Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01243

 

 

 

 

 

 

 

С.Угийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01315 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Угийн хариуцагч Н ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн нийт 28,653,750 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бахдамдэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.У нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие Н ХХК-тай 2019 оны 01 сарын 09-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр Н ХХК нь өөрийн барьж ашиглалтад оруулж буй Амар Амгалан 2 орон сууцны хотхоны 3 дугаар байр, 1 дүгээр орц, 4 давхар, 401 тоотод байршилтай, 42.45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2019 оны 12 сарын 25-ны өдөр захиалагчид түлхүүр гардуулснаар хүлээлгэн өгөх, захиалагч С.У нь орон сууцны үнэд 1 м.кв нь 1,350,000 төгрөг, нийт 57,307,500 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон.

Захиалагч нь дээрх гэрээний урьдчилгаа төлбөрт 2019 оны 01 сарын 09-ний өдөр 10,653,750 төгрөг, 2019 оны 01 сарын 30-ны өдөр 18,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ба 2019 оны 01 сарын 09-ний өдөр 10,653,750 төгрөг, 2019 оны 02 сарын 02-ны өдөр 18,000,000 төгрөг нийт 28,653,750 төгрөгийг тус компанийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 426010888 тоот дансанд шилжүүлсэн.

Гэтэл Н ХХК нь өнөөдрийг хүртэл орон сууцны барилгын ажлыг эхлүүлээгүй, цаашид хэзээ баригдах эсэх нь тодорхой бус байна. Иймд гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн нийт 28,653,750 төгрөгийг Н ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н ХХК нь шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Н ХХК-аас 28,653,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Уд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-аас 301,219 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Уд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг албан ёсоор цуцлаагүй. Хэрэв захиалагч гэрээг цуцлах талаар хүсэлт гаргасан бол гэрээний дагуу төлсөн төлбөрөөс нь 10 хувийг суутган буцаан олгохоор заасан хэдий ч компаниас үл хамаарах шалтгаанаар барилга удааширч байр баригдаагүй удсан. Одоо ч энэ байдал хэвээрээ байгаа бөгөөд бид С.Утай гэрээ цуцлахгүйгээр баригдаж буй байранд шилжүүлэх боломжтой. С.Угийн байр мөн баригдах тул мөнгийг буцаан олгох боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С.У нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу төлсөн 28,653,750 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

Талууд 2019 оны 01 сарын 09-ний өдөр 260 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр Н ХХК нь өөрийн барьж буй Амар амгалан 2 хотхоны 3-р байр, 1-р орц, 4 давхар, 401 тоотод байршилтай 42.45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2019 оны 12 сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөх, С.У нь орон сууцны үнийг тодорхой хуваарийн дагуу төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байх ба зохигчид энэ талаар маргаагүй. /хх 8-13/

 

Анхан шатны шүүх хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэсэн байх боловч нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж буруу дүгнэснийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банк ХХК болон Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх 15-16/, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч С.У нь гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрт нийт 28,653,750 төгрөгийг төлсөн, харин хариуцагч Н ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэдэг буюу гүйцэтгэх ажлын шинж, чанар нь захиалагчийн хүсэл зориг, сонголтоос хамаардаг байтал талуудын байгуулсан гэрээний зүйл болох орон сууцны зохион байгуулалт, хэмжээ, хийц, чанар зэрэг нь Н ХХК-аас баталсан зураг, төслөөр тодорхойлогдсон байна. Харин С.У нь тогтоосон хуваарийн дагуу орон сууцны үнэ төлөх, орон сууцыг баригдаж дуусахад хүлээж авах үүрэг хүлээж байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч Н ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг С.Угийн өмчлөлд гэрээнд заасан хугацаанд шилжүүлэн өгөөгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу Орон сууц захиалгын гэрээ-ээс татгалзах, улмаар мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн 28,653,750 төгрөгийг Нарны хүү сарын охин ХХК-аас буцаан шаардах эрхтэй.

 

Хариуцагч тал давж заалдах гомдлын үндэслэлээ гүйцэтгэгч талаас үл хамаарах шалтгаанаар орон сууц одоо хүртэл баригдаагүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлахгүйгээр орон сууцыг хүлээлгэн өгөх, эсхүл өөр орон сууц дүйцүүлэн өгөх тул нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн мөнгөн хөрөнгийг буцаан олгох боломжгүй гэсэн агуулгаар тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нь илт байх тул С.У нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулахгүйгээр гэрээнээс татгалзах эрхтэй учир гэрээ цуцлагдаагүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, барилгын ажил эхлээгүй байгаа тухай нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар няцаагаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч Н ХХК-аас 28,653,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Уд олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01315 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...343 дугаар зүйлийн 343.1... гэснийг ...243 дугаар зүйлийн 243.1... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Н ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200510918737 төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 05 сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,220 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.НЯМБАЗАР