Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 3

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

         Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч Э.Өын нэхэмжлэлтэй,   

     

         Хариуцагч: АИТХд холбогдох,  

  

         Нэхэмжлэлийн шаардлага: “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тухайн хуралдаанаас гарсан “Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх тухай” 01, “Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 02, “Аймгийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 03, “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” 04, “ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05, “Ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

           Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Хурлын хуралдааныг товлон зарлах тухай” 47 дугаар тогтоолыг хүчингүй болгох,

 

Гуравдагч этгээд Б.Гийн бие даасан шаардлага: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Хурлын хуралдааныг товлон зарлах тухай” 47 дугаар тогтоолыг хүчингүй болгох, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тухайн хуралдаанаас гарсан “Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх тухай” 01, “Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 02, “Аймгийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 03, “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” 04, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05, “Ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоож, миний зөрчигдсөн эрхийг сэргээх,

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, Д.Одонтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чулуунбат, түүний өмгөөлөгч У.Болдхүү, гуравдагч этгээд Б.Г, Ж.Ц, Ц.Х, О.Б, И.Б, Т.М, Д.А, М.Т, Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Э.Ө шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 онд болсон орон нутгийн сонгуулиар Баруун-Урт сумын 5 дугаар багт нэр дэвшиж, сонгогчдын олонхийн саналыг авч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд хурлын Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульд аймгийн МАН-аас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 17 төлөөлөгч сонгогдон 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр болсон анхдугаар хуралдаанаараа төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, зохион байгуулалтын асуудал хэлэлцэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээ сонгосон. Анхдугаар хуралдаан шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр болсон.

            Гэтэл АН-аас сонгогдсон төлөөлөгчид шүүхийн шийдвэр болон сонгуулийн үр дүнг эс зөвшөөрч Сүхбаатарын талбай дээр суулт зарлаж, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах зэргээр улс төрийн тэмцэл хийсэн тул 2 намын зөвшилцөл гэх нэрийн дор 4 дүгээр хуралдааныг зарлаж зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр тохиролцсон байсан. Ингээд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж, 4 дүгээр хуралдааныг товлон зарлах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцсэн.

            Хуралдааныг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зарлан хуралдуулж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэн АН-аас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай асуудал хэлэлцэх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчиж байна, намууд зөвшилцлөө гэж хурал зарлах, хуралд асуудал оруулах эрх хуулиар олгогдоогүй гэж бид үзэж эсрэг байр суурьтай байсан.

         Энэ байдлаа тайлбарлаж эсрэг санал өгсөн боловч саналыг үл хэрэгсэн “намууд зөвшилцсөн учир хурал зарлах зайлшгүй шаардлагатай” гэсэн тайлбар өгч маргааш нь хурал хийхээр хурлын тов тогтоож, ажлын алба 2 намын бүлэгт мэдэгдсэн. Тэргүүлэгчдийн хурал 6 тэргүүлэгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, Ш.М, Т.М бид 3 санал өгч тэнцсэн боловч хурал хуралдуулах тогтоол гарсан.

        Ийнхүү Тэргүүлэгчдийн тогтоол гарсан нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан “хурлын хуралдааныг зарлан хуралдуулах...” 25 дугаар зүйлийн 25.2-т заасан “хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ... олонхийн саналаар батална” гэсэн заалтыг зөрчсөн. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 4 дүгээр хуралдаан хуралдаж, “Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх тухай” 01, “Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 02, “Аймгийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 03, “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” 04, “ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05, “Ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолууд гарсан. Ийнхүү 4 дүгээр хуралдааныг зарлан хуралдуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, “... бусад хуралдааныг тухайн хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид ... төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан хуралд оруулах эрхтэй”, 24.3-т “ энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гарах шийдвэрийн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос нэг хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн.

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг 4 жилийн хугацаагаар сонгохоор заасан бөгөөд хугацаанаас нь өмнө огцруулах, чөлөөлөх асуудлыг зохицуулаагүй. Гэтэл АН-ын шахалтаар Б.Гийг хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “ ... аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хурлын анхдугаар хуралдаанаар хурлын даргыг 4 жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн.

