Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00501

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 05 20 001/ХТ2021/00501

 

 

 

Ц.Янжмаагийн хүсэлттэй иргэний

хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/02996 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2184 дүгээр магадлалтай,

 

Ц.Янжмаагийн хүсэлттэй,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдэд олгох нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг прокурор Н.Дуламсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн

 

шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Прокурор Д.Сарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Учралгэрэл, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Байгалмаа, Ж.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Хүсэлт гаргагч Ц.Янжмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.Янжмаа миний төрсөн эцэг маарамба, гүрэмч цолтой Должинжавын Даваажав нь 1938.06.03-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлж, Монгол Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992.07.24-ний өдрийн 12 дугаар магадлалаар цагаатгагдсан. Миний төрсөн эцэг Д.Даваажав нь эх Яринпилын Даваасүрэнтэй сууж байгаад 1938.06.03-ны өдөр ялын дээд хэмжээгээр шийтгүүлсэн. Эх маань тухайн үед жирэмсэн үлдсэн бөгөөд 1939.01.24-ний өдөр намайг төрүүлсэн, намайг 2 настай байхад эх маань Цэрэнпил гэдэг хүнтэй гэр бүл болж тэр цагаас хойш Цэрэнпил гэдэг хүнээр овоглох болсон юм. Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2007.06.28-ны өдрийн 711 дүгээр шийдвэрээр Должинжавын Даваажавын төрсөн охин мөн болохыг тогтоосон. Мөн Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2007.10.02-ны өдрийн 1008/11 дүгээр шийдвэрээр Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 1,000,000 төгрөгийг гаргуулж, Цэрэнпилийн Янжмаад олгохоор шийдвэр гарсан бөгөөд Зууны мэдээ сонины 2020.02.14-ний өдрийн 32/6257 дугаарт 80,000,000 төгрөгийн нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлэн иргэдийн нэрсийн жагсаалтад нийтлэгдсэн учир надад олгогдох 80,000,000 төгрөгийг олгох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч П.Учралгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагчийн эцэг Даваажав нь 1938 онд улс төрийн хэрэгт ял шийтгүүлж, улмаар цагаатгагдсан. Нэхэмжлэгчийн ээж нь тухайн үед жирэмсэн үлдээд 2 настай байхад нь өөр хүнтэй суусан тул Цэрэнпилээр овоглох болсон. Мөн төрсөн охин нь мөн болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон. Түүнчлэн өмнө нь 1,000,000 төгрөг олгож байсан. Үүнээс гадна Зууны мэдээ сонинд 80,000,000 төгрөг олгох жагсаалтад орсон тул 80,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөгч Т.Байгалмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүртгэлд байгаа бүх баримтыг өгсөн. Гэтэл 1939 онд төрсөн талаар Хөвсгөл аймгийн бүртгэлийн баримтаас өөр баримтгүй. Бусад бүх баримтуудаар 1945 онд төрсөн гэж гарсан. Мөн 1944 оны хүн амын тооллогоор нэхэмжлэгч нь төрөөгүй болох нь нотлогдсон. Түүнчлэн Хөвсгөл аймгаас 1939 онд төрсөн гэж бүртгүүлсэн нь ямар баримтад үндэслэсэн нь тодорхойгүй. Тухайн үед улсын бүртгэл цагдаад харьяалагддаг байсан тул баримтгүй тогтоосон. Мөн 1956 оны тооллогоор 8 настай гэсэн. Мөн архивын баримт зөрүүтэй бөгөөд үүнийг шалгуулсан. Иймд 2004 оны нэхэмжлэгчийг 5 настай гэсэн лавлагаа хуурамч бөгөөд сүүлд гарсан лавлагаагаар 1944 онд бүртгэгдээгүй гэдэг. Сүүлд өөр хүнтэй суусан гэх боловч 1944 оны тооллогоор өрхийн тэргүүн Цэрэнпил гэдэг. Хэрэв 2 настай байхад нь өөр хүнтэй суусан бол өөрөөр бүртгэгдэх ёстой. Гэтэл 1956 оны тооллого ч гэсэн өрхийн тэргүүн Цэрэнпил гэдэг. 2007 онд Хөвсгөлийн шүүхээр эцэг нь мөн гэсэн боловч эргэлзээтэй байдаг. Улсын бүртгэлд байгаа баримтаар нэхэмжлэгч нь 1939 онд төрсөн гэх баримтгүй тул нэхэмжлэлийг дэмжихгүй гэжээ.

