Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2020/02301

 

 

 

 

 

 

 

 

                           2020         06       23                             

                               101/ШШ2020/02301

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн СЮ регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Монел 25 дугаар гудамж 556 тоотод оршин суух Боржигон овогт Энхцэцэгийн Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ОП  регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужуирбулан 1 дүгээр хэсэг гудамж 4-155 тоотод оршин суух Юү үд овогт Ц йн Чт холбогдох,

Гэм хорын хохиролд 3,817,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Ц.Ч, иргэдийн төлөөлөгч П.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Нэхэмжлэгч, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Э.Б би 2019.11.16-ны өглөө 8цагт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 51б байрны 13 тоотод найз гэх Ц.Ч мөн З.Золзаяа, Төгөлдөр, Мөнхбат гэгчийн хамт байж байгаад Мөнхбатын гэрээс явъя гэж Ц.Ч З.Золзаяа хоёрт эхлэхэд  Ц.Ч өөдөөс явахгүй гэж уурлаж ширээн дээр байсан шилэн аягаар толгой руу олон удаа цохиж хагалан хагарсан шилээрээ баруун гарын сарвууны ар талд дотор талд болон чигчий хуруу, нүүрний духан дээр толгой хуйханд хэд хэдэн газарт маш гүн зүсэж маш их хэмжээний цус алдаж нийт 11 оёдол гэмтлийн эмнэлэгт тавиулсан ба эрүүл мэндээр хохирохоос гадна насан туршийн гоо сайхны хувьд маш муухай сорвиудтай болж хохирч үлдээд байгаа бөгөөд эдгээр сорвиудыг эмчлэхэд бүрэн эдгэрч арилахгүй ч би арьс заслын эмнэлэгт хандан сорви бүдгэрүүлэх эмчилгээний дүгнэлт хийлгэсэнд нийт эмчилгээ 3,690,000 төгрөг болох юм. Энэ зардлыг өөрөө гаргах ямар ч боломжгүй учраас Ц.Чээс эмчилгээний зардал буюу зайлшгүй эрүүл мэнд гоо сайхнаа эмчлүүлэх шаардлагатай эмчилгээний мөнгө 3,690,000 төгрөг, арьс заслын дүгнэлт гаргуулсан зардал 50,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж нийт 3,817,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Бд өсгийтэй гутлаар толгой нуруу хөл гар хэсэгт дэвсүүлж олон удаагийн давтамжтай цохиулсны улмаас миний нуруу 1 дүгээр үеийн гэмтэлтэй 6 сараас 1 жилийн эмчилгээ шаардлагатай байгаа болно. Э.Б нь ашиг сонирхлын зөрчлөөр мөнгө нэхэмжилж байна. Нэхэмжилсэн 3 сая төгрөгийг миний зүгээс гаргах боломжгүй бөгөөд өөрийн эмчилгээнд зарцуулсан болох нь тодорхой бус байна. Иймд миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Ц.Чт холбогдуулан гэм хорын хохиролд 3,817,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч Ц.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 51б байрны 13 тоотод хохирогч Э.Бтай маргалдаж шилэн аягаар толгой, нүүр, баруун гар руу цохиж, зүсэж, гараараа бие рүү нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь зохигчдын тайлбар болон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦ/117 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. /хх-ийн 6-9 дэх талд/

Уг шийтгэх тогтоолоор хариуцагч Ц.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн байна.

Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас Э.Бын биед дух, зулайн хуйх, зүүн хацар, баруун гарын сарвуунд шарх, цус хуралт, зүүн бугуй, зүүн гарын сарвуунд цус хуралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдсон байх ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.

 Дурдсан үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан эрх зүйн этгээд хооронд гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т “учруулсан хохирлыг арилгуулах” аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас дух нүүрний зүүн талын хэсэг болон баруун гарын гадна, дотор хэсэгт үүссэн шархи сорвины эмчилгээний зардалд 3,690,000 төгрөг, эмчилгээний дүгнэлт гаргуулахтай холбоотой гарсан зардал 50,000 төгрөг нийт 3,740,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хэрэгт авагдсан “Синдерелла клиник” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2/91 дугаартай “Эмнэлгийн дүгнэлт”-ээр нэхэмжлэгч Э.Бын духны хэсэгт 2 см орчим хэмжээтэй улаан ягаан өнгийн эдгэрч байгаа шарх, нүүрний зүүн талын хацар хэсэгт 3-4 см орчим хэмжээний хөндлөн сорви, баруун гарын гадна хэсэгт 2-3 см хэмжээтэй 3 ширхэг, дотор талд 1 см орчим хэмжээтэй улаан хүрэн өнгийн шархи сорвийг эмчлэх эмчилгээний төлөвлөгөөг гаргасан байх эмчийн уг төлөвлөгөөгөөр нийт 3,645,000 төгрөгийн эмчилгээний зардал шаардагдахаар байна гэжээ. /х.х-ийн 3 дахь талд/

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зурга дугаар зүйлд Монгол Улсын иргэн “эрүүл мэндээ хамгаалуулах” эрхтэй гэж, Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ”эрүүл мэнд гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг” гэж, мөн 3.1.9-д ”эмчлэх гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг” хэлнэ гэж, түүнчлэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эмнэлгийн тусламж, үйлчилгээ” гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг” ойлгоно хэмээн тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан өвчин эмгэг, түүнийг хэрхэн эмчлүүлэх талаар эмчилгээний дүгнэлт гаргуулсан нь түүний эрүүл мэндээ хамгаалуулах эрхэд хамаарах юм.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж зохицуулснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас эрүүл мэндэд гэм хор учрахаас өмнөх байдалд нь сэргээхтэй холбоотой зайлшгүй гарах эмчилгээний зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгч Э.Б мөн миний эрүүл мэндэд гэм хор учруулсан тул хохирлыг төлөх үүрэггүй гэж тайлбарлаж, татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм.

Тайлбарлавал, гэм хор учруулсан этгээдийн хариуцах гэм хорын хэмжээг багасгах талаар харгалзан үзэх урьдчилсан нөхцөл болох Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд зохицуулсан хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзах үйл баримт болон тодорхой нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал нь тэдгээрийг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Дурдсан үндэслэлээр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан эмчилгээний дүгнэлтэд дурдсан эмчилгээний төлбөр болох 3,645,000 төгрөг болон тус дүгнэлтийг гаргуулахтай холбоотой гарсан зардал 50,000 төгрөг нийт 3,690,000 төгрөгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн эмчилгээний дүгнэлтэд дурдсан 45,000 төгрөгийн үнэтэй сорвины тосыг хоёроор тооцсон нь үндэслэлгүй тул тус үнийн дүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нийт шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,000 төгрөгийг хамруулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хуваарилах тул нэхэмжлэлийн шаардлагад тооцож шийдвэрлээгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                 ТОГТООХ нь:

          1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Чээс 3,695,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 45,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 77,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Э.Бд олгож, хариуцагч Ц.Чээс улсын тэмдэгтийн хураамжид 74,050 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ЭНХЖАРГАЛ

 

                              ШҮҮГЧИД,                                            Б.МАНДАЛБАЯР

 

                                                                                          Б.УНДРАА