Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2018/0306

 

2018 оны 5 сарын 30 өдөр             

Дугаар 221/МА2018/0306

Улаанбаатар хот

Э.Ө-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, гуравдагч этгээд Б.Г нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 122/ШШ2018/0003 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, гуравдагч этгээд Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Э.Ө-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 122/ШШ2018/0003 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Ө, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Г нарын “Сүхбаатар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлын хуралдааныг товлон зарлах тухай 47 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтаар: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн а, б, 23 дугаар зүйлийн 23.7, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ө, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Гансүхийн “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тус хуралдаанаас гарсан “Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх тухай” 01, “Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 02, “2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” 03, “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” 04, “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05, “Ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О давж заалдах гомдолдоо: Гомдол гаргах үндэслэл нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх үндсэн зарчмыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

Анхан шатны шүүх дүгнэхдээ: Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тухайн хуралдаанаас гарсан 01, 02, 03, 04, 05, 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн Захиргааны хэргийн шүүхийн хянан хэлэлцэх маргаан байна гэж үзээд маргаан бүхий дээрх шийдвэрүүд нь захиргааны актын шинжийг бүрэн агуулсан байх тул Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан гэж үзэж, хэлэлцэх үндэслэлтэй гэж үзэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт зааснаар “хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно”. Эрх зүйн зөрчилтэй гэдэг захиргааны байгууллагаас гаргаж буй захиргааны акт нь эрх зүйн хэм хэмжээний акт болон Үндсэн хууль, Улсын Их хурлаас баталсан бусад захиргааны хэм хэмжээний актыг мөрдөх үүрэгтэй байдаг. Эдгээрийг мөрдөөгүй захиргааны актыг эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй юм. Нэхэмжлэгчийн зүгээс маргаад буй маргаан бүхий акт болох 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Хурлын хуралдааныг товлон зарлах тухай” 47 дугаар тогтоол нь өөрөө хууль зөрчиж гаргасан захиргааны акт юм. Мөн хуралдааны хууль зөрчиж тов тогтоосон тогтоолоос үүдэн гарсан 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас гарсан хурлын тогтоолууд нь мөн хууль бус захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж, үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална” гэж зохицуулсан.

Энэ нь Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус хуулиар зохицуулагдаж буй заалт бүрийг нэг бүр бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй түүнд нийцүүлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны товыг тогтоож, тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар ... бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэсэн заалтыг илтэд зөрчиж тов тогтоосон тогтоол гаргасан нь хуульд нийцэхгүй захиргааны акт юм. Хууль зөрчиж гаргасан гаргасан 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар хуралдааны тов тогтоох тогтоолоос болоод 2 хоногийн дараа 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан болж тухайн хуралдаанаас 01, 02, 03, 04, 05, 06 дугаар тогтоолууд гарч үр дагавар бий болсон байдаг.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” нь тэргүүлэгчдийн бүрэн эрхийн асуудал байхаар зохицуулж өгсөн. Энэ зохицуулалттай холбоотойгоор Тэргүүлэгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хуралдаанд 6 тэргүүлэгчид оролцож санал тэнцэж Ш.М, Т.М, Э.Ө нар эсрэг санал өгсөн боловч хурал хуралдуулах тогтоол гарсан. Энэхүү 47 дугаар тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон ... хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасан заалтыг зөрчиж байна.

Маргаан бүхий 2017 оны 5 дугаар сарын 47 дугаар акт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан “хэлбэр болох захирамж хэлбэртэй гарсан бол анхан шатны шүүхийн үзэж байгаа шиг дотогш чиглэсэн акт гэж үзэх үндэслэлтэй”. Харин тус маргаан бүхий 47 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан үндэсэн шинжийг агуулж гарсан бөгөөд уг тогтоол нь хууль зөрчиж буюу санал хураалт нь 6 төлөөлөгчид оролцож 3 нь татгалзсан байхад “тогтоол” хэлбэрээр гарсан нь санал тэнцэж, хууль зөрчсөн тогтоолоор 2017 оны 5 дугаар сарын 31-ний хуралдаан хуралдаж тогтоол гаргаж буй нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасны дагуу анхдугаар хуралдаанаар Хурлын дарга болон Засаг даргын сонгосон тогтоол нь Монгол Улсын Дээд шүүхийн 444 дүгээр тогтоолоор хүчинтэйд тооцсон байдаг. Энэхүү анхдугаар хуралдаанаар Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргаар Б.Г-ийг сонгосон байдаг бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг нарийвчлан зохицуулаагүй. Гэтэл Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №05 “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоол гаргаж, “Б овогтой М-ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож буй” тогтоол нь хууль зөрчсөн бие даасан шаардлага гаргаж буй гуравдагч этгээд болох Б.Г-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн хууль бус захиргааны акт юм.