         4 дүгээр хуралдаан нь зарлахаасаа эхлээд хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр нь хууль зөрчиж, хурлын төлөөлөгч, Тэргүүлэгчдийн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдсан тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тухайн хуралдаанаас гарсан “Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх тухай” 01, “Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 02, “Аймгийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 03, “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” 04, “ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05, “Ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох, мөн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Хурлын хуралдааныг товлон зарлах тухай” 47 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь хуралдаанаар асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох эрхэд нь халдсан гэж үзэж байгаа. Энэ нь шийдвэр гаргах эрхээ бодитойгоор хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж байгаа. Гэтэл энэ хүний саналыг харгалзахгүйгээр шийдвэр нь гарсан учраас Төлөөлөгчийн бүрэн эрхэд халдсан байгаа нь нэхэмжлэгчийн шаардах эрх үүсэж байгаа юм гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. У.Болдхүү өмгөөлөгчийн тайлбарт дурдсанаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэж үзсэн байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны товыг 15-аас доошгүй хоногийн өмнө зарлах ёстой. Гэтэл 15 хоног хүрэлгүйгээр зарласан 47 дугаар тогтоолоос эхлээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаан хууль бус гэдэг нь харагдаж байна.

Тиймээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааныг хууль бус гэж үзсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаанаас гарсан бүх шийдвэр, тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 4 дүгээр хуралдаан нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байгаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаанаас гарсан 05 дугаар тогтоол дээр Б.Г дарга өөрөө гарын үсэг зурсан. Шинээр томилогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат 06 дугаар тогтоол дээр гарын үсэг зурсан. Шүүх үүн дээр онцгой анхаарах нь зүйтэй. Энэ тогтоол нь илт хууль бус захиргааны актын үндсэн шинжийг агуулж байгаа. Захиргааны байгууллагаас гаргаж байгаа шийдвэр нь хуульд үндэслэн гарах ёстой. Гэтэл энэ шийдвэр нь хуульд үндэслээгүй гарсан. Анхнаасаа хууль зөрчиж гарсан тогтоол нь хууль бус болох ёстой. Улсын Дээд шүүхийн 444 дүгээр тогтоолыг миний зүгээс хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байгаа. Энэ тогтоолоор Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр байна гэдгийг тогтоосон. Мөн уг тогтоолоор аймгийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг томилсон шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй байна гэж тогтоосон. Гэтэл намын санамж бичгийг үндэслээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль зөрчөөд хийсэн энэ хуралдаан нь хууль бус гэдэг нь эдгээр нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд  Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 онд болсон орон нутгийн сонгуулиар Эрдэнэцагаан сумаас нэр дэвшиж, сонгогчдын олонхийн саналыг авч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр болсон анхдугаар хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч зохион байгуулалтын асуудал хэлэлцэн олонхийн саналаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон. Анхдугаар хуралдаан дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний хурлын шийдвэрээр хүчин төгөлдөр болсон.

Тийм хэдий ч аймгийн Ардчилсан нам болон Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид шүүхийн шийдвэр болон сонгуулийн үр дүнг эс зөвшөөрч 2017 оны 2 дугаар сараас эхлэн 5 дугаар сарын 30 хүртэл Сүхбаатарын талбай дээр суулт зарлаж, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах зэргээр улс төрийн тэмцэл хийж байсан. Монгол Улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох гэж байсан зэргээс үндэслэн Монгол Ардын нам болон Ардчилсан намын удирдлагууд манай аймагт үүссэн улс төрийн нөхцөл байдалд анхаарал хандуулж намын санамж бичиг гэх нэрийн дор 4 дүгээр хуралдааныг хийлгэх шахалт үзүүлж хурал хийлгэсэн.

2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж 4 дүгээр хуралдааныг товлон зарлах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцсэн.

Тэргүүлэгчдийн хуралд тэргүүлэгч Ш.М, Т.М, Э.Ө, Д.А, И.Б, Б.Г нар оролцсон.

Хуралдааныг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зарлан хуралдуулж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэн Ардчилсан намаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай асуудал хэлэлцэх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчиж байна, намууд санамж бичгээр хурал зарлах, хуралд асуудал оруулах эрх хуулиар олгогдоогүй гэж тэргүүлэгч Ш.М, Т.М, Э.Ө нар эрс эсэргүүцсэн байр суурьтай байсан. Би олонхи зөвшөөрөөгүй учраас тогтоол гаргах боломжгүй байсан. Гэтэл намын дарга З.Энхтөрийн болон 2 намын санамж бичгийн шахалтаар тогтоол гаргасан.

