Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2020/01315

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020 о       04 с        14 ө

Дугаар         101/ШШ2020/07079

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .................. тоотод оршин суух хаягтай Боржигон овогт ..........У /РД:.........../-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ................ тоот хаягт байрлах “Н” ХХК /РД:.........../-д холбогдох

 

Гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 28,653,750 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ........., нарийн бичгийн дарга ............ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие У нь нөхөр, 1 настай хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчдын гудамж 752 тоот өөрийн нөхрийн аавын хашаанд гэрт амьдардаг бөгөөд гэр бүлийн гишүүдийн сүүлийн 5 жилийн хуримтлалыг байранд нүүж орж, аж амьдарлаа дээшлүүлэх зорилгоор тус компанийн Амар амгалан хотхоныг сонирхож, улмаар урьдчилгаа төлж үлдэгдэл төлбөрт зээлэнд хамрагдах шийдвэрийг гаргаж гэрээ байгуулсан. Н ХХК-ийн барьж ашиглалтад оруулж буй “Амар Амгалан 2” орон сууцны хотхоны 3-р байрны 1-р орцны 4 давхрын 401 тоот орон сууцны зориулалттай 42,45 м2 талбай бүхий 2 өрөө байрыг 2019 оны 12 сарын 25-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр 1 м.кв-ын үнийг 1,350,000 төгрөгөөр буюу нийт 57,307,500 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, Орон сууц захиалгын гэрээг 2019 оны 1 сарын 09-ний өдөр байгуулсан. У миний бие Орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөр болох 28,653,750 төгрөгийг хоёр хувааж 2019 оны 1 сарын 09-ны өдөр 10,653,750 төгрөг, 2019 оны 1 сарын 30-нд үлдэгдэл 18,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсний дагуу нийт 2019 оны 01 сарын 09-ны өдөр 10,653,750 төгрөг, 2019 оны 2 сарын 2-ны өдөр төлсөн 18,000,00 төгрөг нийт 28,653,750 төгрөгийг гэрээнд заасан тус компанийн ХХБ-ны 426010888 тоот дансанд шилжүүлсэн. 2019 оны 4 сарын 2-ны өдөр тус компанид өөрийн биеэр очиж уулзан барилга яагаад одоог хүртэл эхлэхгүй байгааг лавлахад захиалга өгсөн барилга нь 3-р байр буюу түүний өмнө баригдах ёстой 2-р байрны барилгын ажил эхлээгүй байгаа талаар мэдсэн. Иймд Би захиалга өгсөн байр нь хугацаандаа ашиглалтад орохгүй болохыг ойлгож, гэрээгээ цуцлах өргөдлөө өөрийн нөхөр Н.Анхзоригтоор дамжуулж өгсөн. Өргөдлийг тус компанийн ажилтан н.Булгаа хүлээж авсан. Өргөдлийн дагуу гэрээ цуцлахыг зөвшөөрч гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөрийг 2019 оны 6-р сарын 26-нд буцааж төлөх боломжтой талаар н.Булгаа хэлсэн. Ингээд уг хугацаанд мөнгө буцааж өгөөгүй тул 2019 оны 7 сарын 4-ний өдөр тус компанид очиж уулзахад санхүүгийн асуудалтай байгаа тул 2019 оны 8 сарын 26-ны өдөр өгөх боломжтой гэж хэлсэн. Дээрх хугацаанд дахиад л төлбөр барагдуулаагүй тул 2019 оны 9 сарын 4-нд очиж уулзахад миний адил олон хүмүүс төлбөрийн асуудлаар гомдол мэдүүлж байсан бөгөөд өөрийн талаар лавлахад төлбөрүүд буцааж төлөгдөх жагсаалт гарсан танайх жагсаалтад алга байна, шүүлгэх хэрэгтэй гэх мэт тайлбарыг гаргаж байсан. Уг жагсаалтыг харахад 100 гаруй хүний нэрс бичигдсэн байсан бөгөөд энд байхгүй байгаа нь дараа нь хэзээ төлөгдөх эсэх нь ч тодорхойгүй болсон. Жагсаалтын нэрсийг харахад тухайн хүмүүсийн гэрээ цуцлах хүсэлт гаргасан хугацаа нь минийхээс хойш байсан бөгөөд энэ талаар мэдэгдэхэд чи өргөдлөө шүүлгэх бичиг хийж ир, тэгээд хугацаагаараа жагсаалтад орж болох тухай хэлсэн бөгөөд шүүлгэх хүсэлтээ бичиж очиход компани нь нүүгээд явсан байсан. Н ХХК нь өнөөдрийг хүртэл захиалгын гэрээнд заагдсан Амар Амгалан хотхоны 3-р байрны барилгын ажлыг огт эхлүүлээгүй бөгөөд өөрөөр хэлбэл барилгын суурь ч байхгүй цаашид хэзээ баригдах эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна. Бид 2019 оны өвөл байранд нүүж очихоор төлөвлөж, гэрээ байгуулж, гэрээгээр хүлээсэн урьдчилгаа төлбөрөө цаг хугацаанд нь төлсөн. Гэтэл байр огт баригдахгүй, цаашид тус компани нь уг барилгыг барих эсэх нь ч тодорхой бус байдалтай байна. Иймд гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 28,653,750 төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэлээ дэмжиж байна. Барилгын суурь тавигдаагүй, хэзээ баригдах нь тодорхойгүй байгаа учраас гэрээнээсээ татгалзаад урьдчилгаа төлбөрт төлсөн 28,653,750 төгрөгөө нэхэмжилж байна ...” гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан “гэрээнээс татгалзаж, орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 28,653,750 төгрөгийг гаргуулах” шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэгт шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гардуулж өгсөн.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигчдын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч “Н” ХХК Амар амгалан 2 орон сууцны хотхоны 3 дугаар байрны 1 дүгээр орц 4 давхрын 401 тоот 42,45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч У үнийг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

 

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Захиалагч У гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрт 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 10,653,750 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 18,000,000 төгрөг, нийт 28,653,750 төгрөгийг “Н” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк 426010888 дансанд тушаасан нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, Хаан банкны мөнгөн шилжүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

“Н” ХХК-иас 28,653,750 төгрөгийг Уд төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч тал төлснөө баримтаар нотлоогүй.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгахаас өмнө захиалагч хэдий ч гэрээг цуцлах эрхтэй” гэж заажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д “Борлуулагч нь 2019 оны 12 дугаар сарын 25-нд захиалагчид байрны түлхүүрээ гардуулан өгнө” гэсэн үүргээ “Н” ХХК биелүүлээгүй, барилга баригдаж эхлээгүй, хэзээ баригдах нь тодорхойгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх ба хариуцагч маргаагүй, нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрөө нэхэмжилж байгааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасны дагуу 28,653,750 төгрөгийг хариуцагч “Н” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Уд олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэгт шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “Солонгосоос ирээд удаагүй байна. Ирэнгүүтээ корона вирусын өвчинтэй холбоотойгоор 21 хоног тусгаарлагдсан байна. Энэ тусгаарлалтаас гараад гэртээ 14 хоног тусгаарлагдах бөгөөд ойролцоогоор 2020 оны 5 дугаар сарын 10-ныг дуустал тусгаарлалтад байх шаардлагатай байна. Миний эзгүйд хурлыг хийж өгнө үү” гэснийг шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэнийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан “Н” ХХК-иас 28,653,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Уд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 100200100941 тоот дансанд урьдчилан төлсөн 301,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас 301,219 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Уд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2020/04498 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.БАТЦЭЦЭГ