Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00293

 

“Мөнгөн бүрэн ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06399 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 94 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Болортуяад холбогдох,

105 250 901 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК нь иргэн М.Болортуяатай 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай сарын 3,8%-ийн хүүтэй зээлдүүлсэн. М.Болортуяа нь зээл авсан өдөртөө 4 сарын 7 хоногийн хүү 354 667 төгрөг, мөн 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлийн 5, 6, 7 дугаар сарын хүүнд нийт 4 661 334 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс өнгөрсөн хугацаанд М.Болортуяад зээлийн төлбөрөө төлөх хугацааг хангалттай олгосон боловч тэрээр ийнхүү зээлээ төлөхгүй өдийг хүрсэн тул “Мөнгөн бүрэн” ББСБ нь шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрлээ.Зээлдэгч М.Болортуяа нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, иргэн Н.Мандхайн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2201010769 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7В дугаар байрны 39 тоотод байршилтай, 18 м.кв хэмжээтэй 1 өрөө орон сууцыг барьцаалсан болно. Хариуцагч М.Болортуяагаас үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 59 330 670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 936 232 төгрөг, нийт 105 250 901 төгрөгийг нэхэмжилсэн.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хүүг 59 330 670 төгрөг гэж алдаатай бичсэн байгааг залруулан 54 314 669 төгрөг болгож байна. Хариуцагч М.Болортуяа нь 105 250 901 төгрөгөөс 385 215 төгрөг зөвшөөрөхгүй, 104 863 686 төгрөг болгож байх тул энэхүү шаардлагаа дэмжиж байна. М.Болортуяа нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан барьцааны гэрээний зүйл болох Н.Мандхайн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2201010769 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7В дугаар байрны 39 тоотод байршилтай, 18 м.кв хэмжээтэй нэг өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос нэхэмжлэгчийн шаардлагыг хангуулах шийдвэрийг гаргаж өгнө үү. Барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:...Хариуцагч талаас 40 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн болохоо хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 105 250 901 төгрөгийг зөвшөөрөхгүй. Хариуцагч талаас тооцож үзэхэд зээлийн хүү 54 314 894 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 548 792 төгрөг байх тул нийт төлөх ёстой төлбөр 104 863 686 төгрөг болж байна. Иймд 387 215 төгрөгийг зөвшөөрөхгүй.Харин хариуцагч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйл Н.Мандхайн өмчлөлийн орон сууцаар хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулна гэдгийг зөвшөөрөхгүй. М.Болортуяагийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож Н.Мандхайтай барьцааны гэрээ байгуулсан байдаг.Барьцааны гэрээний 2.2.т барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг заасан байх бөгөөд 2.2.1-2.2.4-т үндсэн зээл 40 000 000 төгрөг, гэрээт хугацааны сарын хүү 3.8 хувь, хугацаа хэтэрсэн бол төлбөрийг төлж дуусах хүртэл хугацааны хүү, төлбөр төлж дуусах хүртэл нэмэгдүүлсэн хүү 20 хувь бусад хохирол төлбөр гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч бүх үнийн дүн буюу барьцааны хөрөнгөөр бүхэлд нь хангуулахаар шаардаад байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардаж байгаа бол хамтран хариуцагч Н.Мандхайг татан оролцуулах ёстой гэж үзэж байна.Иймд М.Болортуяа үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйл болох Н.Мандхайгийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт тусгуулах гэсэн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06399 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.Болортуяагаас үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 54 314 894 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 548 792 төгрөг, нийт 104 863 686 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Болортуяа нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Н.Мандхайн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201010769 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 19 хороо, 21 дүгээр хороолол, 7В дугаар байр, 39 тоот 18 м.кв талбай бүхий №000035010 тоот гэрчилгээтэй, 1 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдааг хангуулж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 28321 тоот захирамжаар хариуцагч М.Болортуяагийн барьцааны гэрээгээр барьцаалсан иргэн Н.Мандхайн өмчлөлийн Эрхийн Улсын бүртгэлийн Ү-2201010769 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 19 хороо, 21 дүгээр хороолол, 7В дугаар байр, 39 тоот 18 м.кв талбай бүхий, орон сууц болон мөнгийг битүүмжилсэн арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.Болортуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 682 268 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 684 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 94 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06399 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201010769 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7В дугаар байр, 39 тоот 18 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК-ийн М.Болортуяад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “2” гэж, 4 дэх заалтыг “3” гэж, 5 дахь заалтыг “4” гэж дугаарлаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Болортуяагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүх “барьцааны гэрээний барьцаалуулагч тал нь зээлдэгч М.Болортуяа биш байхад шүүх барьцааны зүйлийг өмчлөх этгээд болох иргэн Н.Мандхайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь барьцаалуулагчийн өмчлөх эрхээ хамгаалах боломжийг үгүйсгэсэн, хуульд заасан эрхийг нь зөрчсөн байх тул барьцаа хөрөнгөтэй холбоотой гаргасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй” гэжээ.

Давж заалдах шатны шүүх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан дагалдах гэрээ болох Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг үндсэн үүргээс салангид авч үзэж шийдвэрлэсэн нь алдаатай гэж үзэж байна. Учир нь үүрэг гүйцэтгэгчийн эдийн болон эдийн бус баялагийн шинжтэй ашиг сонирхол хангагдаж байх нөхцлийг баталгаажуулсан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох нэмэлт үүргийн шинжийг агуулдаг Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг үндсэн үүргээс нь салангид авч үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч “Мөнгөнбүрэн” ББСБ болон иргэн Н.Мандхайн хооронд байгуулсан “Үл хөдлөх барьцааны гэрээ” нь Монгол Улсын хуулийн дагуу баталгаажуулан улсын бүртэлийн байгууллагад бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байхад давж заалдах шатны шүүх “барьцаалуулагч нь өөр этгээд учраас барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэх боломжгүй” гэж үзэж байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн “барьцаалуулагчийн өмчлөх эрхээ хамгаалах боломжийг үгүйсгэсэн, хуульд заасан эрхийг нь зөрчсөн” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд барьцаалуулагч иргэн Н.Мандхай нь уг барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхийн энэ шийдвэр саад болохгүй, мөн тэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хуулийн дагуу оролцон эрхээ хамгаалах боломжтой гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 94 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 101/ШШ2016/06399 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                              ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК нь хариуцагч М.Болортуяад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ. Хариуцагч М.Болортуяа нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 387 215 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулж, барьцааны эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасантай холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэлгүй гэж үзжээ. \хх-ийн 65, 67 дугаар тал\.

Анхан шатны шүүх хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан \хх-ийн 70-72 дугаар тал\ боловч хариуцагч нь нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа барьцааны гэрээний талаар маргаантай болохоо илэрхийлсэн, барьцааны зүйл нь хариуцагч М.Болортуяагийн өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд барьцааны эд хөрөнгийн өмчлөгчийг оролцуулах талаар хариуцагч талаас шүүх хуралдаанд хүсэлт гаргасан зэрэг байдлыг анхааралгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3., 29 дүгээр зүйлийн 29.3.-т заасан шаардлагыг зөрчжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.-т зааснаар шүүх шаардлагатай гэж үзвэл шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болдог. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.-т зааснаар шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. Анхан шатны шүүх барьцааны зүйлийн өмчлөгч Н.Мандхайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч, эсхүл гуравдагч этгээдээр оролцуулах асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн талаар эцэслэн дүгнэлт хийх боломжтой болно.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулах арга хэмжээг зохих журмын дагуу авалгүйгээр барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь барьцааны эд хөрөнгөөс тэргүүн ээлжид үүргийн гүйцэтгэлийг хангуулах Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1., 174 дүгээр зүйлийн 174.1., 175 дугаар зүйлийн 175.1.-д заасан үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг зөрчжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн дээрх алдааг хяналтын шатны шүүх залруулах, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний талаар дүгнэх тус тус боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.    

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06399 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 94 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН