Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2017/00057

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг “10+11” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг “Номин реалтор” ХХК-д

“Талбай чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Э.Батбаяр, гэрч Дуламсэндэн, шинжээч Ж.Цогтгэрэл, Отгонцагаан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “10+11” СӨХ шүүхэд гаргасан Сууц өмчлөгчдийн “10+11” холбоо нь 1999 оны 04 дүгээр сараас үйл ажиллагаа явуулж, Бүрэнбүст багийн 11 байрыг харъяалан ажилладаг бөгөөд 5 дугаар хороололын 6 дугаар байр хамаардаг юм. Анх Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдах үед бүх байрны план зураг хүлээн авсан бөгөөд 5 дугаар хороололын 6 дугаар  байрны “Эрдэнэт Номин” Их дэлгүүрийн байранд СӨХ-ны эзэмшлийн 159 м.кв талбай орсон болохыг 5-6-00 өрөөг түрээслэгч Б.Дуламсэндэнгээс мэдсэн. Энэ үеэс эхлэн “Эрдэнэт Номин” их дэлгүүрийг талбай чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж, Улаанбаатар хотод байгаа Удирдлагуудад нь хэлэхэд дундын өмчлөлийн хэсгээ хэмжүүлээд ав гэдэг ч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Бүрэнбүст багийн Засаг даргад энэ тухай ярьж, хамт очиж талбай чөлөөлөхийг шаардаж байсан ба “Эрдэнэт Номин” Их дэлгүүрийн Захиргаа дундын өмчлөлийн эд хөрөнгө СӨХ-ний эзэмшлийн 159 м.кв талбайг чөлөөлж өгөхгүй байх тул албадан чөлөөлүүлэхээр нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна. “Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “... сууцны бус зориулалттай нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт \балкон\ гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил зэрэг нь дундын өмчлөлийн эд хөрөнгө болно” гэж заасны дагуу Сууц өмчлөгчдийн холбооны эзэмшилд хамаардаг. Сууц өмчлөгчдийн холбоо энэ талбайд засвар, үйлчилгээ хийхээс гадна шаардлагатай талбайг түрээслэх замаар засвар үйлчилгээний зардлын эх үүсвэр бий болгодог. 2010 оноос 5-6-р байрны 00 өрөөг түрээслэгч Б.Дуламсэндэнд түрээслүүлсэн ба “Эрдэнэт Номин” их дэлгүүр СӨХ-ны зөвшөөрөлгүй уг талбайг өөрсдийн эзэмшилд авч, ханыг дур мэдэн цоолж, ашиглаж байгаа юм. Энэ тухай СӨХ-ны зүгээс олон удаа албан шаардлага хүргүүлсэн боловч талбайг чөлөөлж өгөхгүй байгаа учир Сууц өмчлөгчдийн “10+11” холбооны эзэмшлийн 5-6-р байрны 00 өрөө бүхий 159 м.кв талбайг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул шүүх хүлээн авч, ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Билэгтийн нэхэмжлэлтэй “Номин тав трейд” ХХК-ийн “Номин Эрдэнэт салбар”-т холбогдох 159 м.кв талбай чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан СӨХ-ны эзэмшлийн 159 м.кв талбайг Номин эрдэнэт салбар нь эзэмшиж ашигласан зүйл огт байхгүй бөгөөд одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8-р баг Бүрэнбүст 6-р байр 00 тоот хаягт байрлах талбайн хэмжээ нийт 116 м.кв хэмжээтэй бөгөөд энэ нь “Номин реалтор” ХХК-ийн өмч болох үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлийн гэрчилгээн 116 м.кв гэж бичигдсэн байдаг боловч бодит байдал дээр талбайн хэмжээ 127 м.кв болохыг “Номин реалтор” ХХК-ийн хэмжилт хийлгэн тогтоосон байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь “Номин реалтор” ХХК-ийн өмчлөлийн 127 м.кв талбайгаас 159 м.кв талбайг нийтийн эзэмшлийн гэж үзэн чөлөөлүүлэхийг хүсээд байгаа нь ойлгомжгүй үндэслэлгүй байна. “Номин реалтор” ХХК-ийн өмчлөлийн дээрх талбайг Номин Эрдэнэт салбар нь үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа болохоос нэхэмжлэлд дурдсанаар СӨХ-ны эзэмшлийн 159 м.кв талбайг эзэмшиж ашиглаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “10+11” СӨХ нь хариуцагч “Номин реалтор” ХХК-д холбогдуулан “159 м.кв талбай чөлөөлүүлэх”-ээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба, шүүх хуралдаан дээр талбайн хэмжээгээ 20 м.кв болгон бууруулсан.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзсэн.

Хариуцагч “Номин реалтор” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5-6-00 тоотын 116 м.кв талбай бүхий хэсгийг өмчилдөг болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн /хэргийн 22 хуудас/ үл хөдлөх хөрөнгийн Ү-2101009483 дугаартай гэрчилгээ, зохигчдын тайлбараар нотлогдож байна.  

Нэхэмжлэгч “10+11” СӨХ нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-6-р байр, 5-11 дүгээр байруудыг хариуцан ажилладаг бөгөөд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж зааснаар шаардах эрхтэй.   

Шүүх талуудын хүсэлтээр шинжээч томилж Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулсан боловч хариуцагч дүгнэлтийг зөвшөөрөөгүй тул, дахин шинжээч томилж “Лендс” ХХК-р дүгнэлт гаргуулсан. “Лендс” ХХК-ийн гаргасан дүгнэлтийг талууд зөвшөөрч, маргаагүй.   

Шинжээчийн дүгнэлтээр 5-6-00 тоотын нийт хэмжээ 245 м.кв байгаагаас, маргаан бүхий хэсэг буюу дүгнэлтэд дурьдсанаар “орон сууцны конторын аж ахуйн зориулалттай, байрны баруун урд хэсэг болох 5 дугаар тэнхлэгээс 6 дугаар тэнхлэгийн дунд даацын хананаас 9-р тэнхлэгийн гадна хана, А тэнхлэгийн гадна хананаас В тэнхлэг хүртлэх бүгд 88 м.кв, Дундын өмчлөлийн зориулалтаар 5 дугаар тэнхлэгээс 6 дугаар тэнхлэгийн дунд хананаас 9 дүгээр тэнхлэгийн гадна хана, В тэнхлэгээс Г тэнхлэг хүртлэх нийт 44 м.кв байна” гэсэн.

 Үүнээс “Номин реалтор” ХХК нь 116 м.кв талбайн өмчлөгч болох нь нотлогдож байх ба “Номин реалтор” ХХК-ийн одоогийн нийт өмчилж буй талбай нь шинжээчийн дүгнэлтээр 132 м.кв /88 м.кв + 44м.кв/ болох нь тогтоогдсон. 

Тиймээс “Номин реалтор” ХХК нь өөрийн өмчлөлийн 116 м.кв талбайгаас 16 м.кв талбайг илүү өмчилж байна.

“Номин реалтор” ХХК-ийн ханыг нь нурааж цөмөлсөн хэсгийг, шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Дуламсэндэн: “... 2010 оноос эхлэн “10+11” СӨХ-ийн 5-6-ийн 00, одоо “Номин их дэлгүүр”-ийн полконтой хэсгээс нь СӨХ-ийн талбай хүртэлх хэсгийг түрээсэлдэг байсан. 2014 оны 05 сард цөмлөөгүй байсан, тэрнээс хойш л “Номин их дэлгүүр” нэг л мэдэхэд ханыг нь нураагаад засвар хийсэн байсан...” гэж мэдүүлсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн болон гэрч Б.Дуламсэндэнгийн 2014 онд СӨХ-ны табай бүхий хэсгээс “Номин их дэлгүүр” ханыг нь нурааж талбайг сунгасан гэсэн тайлбар, мэдүүлгийг хариуцагч тал үгүйсгээгүй, няцаагаагүй, мөн энэ талаар маргаагүй, хүлээн зөвшөөрдөг.

Иймд 5-6-ийн 00 хэсгийн полконоор ороод тодорхой хэсгийг “10+11” СӨХ нь эзэмшдэг байсан болох нь нотлогдож байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна”, 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртлэх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” хамаарна.

Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-д “дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна” гэж тус тус заасан.    

“Номин реалтор” ХХК нь өөрийн өмчлөлийн 5-6-00 хэсгийн 116 м.кв талбай бүхий хэсгээс, 16 м.кв талбайг илүү эзэмшиж байгаа болох нь нотлогдож байх тул 16 м.кв бүхий одоо СӨХ-ны байгаа хэсгээс балкон /тагт/ хүртэлх СӨХ-ны өмнө нь эзэмшиж байсан талбай /16 м.кв/, мөн балкон /тагт/ нь ч СӨХ-ны эзэмшлийнх болох нь шинжээчийн дүгнэлт нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоодож байх  тул дээрх талбай бүхий хэсэг, балконыг /тагт/ “Номин реалтор” ХХК-ийн өмчлөлөөс чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.  

    

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 142 дугаар зүйлийн 142.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-д заасныг баримтлан “Номин реалтор” ХХК-ий Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-6-00 тоотын 116 м.кв талбай бүхий хэсгээс илүү байгаа, СӨХ-ны хэсгээс балкон /тагт/ хүртэлх СӨХ-ны өмнө нь эзэмшиж байсан талбай /16 м.кв/, мөн балкон /тагт/-ыг чөлөөлж “10+11” СӨХ-д олгосугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор  гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ХИШИГДАВАА