн журмаар шалгуулж хугацаа алдахад хүргэсэн, өмгөөлөгчид 8 000 000 төгрөг төлаад үүнийгээ нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Харин нэхэмжлэгч Б.Сүхбаатар нь 59 550 000 төгрөгийг Н.Батцэнгэлд зээлүүлсэн зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг н.Батцэнгэлээс шаардаж, түүнээс нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа болно. Д.Оюундэлгэрийн хөрөнгө ТОСА төвийн барилга, газрын гэрчилгээ, мөн банкны данс болон дансанд байгаа төгрөгөөс Д.Бат-Ирээдүй, Н.Батцэнгэл нараас авах авлагаа авахаар үгсэн тохирч, шүүгчийн захирамжаар ТОСА төвийн үл хөдлөх эд хөрөнгө болон дансыг битүүмжилсэн нь үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсээд байна. Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Сүхбаатар нь хариуцагч Д.Оюундэлгэр, Н.Батцэнгэл нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 153 440 343 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Г.Оюундэлгэр Ү-2205017043 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон Г-0241324 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, хариуцагч Н.Батцэнгэл ... нэхэмжлэгч Б.Сүхбаатарын над руу шилжүүлсэн 60 000 000 төгрөгийг хариуцагч Д.Оюундэлгэрт бэлнээр өгсөн, уг байдлыг Д.Бат-Ирээдүй гэрчилнэ гэж тайлбарлан маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...би хариуцагч Н.Батцэнгэлтэй хамтран мөнгө зээлүүлдэг, Н.Батцэнгэл зээл авах хүн олж өгөөд зээлийн хүүгийн 3 хувийг авч, би үлдэх 7 хувийг нь авдаг, тэрээр Тоса төвийн захирал Д.Оюундэлгэрт мөнгө яаралтай хэрэгтэй байна гэсний дагуу 125 000 000 төгрөгийг зээлүүлсэн гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Д.Оюундэлгэр, Н.Батцэнгэл нар 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Н.Батцэнгэлээс Д.Оюундэлгэр нь 125 000 000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохиролцжээ. /1хх-ийн 5 тал/

 

Талууд 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын буудлын ард байрлах үйлчилгээний зориулалттай 612 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 260 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх газрыг тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан байна. /1хх-ийн 6 тал/

 

Хариуцагч Д.Оюундэлгэр нь нэхэмжлэгч Б.Сүхбаатараас 65 298 578 төгрөгийг авч өөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж, банкны барьцаанаас эд хөрөнгийг чөлөөлсөн гэсэн тайлбар гаргаж, дээрх мөнгөний үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

 

Хариуцагч Н.Батцэнгэл нэхэмжлэгч Б.Сүхбаатараас 60 000 000 төгрөгийг авч Д.Оюундэлгэрт бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Харин хэрэгт авагдсан хариуцагч Н.Батцэнгэлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд түүний дансанд 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 59 550 000 төгрөгийн орлого орж ирсэн байх бөгөөд уг мөнгийг нэхэмжлэгч Б.Сүхбаатараас шилжүүлсэн болохыг үгүйсгээгүй болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Бат-Ирээдүйг гэрчээр асуусан байх бөгөөд тэрээр Н.Батцэнгэл хар боодолтой мөнгийг Д.Оюундэлгэрт өгсөн гэж мэдүүлжээ. /1хх-ийн 246-248 тал/

 

Мөн хэрэгт нотлох баримтаар зохигчдын эрүүгийн хэрэгт өгсөн мөнгө шилжүүлсэн тухай мэдүүлгүүд авагдсан байх бөгөөд уг баримт нь иргэний хэрэгт өгсөн тайлбар, мэдүүлэг биш боловч эрүүгийн хэрэгт зохих ёсоор явуулсан ажиллагааны үр дүнд баримтажсан бичгийн нотлох баримт юм.

 

Түүнчлэн гэрч н.Бат-Ирээдүй хариуцагч Н.Батцэнгэлийг Д.Оюундэлгэрт мөнгийг өгсөн гэж мэдүүлсэн байх боловч хэдэн төгрөг өгснийг тодорхой бусаар тайлбарлажээ.

 

Хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Н.Батцэнгэл нь нэхэмжлэгч Б.Сүхбаатарын шилжүүлсэн 59 550 000 төгрөгийг хариуцагч Д.Оюундэлгэрт өгсөн болох нь тогтоогдоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэг шаардлагадаа олох ёстой байсан орлогыг банкны 6 хувийн хүүгээр тооцож 20 591 765 төгрөг, өмгөөллийн хөлс 8 000 000 төгрөг, нийт 28 591 765 төгрөгийг хариуцагч Д.Оюундэлгэр, Н.Батцэнгэл нараас гаргуулна гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч нь эрх зүйн туслалцаа авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох эсэх нь тухайн хүний эрхийн асуудал байдаг тул эрх зүйн туслалцаа авахад төлсөн хөлс, зээлийн гэрээний дагуу бусдад шилжүүлсэн мөнгийг банкинд хадгалуулсан тохиолдолд олох байсан орлого зэргийг түүнд учирсан хохирол гэж үзэж хариуцагч нараас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болно. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Д.Оюундэлгэрээс 65 298 578 төгрөг, хариуцагч Н.Батцэнгэлээс 59 550 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Сүхбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол, олох ёстой байсан орлого 28 591 765 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Хариуцагч Д.Оюундэлгэр нэхэмжлэгч Б.Сүхбаатарт холбогдуулан 2205017043 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон Г-0241324 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч Б.Сүхбаатар хүлээн зөвшөөрснийг анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэж үзэхгүй юм.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Д.Оюундэлгэрийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 102/ШШ2018/01417 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Оюундэлгэрээс 65 298 578 төгрөг, хариуцагч Н.Батцэнгэлээс 59 550 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Сүхбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 591 765 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... хариуцагч Д.Оюундэлгэрээс 782 193 төгрөг гэснийг хариуцагч Д.Оюундэлгэрээс 484 443 төгрөг, хариуцагч Н.Батцэнгэлээс 455 700 төгрөг гэж тус тус өөрчлөн,

 

3 дахь заалтад ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан... гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюундэлгэрийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Оюундэлгэрийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           Н.БАТЗОРИГ

                                                   Ц.ИЧИНХОРЛОО