Тэргүүлэгчдийн тогтоол гарсан нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 25.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тэргүүлэгч Э.Өын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

            Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч, иргэн Э.Өын нэхэмжлэлтэй, АИТХд холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс доорхи хариу тайлбарыг гаргаж байна.

Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөллийг сонгох ээлжит 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд МАН болон АН сонгогчдийн дийлэнх олонхийн саналыг авч сонгогдсон. Гэвч орон нутгийн сонгуулиас хойш намуудын хоорон дахь хууль зөрчсөн гэх маргаан зөрчил даамжирч ИТХ-ын болон захиргааны байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, үүний улмаас нийтийн эрх ашиг тэр дундаа сонгогч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж ноцтой үр дагаварт хүргэх нөхцөл байдал үүссэн. Харин энэхүү нөхцөл байдал гацаанаас гарахын тулд орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан 2 нам зөвшилцөлд хүрч харилцан ойлголцолд хүрснээр орон нутгийн ажил урагшлах боломжтой болсон нь өнөөдөр нийтэд илэрхий үйл баримт мөн.

Энэхүү хоёр улс төрийн намын харилцан зөвшилцөл түүний дагуу 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж гаргасан шийдвэрүүд нь нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр байсан бөгөөд хэн нэгэн энэхүү шийдвэрийн улмаас ажилгүй болсон эрх ашиг зөрчигдсөн гэж үзэн гомдол, санал гаргасан зүйл өнөөг хүртэл байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй бөгөөд хэрэв хурлын төлөөлөгч үзэл бодол нийлэхгүй байгаа тохиолдолд намын бүлэгтээ асуудлаа тавьж албан ёсоор хуралд асуудал оруулах төлөөлөгчийн эрх нь нээлттэй байгаа ба улс төрийн намуудын зөвшилцлийн дагуу явагдсан үйл ажиллагааг нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж хүчингүй болгохыг шаардсан нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд сонгуулийн жил дуусч, хурлын төлөөлөгчийн хувьд хэт улс төржилтөө зогсоон нийтийн эрх ашиг, ард түмнийхээ төлөө хурлын төлөөлөгчийнхөө үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах болсныг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чулуунбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Э.Өын нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа.

ИТХ-ын Тэргүүлэгчид нь аймгийн ИТХ-ын чөлөөт цагт хурлын хэвийн үйл ажиллагааг ханган явуулах статус бүхий сонгогдох зарчмаар байгуулагддаг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар ИТХ-ын онцгой бүрэн эрхээс бусад асуудлаар бие даасан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргадаг субьект юм. Иймээс ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тогтоол гарснаас хойш нэхэмжлэгч уг тогтоолд гомдол гаргах бүрэн боломжит хугацаа байсаар байтал өнөөдөр ингэж нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн шүүхэд анх гаргасан нэхэмжлэл нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаантай холбогдуулан гаргасан байтал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан нь ойлгомжгүй байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дээд шатны байгууллага нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бөгөөд хуульд нийцээгүй шийдвэр байвал хүчингүй болгож болно. Иймд уг асуудлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулсан  эсэх нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй юм.

Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас үзэхэд тухайн үед хурлын дарга байсан  Б.Гийг санал тэнцэж тогтоол гаргах ёсгүй асуудал дээр тогтоол гаргасан гэж үзсэн байх бөгөөд энэ нь Б.Г эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх тул эрүүгийн журмаар гомдол гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

