Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 3226

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2018/03226

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол Номуун төв ХВХХК.

Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол Номун төв ХЦГХХК.

Номуун төв, гуа хатад спа центр гэх хаяг бүхий самбарыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 115 дугаар байрны дээвэр хэсгээс албадан чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХВХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХВХХК нь Баянгол дүүрэг 10 дугаар хороололд 115 дугаар байрны зоорийн давхар, В1 давхарын 300 мкв, 1-5 давхарын 657.3 мкв талбай бүхий барилгыг 2015 онд худалдан авч өмчлөгчөөр бүртгэгдэн, эрүүл мэндийн чиглэлээр үзлэг оношлогоо хийж үйлчилж ирсэн. Гэтэл тус барилгын 210 мкв талбайн өмчлөгч Харганат цамхаг групп ХХК нь өмчлөлийн барилгын дээвэр хэсэгт өөрсдийн байгууллагын нэр бүхий өндөр 75 см, урт нь 4,5 метр орчим хэмжээтэй Номуун төв, Гуа хатад спа центр гэх хаяг бүхий самбарыг байрлуулсан байсан. Нэхэмжлэгчийн зүгээс өмчлөлийн барилгаас эдгээр 2 хаягийн самбарыг буулгаж өөрсдийн ХВхаяг бүхий самбарыг байрлуулах шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлөөгүй. Иймд хариуцагч Харганат цамхаг групп ХХК-нд барилгын дээврийн дээд хэсэгт байрлах Номуун, Гуа хатад спа центр гэх хаяг бүхий самбаруудыг Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 115 дугаар байрны дээвэр хэсгээс албадан чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч ХЦГХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ 5 давхар барилгыг ХЦГХХК, Моно лаб ХХК нь хамтран барьж Номуун төв гэх хаягтай 2009 онд ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн. Тухайн барилгад үйл ажиллагаа явуулж байгаа өмчлөгч, эзэмшигчдийн дундын өмч бөгөөд ХВХХК нь барилгын ашиглалт, үйлчилгээ үзүүлэх гэрээний  дагуу бүх өмчлөгч, эзэмшигчдийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр холбогдох зардлаа гарган шийдвэрлүүлэх боломжтой. Уг хаягийг чөлөөлөх, өөрчлөх асуудал нь дан ганц манай компаний шийдвэрлэх асуудал биш. Барилгад 4-5 компани үйл ажиллагаа явуулж, тус тусын өмчлөлийн талбайг эзэмшиж ашигладаг. ХЦГХХК нь барилгын 5 дугаар давхрын баруун хэсэгт байрлах 210 мкв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгч. Гуа хатад центр гэх хаягийг 2011 онд манай компани өөрийн хөрөнгөөр хийж, суурийг байрлуулж байсан бөгөөд өөрийн өмчлөлийн талбайд ногдох хаягийг захиран зарцуулах эрхтэй. Номуун төв гэсэн хаяг нь Гранд плаза худалдааны төв гэсэн нэртэй адилхан 5 давхар барилгын ерөнхий нэр. Эдгээр хаяг нь нэхэмжлэгч байгууллага өөрийн талбайг эзэмшиж өмчлөхөд ямар саад болж байгаа нь тодорхойгүй байна. Энэ талаар нэхэмжлэгч хууль зүйн тайлбар хийсэнгүй. Талбайг өмчилж, ашиглахад эдгээр хаяг саад болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

             Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                   

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч ХВХХК нь хариуцагч ХЦГХХК-нд холбогдох Номуун төв, Гуа хатад спа центр гэх хаяг бүхий самбарыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 115 дугаар байрны дээвэр хэсгээс албадан чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч ХЦГХХК нь 2009 онд Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 115 дугаар байр Номуун төв нэртэй 5 давхар барилгыг барьж ашиглалтад оруулсан, тус барилгын тодорхой хэсэг талбайг ХВХХК, Моно лаб ХХК, ХЦГХХК тус тус өмчилж үйл ажиллагаа явуулдаг болох нь зохигчийн тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож, эдгээр баримтад талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь 5 давхар барилгын дээр байрлах Номуун төв, Гуа хатад спа центр бүхий хаягийн самбарыг буулгахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тухайн барилгын ерөнхий нэршил нь Номуун төв, Гуа хатад спа центр хаягийн самбар, суурийг ХЦГХХК нь өөрийн хөрөнгөөр хийж байршуулсан, тухайн хаяг бүхий самбарууд нэхэмжлэгчээс өөрийн өмчлөлийн талбайг эзэмшиж ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь  саад учруулж нөлөөлөөгүй байна.

Барилгын өмчлөгч компаниуд өөр өөрийн өмчлөх давхарын хэсэгт явуулах үйл ажиллагааны нэр хаягийг байршуулсан байх тул тухайн барилгын ерөнхий нэр Номуун төв, хариуцагчийн өөрийн хөрөнгөөр хийлгэсэн хаягийн суурьт байрлах Гуа хатад спа центр гэх хаягийг барилгын дээвэр хэсгээс албадан чөлөөлөхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ХВХХК нь тухайн 5 давхар барилгад өмчлөлийн талбайгаа эзэмшиж ашиглах эрх нь зөрчигдөөгүй тул хариуцагч ХЦГХХК-нд холбогдох Номуун төв, Гуа хатад спа центр гэх хаяг бүхий самбарыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 115 дугаар байрны дээвэр хэсгээс албадан чөлөөлөхийг даалгах тухай ХВХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд  хянан шйдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн  9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар хариуцагч ХЦГХХК-нд холбогдох Номуун төв, Гуа хатад спа центр гэх хаяг бүхий самбарыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 115 дугаар байрны дээвэр хэсгээс албадан чөлөөлөхийг даалгах тухай ХВХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

                          

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Ж.КУЛЬДАНА