Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2018/02200

 

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2018/02200

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ю ХХК / /-д холбогдох

Урамшууллын мөнгө 4.659.891 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, хариуцагчийн төлөөлөгч Т.О, Ч.А, нарийн бичгийн даргад Б.Золбоо нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Э.Энь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 55 дугаартай тушаалаар Орон нутгийн бүсийн менежерээр 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 30-ны хооронд Дорноговь амйгийн Замын-Үүд суманд Юнивишин орон даяар хөтөлбөрийн хүрээнд 35 хоногийн хугацаатай томилолтоор ажилласан. Төлөвлөгөө ёсоор нийт 1000 дугаар борлуулах ёстой ч 1262 дугаар худалдан борлуулсан тул 1.445.265 төгрөгийн урамшууллыг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр авсан.

Дээрх хөтөлбөрийн дагуу Хэнтий аймагт 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 18-ны хооронд 32 хоног томилолтоор ажилласан.

Нийт борлуулалтын төлөвлөгөө нь 3800 хэрэглэгч байсан бөгөөд 4069 дугаар борлуулсан.

Ар гэрийн байдлаас шалтгаалан өөрийн хүсэлтээр 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ю ХХК дээрх урамшууллын мөнгийг 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн дотор өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй.

Иймд Хэнтий аймагт ажилласан хугацааны урамшуулал болох 4.659.891 төгрөгийг гаргууланм өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.Нэхэмжлэгч Э.Энь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 18-ны хооронд Хэнтий аймагт албан томилолтоор ажилласан нь үнэн.

Томилолтоор ажиллах хугацаандаа нийт 3862 дугаар борлуулсагаас дараа төлбөрт /PS/ 3415, урьдчилсан төлбөрт/PPS/ 364, юнивишн болон гэр интернэт үйлчилгээний дугаар 83-ыг тус тус борлуулсан.

Томилолтын багийг ажиллуулахдаа багт олгох борлуулалтын урамшууллыг төлөвлөгөөний 80%-ийг биелүүлсэн, томилолт дууссанаас хойш 2 сарын дараа борлуулсан нийт дугаарын 80% нь идэвхитэй ашиглагдаж байх шалгуурыг хангасан тохиолдолд өгөх болохыг мэдэгдсэн.

Дээрх нөхцөл бүрдсэн тохиолдолд борлуулсан урьдчилсан төлбөрт /PPS/ дугаарын орлогын 10%, дараа талбөрт /PS/ дугаарын 20%, юнивишнийн холбогдсон захиалгын орлогын 20%-ийг нийлүүлээд 100% гэж үзэн түүний 25%-ийг олгоно.

Урамшуулал олгох нөхцөлийн дагуу томилолт дууссанаас хойш 2 сарын дараа шалгахад борлуулсан нийт дугаарын 49,55 % нь идэвхтэй ашиглагдаж байсан тул томилолтын багт урамшуулал олгоогүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийг хангах үндэсгүй.

Нэхэмжлэгч Э.Энь Ю ХХК-д холбогдуулан урамшууллын мөнгө 4.659.891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Э.Энь хариуцагч Ю ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус компанид Орон нутгийн бүсийн менежерийн ажил эрхлэхээр Хөдөлмөрийн гэрээ байгуулж талууд гарын үсэнг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 64-65-р хуудас/

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.6.-д Компанийн төлөвлөсөн зорилт, үр дүндээ хүрсэн байдал болон ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлтэй уялдан ажил олгогч нь ажилтанд гүйцэтгэлийн урамшуулал олгож болох бөгөөд гүйцэтгэлийн урамшуулал олгох нөхцөл, шалгуурыг Хөдөлмөрийн дотоод журам болон түүнтэй уялдсан бусад журмаар зохицуулна гэж,

Хөдөлмөрийн гэрээний хавсралт 2-т Ажлын гүйцэтгэлийн урамшууллын хэмжээг тухайн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс хамааруулан шийдвэрлэх бөгөөд 80%-иас доош гүйцэтгэлтэй байвал урамшууллыг олгохгүй гэжээ.

Ажилтан Э.Энь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймагт томилолтоор ажиллаж, өөрийн хүсэлтээр 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлаасаа чөлөөлөгджээ. /хх-ийн 59-63-р хуудас/

Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 939 дугаартай тушаалаар ажилтан Э.Э-г ажилтны санаачлагаар ажлаас нь чөлөөлж, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр түүний ажлыг хүлээн авсан байна.

            Хариуцагч Ю ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам-ын

2.4.2.-т Ажилтанд мэдээллийг түргэн шуурхай хүргэх арга хэрэгслийг /дотоод мэдээллийн Welсome 89, Bid цахим хуудас, и-мэйл, мессеж г.м/ өргөнөөр ашиглана.

7.1.2.-т Гүйцэтгэлийн урамшуулал заавал олгох ёстой зүйл биш бөгөөд ажлын үр дүн, гүйцэтгэлээс хамааран тооцох, ажилтныг сэдэлжүүлэх арга хэрэгсэл байна. Гүйцэтгэлийн урамшууллыг компанийн Ажлын гүйцэтгэлийг үнэлж урамшуулал олгох тухай журам- аар зохицуулна гэжээ./хх-ийн 139-145- р хуудас/

Ю ХХК, түүний охин компаниудын ажилтнуудын Ажлын гүйцэтгэлийг үнэлж урамшуулал олгох тухай журам-ын

3.1.-т Тайлант хугацаанд Ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр урамшуулал тооцон олгоход ажилтан дараах 3 нөхцөлийг бүрэн хангасан байна. Үүнд:

