Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02453

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02453

 

 

Э.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/02200 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Э.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Юнител ХХК-д холбогдох

 

Урамшууллын мөнгө 4 659 891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтансүх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Орхон, Ч.Анхбаяр

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Энхчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Энхтуяа нь 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 55 дугаартай тушаалаар орон нутгийн бүсийн менежерээр 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 30-ны хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Юнивишин орон даяар хөтөлбөрийн хүрээнд 35 хоногийн хугацаатай томилолтоор ажилласан. Төлөвлөгөө ёсоор нийт 1000 дугаар борлуулах ёстой ч 1262 дугаар худалдан борлуулсан тул 1 445 265 төгрөгийн урамшууллыг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр авсан. Дээрх хөтөлбөрийн дагуу Хэнтий аймагт 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 18-ны хооронд 32 хоног томилолтоор ажилласан. Нийт борлуулалтын төлөвлөгөө нь 3800 хэрэглэгч байсан бөгөөд 4069 дугаар борлуулсан. Ар гэрийн байдлаас шалтгаалан өөрийн хүсэлтээр 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Юнител ХХК дээрх урамшууллын мөнгийг 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн дотор өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд Хэнтий аймагт ажилласан хугацааны урамшуулал болох 4 659.891 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Орхон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Э.Энхтуяа нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 18-ны хооронд Хэнтий аймагт албан томилолтоор ажилласан нь үнэн. Томилолтоор ажиллах хугацаандаа нийт 3862 дугаар борлуулснаас дараа төлбөрт /PS/ 3415, урьдчилсан төлбөрт/PPS/ 364, юнивишн болон гэр интернэт үйлчилгээний дугаар 83-ыг тус тус борлуулсан. Томилолтын багийг ажиллуулахдаа багт олгох борлуулалтын урамшууллыг төлөвлөгөөний 80 хувийг биелүүлсэн, томилолт дууссанаас хойш 2 сарын дараа борлуулсан нийт дугаарын 80 хувь нь идэвхитэй ашиглагдаж байх шалгуурыг хангасан тохиолдолд өгөх болохыг мэдэгдсэн. Дээрх нөхцөл бүрдсэн тохиолдолд борлуулсан урьдчилсан төлбөрт /PPS/ дугаарын орлогын 10 хувь, дараа талбөрт /PS/ дугаарын 20 хувь, юнивишнийн холбогдсон захиалгын орлогын 20 хувийг нийлүүлээд 100 хувь гэж үзэн түүний 25 хувийг олгоно. Урамшуулал олгох нөхцөлийн дагуу томилолт дууссанаас хойш 2 сарын дараа шалгахад борлуулсан нийт дугаарын 49,55 хувь нь идэвхтэй ашиглагдаж байсан тул томилолтын багт урамшуулал олгоогүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-т заасныг баримтлан хариуцагч Юнител ХХК-иас урамшуулалд 4 659 891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Энхтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Энхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх давж заалдах гомдолдоо:

... Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар 47.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь үндсэн цалин ... урамшууллаас бүрдэх бөгөөд урамшууллын талаар талууд урьдчилан тохирох ёстой. Өөрөөр хэлбэл, ямар ажил хийхэд цалин хөлсөө авах, ямар тохиолдолд урамшуулал авах талаар ажилтан мэдэх эрхтэй. Ажил олгогчийн зүгээс "үр дүн чинь 80 хувьд хүрсэн бол урамшуулал олгох болсон" гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд худалдан авсан дугаараа ашиглах эсэх нь тухайн худалдан авагчийн эрх тул уг эрхэд нь халдаж заавал дугаараа ашигла хэмээн шаардах боломжгүй юм. Захиргаа хүний нөөцийн газрын захирал Ц.Азжаргалын Баянгол Нийгмийн даатгалын хэлтэст өгсөн тодорхойлолтод "урамшуулал олгоно" хэмээн бичсэн баримтыг үнэлээгүй үндэслэлээ шүүхээс тайлбарлаагүй. Э.Энхтуяаг томилолтоор явахад хариуцагчийн төлөөлөгчийн хэлээд байгаа баримтыг танилцуулсан тухай баримт байхгүйг болон сүүлд нөхөн батлуулсан болохыг гэрч Ч.Дэлгэрхос мэдүүлсэн. Иймд өмнөх жишгийн дагуу шаардсан урамшууллын хэмжээний талаар хариуцагч тал маргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Э.Энхтуяа нь хариуцагч Юнител ХХК-д холбогдуулан урамшууллын мөнгө 4 659 891 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 3800 мобайл дугаар борлуулах төлөвлөгөөг 100 хувь биелүүлсэн тул Хэнтий аймагт ажилласан хугацааны урамшуулал олгох ёстой гэж, хариуцагч байгууллага ...Э.Энхтуяагийн ахалж ажилласан баг урамшуулал олгох шалгуурыг хангаагүй гэж тус тус тайлбарласан байна.

Хариуцагч Юнител ХХК нь үйлчилгээгээ орон даяар нэвтрүүлэх ажлын хүрээнд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Хэнтий аймагт борлуулалтын багийг томилон ажиллуулж, уг багийг орон нутгийн бүсийн менежер Э.Энхтуяа ахалж ажилласан ба томилолтын хугацаанд 3862 мобайл дугаар борлуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.

Хөдөлмөрийн гэрээний 5.6-д компанийн төлөвлөсөн зорилт, үр дүндээ хүрсэн байдал болон ажилтны ажлын үр дүн гүйцэтгэлтэй уялдан ажил олгогч нь ажилтанд гүйцэтгэлийн урамшуулал олгож болох бөгөөд гүйцэтгэлийн урамшуулал олгох нөхцөл шалгуурыг хөдөлмөрийн дотоод журам болон түүнтэй уялдсан бусад журмаар зохицуулна гэж, гэрээний 2 дугаар хавсралтад ...ажлын гүйцэтгэлийн урамшууллын хэмжээг тухайн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс хамааруулан шийдвэрлэх бөгөөд 80-аас доош хувийн гүйцэтгэлтэй байвал урамшууллыг олгохгүй гэж тус тус заасан байна. Хэрэгт авагдсан томилолтоор ажиллах удирдамжийн дагуу Хэнтий аймагт томилолтоор ажилласан багийн томилолтын хугацаанд гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг харахад томилолтын хугацаанаас хойш 2 сарын дараах байдлаар идэвхитэй хэрэглэгч нь 1914 буюу 50 хувь байсан тул урамшууллыг олгоогүй болох нь тогтоогдсон байна. /хх-ийн 56-58, 61-65 тал/

Хариуцагч талаас гэрээний урамшуулал олгох заалтын талаар өөрчлөлт оруулж энэ тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж тайлбар гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ч.Дэлгэрхосын мэйл хаягт үзлэг хийж, уг үзлэгээр [email protected] хаягаас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3 цаг 23 минутад Э.Энхтуяа, Ө.Дэлгэрсайхан, Д.Нэмэхбаяр, М.Энхсайхан, Д.Мөнхдэлгэр, М.Гантулга, А.Энхтунгалаг нарт илгээсэн и-мэйл нь хэргийн 58 дугаар талд байгаа баримттай тулгаж үзэхэд тохирсон байна гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Дээрх нотлох баримтад үндэслэн дүгнэхэд нэхэмжлэгч Э.Энхтуяа нь Хэнтий аймагт томилолтоор ажилласан хугацааны ажлын тайланг бичиж ажил олгогчид өгсөн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Энхтуяагийн Хэнтий аймагт 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд томилолтоор ажилласан ажлын урамшуулалд 4 659 891 төгрөгийг хариуцагч Юнител ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангалгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/02200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 89 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Ц.ИЧИНХОРЛОО