| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 168/2019/0309/Э |
| Дугаар | 221 |
| Огноо | 2020-05-04 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | О.Мөнхбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 221
Б.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дүгээр магадлалтай, Б.Г-д холбогдох 1921000000330 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б-ын Г нь
2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг “Хайчийн ам” гэх газраас иргэн Х.А-н эзэмшлийн 2 тооны үхрийг “ Бонго-3” маркийн 85-89 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Б.Г-ийг “Бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож” шийдвэрлэсэн байна.
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийгээд ял халдаахдаа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Өмгөөлөгч миний бие давж заалдах шатны шүүхээс эхлэн Б.Г-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан оролцсон болно. Хавтаст хэргийн материалтай танилцахад хохирогч Х.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаараа мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан байхаас гадна анхан шатны шүүх хуралдаанд Б.Г нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлж, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах өмгөөлөгчгүйгээр оролцсон байх бөгөөд улсын яллагч Ц.Лхамсүрэн төрийн нэрийн өмнөөс яллагчийн хувиар түүний гэм буруутай үйлдэлд 6 сарын хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж яллаж байхад анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа Б.Г-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно гэж хууль зүйн дүгнэлт хийсэн атлаа түүнд улсын яллагчийн санал болгосон хорих ялыг 2 дахин нэмэгдүүлж 1 жилийн хорих ял оногдуулж байгаа нь учир дутагдалтай байна. Б.Г нь ам бүлийн хувьд эхнэр, 3-15 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр эрхэлсэн тодорхой ажилгүй, мөнгө санхүүгийн хэрэгцээ, өр зээлнээс шалтгаалан энэ хэргийг үйлдсэн байна.
Хувийн байдлын тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний учруулсан хохирлыг эрх бүхий байгууллага 2.600.000 төгрөгөөр үнэлсэн хэдий ч тэрээр өөрийн гэм бурууг ухамсарлаж хохирогчид 5.000.000 төгрөг төлж барагдуулсан байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд эрүүл мэндийн хувьд сүрьеэгийн эмчийн хяналтад байдаг болох нь өвчний картаар баримтжуулагдсан байгаа болно.
Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт заасан “Бонго 3” маркийн 85-89 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээг ч гэсэн түүний ар гэрийнхэн төрийн сангийн 100070000952 тоот дансанд тушаасан байх ба Б.Г нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас гарсан бүх үр дагаврыг арилгасан болно.
Түүний үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан аль ч хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх боломжтой. Анхан шатны шүүх хурлаар орохоос өмнө өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан бол хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой хэрэг байсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллаж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Б.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлал хэргийн үйл баримт, бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна. Б.Гид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзсан нь үндэслэлтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан гомдлыг үндэслэн Б.Гид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Б.Г нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг “Хайчийн ам” гэх газраас иргэн Х.А-ын эзэмшлийн 2 тооны үхрийг “Бонго-3” маркийн 85-89 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Б.Г-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг үнэлж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоож шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь Х.А-ын эзэмшлийн 2 тооны үхрийг “Бонго-3” маркийн 85-89 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон талаарх 2 шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсгийг зөв тодорхойлж зүйлчилсэн байна.
Харин шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Гид анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан “... 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгөх, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН