Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01819

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02301 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Бын хариуцагч Ц.Чт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 3 740 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Ц.Ч, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ц.Ч нь 2019 оны 11 сарын 16-ны өдрийн өглөөний 08 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Бын толгой болон дух, баруун гарын хэсэгт хоорондын хувийн таарамжгүй харилцааны улмаас шилэн аягаар цохиж гэмтэл учруулсан.

Дээрх гэмтлийн улмаас Э.Б нь эрүүл мэндээс гадна гоо сайхны хувьд ихээхэн хохирч, бүрэн арилахгүй сорвитой болсон. Сорви бүдгэрүүлэх эмчилгээ хийлгэхээр арьс гоо заслын эмнэлэгт хандсан бөгөөд уг эмнэлгээс нийт 3 690 000 төгрөгөөр эмчилгээ хийнэ гэсэн.

Гэвч дээрх зардлыг нэхэмжлэгч өөрөө урьдчилан төлөх санхүүгийн боломжгүй учраас Ц.Чээс эмчилгээний мөнгө 3 690 000 төгрөг, эмнэлгийн дүгнэлт буюу онош гаргуулахад төлсөн зардал 50 000 төгрөг, нийт 3 740 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: 2019 оны 11 сарын 16-ны өдөр Э.Б нь өсгийтэй гутлаараа Ц.Чийн толгой, нуруу, хөл, гар хэсэгт олон удаагийн давтамжтай цохисны улмаас түүний нуруунд 1-р үеийн гэмтэл учирсан. 6 сараас 1 жилийн хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Э.Б нь ашиг сонирхлын зөрчлөөр мөнгө нэхэмжилж байна. Тэрээр дээрх мөнгийг өөрийн эмчилгээнд зарцуулах эсэх нь тодорхой бус байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Чээс 3 695 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Бд олгож, үлдэх 45 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 77 000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Э.Бд олгож, хариуцагч Ц.Чээс улсын тэмдэгтийн хураамжид 74 050 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн материалтай танилцуулаагүй атлаа баримтад гарын үсэг зуруулан хэргийг шийдвэрлэсэн. Мөн хариуцагчид хууль зүйн туслалцаа авах боломж олгоогүй буюу өмгөөлөгч авах эрхийг нь зөрчсөн. Шүүх хуралдааны товыг хуралдаан эхлэхээс 1 цагийн өмнө мэдэгдсэнээс гадна хариуцагчийг хөнгөн ял авсан байна гэж дарамтлах байдлаар хандсан. Шүүх нэхэмжлэгч талд илүү анхаарсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хэргийн материалтай танилцах гэтэл давж заалдах шатны шүүхэд очихоор нь танилц гэсэн. Хэргийг бүхэлд нь хянаж зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Ц.Чт холбогдуулан гэм хорын хохиролд нийт 3 817 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 18/

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоол /хх 6-9/, зохигчийн тайлбараас үзвэл, хариуцагч Ц.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 сарын 16-ны өдрийн 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 51-Б байрны 13 тоотод Э.Бтай маргалдаж, шилэн аягаар түүний толгой, нүүр, баруун гарын хэсэгт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Ц.Чийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Э.Бын эрүүл мэндэд хохирол учирсан, тэдгээр нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хохирлыг шаардах, хариуцагч нь түүнийг хариуцан арилгах үүргийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Харин шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас хариуцагчаас гаргуулах гэм хорын хохирлын хэмжээг буруу тогтоосон байгааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой гэж үзлээ.

 

Тодруулбал, Синдерелла клиник арьс гоо заслын эмнэлгийн дүгнэлтэд тусгагдсан өгүүлбэр зүй, үгийн утгаар Э.Бын биед учирсан сорвины эмчилгээнд нийт 3 645 000 төгрөгийн зардал гарна гэж ойлгогдохгүй байхад уг дүнг хариуцагчаас хохиролд тооцож гаргуулсан нь үндэслэлгүй байна. /хх 3/

 

Дээрх дүгнэлтэд ...Сорвины тариа - 150 000 төгрөг /3-5 удаа 1 сарын зайтай/..., Нөхөн сэргээх эмчилгээ, лазер эмчилгээний дараа 5 хоноод заавал хийлгэх шаардлагатай. Нэг удаагийн үнэлгээ 50 000 төгрөг /3-4 удаа/ гэж өөр өөр томьёолсноос үзэхэд Сорвины тариа 3-5 удаа хийлгэхэд 150 000 төгрөг, харин нөхөн сэргээх эмчилгээ 3-4 удаа хийлгэхэд нэг удаагийнх нь 50 000 төгрөг буюу 150 000 200 000 төгрөг гэсэн өөр өөр агуулгатай уншигдаж байна. /хх 3/

 

Иймд сорвины тос 45 000 төгрөг, сорвины тариа 150 000 төгрөг, загасны тарилга 350 000 төгрөг, лазер эмчилгээ 250 000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээ 150 000 төгрөг, дүгнэлт гаргуулсан зардал 50 000 төгрөг, нийт 995 000 төгрөгийг хариуцагч Ц.Чээс гаргуулан нэхэмжлэгч Э.Бд олгож, үлдэх 2 745 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Харин хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хариуцагчийн хэргийн материалтай танилцах болон хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, хариуцагч Ц.Ч нь нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 05 сарын 25-ны өдөр гардан авсан, шүүхээс түүнд хуульд зааснаар эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан байх бөгөөд тэрээр нэхэмжлэлийг гардан авснаас хойш хугацаанд хууль зүйн туслалцаа авах болон бусад эрхээ хэрэгжүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүйн гадна түүнд хэргийн материалыг танилцуулахгүйгээр баримтад гарын үсэг зуруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хариуцагч талын бичгээр гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан үндэслэлээс өөр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02301 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...3 695 000... гэснийг ...995 000... гэж, ...45 000... гэснийг ...2 745 000... гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...56.2... гэсний дараа , ...58 дугаар зүйлийн 58.1... гэж нэмж, ...74 050... гэснийг ...28 430... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 08 сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 070 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.НЯМБАЗАР