Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/01253

 

 

 

 

 

 

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/01468 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И ХХК-ийн хариуцагч Ф ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 13,734,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буяндэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч И ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2019 оны 6 сарын 28-ны өдөр 6/1 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. И ХХК нь уг гэрээний дагуу Арцатын аманд баригдаж буй орон сууцны хорооллын суурийн ажлыг хийж гүйцэтгэж, барилга хариуцсан инженерээр нь баталгаажуулснаар нийт 86,322,000 төгрөгийн ажил хүлээлгэн өгсөн. Хариуцагч тал гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар урьд нь дурдаж байгаагүй. Ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 13,734,000 төгрөгийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул Ф ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ф ХХК нь хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь талуудын байгуулсан 2019 оны 6 сарын 28-ны өдрийн 6/1 дугаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын суурийн ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын хөлс 86 322 000 төгрөг болсон. Хариуцагч нь 75,588,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч компанийн захирлын танилцуулсан Б.Ичинхорлоод 2019 оны 07 сарын 27-ны өдөр нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийг авснаар төлөх байсан боловч Б.Ичинхорлоо нь төлбөрөө төлөөгүй тул танилцуулсан нэхэмжлэгчид үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Мөн нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн суурийн ажлын чанараас шалтгаалан үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байгаа болно гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Ф ХХК-аас 13,734,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 226,620 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ф ХХК нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсны улмаас 2 амины орон сууцны суурь цууралт үүсэж цаашид тус суурин дээр барилга байгууламж барих боломжгүй болсон. Тухайн суурийг бүхэлд нь хуулж ахин суурийн ажил хийх шаардлагатай болсон тул хохирлын хэмжээг тодорхойлох, хохирол үүссэн шалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор шинжээч томилуулах, шүүх хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлтийг амаар гаргасан боловч шүүх хүлээж аваагүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Ф ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу үлдэгдэл төлбөр 13,734,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч Ф ХХК нь 10,734,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрдөг боловч энэхүү дүнгээр эвлэрэх боломжгүй, мөн нэхэмжлэгчийн зуучилсан этгээд 13,356,000 төгрөгийн бетон зуурмаг аваад үнийг нь төлөөгүй учир шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн, И ХХК барилгын суурь ухах ажлыг хийж гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлын хөлс нийт 86,322,000 төгрөг болсноос Ф ХХК 75,588,000 төгрөгийг төлж барагдуулсан, зохигчид энэ талаар маргаагүй тухай анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Б.Ичинхорлоотой байгуулсан гэх бетон зуурмаг нийлүүлэх гэрээ нь дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээтэй хамааралгүй тусдаа гэрээ байх тул бетон зуурмагийн үнийг аваагүй учир ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг хийгээгүй гэсэн хариуцагч Ф ХХК-ийн татгалзал үндэслэлгүй юм. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч И ХХК нь гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг захиалагч Ф ХХК-аас шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргийн үлдэгдэл төлбөрийг эс зөвшөөрч буй татгалзал болон давж заалдах гомдлын үндэслэлээ, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд доголдол үүссэн, үүнийг тодруулах зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж тайлбарлажээ.

 

Гэтэл хариуцагч талын хүсэлтэд дурдагдсан үндэслэл нь ажлын хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэх үндэслэлээр тухайн хүсэлтийг хангаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүйгээс гадна хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасан эрхээ хэрэгжүүлээгүйд анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй юм. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Харин давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх эрхийн хүрээнд нэхэмжлэгч талын тайлбарт тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Тодруулбал, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгч тал эвлэрэн хэлэлцэх тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 1,500,000 төгрөгөөр багасгах боломжтой гэж тайлбарласан /хх 34/ байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд уг тайлбараа үгүйсгээгүй тул хариуцагч Ф ХХК-аас 13,734,0001,500,000 = 12,234,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/01468 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Ф ХХК-аас 12,234,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 56.1 ... гэснийг ... 56.2 ... гэж, ... 226,620 төгрөгийг гаргуулж ... гэснийг ... 210,694 төгрөгийг гаргуулж ... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ф ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200511027033 төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 05 сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,620 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.НЯМБАЗАР