Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00168

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00168

 

 

 

Ли Жей Хуаны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03521 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ли Жей Хуаны нэхэмжлэлтэй

Хариуцагч: П.Ариунзулд холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 23 066 700 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө ашиглалтын зардалд 599 035 төгрөг, нийт 23 666 000 төгрөг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзул болон өмгөөлөгч Э.Эрдэнэтөгс нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Энхзул миний бие БНСУ-ын иргэн Ли Жей Хуаны өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 20-р хороо 5-р хороолол 13-р байрны 45 тоот үйлчилгээний зориулалттай 217.35 м.кв байрыг түүний хүсэлт болон надад өгсөн итгэмжлэлийн дагуу П.Ариунзултай түүнд түрээслүүлэхээр тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Түрээслэхдээ оёдлын үйлдвэр ажиллуулна гэж тохиролцсон атал нохойн сургалтын төв гэх тэс өөр зориулалтаар ашиглаж байсныг 3 дугаар сарын сүүлээр мэдэж, П. Ариунзулын гэр бүлийн хүн Д. Энхтүвшин рүү утсаар ярьж орон сууцны нэгдүгээр давхрын өргөтгөл тул ийм үйл ажиллагааны чиглэлээр байраа түрээслүүлэхийг зөвшөөрөхгүй, тохиролцсоныхоо дагуу ашигла эсвэл байрыг суллаж өг гэхэд хөрөнгө оруулалт их орж, засвар хийсэн суллах боломжгүй гэж тайлбарласан. Засварыг өөрсдийн дураар хийсэн учраас төлбөр тооцоонд хамаагүй, засварын мөнгийг хариуцахгүй гэж хэлсэн. Гэрээгээ цуцална, та бүхэн байрыг суллаж өг, мөн түрээсийн төлбөрөө төл гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан. Өнөөдрийг хүртэл уг байранд өөрсдийн дураар үйл ажиллагаагаа явуулж, өмчлөгчийн өмчөө өөрийн дураар захиран зарцуулах эрхийг зөрчиж байна. Шүүхэд хандсаны дараа байрыг хүлээлгэн өгсөн, өөрсдийн хэрэглээний зардал болох байр, цахилгааны төлбөрөө ч төлөөгүй учраас хариуцагч П.Ариунзулаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 23 066 700 төгрөг, 4 дүгээр сараас 8 дугаар саруудын байрны мөнгөний үлдэгдэл 599 035 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зохигч нар нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр БНСУ-ийн иргэн Ли Жей Хуаны өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 5-р хороолол, 13-45 тоотод орших, 217.35 м.кв үйлчилгээний зориулалттай объектыг түрээслэхээр харилцан тохиролцож Түрээсийн гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн, байрны зориулалтын тухайд гэрээнд нарийвчлан тусгаагүй. Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318.3 дах хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх үүргээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй, хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Тухайн объектыг түрээслэх үед засвар хийх зайлшгүй шаардлагатай байсан тул хариуцагч нь Ц.Энхзултай харилцан тохиролцсоны дагуу өөрийн хөрөнгөөр уг объектод нийт 7 903 500 төгрөгийн үнэ бүхий засвар хийсэн. Гэтэл үйл ажиллагаагаа эхлэх гэтэл нохой сургалтын төв ажиллуулж байна гэх шалтгаанаар түрээсийн байрнаас хөөж, түрээсийн байрыг эзэмших эрхэд нь халдаж, хөөж эхэлсэн. Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул төлбөр төлөх үүрэггүй. Төлсөн төлбөрөө буцааж авах ёстой. Гэрээг анх байгуулахдаа зориулалтын ямар нэг шаардлага тавиагүй. Учир нь энэ талаар гэрээнд заагаагүй. Анхнаасаа нохой сургалтын төв байгуулах зорилготой байсан. Түрээсийн гэрээ болон хөлслөх гэрээний ялгааг буруу тайлбарлаж байна. Уг байр нь хүн амьдрах биш үйлчилгээний зориулалттай объект юм. Түрээслүүлэгч нь ашиг олох ямар ч боломжгүй болгосон тул ашиг олж чадаагүй. Бид засвар хийсэн хөрөнгөө хүртэл олж аваагүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч П.Ариунзулаас 21 108 342 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ли Жэй Хуан /Lee Jae Hwan/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 557 658 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэтөгс давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь анх өөрийн өмчлөлийн үл эд хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгө хөлслүүлэх гэрээний хөлс 23 666 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд гаргасан. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 24 438 333 төгрөгийг хариуцагчаас гаргуулах болгон өөрчлөх болон хариуцагчийн эд хөрөнгө болон мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Анхан шатны шүүхээс 2017 оны 101/Ш32017/17780 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас, урьдчилан сэргийлэх шаардлагагүй, зөвхөн хариуцагч төлбөрийн чадваргүй болох эсхүл эд хөрөнгөө нуух магадлалтай бол хариуцагчийн эд хөрөнгө болон мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлэх арга хэмжээ авдаг гэж хүсэлтийг хангахаас татгалзаж тус тус шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа өмнө нь нэхэмжилсэн мөнгөн дүнг нэмэгдүүлсэн ч нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид нийт 909 230 төгрөгийг төлсөн (хавтаст хэргийн 5,6 дугаар хуудас) байсан ба 24 438 333 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж нь нийт 280 142 төгрөг буюу шүүхэд 629 088 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т заасан заалтыг хэрэглэлгүй орхигдуулж, нэхэмжлэлийн шаардлагуудын