Гуравдагч этгээд Б.Гийн бие даасан шаардлагын тухайд: Б.Гийн бие даан гаргасан шаардлагатай танилцан эс зөвшөөрч байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чөлөөт цагт хурлын хэвийн үйл ажиллагааг ханган явуулах статус бүхий сонгогдох зарчмаар байгуулагддаг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхээс бусад асуудлаар бие даасан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргадаг субьект юм. Иймээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тогтоол гарснаас хойш Б.Г нь уг тогтоолд гомдол гаргах бүрэн боломжит хугацаа байсаар байтал өнөөдөр ингэж нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн дээд шатны байгууллага нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бөгөөд хуульд нийцээгүй шийдвэр байвал хүчингүй болгож болно. Иймд уг асуудлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Б.Г нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхийн дээд хугацааг л хуульчилж өгсөн. Тус хуулийн заалтаар заавал 4 жилийг нь дуустал ажиллуулна гэсэн заалт байхгүй бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн  хурлын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 6.2-т зааснаар улс төрийн албан тушаалтан юм. Б.Гийн нэхэмжлэлээс харахад тухайн үеийн үйл баримтын эсрэг зүйл ярьж байгаа бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг өөрөө зарлан хуралдуулсан ба нэхэмжлэгчийн зүгээс Б.Гийн энэ үйлдлийг хууль бус үйлдэл гэж үзэн гомдол гаргасан.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь олонхоороо шийдвэр гаргадаг улс төрийн байгууллага бөгөөд Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд хурлын даргыг ажил албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэлийг ямар нэг шалгууртайгаар заагаагүй. Өөрөөр хэлбэл хурлын төлөөлөгч нар өөрийн дотоод итгэл үнэмшил, олонхоороо шийдвэрлэдэг.

Иймд хурлын даргыг чөлөөлөх, томилох асуудал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд заасан төлөөлөгчийн онцгой бүрэн эрх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7-д зааснаар улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй тул Б.Г даалгах нэхэмжлэл гаргасан нь шүүхийн зүгээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод үйл ажиллагаа буюу хурлын онцгой бүрэн эрхэнд халдах үндэслэл болохгүй юм гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч У.Болдхүү шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, мөн тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т нэхэмжлэл гэж “хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн хууль ёсны субьектив эрх нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан. Гэвч хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, холбогдох хууль тогтоомжоос харахад нэхэмжлэгчийн ямар эрх ашиг нь хөндөгдсөн эсхүл хөндөгдөж болзошгүй нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаан хуралдаж, нэр бүхий 6 тогтоол гаргаснаар төлөөлөгч Э.Өын ямар эрх, ашиг хөндөгдөж, субьектив эрх ашигт хохирол учруулсан болон учруулж болзошгүй нь харагдахгүй байна. Нэхэмжлэгч нь төлөөлөгчийнхөө хувьд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаанд оролцож таслах эрхтэй оролцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хуралдааны тэмдэглэл, тооллогын комиссийн дүн зэргээр нотлогдож байна. Мөн тус хуралдаанаас гарсан шийдвэрүүдээр нэхэмжлэгч Э.Өын Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан төлөөлөгчийн бүрэн эрх, 14 дүгээр зүйлд заасан төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа зэргийг хязгаарлаагүй байна. Мөн Э.Ө нь өмнө нь иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч байсан ба аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаанаар мөн Тэргүүлэгчээр дахин сонгогдсон бөгөөд энэ талаар санал хураалтанд өөрөө санал өгч хүсэл зоригоо илэрхийлсэн нь хуралдааны тэмдэглэлийн 100 хувийн саналаар шийдсэн зэргээс харагдаж байна.

 Иймд нэхэмжлэгчийн Тэргүүлэгч байж Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрх эдлэх асуудалд мөн хязгаарлалт тогтоогоогүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэв.

 

Гуравдагч этгээд П.Мөнхжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баруун-Урт сумын 5 дугаар багийн иргэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч гэх Эрдэнэ овогтой Өлзийтогтохын 2017 оны 9 сарын 13-ны өдөр танайд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. Улс төрийн нөхцөл шалтгааны улмаас Ардчилсан намын тавьсан шаардлагын дагуу Монгол ардын нам, Ардчилсан намын удирдлагын түвшинд зөвшилцөх тухай ярилцаж тохиролцон гэрээ байгуулж, 2 талын харилцан тохиролцсоноор аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааныг зарлан хуралдуулж энэ хурлаар төлөөлөгч миний бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг шинээр сонгосон. Албан ёсоор Тэргүүлэгчдийн хурлаас уг хурлыг товлон зарлаж, хурал хүчин төгөлдөр ирцтэйгээр явагдаж нэхэмжлэлд заасан тогтоолуудыг гаргасан тул эдгээр тогтоолуудыг хүчин төгөлдөр гэж үзэж байна.