Үүнээс үүдэлтэйгээр Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №06 дугаар тогтоолоор Б.Г-ийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлж байгаа нь хууль зөрчиж гаргасан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн захиргааны акт юм. Энэ бүгдээс харахад Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “хууль бус захиргааны эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан заалтыг шүүх анхаарч үзсэнгүй шууд дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Хурлын хуралдааныг товлон зарлах тухай” 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, харьяаллын бус маргаан байна гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа болно.

Шүүх дүгнэхдээ: Маргаан бүхий дээрх 47 дугаар тогтоол нь захиргааны байгууллага өөрийн дотоодын үйл ажиллагаагаа зохицуулсан, гадагш чиглээгүй өөрт харьяалагдах субьектэд хамааралтай захиргааны шийдвэр байх тул нэхэмжлэгч Э.Ө, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Г нарын Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Хурлын хуралдааныг товлон зарлах тухай” 47 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг Захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй харьяаллын бус маргаан байна гэж үзэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа болно. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгон”, 5.1.1 “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн байгууллага гэж зохицуулж өгсөн. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална” гэж зохицуулж өгсөн байдаг. Хуралдааны тов тогтоосон 47 дугаар тогтоол нь хуулийг зөрчсөн байхад үүнийг зөвхөн процессын зөрчил гэж үзээд дотогш чиглэсэн захиргааны акт гэж дүгнэн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Хууль дээдлэх зарчмыг тухайн хурлаас гарч буй тов тогтоосон 47 дугаар тогтол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “... бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс өмнө 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэсэн заалтыг илтэд зөрчиж хуралдаан эхлэхээс 2 хоногийн өмнө 4 дүгээр хуралдааныг товлон тогтоож буй захиргааны актыг дотоодын үйл ажиллагаа зохицуулсан, гадагш чиглээгүй өөрт харьяалах этгээдэд хамааралтай шийдвэр гэж үзэж Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-ийг зөрчиж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1 “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах хэлэлцэх” нь хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн асуудал. Энэ нь орон нутгийн захиргааны байгууллага нь нарийвчлан зохицуулсан хуулийг даган мөрдөх, хууль дээдлэх үндсэн зарчмыг хангах, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасан заалтыг заавал дагаж мөрдөх ёстой.

Хурлын Тэргүүлэгчдээс гарсан тогтоол нь тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж гарсан тогтоол буюу захиргааны акт нь хууль зөрчиж гарсан акт тул түүнээс гарсан үр дагавар буюу 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас гарсан тогтоолууд буюу 01, 02, 03, 04, 05, 06 дугаар тогтоолууд нь хууль бус захиргааны акт тул хууль зөрчиж гарсан актууд хууль бус болох ёстой. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 47  дугаар “Хурлын хуралдааныг товлон зарлах тухай” тогтол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заасан зохицуулалтаас харахад Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасан үндсэн шинжийг агуулсан захиргааны акт байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль зөрчсөн шүүхийн шийдвэр гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

Энэ бүгдээс дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д зааснаар “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Г давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх дүгнэлт хийхдээ хуулийг буруу хэрэглэж шүүхийн шийдвэрийн хууль ёсны ба үндэслэлтэй байх үндсэн зарчмыг хангаж шийдвэрлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэлийн гол агуулга нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар тогтоол нь илтэд хууль зөрчиж гаргасан тогтоол юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хугацаа тогтоосон заалтыг хэн бүр хэрэгжүүлэн мөрдөх ёстой. Гэтэл хурлын тов тогтоосон тогтоол нь өөрөө анхнаасаа хууль холбогдох дүрэм журмыг зөрчсөн.

Анхнаасаа гэдэг нь хурал хуралдуулах тухай тогтоол гаргахад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан “Хурлын хуралдааныг товлон зарлах ...” бүрэн эрхтэйг зохицуулж өгсөн ба мөн тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 “... бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс өмнө 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах” гэсэн заалтыг бүрэн эрхээ эдэлж буй тэргүүлэгчид нэн тэргүүнд зөрчсөн. Энэ нь тухайн тэргүүлэгчид хууль дээдлэх болон нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ ... үйл ажиллагаанд ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах удирдлагын үндсэн зарчмыг илтэд зөрчсөн захиргааны акт буюу тов тогтоосон тогтоол гаргаснаараа холбогдох хууль болон үндсэн зарчмуудыг зөрчсөн гэж үзнэ.

