Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00167

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00167

 

 

 

Р.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03533 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Р.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Очмаад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Очмаа түүний өмгөөлөгч М.Шинэбаяр нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Оюунтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Оюунтуяа түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37а байр, 73 тоот хаягт байрлах, 42м.кв гурван өрөө, супер засвар хийсэн орон сууцыг доторх тавилгатай нь Б.Очмаад 115 000 000 төгрөгөөр худалдсан. Б.Очмаа нь Төрийн банкны эдийн засагчийг танина, орон сууцыг 86 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн тохиолдолд зээл олгогдоно гэснээр орон сууцыг 86 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Б.Очмаа нь ипотекийн зээл гарсан гэж 60 000 000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл 55 000 000 төгрөгийг удахгүй өгнө гэсэн боловч өгөөгүй. Б.Очмаагийн хүсэлтийн дагуу 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 55 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай, хүүгүй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 2016 онд 25 000 000 төгрөгийг 4 хуваан өгсөн, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг өгөөгүй. Түүнд орон сууцыг 115 000 000 төгрөгөөр худалдсан болохоос гражийг худалдаагүй. Гражийг худалдахаар зар тавьсан байсан бөгөөд Б.Очмаа гражийг худалдагдах хүртэл ашиглая гэхэд нь ашиглахыг зөвшөөрсөн. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч үлдэгдэл төлбөрийг төлөхөөр дээрх үүргийг зээлийн гэрээгээр солихоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу түүнд 55 000 000 төгрөг өгөөгүй нь үнэн ба өмнөх үүргээ энэ гэрээгээр солихыг Б.Очмаа өөрөө хүсч, гэрээг бичсэн тул хүчин төгөлдөр бус гэдгийг зөвшөөрөхгүй байна. Иймд Б.Очмаагаас үлдэгдэл 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч алдангаас 5 000 000 төгрөгийг хасч, үлдэх 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Очмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Р.Оюунтуяагийн өмчлөлд байсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37а байрны 73 тоот хаягт байрлах, 42м.кв гурван өрөө орон сууцыг тус хороолол дах 38/б байрны хойд талд байрлах тоосгон гражийн хамт 115 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг орон сууц, гражийн үнэ 115 000 000 төгрөгийн 60 000 000 төгрөгийг Төрийн банк ХХК-иас ипотекийн зээл авч төлөх, үлдэгдэл 55 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хувааж төлөхөөр тохиролцсон. Төрийн банк ХХК нь орон сууцыг 86 000 000 төгрөгөөр үнэлж, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулж, тус банкнаас 60 000 000 төгрөгийн ипотекийн зээл авч 60 000 000 төгрөгийг Р.Оюунтуяад төлсөн. Үлдэгдэл 55 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хувааж төлөх тохиролцоог ямар нэг хэлбэрээр хэлбэржүүлэхийн тулд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 55 000 000 төгрөг зээлдүүлсэн, зээл авсан байдлаар дүр үзүүлсэн зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээгээр Р.Оюунтуяагаас 55 000 000 төгрөгийг түүнээс хүлээж аваагүй, зээл авах хүсэл сонирхолгүй байсан учир Иргэний хуулийн 56.1, 56.1.2-т заасны дагуу тус зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Зээлийн гэрээний 4 дэх хэсэгт энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодиттойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заасан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу 55 000 000 төгрөгийг Р.Оюунтуяагаас ямар нэг байдлаар аваагүй учир нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэдгийг зөвшөөрөхгүй байна. Орон сууцыг 86 000 000 төгрөгөөр, гражийг 29 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон боловч 2016 оны 08 дугаар сард гражийг надад худалдахаа больж буцаан авсан учир худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон. Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдлийг баталгаажуулж гэрээ байгуулснаар бидний хооронд зээлийн гэрээний харилцаа болчихно гэж үзэхгүй байна. Нийт 115 000 000 төгрөг төлөхөөс 60 000 000 төгрөгийг төлчихсөн, үлдэгдэл 55 000 000 төгрөг байсантай маргахгүй, зээлийн гэрээ байгуулснаас хойш 55 000 000 төгрөгөөс 25 000 000 төгрөг төлсөн гражны үнэнд 29 000 000 төгрөг хасагдсан. Иймд Р.Оюунтуяа нь гражийг буцаан авсан тул түүний зээлийн үндсэн төлбөр 30 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 40 000 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Очмаагаас үндсэн зээлийн үлдэгдэл 30 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 40 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Оюунтуяад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Очмаа, түүний өмгөөлөгч М.Шинэбаяр нар давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн. Нэхэмжлэгч Р.Оюунтуяа нь зах зээлийн 86 000 000 төгрөгийн үнэлгээтэй, 42 м.кв талбай бүхий хуучин орон сууцыг хариуцагчид 115 000 000 төгрөгөөр дангаар нь худалдсан гэдэг бол хариуцагч Б.Очмаа нь орон сууцны зах зээлийн үнэ 86 000 000 төгрөг дээр гражийн үнэ 29 000 000 төгрөг нийт 115 000 000 төгрөг байхаар тохиролцсон боловч гражийг бусдад зарсан тул гражийн үнийг төлөх үндэслэлгүй, үлдэгдэл 1 000 000 төгрөгийг төлнө гэдэг. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон Зээлийн гэрээ-ээр талуудын маргадаггүй үйл баримттай нэгтгэн дүгнэж үзвэл, талууд орон сууцыг 86 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан, үүнээс 60 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 26 000 000 төгрөгийг дараа төлөхөөр зээлийн гэрээ байгуулахдаа шалтгааныг нь тодорхой заалгүй 29 000 000 төгрөг нэмэгдсэн байдаг. Нэхэмжлэгч энэ 29 000 000 төгрөг нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнэд хамаарна гэх боловч үүнийгээ нотолдоггүй. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх талын 5 дах догол мөрөнд ... хариуцагч Б.Очмаа нь уг гражийг 29 000 000 төгрөгт тооцон, дээрх орон сууцны хамт худалдан авсан гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй, 6 дах догол мөрөнд ... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй гэж тайлбарлаад, ... орон сууцыг Б.Очмаа нь ...115 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна ... хэмээн дүгнэсэн нь анхан шатны шүүх үйл баримт болон нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д нийцсэн, Хариуцагч Б. Очмаа нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй тул талууд Иргэний хуулийн 236-р зүйлийн 236.1.3-д зааснаар үүргийг өөрчлөх талаар тохиролцон худалдах, худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгон шинэ буюу зээлийн гэрээний харилцаа үүсгэсэн гэж дүгнэсэн хууль хэрэглээний алдаатай байна. Нэгэнт Зээлийн гэрээ гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт заасан Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэх зээлийн гэрээнд тавигддаг тусгайлсан шаардлагыг хангах ёстой. Зээлдүүлэгч мөнгийг нэгэнт олгоогүй тул тус зээлийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй.

Түүнчлэн зээлийн гэрээний 4-р зүйлд Зээлийн гэрээ нь Зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэсэн заалттай /хх-ийн 4 дүгээр тал/ бөгөөд нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 55 000 000 төгрөгийг Зээлдэгч Б.Очмаад гэрээний дагуу бодитойгоор олгоогүй. Нөгөө талаар Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 дах хэсэгт зааснаар Энэ хуулийн 198.1-198.5 дах хэсэгт заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасныг мөн харгалзан үзвэл талуудын хооронд зээлийн гэрээг байгуулахаас өмнө Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б.Очмаа нь 86 000 000 төгрөгөөр худалдан авсан орон сууцны үнээс 60 000 000 төгрөгийг төлж, 26 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг Р.Оюунтуяад төлөх үүрэгтэй байсан. Үүнийгээ 2015, 2016 онд төлж барагдуулсан. Харин нэмэлт 29 000 000 төгрөгийн хувьд талууд маргаантай байх бөгөөд хэн аль нь өөрийн байр суурийг нотлох баримт хангалтгүй байгаа юм. Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасны дагуу Зээлийн гэрээ-г хийгдээгүйд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Р.Оюунтуяа нь хариуцагч Б.Очмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, мөнгийг бодитойгоор шилжүүлж өгөөгүй, өмнөх худалдах худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгосон гэж маргажээ.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцож болох боловч өмнө нь үүрэг үүссэн байсан тохиолдолд хэрэглэгдэх учиртай. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үүргээс төлөгдөөгүй үлдэгдэл үнэ буюу хариуцагчийн гүйцэтгээгүй байсан үүргийн хэмжээ тодорхой байх шаардлагатай болно.

Гэтэл энэхүү үйл баримт буюу мөнгө өгсөн, цаашид 30 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт нь маргаанд хамааралтай, ач холбогдолтой боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй гэж заасан нотлох баримтад тавигдсан шаардлагыг хангахгүй байна. /хх-5/ Энэ тохиолдолд уг баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн үүргийн талаар дүгнэлт өгөх боломжгүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсгийн Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн шаардлагыг зөрчих юм.

Иймд талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг сольж үүссэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэхгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах, маргааны үйл баримтад хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03533 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Б.НАРМАНДАХ