2. Хоёр намын зөвшилцөл нь Монгол Улсын Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтуудын хүрээнд хийгдсэн тул хүчин төгөлдөр үйл ажиллагаа болсон гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгч этгээд өөрөө тус хуралд оролцож хурлын дотоод журмыг батлалцсаны зэрэгцээ өөрөө тооллогын комиссын гишүүнээр ажиллаж, тооллогын үр дүнг хуралд танилцуулсан, хурлаас гарсан бүх тогтоол шийдвэрүүдийг гар өргөн батлалцсан, хурлын даргыг сонгох үйл ажиллагаанд оролцож хурлын даргыг сонгосон зэрэг үйлдлүүд нь тухайн хурлыг хүлээн зөвшөөрсний баталгаа гэж үзэж, оролцсон хурлаа хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж буй үйлдлийг ойлгохгүй байна.

4. Э.Ө нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь заалтыг зөрчин Төрийн захиргааны албыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчийн ажилтай хавсран эрхэлж байгаа, мөн нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 14 дүгээр зүйлийн 14.2  дахь заалтуудыг зөрчиж байна гэж үзэж байгаа тул шүүхэд дээрхи асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэдэгт эргэлзэж байна. Өөрөөр хэлбэл Төрийн захиргааны албан хаагч уу, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч үү гэдгээ шийдэж байж нэхэмжлэл гаргах нь зүйд нийцнэ гэж үзэж байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Ц.Алтансүх шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баруун-Урт сумын 5 дугаар багийн иргэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Эрдэнэ овогтой Өлзийтогтохын 2017 оны 9 сарын 13-ны өдөр танайд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна .

1. Тухайн үед Сүхбаатар аймагт үүсээд байсан улс төрийн нөхцөл байдлын улмаас 2 намын удирдлагын түвшинд зөвшилцөж миний биеийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс татгалзах хүсэлтийг гаргасны дагуу би иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс татгалзсан болно.

2. Тухайн өдөр хуралдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.

 

 Гуравдагч этгээд Ц.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Цэдэвсүрэн овогтой Энхбаатар миний бие нь 2016 онд орон нутгийн сонгуулиар Баруун-Урт сумын 4 дүгээр багт нэр дэвшин сонгогчдын олонхийн санал авч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байна. Би анхнаасаа хоёр намын зөвшилцлийг дэмжээгүй 2017 онд 5 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааныг хууль бус хуралдаан болсон гэж үзэж байгаа тул хуулийн дагуу үнэн зөв шийдвэрийг гаргаж хуралдааныг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

 Гуравдагч этгээд Д.А шүүхэд ирүүлсэн  тайлбартаа: Сүхбаатар аймагт үүссэн улс төрийн нөхцөл байдал нь аймаг орны өмнө тулгамдсан асуудал, бодлогыг шийдвэрлэхэд хүндрэл учирсан учир хоёр нам ажлын хэсэг гаргаж зөвшилцлийн гэрээ байгуулсан. Энэ нь улс төрийн соёлыг Сүхбаатар аймагт бий болгох эхлэл гэж үзэж хууль зөрчсөн боловч хуралдааныг хийх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцож шийдвэр гаргахад оролцсон гэжээ.

 

Гуравдагч этгээд Ш.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Э.Өын нэхэмжлэлтэй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааныг  хууль бус болохыг тогтоож өгөхийг хүссэн” захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаагийн хувьд дараахь тайлбарыг гаргаж байна.

Миний бие 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Баруун-Урт сумын 5 дугаар багаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, улмаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хурал 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж нилээд олон асуудлыг хэлэлцсэн бөгөөд үүн дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааныг товлох тухай асуудлыг хэлэлцсэн байдаг.

Тухайн үед аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааныг хуралдуулах тухай хоёр намын удирдлага зөвшилцөлд хүрч хуралдааны товыг зарлах тухай чиглэлийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өгсөн байдаг.