 

Прокурор Н.Дуламсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн төлөөлөгчийн тайлбартай давхцаж байна. 1944 оны тооллогоор бүртгэлгүй. Энэ тооллогоор нэхэмжлэгчийн эцэг, эх нь өөр хүүтэй байдаг. Хөвсгөлийн цагдаагийн хэлтсийн паспортын алба нь баримт гаргаж өгсөн. Энд байгаа регистрийн дугаар нь хуучин үнэмлэхний дугаартай тохирохгүй байна. Эдгээр баримтаар төрсөн он нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм. Зууны мэдээ сонинд хэлмэгдэгчийг харьяалал, тагнуулын мэдээнд Булган аймаг гэсэн боловч лавлагаанд Хөвсгөл аймаг гэсэн байдаг. Иймд Даваажав нь хаанахын харьяат вэ гэдэг эргэлзээтэй болдог. Иймд нэхэмжлэгч нь 1939 онд төрсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/02996 дугаар шийдвэрээр: Нэхэмжлэгч Ц.Янжмаагийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын сарын 23-ны өдрийн 2184 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.02-ны өдрийн 101/ШШ2020/02996 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.Янжмаад 80,000,000 төгрөгийн нөхөх олговрыг улсын төсвөөс гаргуулан олгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад нэхэмжлэгч нь гэсний дараа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.19-д заасны дагуу гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Прокурор Н.Дуламсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Д.Даваажавыг 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлан, улмаар Онцгой бүрэн эрхт комиссын 1938.06.03-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн бөгөөд Бүгд Найрамдах Хятад Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992.07.24-ний өдрийн 112 тоот тогтоолоор цагаатгасан. Үндэсний төв архивын 2004.06.16-ны өдрийн 1248 дугаартай Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн 1994 оны хүн амын тооллогын бүртгэлд Дамдингийн Цэрэнпил эр, 31 настай, Цэрпилийн Дамбил эр, 11 настай, Яринпилын Дуламсүрэн эм 34 настай, Цэрэнпилийн Янжмаа эм 5 настай гэж бүртгэгдсэн байна гэсэн архивын лавлагаа бусад нотлох баримтыг үндэслэн Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2007.06.28-ны өдрийн 711 дугаартай шийдвэрээр Ц.Янжмааг Должинжавын Даваажавын төрсөн охин мөн болохыг тогтоосон байна. Дээрх архивын лавлагааг үндэслэлгүй хуурамч нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь 2020.01.07-ны 03-5/57 дугаартай, мөн газрын 2020.04.20-ны өдрийн 03-1/1772 дугаартай үндэсний төв архивын газрын лавлагаагаар 1944 оны хүн амын тооллогод өрхийн тэргүүн Дамдингийн Цэрэнпил эрэгтэй 31 настай, Цэрэнпилийн Дамбил эрэгтэй 7 настай, Яринпилын Дуламсүрэн эмэгтэй 33 настай гэж бүртгэгдсэн байгаа нь Дуламсүрэнг 1944 онд төрөөгүй болохыг нотолж байна. Харин үндэсний төв архивын 2020.01.07-ны өдрийн 03-5/58 дугаартай, 2020.04.20-ны өдрийн 03-1/1773 дугаартай Үндэсний төв архивын лавлагаагаар Дуламсүрэн нь 1956 оны хүн амын тооллогоор 8 настай байсан болох нь тогтоогдож байна. Хэрэгт авагдсан иргэний улсын бүртгэлийн мэдээллийг сан болон архивын санд хадгалагдаж байгаа баримтуудаар Ц.Янжмаа нь 1945.01.24-ний өдөр төрсөн болох нь нотлогдож байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Шүүхээс урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж тус тус заасан. Нэхэмжлэгч Ц.Янжмааг хэлмэгдэгч Д.Даваажавын төрсөн охин мөн болохыг тогтоосон Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2007.06.28-ны өдрийн 711 дугаартай шийдвэрийг нийтэд илэрхий үйл баримт гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн хэрэгт авагдсан 1944, 1956 оны хүн амын тооллогын үндэсний төв архивын лавлагаагаар Ц.Янжмаа нь Ц.Дамбил гэх төрсөн ахтай болох нь тогтоогдсон. Гэтэл хэрэгт Ц.Дамбил нь амьд эсэх талаар болон Ц.Янжмаад цагаатгалын мөнгө нэхэмжлэх талаар итгэмжлэл хийж өгсөн талаар ямар нэгэн баримт байхгүй байхад цагаатгалын мөнгийг дан ганц Ц.Янжмаад олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.23-ны өдрийн 2184 дугаартай магадлалыг хүчингүй болгуулах, өөрчлүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Ц.Янжмаа нь ...Должинжавын Даваажав 1938 онд улс төрийн хэрэгт ял шийтгүүлж, улмаар цагаатгагдсан. ...Ц.Янжмаа нь 1939.01.24-ний өдөр төрсөн, хэлмэгдэгч Д.Даваажавын төрсөн охин болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон гэсэн үндэслэлээр, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрын 80,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

