Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2020/01468

 

 

 

 

 

 

 

 

    2020       04         29

                           101/ШШ2020/01468

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: И ХХК

 

Хариуцагч: ФК ХХК холбогдох,

 

Гэрээний үүрэгт 13,734,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буяндэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буяндэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“И” ХХК 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “ФК” ХХК-тай тохиролцон Арцатын аманд баригдаж буй орон сууцны хороололын суурийн ажлыг хийж гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх гэрээ №6/1 дугаартай гэрээ байгуулсан. “И” ХХК тус гэрээнд заасны дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ барилгын суурийн ажил хийж барилгын дотор талбайд эксковатороор ажиллан барилга хариуцсан инженерээр хийсэн ажлаа баталгаажуулж хүлээлгэж өгч байсан. Хийсэн ажлын нийт тооцоо 86,322,000 төгрөг болсон. Үүнээс дансаар болон бэлнээр 72,588,000 төгрөгийг хүлээн авсан. “ФК” ХХК-иас үлдсэн 13,734,000 төгрөгийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Б.Ичинхорлоо болон Э.Мөнгөнбагана гэж хүмүүсийг танихгүй, хариуцагчийн хариу тайлбараас харж мэдсэн. Хариуцагч нь өмнө нь ажлын доголдлын талаар огт ярьж байгаагүй болно.

Иймд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “И” ХХК болон “ФК” ХХК-ийн хооронд байгуулсан №6/1 дугаартай гэрээний 3 дахь хэсгийн 3.3-т заасан үүргийн биелэлтийг хангуулан үлдэгдэл төлбөр болох 13,734,000 төгрөгийг “ФК” ХХК-иас гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч “ФК” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“И” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна Бид 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн № 6/1 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хамтран ажилласан билээ. Гэрээний дагуу барилгын суурийн ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын хөлс 86,322,000 төгрөг болсон. Үүнээс 75,588,000 төгрөгийг төлж барагдуулсан болно. “И” ХХК-ийн захирлын танилцуулсан хамаатан Б.Ичинхорлоо гэх эмэгтэй манай комианиас 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр М250 маркийн, 1мкуб нь 159,000 төгрөгийн үнэ бүхий 84мкуб нийт 13,356,000 төгрөгийн бетон зуурмагийг Сансарын тунелд барилгын давхрын цутгалтад авсан бөгөөд уг бетон зуурмагийн төлбөрийг аваад “И” ХХК-ийн үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тооцоолол хийсэн болно. Б.Ичинхорлоо нь Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ хийхэд өөрийн биеэр ирээгүй хүү Э.Мөнгөнбаганын нэр дээр гэрээ хийсэн ба гэрээний дагуу нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийг одоо болтол төлөөгүй тул анх танилцуулж зүучилсан “И” ХХК-ийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болно. Мөн төлбөрийг төлөхгүй байгаа үндэслэл нь нэхэмжлэгчийн хийсэн суурийн ажлын чанараас шалтгаалсан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч “ФК” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 13,734,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “ФК” ХХК нь нийт ажлын хөлс 86,322,000 төгрөг болсон бөгөөд үүнээс 75,588,000 төгрөгийг төлж барагдуулсан, Б.Ичинхорлоо гэгчид нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрт “И” ХХК-д төлөх үлдэгдэл төлбөрийг тооцсон, суурийн ажил нь чанарын шаардлага хангаагүй учраас үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэж маргаж байна.

 

“И” ХХК, “ФК” ХХК-ийн хооронд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 6/1 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, “И” ХХК нь Арцатын аманд баригдаж буй орон сууцны хорооллын суурийн ажлыг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр, 1мкуб нь 6000 төгрөг, төлбөрийг гүйцэтгэлээр ажил дууссаны дараа захиалагч талын хяналтын инженерээр баталгаажуулсан ажил гүйцэтгэсэн актыг үндэслэн олгохоор тус тус тохиролцсон байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, “И” ХХК нь гэрээний дагуу суурийн ажлаа хийж гүйцэтгэж, нийт ажлын хөлс 86,322,000 төгрөг болсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх төлбөрөөс “ФК” ХХК нь 75,588,000 төгрөгийг төлсөн, одоо үлдэгдэл нь 10,734,000 төгрөг гэж, мөн нөгөөтэйгүүр Б.Ичинхорлоо гэгчтэй байгуулсан гэрээний төлбөрт “И” ХХК-д төлөх төлбөрийг суутган тооцсон гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэхүү тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч “И” ХХК нь нийт 86,322,000 төгрөгийн төлбөрөөс 72,588,000 төгрөгийг дансаар болон бэлнээр 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 7 удаагийн шилжүүлгээр “ФК” ХХК-иас авсан болох нь “И” ХХК-ийн тооцсон тооцоолол, Хаан банкны 5429557946 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

 Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “ФК” ХХК-иас 13,734,000 /арван гурван сая долоон зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ФК” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 226,620 /хоёр зуун хорин зургаан мянга зургаан зуун хорь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д  олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

                       

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Т.ЭНХЖАРГАЛ