Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 207/МА2017/00057

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2017/00057 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

Талбай чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сууц өмчлөгчдийн 10+11 холбоо нь 1999 оны 04 дүгээр сараас үйл ажиллагаа явуулж, Бүрэнбүст багийн 11 дүгээр байрыг харъяалан ажилладаг бөгөөд 5 дугаар хорооллын 6 дугаар байр хамаардаг юм. Анх Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдах үед бүх байрны план зураг хүлээн авсан бөгөөд 5 дугаар хороололын 6 дугаар байрны Эрдэнэт Номин Их дэлгүүрийн байранд СӨХ-ны эзэмшлийн 159 м.кв талбай орсон болохыг мэдсэн. Энэ үеэс эхлэн Эрдэнэт Номин их дэлгүүрийг талбай чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж, Улаанбаатар хотод байгаа Удирдлагуудад нь хэлэхэд дундын өмчлөлийн хэсгээ хэмжүүлээд ав гэдэг ч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна.

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д ... сууцны бус зориулалттай нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт /балкон/ гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил зэрэг нь дундын өмчлөлийн эд хөрөнгө болно гэж заасны дагуу Сууц өмчлөгчдийн холбооны эзэмшилд хамаардаг. Иймд Сууц өмчлөгчдийн 10+11 холбооны эзэмшлийн 5-6-р байрны 00 өрөө бүхий 159 м/кв талбайг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул шүүх хүлээн авч, ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан СӨХ-ны эзэмшлийн 159 м.кв талбайг Номин эрдэнэт салбар нь эзэмшиж ашигласан зүйл огт байхгүй бөгөөд одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8-р баг Бүрэнбүст 6-р байр 00 тоот хаягт байрлах талбайн хэмжээ нийт 116 м.кв хэмжээтэй бөгөөд энэ нь ******* ХХК-ийн өмч болох үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлийн гэрчилгээн 116 м/кв гэж бичигдсэн байдаг боловч бодит байдал дээр талбайн хэмжээ 127 м/кв болохыг ******* ХХК-ийн хэмжилт хийлгэн тогтоосон байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн өмчлөлийн 127 м.кв талбайгаас 159 м.кв талбайг нийтийн эзэмшлийн гэж үзэн чөлөөлүүлэхийг хүсээд байгаа нь ойлгомжгүй үндэслэлгүй байна. ******* ХХК-ийн өмчлөлийн дээрх талбайг Номин Эрдэнэт салбар нь үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа болохоос нэхэмжлэлд дурдсанаар СӨХ-ны эзэмшлийн 159 м/кв талбайг эзэмшиж ашиглаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2017/00057 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 142 дугаар зүйлийн 142.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-д заасныг баримтлан ******* ХХК-ий Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-6-00 тоотын 116 м.кв талбай бүхий хэсгээс илүү байгаа, СӨХ-ны хэсгээс балкон /тагт/ хүртэлх СӨХ-ны өмнө нь эзэмшиж байсан талбай /16 м.кв/, мөн балкон /тагт/-ыг чөлөөлж *******-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч ******* нь СӨХ-ны эзэмшлийн 159 м/кв талбайг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжпэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжпэлийн шаардлагыг багасгаж 20 м.кв СӨХ-ны эзэмшлийн талбай чөлөөлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримт болон шинжээчийн дүгнэлтээр СӨХ-ны эзэмшлийн талбай мөн гэдгийг нотолсон баримт байхгүй, мөн нэхэмжпэгч тал шүүхэд СӨХ-ны эзэмшлийн талбай мөн болохыг тогтоолгох нэхэмжпэлийн шаардлагыг гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд биш шүүх өөрийн санаачилгаар СӨХ-ны талбай мөн байна тогтоож шийдвэрлэсэн нь хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан болно.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т ....Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно... гэж заасныг баримтлаагүй болно. Тодруулбал СӨХ-ны эзэмшлийн талбай ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн талбайд байгаа эсэхийг тогтоосны дараа талбай чөлөөлөх нэхэмжпэлийн шаардлага яригдах хууль зүйн үндэслэлтэй атал нэхэмжлэлийн шаардлагад огт тусгагдаагүй асуудалд шүүх дүгнэлт хийж шийдвэрлэсэн юм. Анхан шатны шүүх Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.11 -т сууц хоорондын талбай, түүний тагт/балкон/.. гэж тов тодорхой заасан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хууль ёсны байх зарчмыг хангаагүй болно.