Миний бие аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны товыг зарлах тухай  асуудал дээр эсрэг байр суурьтай байсан болно.

Тухайлбал: иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг хоёр намын бүлэг аймаг орон нутгийн эрх ашгийн үүднээс зөвшилцөлд хүрч хуралдуулах асуудал байж болно. Гэхдээ хурлыг шууд хоёр өдрийн дараа зарлах бол байж болохгүй. Товлон зарлах гэж байгаа бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудаа мөрдөж ажиллах ёстой өөрөөр хэлбэл 15 хоногийн дараа зарлах ёстой, энэ хугацаанд зарлаагүйгээс маргаан мэтгэлцээн гарахыг үгүйсгэхгүй гэсэн байр суурьтай байсан бөгөөд энэ тухай хурлын протоколд дэлгэрэнгүй туссан байгаа.

Нөгөө талаар тэргүүлэгчдийн санал тэнцэж аль нэг тал нь олонхи болоогүй байхад хурлын дарга тогтоол гаргаж 4 дүгээр хуралдаанаа зарласан нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж байгаа болно.

Тийм ч учраас өнөөдөр маргаан үүсэж шүүхэд хэрэг үүсгэн шалгагдаж байна гэж ойлгож байна гэжээ.

 

Гуравдагч этгээд И.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааныг хүчингүй болгуулж, тухайн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай шүүгчийн захирамжтай танилцлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 4 дүгээр хуралдааныг зарлан хуралдуулах болон бусад асуудлуудыг хэлэлцсэн болно. Хоёр намын зөвшилцлийн хүрээнд энэ хурлыг хийх болсон гэдэг шалтгааныг хэлж байсан. Би хурал хийх товыг зарлахыг дэмжсэн санал өргөсөн. Учир нь намууд хоорондоо зөвшилцсөн учир хугацаа алдахгүй энэ хурлыг хийе гэсэн байдлаар намаас шахаж байсан.

Энэхүү хуралд орсон тэргүүлэгчдээс миний бие болон 2 төлөөлөгч нийт 3 төлөөлөгч 2017 оны 5 дугаар сарын 31-нд хурлыг хуралдуулах тов зарлахыг дэмжсэн бол Т.М, Э.Ө, Ш.М нарын тэргүүлэгчид хууль зөрчих нь буруу гээд эсрэг санал өгсөн. Хэдийгээр санал тэнцсэн ч уг товыг зарлах шийдвэр гарсан.

Энэ хурлаас шийдвэр гарч хуралдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар үүссэн нөхцөл байдлын улмаас дараагийн хурлууд хуралдах боломжгүй нөхцлүүд үүсч миний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн эрхээ хэрэгжүүлэх боломж зөрчигдөж байгаа болно гэжээ.

 

Гуравдагч этгээд М.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг 2 намын зөвшилцөл нэрийн доор өөрчлөн томилох шийдвэр гаргасан нь хуралдаан зарлах үеэсээ л эхлэн илт хууль бус болж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч тэргүүлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж Э.Ө төлөөлөгч тэргүүлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувьд анхнаасаа хоёр намын зөвшилцөл гэж байхгүй хуралдааны товыг хуулийн хугацаанд товлон зарлах хэлэлцэх асуудлыг батлах зэрэг нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хуулиар олгогдсон бүрэн эрх гэдгийг зөвшилцлийн ажлын хэсгийг ахлаж Улаанбаатараас ирсэн Монгол ардын намын нарийн бичгийн дарга Бат-Энхэд хэлж өөрийн байр сууриа хаана ч хамгаална гэдгийг анхааруулсаар байтал ийм алхам хийж төлөөлөгч тэргүүлэгч бидний эрхийг бүдүүлгээр зөрчсөн нь төлөөлөгч Э.Өын нэхэмжлэлд хуулийн заалтуудыг тодорхой тусгаж илэрхийлсэн байх учир нэхэмжлэлийг дэмжиж гуравдагч этгээдээр оролцох саналаа илэрхийлсэн юм гэжээ.