үнийг тус тусад нь тооцож, улсын тэмдэгтийн хураамж төлөхийг шаардсан. Шүүхээс иргэний хэргийг хянан шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэр баталгаатай биелэгдэх нөхцөл байдлыг урьдчилан бэлтгэхийн тулд зохигчдийн хүсэлтийн дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангах арга хэмжээг авдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байхад шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх заалтыг зөрчиж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг шүүхээс батлах тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргах үүрэгтэй байтал шийдвэр гаргаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх гомдолд дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүдийг гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасан заалтыг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч БНСУ-ийн иргэн Ли Жае Хуаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзул болон хариуцагч П.Ариунзул нар нь 2017 оны 01 дүгээр сарын20-ны өдөр БНСУ-ийн иргэн Ли Жае Хуаны өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 5-р хороолол, 13-45 тоотод орших, 217.35 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай объектыг түрээслэхээр харилцан тохиролцож Түрээсийн гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн ч бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 318 дугаар зүйл, 318.3, 318 дугаар зүйл, 318.4 дэх хэсэгт зааснаар гэрээ нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус болсон. П.Ариунзул нь түрээсийн байранд нийт 8 183 500 төгрөгийн засвар хийж хохирсон. Хариуцагч П.Ариунзул нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэм буруугүй бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах, өөрт учирсан хохирлоо гаргуулах зорилготой сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүгч үндэслэлгүйгээр хангаагүй. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдаагүй байхад П.Ариунзулыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн шаардлагын зарим хэсгийг хангаж 21 108 342 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсанд гомдолтой байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 56.1.1, 56 дугаар зүйл, 56.5 дах хэсэгт заасны дагуу П.Ариунзул нь Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 5-р хороолол, 13-45 тоотод орших 217.35 м.кв, үйлчилгээний зориулалттай объектыг эзэмшлээсээ чөлөөлөх, нэхэмжлэгч нь хэлцлийн дагуу шилжүүлж авсан эд хөрөнгө буюу түрээсийн мөнгө болох 9 925 000 төгрөгийг буцааж өгөх үүргийг тус тус хүлээх ёстой. Гэтэл шүүгч хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг хуулийн дагуу арилгаагүй. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 56.6 дах хэсэгт зааснаар хариуцагч П.Ариунзул нь нэхэмжлэгчээс нийт 17 828 500 төгрөг буюу хүчин төгөлдөр хэлцэл байгуулсны үр дагаврыг арилгах зорилготой 9 925 000 төгрөг, хүчин төгөлдөр хэлцэл байгуулсны хохиролд 8 183 500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл, 73.1, 73.2 дах хэсэгт заасныг зөрчиж үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, процессын хуулийг ноцтой зөрчсөн. Хариуцагч түрээсийн байрыг сайн дураар чөлөөлсөн байхад шүүгч улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хуваарилаагүй. Монгол улсад гадаадын иргэд үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй хэдий ч түүнийгээ түрээсэлж ашиг олж байгаа бол хуулийн дагуу татвар төлөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь Монгол улсын хуулийг үл хэрэгсэж, татвар төлөхгүй байх зорилготой хууль зөрчсөн үйлдлийнх нь улмаас Монгол улсын иргэн эд хөрөнгөөрөө хохироод байхад Монгол улсын шүүх хууль зөрчсөн гадаад улсын иргэний үйлдлийг зөвтгөж, түүнд ямар нэг буруу өгөхгүй, харин ч хууль бус үйлдлийг нь өөгшүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хууль бусаар хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ли Жей Хуан нь хариуцагч П.Ариунзулд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 23 066 700 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө ашиглалтын зардалд 599 035 төгрөг, нийт 23 666 000 төгрөг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус тул төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ли Жей Хуаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчилж нэмэгдүүлсэн шаардлагыг болон хариуцагчийн эд хөрөнгө, мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлэх хүсэлтийг, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэг зааснаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлт, сөрөг нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан тохиолдолд шүүх хуралдааны явцад захирамж гаргаж албажуулсан байх ёстой. Гэтэл уг захирамж хэрэгт байхгүй, шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг ямар үндэслэлээр хангаагүй нь тодорхой бус тул дүгнэх боломжгүй байна. /х.х-ийн 96, 97-98,100/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэх үндэслэлгүй, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрх зөрчигдсөн байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах, хэргийн үйл баримтад хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03521 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 68 230 төгрөгийг, хариуцагчийн 263 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Б.НАРМАНДАХ