3.1.1.Үндсэн ажилтан байх

3.1.2.Тухайн тайлант хугацаанд хуулиар тогтоосон сахилгын шийтгэлгүй байх

3.1.3 Тухайн тайлант хугацааны ажлын гүйцэтгэлийн нийт үнэлгээ 80% ба түүнээс дээш биелэлттэй байх

3.2.2.-т Хэрэв ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас гарч байгаа тохиолдолд энэ тухай шууд удирдлага болон Хүний нөөцийн хэлтэст 30 ба түүнээс дээш хоногийн өмнө мэдээлэл өгсөн бол ажилласан хугацааны ажлын гүйцэтгэлийн урамшуулал авах эрх үүснэ гэжээ. /хх-ийн 147-150- р хуудас/

Нэхэмжлэгч Э.Энь Ю ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам болон Ажлын гүйцэтгэлийг үнэлж урамшуулал олгох тухай журмын дагуу тус байгууллагад ажилласан хугацааны ажлын гүйцэтгэлийн урамшуулалыг нэхэмжилээгүй, өөрийн хүсэлтээр ажлаас гарч байгаа тул урамшуулал олгох тухай шууд удирдлага болон Хүний нөөцийн хэлтэст мэдэгдэж байсан эсэх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Хариуцагч Ю ХХК-иас Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн гэх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/1015 дугаартай албан бичигт Э.Энхтуяагийн хөдөлмөрийн гэрээ 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон ба компанийн дотоод журмын дагуу урамшуулалт цалин 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр бодогдон олгогдохыг тодорхойлов гэсэн нь нэхэмжлэгчийн Хэнтий аймагт томилолтоор ажилласан хугацааны урамшуулал биш тус байгууллагын Дотоод журам болон Ажлын гүйцэтгэлийг үнэлж урамшуулал олгох тухай журам зэргээр зохицуулагдах тайлант хугацааны урамшуулалт цалингийн тухай гэж үзэхээр байна./хх-ийн 53,140-145,147-150-р хуудас/

Харин нэхэмжлэгч Э.Энхтуяаг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймагт томилолтоор ажилласан хугацааны урамшууллыг нэхэмжилсэн гэж үзнэ.

Хариуцагч Ю ХХК нь нэхэмжлэгч Э.Энхтуяаг томилолтын хугацаанд нийт борлуулалтын төлөвлөгөө нь 3800 хэрэглэгч байхад 3862 дугаар борлуулсан талаар маргаагүй болно.

Ю ХХК-ийн Орон нутгийн бүс хариуцсан менежер ажилтай Э.Энхтуяагаар ахлуулсан Б.Гэрэлцэцэг, Б.Галцэцэг нарын бүрэлдэхүүнтэй баг Томилолтоор ажиллах удирдамж /томилолтын хугацааны төсөв болон тухайн хугацааны урамшуулал олгох нөхцөл хавсралт 1/-ийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймагт ажиллаж, томилолтоор ажилласан хугацааны ажлын тайланг бичиж ажил олгогчид өгөөгүй болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 61-63,123-128,131-134,136,151-р хуудас/

Томилолтоор ажиллах журмын хавсралт 1-т Үндсэн /team/ болон гэрээт /Guide/ ажилтны /бонус/ урамшуулал бодох нөхцлийг дараах байдлаар бодно.

1. Тeam bonus /Үндсэн ажилтны урамшуулал/

Томилолтын хугацаанд борлуулсан мобайл дугаар нь

-Таргетын /борлуулалтын/ 80%-ийг биелүүлсэн байх

-Томилолт дууссанаас хойш 2 сарын дараа CDR-т /идэвхитэй хэрэглэгч / борлуулсан дугаарын 80% байгаа тохиолдолд

-PPS /урьдчилсан төлбөрт/ дугаарын орлогын 10%

-PS /дараа төлбөрт/ дугаарын 20% /багцын сарын суурь хураамжаар/

-Юнивишнийн холбогдсон захиалгын орлогын 20% -ыг нийлүүлээд 100% гэж үзэн, үүний 25% Team leader /багийн ахлагч/, Point Leader /багийн үлдсэн гишүүн/-д нэг удаа олгоно.

2. Guide bonus / гэрээт ажилтны урамшуулал/

Гэрээт ажилтнууд нь томилолтын хугацаанд борлуулсан, томилолтоос хойш 1 сарын дараа CDR-т /идэвхитэй хэрэглэгч / байгаа

-PS /дараа төлбөрт/ дугаар бүрээс 2000₮

- PPS /урьдчилсан төлбөрт/ дугаар бүрээс 500₮

-Холбогдсон захиалга бүрээс 2000₮ нэг удаа урамшуулал болгон авна гэж тохирсон болох нь зохигчийн тайлбар, томилолтоор ажиллах удирдамж түүний хавсралт болон түүнийг боловсруулсан гэрч Ч.Дэлгэрхос, Д.Мөнхдэлгэр, Б.Гэрэлцэцэг нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 61-63, 123-128,131-134,136-р хуудас/

Дээрх удирдамжийн дагуу Хэнтий аймагт томилолтоор ажилласан багийн томилолтын хугацаанд гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг харахад томилолтын хугацаанаас хойш 2 сарын дараах гүйцэтгэл буюу идэвхитэй хэрэглэгч нь 1914 буюу 50% байснаас томилолтын удирдамжид заасан урамшууллыг олгоогүй болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 56-58,61-65,123-128-р хуудас/

Иймд Хэнтий аймагт 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд томилолтоор ажилласан ажлын урамшуулалд 4.659.891 төгрөгийг хариуцагч Ю ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Энхтуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-т заасныг баримтлан хариуцагч Ю ХХК-иас урамшуулалд 4.659.891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-т зааснаар нэхэмжлэгч Э.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

.

 

ДАРГАЛАГЧ                                Ч.ИЧИНХОРЛОО