Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02455

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02455

 

 

Хаппи веритас ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/03226 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хаппи веритас ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Харгант цамхаг групп ХХК-д холбогдох

 

Номуун төв, Гуа хатад спа центр гэх хаяг бүхий самбарыг Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 115 дугаар байрны дээвэр хэсгээс буулгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Очирваань

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Анхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань шүүх хуралдаанд тайлбартаа:

Хаппи веритас ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 115 дугаар байрны зоорийн давхар В1 давхарын 300 м.кв, 1-5 давхарын 657.3 мкв талбай бүхий барилгыг 2015 онд худалдан авч өмчлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд эрүүл мэндийн чиглэлээр үзлэг оношлогоо хийж байна. Гэтэл тус барилгын 210 м.кв талбайн өмчлөгч Харганат цамхаг групп ХХК нь өмчлөлийн барилгын дээвэр хэсэгт өөрсдийн байгууллагын нэр бүхий өндөр 75 см, урт нь 4,5 метр орчим хэмжээтэй Номуун төв, Гуа хатад спа центр гэх хаяг бүхий самбарыг байрлуулсан байсан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн өмчлөлийн барилгаас дээрх хоёр хаяг бүхий самбарыг буулган өөрсдийн Хаппи веритас ХХК-ийн хаяг бүхий самбарыг байрлуулах шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлөөгүй. Иймд хариуцагч Харганат цамхаг групп ХХК-д барилгын дээврийн дээд хэсэгт байрлуулсан Номуун, Гуа хатад спа центр гэх хаяг бүхий самбаруудыг Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 115 дугаар байрны дээвэр хэсгээс албадан чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анхбаяр шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: 

Уг барилгыг Харгант цамхаг групп ХХК, Моно лаб ХХК нь хамтран барьж, Номуун төв гэх хаягтай 2009 онд ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгсөн. Тухайн барилгад үйл ажиллагаа явуулж байгаа өмчлөгч, эзэмшигчдийн дундын өмч бөгөөд Хаппи веритас ХХК нь барилгын ашиглалт, үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу бүх өмчлөгч, эзэмшигчдийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр холбогдох зардлаа гарган шийдвэрлүүлэх боломжтой. Уг хаягийг чөлөөлөх, өөрчлөх асуудал нь дан ганц манай компанийн шийдвэрлэх асуудал биш. Барилгад 4-5 компани үйл ажиллагаа явуулж, тус тусын өмчлөлийн талбайг эзэмшиж ашигладаг. Харгант цамхаг групп ХХК нь барилгын 5 дугаар давхрын баруун хэсэгт байрлах 210 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгч юм. 2011 онд манай компани Гуа хатад центр гэх хаягийг өөрийн хөрөнгөөр хийж, суурийг байрлуулж байсан бөгөөд өөрийн өмчлөлийн талбайд ногдох хаягийг захиран зарцуулах эрхтэй. Номуун төв гэсэн хаяг нь Гранд плаза худалдааны төв гэсэн нэртэй адилхан 5 давхар барилгын ерөнхий нэр. Эдгээр хаяг нь нэхэмжлэгч байгууллага өөрийн талбайг эзэмшиж өмчлөхөд хэрхэн саад болж байгаа нь тодорхойгүй байна. Энэ талаар нэхэмжлэгч хууль зүйн тайлбар хийгээгүй. Талбайг өмчилж, ашиглахад эдгээр хаяг саад болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар хариуцагч Харгант цамхаг групп ХХК-нд холбогдох Номуун төв, Гуа хатад спа центр гэх хаяг бүхий самбарыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 115 дугаар байрны дээвэр хэсгээс албадан чөлөөлөхийг даалгах тухай Хаппи веритас ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очир, Д.Очирваань давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын өмчлөлийн барилга дээр байршуулсан Номун төв, Гуа хатад нэртэй самбар, суурийг хариуцагч байгууллага өөрийн хөрөнгөөр хийж байршуулсан, тухайн самбарууд нэхэмжлэгчээс өөрийн өмчлөлийн талбайг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж нөлөөлөөгүй байна гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Хаппи веритас ХХК нь тус барилгын В1 давхар, 1-5 давхрын хэсгийн өмчлөгч болох нь тогтоогдсон бөгөөд өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, бизнесийн үйл ажиллагаагаа сурталчлах хэрэгцээний хүрээнд хариуцагчид хамааралгүй хаягийг чөлөөлөх, тухайн барилгад үйл ажиллагаа явуулдаггүй өөрийн өмчлөлийн талбайд ямар ч үйл ажиллагаа эрхлээгүй хариуцагч байгууллагад хамааралгүй хаягийг чөлөөлүүлэх нь Иргэний хуулийн 106 зүйлд заасантай нийцнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Хаппи веритас ХХК нь хариуцагч Харгант цамхаг групп ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 115 дугаар байрны дээвэр хэсгээс Номуун төв, Гуа хатад спа центр гэх хаяг бүхий самбаруудыг буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байдаг.

 

Нэхэмжлэгч Хаппи веритас ХХК нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 115 дугаар байрны зоорийн давхрын 300 м.кв талбай, 1 давхрын 300 м.кв талбай, 117,3 м.кв талбай, 4 дүгээр давхрын 130 м.кв талбай, 5 дугаар давхрын зүүн урд хэсэгт байрлах 110 м.кв талбайн өмчлөгч, хариуцагч Харгант цамхаг групп ХХК нь тус байрны 5 дугаар давхрын баруун хойд хэсэгт байрлах 210 м.кв талбайн өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 7-9,11-12, 46 тал/

 

Зохигчдын тайлбараас үзэхэд тухайн барилгын 2 давхрыг Монолаб ХХК өмчилж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Харганат цамхаг групп ХХК, Монолаб ХХК-иуд уг барилгыг хамтарч барьсан талаар тайлбар гаргажээ. /хх-ийн 48-49 тал/

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар маргааны зүйл болж буй барилгыг нэр бүхий компаниуд дундаа хэсгээр өмчилдөг тохиолдолд дундаа хэсгээр хамтран өмчлөгч нар нь бие биенийхээ эсрэг гаргаж байгаа маргаан гэж үзвэл тухайн барилгын өмчлөгч тус бүрийг уг маргаанд хариуцагчаар эсхүл гуравдагч этгээдээр оролцох эсэхийг тодруулах шаардлагатай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дахь хэсэгт Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэсэн хуулийн заалтыг шүүх анхаараагүй байна.

 

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд байрны дээвэр хэсэгт байрлах Номуун төв, Гуа хатад спа центр гэх хаягнууд нь хэний өмчлөлийн зүйл болох нь тодорхойгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүнд хамаарах харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцээх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/03226 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           С.ЭНХТӨР

                                                   Ц.ИЧИНХОРЛОО