2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар тогтоол гаргахад нийт 6 тэргүүлэгчид оролцсон бөгөөд 6 тэргүүлэгчдээс 3 тэргүүлэгч нь тов тогтоосон тогтоол өөрөө хууль зөрчиж гаргах гэж байгаа талаар тайлбар өгч эсрэг байр суурьтай оролцсон бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан санал хураалтын дүн болон хуралдааны тэмдэглэл дээр хангалттай нотлогдон харагддаг. Энэхүү бичгийн нотлох баримтыг шүүх хэргийг шүүх хэлэлцэхдээ үнэлээгүй байгаа нь шүүхийн шийдвэрээс харагддаг. Энэхүү нотлох баримт нь хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдаагүй байгааг шүүх анхааран үзнэ үү. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тал бүрээс нь харж үзэж дотоод итгэлээр үнэлэх ёстой гэсэн зарчмыг зөрчсөн болно.

Энэхүү хурал хуралдуулах тов тогтоосон тэргүүлэгчдийн хуралдаан болон хуралдааны тэмдэглэлээс харахад санал хураалтад 6 хүн оролцсон бөгөөд эн тэнцүү 3 нь хуралдаан хийх саналтай, нөгөө 3 нь хуралдаан хийхгүй буюу хууль зөрчиж байна гэсэн байр суурьтайгаар оролцсон бөгөөд тухайн тэргүүлэгчдийн хурлын саналаас харахад хурлын тов тогтоох ёсгүй үндэслэл харагдаж байгаа юм.

Санал хураалтын дүн 50=50 гарсаар байтал хурал хуралдуулах тухай тогтоол гаргаж буй тус тогтоол нь санал хураалтаасаа эхлээд илтэд хууль зөрчиж буй илэрхийлэл байсаар байтал үүнийг зөрчиж тов тогтоосон тогтоолоо гаргаж 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хурал хуралдаж тогтоол гаргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй буюу хуулийг зөрчиж гаргасан хуралдааны тов болон түүнээс үр дагавар гарч 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01, 02, 03, 04, 05, 06 тогтоолууд гарч буй нь илтэд хууль зөрчиж буйн илэрхийлэл юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нарийвчлан нэгэнт тогтоогдсон буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилогдсон төлөөлөгчийг эгүүлэн татах үндэслэлийг хуульд нарийвчлан зохицуулаагүй бөгөөд хурал хуралдаж хуулийг зөрчиж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөн шинээр өөр этгээдийг томилж байгаа нь хууль зөрчсөн хууль бус захиргааны акт бөгөөд энэхүү 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б овогтой М-ыг сонгож буй” тогтоол нь миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчиж буй захиргааны акт бөгөөд үүнийг миний зүгээс үл зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байгааг шүүх анхааран үзэлгүй хууль ёсны акт гэж үзсэнд гомдолтой байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 444 дүгээр тогтоол нь хэрэгт авагдсан бөгөөд энэхүү тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд тухайн нэхэмжлэлтэй хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтыг үндэслэн анхдугаар хуралдаанаар Б.Г миний биеийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон билээ. Энэхүү анхдугаар хуралдаантай холбоотойгоор маргаан гарсан бөгөөд үүнийг Монгол Улсын Дээд шүүхийн хүртэл маргаж “анхдугаар хуралдаан хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр болно” гэсэн тогтоол гарсан байдаг.

Миний зүгээс Хурлын даргаас өөрөө чөлөөлөгдөх хүсэл зориг байгаагүй болно.

Анхан шатны шүүхийн зүгээс 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар тогтоолыг хууль буруу хэрэглэсэн захиргааны акт байсаар байтал захиргааны акт биш дотогш чиглэсэн гэж үзэж хууль зөрчиж харьяаллын бус гэсэн дүгнэлт хийж хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул зөвтгөж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Анхан шатны шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг хэрэглээгүй нь тус шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх үндсэн зарчмыг хангаагүй гэж үзнэ. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага” гэсэн заалтуудыг илтэд зөрчсөн гэж үзэж байгаа болно.

Миний зүгээс хууль зөрчиж гаргасан захиргааны акт өөрөө миний эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байгаа учраас тус нэхэмжлэлтэй хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтын дагуу гуравдагч этгээдээр оролцож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хуралдааны тов болон хууль бус товоос гарсан үр дагавар болох хуралдааны тогтоолуудыг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч Э.Ө, гуравдагч этгээд Б.Г нараас “намууд зөвшилцлөө гэж хурал зарлах, хуралд асуудал оруулах эрх хуулиар олгогдоогүй, хуралдаанаар асуудал хэлэлцэн таслах эрхтэй оролцох эрхэд халдсан” гэх үндэслэлээр маргасан байна.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа, гуравдагч этгээд нь тус Хурлын даргаар ажиллаж байсан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сонгуулийн дүнд байгуулагдаж “эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудал”–ыг үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох хуралдаанаараа хэлэлцэж бие даан шийдвэрлэдэг[1] нутгийн өөрөө удирдах байгууллага байна.

Харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нь хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэх санал оруулах, санал хураалгах, хэлэлцэж буй асуудлаар таслах эрхтэй оролцох зэрэг эрхтэйгээр хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд оролцдог, хурлыг бүрдүүлдэг бүрэлдэхүүний нэг байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тодорхойлсноор хурал нь эдгээр сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэж, асуудлаа олонхийн зарчмаар санал хураалтаар шийдвэрлэх журамтай, харин хурлын төлөөлөгч нь өөрөө уг байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцдог этгээд ажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд уг хуулийн зорилт нь “ ... захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу” захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэх харилцааг зохицуулсан байна.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь иргэний хувьд хуулиар олгогдсон эрх[2] зөрчигдсөн гэдэг үндэслэлээр бус харин “төлөөлөгчийн хувьд” эдэлж, хэрэгжүүлэх эрхийг зөрчсөн хэмээн маргажээ.

Гэтэл “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч” гэдэг нь эрх зүйн байдлын хувьд нийтийн эрх зүйн харилцаанд бие даан өөрийн эрх ашиг сонирхлыг илэрхийлэн оролцож буй “иргэн”–ий эрх зүйн байдалтай ижил биш, тухайн орон нутгийн иргэдээс сонгогдож, тэднийг төлөөлж нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцдог “албан тушаал[3]” учир энэ асуудлаар дээрх хуульд заасан нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд биш байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь зөвхөн гадагш /бусдаас/ дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх захиргааны үйл ажиллагаанд холбогдуулан “эрх, хууль ёсны ашиг сонирхлоо” хамгаалуулах иргэн, хуулийн этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлтэй маргааныг хянан шийдвэрлэх эрхтэй.

Харин хурлын шийдвэр, үйл ажиллагаа нь түүнийг өөрийг нь бүрдүүлдэг нэгж төлөөлөгчдөд “захиргааны акт”-ын шинжтэй үйлчлэлгүй, мөн хуульд заасан захиргааны акт гадагшаа чиглэсэн үйлчлэлтэй байх шинжийг агуулаагүй учир захиргааны акт болохгүй. Өөрөөр хэлбэл, эрх зүйн хувьд “нэг этгээдэд” тооцогдож, эрх зүйн харилцаанд тус тусдаа[4] биш “нэг оролцогч” болж оролцох этгээд буюу байгууллагын дотоод шийдвэр гаргалтын процесс дахь зөрчил, маргааныг зарим төлөөлөгчийн гомдлоор захиргааны хэргийн шүүх хэрэг үүсгэж шийдвэрлэх боломжгүй.

Дээрх байдлаар, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нь уг хурлын шийдвэртэй холбогдуулан гаргасан нэхэмжлэл дэх маргаан бүхий акт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, захиргааны хэргийн шүүхэд хамааран шийдвэрлэгдэх нэхэмжлэл биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн, маргаж буй шийдвэрүүд нь намуудын зөвшилцлийн үндсэн дээр гарсан нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд хамаарч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05, “Ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд Б.Г нь маргаан бүхий 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 4 дүгээр хуралдаанд Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувьд оролцон тус хуралдааныг даргалж “Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх тухай” 01, “Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 02, “Аймгийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 03, “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” 04, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05 дугаар тогтоолуудыг баталгаажуулж гарын үсэг зурсан, мөн тэмдэглэлд тусгагдсанаар өөрөө уг албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн байх тул гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын 05, 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагын бусад хэсгийг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 122/ШШ2018/0003 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр 109.2, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ө-ын нэхэмжлэлийн болон гуравдагч этгээд Б.Г-ийн бие даасан шаардлагын “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тухайн хуралдаанаас гарсан “Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх тухай” 01, “Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 02, “Аймгийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 03, “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” 04, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Хурлын хуралдааныг товлон зарлах тухай” 47 дугаар тогтоолыг хүчингүй болгох” шаардлага, нэхэмжлэгч Э.Ө-ын “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05, “Ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” тухай шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн “б”-д заасныг баримтлан гуравдагч этгээд Б.Гансүхийн бие даасан шаардлагын “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05, “Ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, гуравдагч этгээд Б.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс нэхэмжлэл гаргахдаа тус тус улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа тус тус улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