Должинжавын Даваажав нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938.6.03-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор улс төрийн хилс хэрэгт цаазаар авах ялаар шийтгүүлж, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992.7.24-ний өдрийн 112 дугаар тогтоолоор түүнд хилсээр ял шийтгэснийг тогтоож, цагаатгасан, мөн Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2007.6.28-ны өдрийн 711 дүгээр шийдвэрээр Ц.Янжмааг хэлмэгдэгч Должинжавын Даваажавын төрсөн охин болохыг тогтоосон үйл баримтууд тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч Ц.Янжмааг 1945 онд төрсөн гэж үзэх үндэслэлтэй. ...хэлмэгдэгч Должинжавын Даваажавыг баривчлагдах үеийн харьяалал нь нэхэмжлэгчийн төрсөн газраас илт зөрүүтэй, өөрөөр хэлбэл хэлмэгдэгчийн охин мөн гэдэг нь эргэлзээгүйгээр нотлогдоогүй гэж дүгнэн, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс ...хүсэлт гаргагч Ц.Янжмааг хэлмэгдэгч Д.Даваажавын төрсөн охин болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон, шийдвэр хүчин төгөлдөр байна. ...төрийг төлөөлж буй прокурор, гуравдагч этгээдээс, Ц.Янжмааг хэлмэгдэгч Д.Даваажавын охин биш гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргасан ч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Үндэсний төв архивын 2004.6.16-ны өдрийн 1248 тоот лавлагаанд, 1944 оны хүн амын тооллогоор Ц.Янжмааг 5 настай гэж дурдсан байх боловч тус архивын газрын 2020.4.20-ны өдрийн 03/346 тоот албан бичигт 2004 оны 1248 тоот лавлагааны хуулбарыг гаргах боломжгүй талаар дурдаж, 03-1/1772, 03-1/1773 тоот лавлагаа ирүүлсэн, уг лавлагаанд 1944 оны хүн амын тооллогоор Ц.Янжмаа бүртгэгдээгүй, харин 1956 оны тооллогоор 8 настай гэж бүртгэгджээ. Мөн Ц.Янжмаад олгогдсон иргэний паспорт, иргэний үнэмлэх /2012.11.01-нд олгосон/ зэрэгт 1945 онд төрсөн гэж бичигдсэн, 45 настайд хийх шинэчилсэн бүртгэлийг 1990.01.24-ний өдөр хийлгэсэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020.4.21-ний өдрийн 5/3815 тоот албан бичгээр ирүүлсэн, 061 дугаартай ХААТР-1 гэх баримтад Ц.Янжмаа нь өөрийгөө 1945 онд төрсөн гэж өргөдөл гаргаж байсан, түүнчлэн Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтсийн паспортын албаны 2000.11.30-ны өдрийн тодорхойлолтод Ц.Янжмаа РЮ39012469 регистрийн дугаартай, ХӨ1297285 тоот паспорттой, ХААТР-1 маягтын 061-т бүртгэсэн гэх зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогджээ.

Мөн Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2007.6.28-ны өдрийн 711 дүгээр шийдвэрээр хэлмэгдэгч Должинжавын Даваажавын төрсөн охин нь Ц.Янжмаа мөн болохыг тогтоосон байх боловч уг шийдвэрийн үндэслэл болсон Үндэсний төв архивын 2004.6.16-ны өдрийн 1248 тоот лавлагаа болон Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтсийн паспортын хэлтсийн 2000.11.30-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримт үнэн зөв эсэх нь маргаантай байна. Тодруулбал, прокуророос ...Үндэсний төв архивын 2004 оны нэхэмжлэгчийг 5 настай гэсэн лавлагаа хуурамч, 1944 оны хүн амын тооллогод Ц.Янжмаагийн талаар мэдээлэл байхгүй, 1956 оныхоор 8 настай гэж бүртгэгдсэн, Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтсийн паспортын албаны баримтын үндэслэл зөрүүтэй... гэжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт эргэлзээтэй болох нь шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш илэрвэл уг нөхцөл байдлыг тодруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийг зөрчихгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, талуудын маргаж буй үндэслэл, баримтыг шалгаж тодруулан, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 101/ШШ2020/02996 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2184 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Б.УНДРАХ