Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/02184

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/02184

 

 

 

Ц.Я -гийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/02996 дугаар шийдвэртэй, хүсэлт гаргагч Ц.Я гийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд олгох нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулах хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Учралгэрэл, төрийг төлөөлж прокурор Н.Дуламсүрэн, гуравдагч этгээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б , Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Хүсэлт гаргагч Ц.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Я гийн төрсөн эцэг маарамба, гүрэмч цолтой Д.Д нь 1938 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор улс төрийн хилс хэрэгт ялын дээд хэмжээгээр шийтгүүлж, Монгол Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаар магадлалаар цагаатгагдсан.

Төрсөн эцэг Д.Д нь ялын дээд хэмжээгээр шийтгүүлэх үед эх Я.Д н нь жирэмсэн үлдсэн бөгөөд 1939 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр намайг төрүүлж, 2 настай байхад эх маань Д.Ц гэдэг хүнтэй гэр бүл болсон учир Д.Ц гэдэг хүнээр овоглох болсон.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 711 дүгээр шийдвэрээр намайг Д.Д ын төрсөн охин мөн болохыг тогтоосон. Мөн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1008/11 дугаар шийдвэрээр Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 1 000 000 төгрөгийг гаргуулж, Ц.Я д олгосон.

Зууны мэдээ сонины 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №32/6257 дугаарт 80 000 000 төгрөгийн нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад нийтлэгдсэн учир 80 000 000 төгрөгийг олгох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Улсын бүртгэлийн нэгдсэн архив дахь Ц.Я д холбогдох бүхий л баримтуудыг өгсөн. Гэтэл 1939 онд төрсөн талаар Хөвсгөл аймгаас олгосон хуучин цэнхэр иргэний үнэмлэх, шинэчилсэн бүртгэлд орсноос өөр баримт байхгүй. Бусад бүх баримтуудаар 1945 онд төрсөн гэж гарсан. Мөн 1944 оны хүн амын тооллогоор нэхэмжлэгч төрөөгүй болох нь нотлогдсон. Түүнчлэн Хөвсгөл аймгаас 1939 онд төрсөн гэж бүртгүүлсэн нь ямар баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй. Тухайн үед улсын бүртгэл цагдаад харьяалагддаг байсан тул баримтгүй тогтоосон. 1956 оны хүн амын тооллогоор Ц.Я г 8 настай гэсэн.

Мөн архивын зөрүүтэй баримтыг шалгуулахад Ц.Я г 5 настай гэсэн 2004 оны лавлагаа хуурамч бөгөөд сүүлд гарсан лавлагаагаар 1944 онд бүртгэгдээгүй гэдэг. Сүүлд өөр хүнтэй суусан гэх боловч 1944 оны тооллогоор өрхийн тэргүүн Д.Ц гэдэг. Хэрэв 2 настай байхад нь өөр хүнтэй суусан бол өөрөөр бүртгэгдэх ёстой. Гэтэл 1956 оны тооллого ч гэсэн өрхийн тэргүүн Д.Ц гэдэг. 2007 онд шүүхээрД.Д ыг Ц.Я гийн эцэг болохыг тогтоосон боловч эргэлзээтэй байдаг. Улсын бүртгэлд байгаа баримтаар нэхэмжлэгч нь 1939 онд төрсөн гэх баримт байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 1944 оны хүн амын тооллогод Ц.Я бүртгэгдээгүй. Энэ тооллогоор нэхэмжлэгчийн эцэг, эх нь Ц.Дампил гэх хүүтэй байдаг. Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтсийн паспортын албанаас өгсөн 2000 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн албан тоотод байгаа регистрийн дугаар нь хуучин үнэмлэхэд бичигдсэн регистрийн дугаартай тохирохгүй байна. Улсын бүртгэлийн газарт Ц.Я г 1939 онд төрсөн гэдгийг нотлох баримт байхгүй. Зууны мэдээ сонинд гарсан бүртгэл болон Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа зэргээс үзвэлД.Д нь Булган аймгийн Намнан сумын 9 дүгээр багийн харьяат гэсэн боловч Үндэсний төв архивын 1933 оны хүн амын тооллогын лавлагаанд Хөвсгөл аймгийн Намнан сумын 9 дүгээр баг гэж зөрүүтэй бүртгэгдсэнээс хэлмэгдэгчийн төрсөн газрын харьяалал зөрж байна. Иймд нэхэмжлэгч Ц.Я 1939 онд төрсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

