Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2016/0604/З |
Дугаар | 839 |
Огноо | 2016-10-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 839
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Буянт-Ухаа дахь гаалийн газарт улсын байцаагч ажилтай Б******* овогтой Дашийн Ч*******,
Хариуцагч: Гааль, татварын ерөнхий газрын дарга /хуучнаар/,
Нэхэмжлэлийн шаардлага: “Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/456 дугаар тушаалын Д.Ч*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, сар бүрийн цалингийн болон улирлын үр дүнгийн урамшууллын мөнгө, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч*******, Ч.Э******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Гааль, Татварын ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч Д.Ч*******, Ч.Э******* бид Монгол Улсын гаалийн албанд 13-33 дахь жилдээ тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байна.
Энэ хугацаанд Монгол Улсын төрийн тусгай алба болох Гаалийн албанд гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, албаны үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зэргээр гаалийн эрхлэх хэргийн хүрээнд олон ажлуудыг санаачлан амжилттай зохион байгуулан ажиллаж, гаалийн мэргэжлийн цол болох гаалийн зөвлөх болон гаалийн итгэмжит зөвлөх цолыг хүртсэн. Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/456 дугаар “ Улсын ахлах байцаагч нарыг албан тушаалаас нь чөлөөлж, албан тушаалд томилох тухай” тушаалаар 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс улсын ахлах байцаагч Д.Ч*******ийг Буянт-Ухаа дахь гаалийн газарт, Ч.Э*******г Улаанбаатар хот дахь гаалийн газарт улсын байцаагчаар /ТТ-10/ албан тушаалд томилжээ.
Монгол Улсын Төрийн албаны хуульд зааснаар захиргааны санаачилгаар бидний албан тушаалыг бууруулах үндэслэл огт үүсээгүй бөгөөд ажлын байрны тодорхойлолтын хүрээнд төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол болон тухайн тушаалд тавигдах ерөнхий ба тусгай шаардлагатай мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлагыг бид бүрэн эзэмшсэн, шаардлагуудыг бүрэн хангаж ажиллаж байгаа болно.
Энэхүү тушаал нь Төрийн албаны хууль тогтоомжийг зөрчиж гаргасан гэж үзэж Төрийн албаны зөвлөлийн даргад гомдлоо гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 682 тоотоор биднийг өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, ашиг, нийгмийн баталгааг хангаж ажиллахыг Гааль, Татварын ерөнхий газрын дарга С.П*******т мэдэгдсэн хэдий ч асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна.
Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/456 тоот тушаал нь төрийн жинхэнэ албан хаагч-Монгол Улсын иргэн бидний хууль ёсны эрх, эрх чөлөө, нийгэм эдийн засгийн баталгаанд халдсан хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа тул бидний гомдлыг шийдвэрлэж, барагдуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Гааль, Татварын ерөнхий газар /хуучнаар/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Улсын байцаагч Д.Ч*******, Ч.Э******* нарын зүгээс Гааль, Татварын ерөнхий газрын даргад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариуг хүргүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний газрыг нэгтгэж Гааль, татварын ерөнхий газар болгон өөрчлөн газрын зохион байгуулалтын бүтцийг батлах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай” 03 дугаар тушаал батлагдсан.
Сангийн яамны хэрэгжүүлэгч хоёр агентлаг нэгдэж бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсонтойгоор хуулийн этгээдийн бүртгэлийн газарт шинээр тушаалд сонгон шалгаруулалт зохион байгуулах зэрэг ажлыг хийх шаардлага зайлшгүй гарч байна. Ийнхүү нэгтгэсэнтэй холбогдуулан хуучнаар гаалийн байгууллага, татварын байгууллагад бүтэц зохион байгуулалтыг үе шаттайгаар шинэчлэн батлах ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулсан.
Улмаар Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/456 дугаар тушаалаар нэр бүхий 11 гаалийн улсын ахлах байцаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, улсын байцаагчаар тус тус томилсон. Ингэхдээ Гааль, Татварын ерөнхий газрын дарга хуулиар олгогдсон эрхийн хүрээнд харьяа гааль, татварын нэгжийн зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг баталсан А/88 дугаар тушаал, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай А/195 дугаар тушаалыг тус тус үндэслэл болгосон. Иймд улсын байцаагч Д.Ч*******, Ч.Э******* нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Ч*******, Ч.Э******* нар нь “Гааль, Татварын ерөнхий газар /ГТЕГ/-ын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/456 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгох, цалингийн болон улирлын үр дүнгийн урамшууллын мөнгөний зөрүүг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд Л.Ч******* шүүх хуралдаан дээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд “ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдлийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Нэхэмжлэгч Ч.Э******* нь хуучин ажилдаа эргүүлэн томилогдох болсонтой холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул хэргийг тусгаарлан тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 747 дугаар захирамжаар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон болно.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Гааль, Татварын ерөнхий газрын бүтэц зохион байгуулалтыг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар хэмээн өөрчилсөн тул хариуцагчийн эрх залгамжлал Гаалийн ерөнхий газарт шилжсэн болно.
Нэхэмжлэгч Д.Ч*******ийн Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/456 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдлийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 501 дүгээр тогтоолоор Гаалийн ерөнхий газар болон Татварын Ерөнхий газрыг нэгтгэж Гааль, татварын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг Сангийн сайдын мөн оны “Гааль, татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай” 3 дугаар тушаалыг гаргаж, улмаар Гааль, татварын ерөнхий газрын даргын А/115 дугаар “Зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай” тушаалаар Гааль, татварын ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталж, улсын ахлах байцаагчийн тоо 23 байхаар тогтоожээ.
Уг тушаалаар бүтэц, орон тоог батлахаас өмнө Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны А/237 дугаар тушаалаар Улаанбаатар хот дахь Гаалийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан бөгөөд улсын ахлах байцаагчийн тоо 23 байснаас үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасанчлан Төрийн албан хаагчийн баталгаа хангагдах зарчмын үүднээс сонгон шалгаруулалт явуулах, орон тоо цөөрсөн тохиолдол үүсээгүй байна.
Гэтэл Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/456 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан “...Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч ...Д.Ч******* ... нарыг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Буянт-Ухаа дахь гаалийн газарт улсын байцаагчаар томилсон нь улсын ахлах байцаагч нар илүүдэлтэй байсан гэдэг шалтгаанаар тухайн албан тушаалтантай харилцан тохиролцож, саналыг авалгүй, байгууллагын удирдлага эрх мэдлийн хүрээнд нэхэмжлэгчийн албан тушаалыг бууруулсан нь хууль бус үйлдэл болжээ.
Төрийн албаны тухай хуулинд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болох албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэхчлэн хэд хэдэн тохиолдлыг тодорхой зааж өгсөн байдаг.
2015 оны Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Гааль, татварын ерөнхий газрын дарга нь хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах, албан хаагчдыг томилох, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэж ажиллуулах талаар тушаал шийдвэр гаргах эрхтэй хэдий ч нэхэмжлэгч Д.Ч*******ийг Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар, ТТ-12 ангилал зэрэглэлтэй ажиллаж байхад Буянт-Ухаа дахь гаалийн газарт улсын байцаагчаар томилж, ангилал зэрэглэлийг ТТ-10-13 болгон бууруулсан нь удирдах албан тушаалтны эрх хэмжээгээ хэтрүүлж, төрийн албан хаагчийн хуульд заасан албан ажил эрхлэх баталгааг алдагдуулсан байна.
Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд гарсан эрх зүйн актад Гааль, татварын ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын Бичиг баримт бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн орон тоо өмнөхийн адил 2 хэвээр үлдсэн ба чиг үүргийн хувьд өөрчлөгдөөгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Ч******* нь төрийн болон гаалийн байгууллагад 13 жил, тухайн албан тушаалд 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс Б/179 дүгээр тушаалаар томилогдон ирж ажилласны зэрэгцээ ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалттай хэрэгжүүлсэн гэх үндэслэлээр цалингийн тодорхой хувиар урамшуулж байсан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гаалийн улсын байцаагч нар үр дүнгийн гэрээ байгуулж, биелэлтийг дүгнүүлдэггүй, харин хагас бүтэн жилээр ажлын үр дүнг харгалзаж мөнгөн дүнгээр урамшуулдаг” гэх тайлбар болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд ажлаас үндэслэлгүй халагдсан талаар гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 682 дугаар албан бичгээр “Гааль, татварын ерөнхий газрын даргад: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар Д.Ч******* ... нарыг өмнө эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх ашиг, нийгмийн баталгааг хангаж ажиллахыг” мэдэгдсэн байхад хариуцагч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй болохыг дурдаж байна.
Иймд нэхэмжлэгч Д.Ч*******ийн “Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/456 дугаар тушаалаар Гааль, Татварын ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын улсын ахлах байцаагчаас чөлөөлж, Буянт-Ухаа дахь гаалийн газарт улсын байцаагчаар томилсон үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгох болон сар бүрийн цалингийн болон улирлын үр дүнгийн урамшууллын мөнгөний зөрүүний хохирлын мөнгө болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын ногдох хэсгийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Дээрх Б/456 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Ч*******ийг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж, Буянт-Ухаа дахь гаалийн газарт улсын байцаагчаар томилсон нь хууль бус үйлдэл бөгөөд нэхэмжлэгчийг тодорхой албан тушаалд томилж, цалин хөлс авах боломжийг олгосон боловч нэхэмжлэгч Д.Ч******* тухайн албан тушаалд шилжин очих тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй, Буянт-Ухаа дахь гаалийн газраас цалин хөлс аваагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, бусад бичгийн баримтаар тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх үндсэн цалин, нэмэгдэл нийт 5.613.998.82 /таван сая зургаан зуун арван гурван мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг нөхөн гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаас төлүүлэхээр шийдлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасны дагуу хэргийн оролцогчид нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар үндэслэлээ нотлоход шаардлага бүхий нотлох баримтуудыг гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгт нэмж нотлох баримт цуглуулах шаардлагагүй, цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүх хуралдаанд удаа дараа мэдүүлсэн, нотлох баримт цуглуулах шаардлагын үүднээс шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон зэргийг шүүх харгалзан үзэж хэргийг шийдсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ч*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/456 дугаар тушаалын Д.Ч*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх үндсэн цалин, нэмэгдэл нийт 5.613.998.82 /таван сая зургаан зуун арван гурван мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч Гаалийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.,200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газраас 70.200 төгрөг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУМАА