Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2231

 

         

              

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС           

             

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5007526 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 5/8 дугаар байр 306 тоот хаягт байрлах “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЧЖ73061160 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун 801 байр, 203 тоот хаягт оршин суух, Тар овогт Магсарсүрэнгийн Болортуяад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 105.250.901 төгрөг гаргуулах, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2201010769 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 7в байрны 39 тоот үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах, уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ нь үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Мандхай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Мөнгөн бүрэн” ББСБ нь иргэн М.Болортуяатай 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 40.000.000 төгрөгийг, 3 сарын хугацаатай сарын 3,8%-ийн хүүтэй зээлдүүлсэн. М.Болортуяа нь зээл авсан өдөртөө 4 сарын 7 хоногийн хүү 354.667 төгрөг, мөн 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлийн 5, 6, 7 дугаар сарын хүүнд нийт 4.661.334 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс өнгөрсөн хугацаанд М.Болортуяад зээлийн төлбөрөө төлөх хугацааг хангалттай олгосон боловч тэрээр ийнхүү зээлээ төлөхгүй өдийг хүрсэн тул “Мөнгөнбүрэн” ББСБ нь шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрлээ. Зээлдэгч М.Болортуяа нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Н.Мандхайн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2201010769 дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7В дугаар байрны 39 тоотод байршилтай, 18 м.кв хэмжээтэй 1 өрөө орон сууцыг барьцаалсан болно.

Хариуцагч М.Болортуяагаас үндсэн зээл 40.000.000 төгрөг, хүү 59.330.670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.936.232 төгрөг, нийт 105.250.901 төгрөгийг нэхэмжилж байна. М.Болортуяа нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан барьцааны гэрээний зүйл болох Н.Мандхайн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2201010769 дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7В дугаар байрны 39 тоотод байршилтай, 18м.кв хэмжээтэй нэг өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос нэхэмжлэгчийн шаардлагыг хангуулах шийдвэрийг гаргаж өгнө үү. Барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна гэв. Нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө зээлийн гэрээний үүргийг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгч М.Болортуяагийн бусад хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Болортуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлийн төлбөрт 105.250.901 төгрөг гаргуулах, хариуцагч М.Болортуяа нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан барьцааны зүйл 18 м.кв хэмжээтэй нэг өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос нэхэмжлэгчийн шаардлагыг хангуулахаар шийдвэрийг гаргуулахаар тодорхойлжээ. Хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч шүүхэд хандсаны дараа дахин үүргээ гүйцэтгээгүй нөхцөл байдал үүсэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зохицуулалтыг үндэслэн зээлийн гэрээний дагуу ердийн журмаар нэхэмжилсэн байна гэж үзэж байна. Хариуцагч талаас 40.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн болохоо хүлээн зөвшөөрч байгаа хариуцагч талаас тооцож үзэхэд зээлийн хүү 54.314.894 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.548.792 төгрөг байх тул нийт төлөх ёстой төлбөр 104.863.686 төгрөг болж байна. Иймд 387.215 төгрөгийг зөвшөөрөхгүй. Харин хариуцагч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйл Н.Мандхайн өмчлөлийн орон сууцаар хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулна гэдгийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар тодорхойлсон атлаа барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнэ нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэлцэхгүй бол хариуцагчийн бусад хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээс хангуулахаар тодорхойлсон нь хоорондоо зөрчилтэй байгаа төдийгүй зээлийн гэрээ, барьцааны гэрээний агуулгад нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 104.863.686 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Мандхай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж буй “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн М.Болортуяатай холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагын 1 болон 3 дугаар зүйлийг харахад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ердийн журмаар нэхэмжилсэн гэж ойлгогдож байна. Энэ тохиолдолд зээлийн гэрээний шаардлагыг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлаггүй гэж үзэж байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг миний өмчлөлийн 1 өрөө орон сууцнаас хангуулах үндэслэлгүй гэж үзэж байгаа тул барьцаа хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК нь хариуцагч М.Болортуяад холбогдуулан үндсэн зээл 40.000.000 төгрөг, хүү 54.314.669 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.936.232 төгрөг, нийт 105.250.901 төгрөгийг гаргуулах, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2201010769 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 7в байрны 39 тоот үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ нь үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40.000.000 төгрөг, хүү 54.314.894 төгрөг, нэмэгдүүлсэн хүү  10.548.792 төгрөг, нийт 104.863.686 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцсон.

“Мөнгөн бүрэн ББСБ” ХХК нь М.Болортуяатай 2013 оны 04 дүгээр сарын 24-ний  өдөр №13/035 тоот зээлийн гэрээ байгуулж, 40.000.000 төгрөгийг, сарын 3,8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд Н.Мандхайн өмчлөлийн Улсын бүртгэлийн Y-2201010769 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7В дугаар байр, 39 тоот 18 м.кв талбай бүхий, №000035010 тоот гэрчилгээтэй,  1 өрөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалж 2013 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр 13/035 дугаартай барьцааны гэрээг Н.Мандхайтай байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна./х.х-ийн 4-8 дугаар тал/

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар зээлийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж гэрээг хуульд нийцүүлэн байгуулсан байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хариуцагч нь зээлийн хүүнд зээлийн гэрээний хугацаанд буюу 2013 оны 4 дүгээр сарын 24-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл 5.016.001 төгрөгийг төлсөн байх бөгөөд талууд энэхүү үйл баримтад маргаагүй.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссан боловч үүргээ гүйцэтгээгүй байх бөгөөд улмаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл буюу 35 сар 8 хоногийн хэтэрсэн хугацааны хүүнд /54.314.669/ төгрөг, үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний /10.936.232/ төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч М.Болортуяагаас үндсэн зээл 40.000.000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 54.314.669 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.936.232 төгрөг нийт 105.250.901 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “.Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

Харин үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ нь үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Учир нь, мөнгөн хөрөнгө гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах дарааллыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тусгайлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэлгүй, харин шүүх шаардлагатай гэж үзвэл шийдвэр гүйцэтгэх арга замыг тодорхойлж болох боловч энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон,

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Болортуяагаас 105.250.901 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Болортуяа нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Н.Мандхайн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2201010769 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7В дугаар байр, 39 тоот 18 м.кв талбай бүхий, №000035010 тоот гэрчилгээтэй,  1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ нь үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 28321 тоот захирамж хэвээр байхыг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 754.410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Болортуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 684.210 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.ЭНХЖАРГАЛ