Шүүх үндэслэх хэсэгтээ ...талууд 2 дахь шинжзэчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч маргаагүй... гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу шүүгчийн захирамжаар шинжээч нар томилогдсон байдаг. Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ийн үнэлгээчин Д.Отгонцагааны 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн дүгнэлтээр 116 метр квадрат талбай бүхий маргаан бүхий хэсгийг биш нийт талбай буюу маргааны зүйлд хамааралгүй талбайн хэмжээг оруулж 245 м.кв хэмжээ бүхий талбай гэж тогтоосон байдаг ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлгчийн зүгээс уг шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг удаа дараа хэлж, шүүх хуралдааны тэмдэглэлд бүрнээ тусгасан байгаа юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасныг баримтлан мөн хуулийн 38-р зүйлийн 38.6-т заасныг удирдлага болгон маргаан бүхий талбай болох 116 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагааг Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэсээс гаргуулах, мөн маргаан бүхий хэсэгт хамааралгүй боловч шинжээчийн дүгнэлтээр нэмэлтээр хэмжигдсэн талбайн гэрчилгээг хэрэгт баримтаар гаргуулах зэрэг хүсэлтийг гаргаж байсан боловч хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн хангаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн илт хууль бус болсон юм.

Уг баримтууд нь хэрэгт ач холбогдолтой байсан бөгөөд нийт 245 м/кв хэмжигдсэн талбайн аль хэсэг нь маргаан бүхийн 116 м.кв талбай болохыг тодруулж, үүнээс уг 116 м.кв талбайн аль хэсэгт нь СӨХ-ны эзэмшлийн талбай орсон эсэхийг тодорхой болох ёстой атал хангалтай бодит нотлох баримтгүйгээр шүүх хэргийг шийдвэрлэсэн. Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ийн үнэлгээчин Д.Отгонцагаан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу кв.м зөрүү, дазхацал байгаа эсэх, мөн барилга байгууламжид аливаа нэгэн хэмжилт хийх эрх олгогдоогүй байгааг шүүх анхааран үзээгүй байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т барилгын зураг төсөл, барилга байгууламжтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас олгодог , мөн Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ийн Барилгын хөгжпийн төвөөс хэмжилт хийх эрх авсан аж ахуйн нэгж байгууллагаас хэмжилт хийх, дүгнэлт гаргах эрхийг олгоогүй байна. Тиймээс шинжээчийн дүгнэлт гаргах эрхгүй болох этгээдүүдээр шижээч томилон тэдний хууль бус, хуулиар эрх олгоогүй үйлдлийг хийн дүгнэлт гаргсан баримтыг үндэслэн шийдвэр гаргасан шүүхий шийдвэр хууль ёсны байх хууль зүйн үндэслэлгүй болно

Шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдахдаа Нэхэмжпэгчийн төлөөлөгчийн болон гэрч Б.Дуламсэндэнгийн 2014 онд СӨХ-ны талбай бүхий хэсгээс Номин их дэлгүүр ханыг нь нурааж талбайг сунгасан гэх тайлбар, мэдүүлгийг хариуцагч тал үгүйсгээгүй, няцаагаагүй мөн энэ талаар маргаагүй гэжээ гэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч талын зүгээс анхан шатны шүүх Иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад нотлох баримтыг бүрэн дүүрэн бүх талаас нь шинжлэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, хууль тогтоомжийг зөв хэрэглэх үүргээ биелүүлээгүй ИХШХШТХ-ийн журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 57 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Долгорсүрэн тус сумын Бүрэнбүст багийн Сууц өмчлөгчдийн 10+11 холбооны эзэмшлийн 5 хороололын 6 дугаар байрны 00 өрөөний 159 м/кв талбайг хариуцагчаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шүүх хуралдааны шатанд талбайн хэмжээг багасгаж 20 м/кв талбайг чөлөөлүүлэх шаардлага гаргасан ба хариуцагч *******ХХКомпани тус байрны 00 өрөөны 116 м/кв талбай нь манай өмчлөлийн хөрөнгө тул шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд маргаж буй 5 дугаар хороололын 6 дугаар байрны 00 тоот өрөөний 5 өрөө бүхий 116 м/кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч Номин Реалтор ХХКомпани болох нь тогтоогдсон ба нэхэмжлэгч *******олбоо нь маргаж буй 00 өрөөний 20 м/кв талбай, тагтны хууль ёсны өмчлөгч мөн болох нь тогтоогдоогүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 00 өрөөний талбайг бууруулсан хэмжээгээр буюу 16 м/кв талбай болон байрны тагтыг чөлөөлүүлж *******олбоонд олгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.6-д заасны дагуу *******олбоо өөрийн зөрчигдсэн эрх ашгийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах тохиолдолд тус холбооны хяналтын зөвлөлөөс захирал Билэгтэд төлөөлөх эрх олгохоор байтал тус холбооны захирал Билэгт нь шүүхэд төлөөлөх эрхийг Долгорсүрэнд олгосон нь буруу байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаж буй 6 дугаар байрны 00 өрөөний илүү 20 м/кв талбайны /тагтны хэмжээ ороод/ өмчлөгч нь нэхэмжлэгч *******олбооны өмчлөлийн хөрөнгө болох үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2017/000057 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