 

Гуравдагч этгээд О.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б би аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааныг хууль бус гэж үзэж байна. Учир нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15 хоногийн өмнө зарлана гэж заасан. Гэтэл энэ заалтыг зөрчин 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 4 дүгээр хуралдааныг зарлаж 5 дугаар сарын 31-нд хуралдсан. Энэ хуулийн 20.1.1-д зааснаар хуралдааныг тэргүүлэгчид зарлах эрхтэй. Гэтэл тэргүүлэгчдийн санал тэнцэж шийдвэр гараагүй байхад хуралдаан зарласан тогтоол гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Мөн тэргүүлэгчид зарлаагүй хуралд зөвшилцөл нэрийн дор 2 намын шахалтаар /МАН, АН/-ын дарга нарынх нь дарамтад орж миний хүсээгүй саналыг өгүүлсэн. Үүнээс үүдэлтэйгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Сонгогдсон тойргийнхоо иргэдийн эрх ашгийг хамгаалж чадахгүй, тэдний санал хүсэлтийг уламжлах, хэрэгжүүлэх үүргээ биелүүлж чадахгүй байна.

Иймд Э.Өын гаргасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаан түүнээс гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Гуравдагч этгээд Т.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол ардын намын бүлэг, Ардчилсан намын бүлгийн гаргасан тухайн өдрийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Ш.Батбилэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Өын нэхэмжлэлтэй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааныг хүчингүй болгуулах тухайн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай шүүгчийн захирамжтай танилцлаа.

Энэ хурлаас шийдвэр гарч хуралдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар үүссэн нөхцөл байдлын улмаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвийн үйл ажиллагаа алдагдаж сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалж чадахгүй, санал бодлыг шийдвэр гаргах түвшинд уламжлах боломжгүй төлөөлөгч миний эрх ашиг хөндөгдөж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн иргэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Э.Өын АИТХд холбогдуулан гаргасан  “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тухайн хуралдаанаас гарсан “Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх тухай” 01, “Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 02, “Аймгийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 03, “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” 04, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05, “Ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн “Хурлын хуралдааныг товлон зарлах тухай “ 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Мөн энэ хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татагдсан Д.Г нь “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Хурлын хуралдааныг товлон зарлах тухай”   47 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж , иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тухайн хуралдаанаас гарсан “Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх тухай ” 01, “Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 02, “Аймгийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 03, “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” 04, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох тухай” 05, “Ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулж Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгох” гэж шаардлагаа тодорхойлсон.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг болон холбогдох нотлох баримтуудыг үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Хурлын хуралдааныг товлон зарлах тухай” 47 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, “иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тухайн хуралдаанаас гарсан “Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх тухай” 01, “Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай”  02, “Аймгийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай ” 03 , “иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай ” 04, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох тухай” 05, “Ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах ”-ыг хүссэн  шаардлага болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

 Түүнчлэн энэ маргааныг шийдвэрлүүлэхийн тулд нэхэмжлэгч Э.Ө, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Г нараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Нэг. Нэхэмжлэгч болон бие  даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тухайн хуралдаанаас гарсан 01, 02, 03, 04, 05, 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэлэлцэх үндэслэл.

Дээрх шаардлагуудын хүрээнд маргааны зүйл нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн Захиргааны хэргийн шүүхийн хянан хэлэлцэх маргаан байна гэж үзлээ.

Учир нь: Маргаан бүхий дээрх шийдвэрүүд нь захиргааны актын шинжийг бүрэн агуулсан  байх тул Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан гэж үзэж,  хэлэлцэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

            Хоёр. Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Хурлын хуралдааныг товлон зарлах тухай” 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн үндэслэл.

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 4 дүгээр хуралдааныг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулахаар товлон зарлаж  “Хурлын хуралдааныг товлон зарлах тухай” 47 дугаар тогтоол гаргасан байдаг. Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар нь уг тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Маргаан бүхий дээрх тогтоол нь захиргааны байгууллага өөрийн дотоодын үйл ажиллагаагаа зохицуулсан, гадагш чиглээгүй өөрт харъяалагдах субъектэд хамааралтай захиргааны шийдвэр байх тул нэхэмжлэгч Э.Ө, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Г нарын Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Хурлын хуралдааныг товлон зарлах тухай” 47 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг Захиргааны хэргийн  шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй харъяаллын бус маргаан байна гэж үзэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

            Гурав. Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тус хуралдаанаас гарсан “Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх тухай ”  01, “ Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай ” 02, “Аймгийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 03, “ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай ” 04, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05, “Ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн үндэслэл.

            Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр товлосон цаг хугацаандаа 96.8 хувийн ирцтэйгээр хуралдаж хурлаар хэлэлцэх ёстой асуудлуудаа хэлэлцэж шийдвэрлэн тухайн хуралдаанаас гарсан тогтоолуудыг олонхийн саналаар баталсан болох нь ирцийн бүртгэл /хх-ийн 40 дүгээр хуудас/, тооллогын комиссын тогтоолууд / хх-ийн 42, 45- 46, 55, 57/ ИТХ-ын хуралдааны тэмдэглэл / хх-ийн 59-69 / дүгээр хуудсанд байгаа нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд хуралдааны ирцийн талаар талууд маргаагүй болно.

            Нэхэмжлэгч Э.Ө нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанд төлөөлөгчийн хувиар оролцож, тус хуралдаанд тооллогын комиссоор ажиллан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.4  дэх хэсэгт заасан “ асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, “хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах”,  “Хурлын дарга, Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга ,Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах” зэрэг хуульд заасан хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ эдэлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар,  хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна.

            Түүнчлэн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн б-д хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх нь хурлын онцгой бүрэн эрх байхаар заасан байх тул нэхэмжлэгч Э.Өын хурлын даргыг зөвхөн анхдугаар хуралдаанаас сонгох, өөрчлөх боломжтой гэж тайлбарлаж байгаа үндэслэл няцаагдаж  байна.

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Г нь тухайн үед аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан бөгөөд 4 дүгээр хуралдааныг товлон зарлах тухай тэргүүлэгчдийн хуралдааныг товлон зарлаж хуралдуулан 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Хурлын хуралдааныг товлон зарлах тухай” 47 дугаар тогтоолыг гаргаж тус тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулан, 4 дүгээр хуралдаанд оролцож хуралдааныг даргалж, санал хураалтанд оролцон Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 22.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.4-т заасан эрхээ эдэлсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагдаж байна.

            Мөн тэрээр  өөрийн хүсэлтээр Сүхбаатар аймгийн Иргэдийн хурлын даргын үүрэгт ажлаа өгсөн болох нь хавтаст хэргийн 59-69 дүгээр хуудсанд байгаа 4 дүгээр хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна.

            Нөгөө талаас нэхэмжлэгч Э.Ө нь намуудын зөвшилцлийн үндсэн дээр Иргэдийн хурлыг зарлан хуралдуулах зохицуулалт хуулинд тусгаагүй гэж тайлбарлаж байгаа ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хоёр намын удирдлагуудын хийсэн тохиролцоо, намуудын хоорондоо ярилцаж тохиролцсон асуудал нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааны харьяалалд хамааралгүй учраас шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

            Хуулийн дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаан, түүнээс гарсан тогтоолууд нь нэхэмжлэгч Э.Ө, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Г нарын хууль ёсны эрх, ашгийг хөндөөгүй байна гэж шүүх дүгнэж байна.

            Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “ . . . бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна “ гэснийг зөрчиж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 2 хоногийн өмнө 4 дүгээр хуралдааныг зарлан хуралдуулсан процессын зөрчилтэй  байгаа хэдий ч энэ нь хүчин төгөлдөр ирцтэйгээр хуралдсан хуралдааныг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна гэж шүүх үзлээ.

            Дээрх үндэслэлүүдээр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 25 дугаар зүйлийн 25.1-д заасан  шаардлагыг хангаж хуралдсан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааныг хууль ёсны хурал болжээ гэж дүгнэлээ.

Дөрөв. Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “. . .  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх  хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Ө, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Г нарын Сүхбаатар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Хурлын хуралдааныг товлон зарлах тухай” 47 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

2. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн а, б, 23 дугаар зүйлийн 23.7, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ө, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Гийн Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тус хуралдаанаас гарсан “Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх тухай ” 01, “ Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай ” 02, “ 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай ” 03, “ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” 04, “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05, “Ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Ө, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Гийн улсын тэмдэгтийн хураамжид тус тус  төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, өмгөөлөгч нар энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Х.ЭРДЭНЭТУЯА