 

Шүүх: Нэхэмжлэгч Ц.Я гийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Учралгэрэл давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс Ц.Я гД.Д ын төрсөн охин болохыг тогтоосон Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 711 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан 2004 оны 1248 дугаар лавлагаа, Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтсийн 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн баримт болон гэрчийн мэдүүлэг нь энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудаар үгүйсгэгдсэн, түүнчлэн гэрчүүдийн мэдүүлэг бусад баримтаар тогтоогдсон эсэх нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр дээрх шийдвэрийг шийдвэрийн үндэслэл болох боломжгүй гэж үзсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон аливаа үйл баримт нь иргэний өөр хэргийг шийдвэрлэхэд нэгэнт тогтоогдсон гэж тооцогдох ёстой. Энэ үйл баримт нь тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд л нэгэнт нотлогдсон гэсэн ойлголтод хамаарна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Я нь 2007 онд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхэд садан төрлийн холбоо тогтоолгох нэхэмжлэлийг гарган, тус шүүхээс 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 711 дугаар шүүхийн шийдвэрээрД.Д ын охин Ц.Я мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр одоо ч хүчин төгөлдөр байна.

Иймд анхан шатны шүүх нэгэнт тогтоогдсон үйл баримтыг тогтоогдохгүй байгаа мэтээр ижил шатны шүүхийн шийдвэрийг дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт үндэслэл муутай, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Хүсэлт гаргагч Ц.Я нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд олгох нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Должинжавын Даваажав нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаар тогтоолоор улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн, мөн Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаар тогтоолоор түүнд хилсээр ял шийтгэснийг тогтоож, цагаатгасан үйл баримтууд хэрэгт авагдсан Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хурлын магадлалын хуулбар, Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдсон байна./хх5-7,16/ Анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 /в/, 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасанд нийцүүлэн дээрх үйл баримтыг зөв дүгнэжээ.

Хэрэгт хүсэлт гаргагч Ц.Я г хэлмэгдэгчД.Д ын төрсөн охин болохыг Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 711 дугаар шийдвэрээр тогтоосон, шийдвэр хүчин төгөлдөр байна.

Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж буй прокурор, гуравдагч этгээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүсэлт гаргагч Ц.Я гийн иргэний бүртгэл, төрсөн огноо, ХААТРI маягт зөрүүтэй, хүн амын тооллогод бүртгэгдээгүй учир хэлмэгдэгчД.Д ын охин биш гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргасан ч шүүхийн шийдвэрээр Ц.Я г хэлмэгдэгчийн төрсөн охин гэж тогтоосон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм.

Анхан шатны шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэснийг зөрчиж, хүсэлт гаргагчийг хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд гэдэг нь тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь алдаатай болжээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн зааснаар нөхөх олговор олгох нэг урьдчилсан нөхцөл нь мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн хүрээнд хэлмэгдэгчид гэр, орон сууц олгогдоогүй, эсхүл түүнийг орлох мөнгө аваагүй байхыг шаарддаг. Хүсэлт гаргагч Ц.Я орон сууц, түүнийг орлох мөнгө аваагүй болох нь хэрэгт авагдсан Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 354 дүгээр албан бичгээр тогтоогдож байна. /хх40/

Иймээс хүсэлт гаргагч Ц.Я гийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд олгох нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулах хүсэлтийг хангах нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/02996 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.Я д 80 000 000 төгрөгийн нөхөх олговрыг улсын төсвөөс гаргуулан олгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад нэхэмжлэгч нь гэсний дараа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д заасны дагуу гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД