Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/00228

 

 

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/00228

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02331 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э-, Б-т нарт холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Б-ын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Б-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2016 оны 10 сарын эхээр Б-, Э- нартай Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/294 тоот захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгогдсон газар доороо үйлчилгээний төв бүхий 5 давхар 20 айлын орон сууцны барилгыг гүйцээн барьж ашиглалтанд оруулж, улсын комисст хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. 2016 оны 10 сарын 21-ний өдөр Б ХХК-ийн нэр дээр барилгын ажлыг эхлүүлэх үргэжлүүлэх зөвшөөрөл гарч, улмаар 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэн Э-, Б- нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, барилга угсралтын ажлын хөлсөнд 20 000 000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 5 500 000 төгрөг авсан ба түүнээс хойш ямар нэг тооцоо хийгээгүй.

2017 оны 7 сард барилга ашиглалтанд орж, барилга байгууламжийг ашиглалтанд хүлээн авах улсын комисс хүлээн авч акт гарсан. Захиалагч нар 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр барилга угсралтын ажлын хөлсний үлдэгдэл 15 000 000 төгрөгийг олгоно гэж гэрээний 5.3-д нэмэлт оруулсан. Иймд Б-, Э- нараас 14 500 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 230 450 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 1-р хороо Замчдын гудамжинд Үйлчилгээтэй 20 айлын орон сууцны барилгыг барих ажилд захиалагч иргэн Э- би Цотэ менежмент ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ажиллах явцад гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, хөрөнгө оруулалтгүйн улмаас ажил зогсож, барилгыг байгаа байдлаар нь актаар хүлээн авч барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгах шаардлагаар дээрх Б ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан ба хөрөнгө оруулагч тал болох Цотэ менежмент ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрт нэхэмжлэл гаргаж арбитрын маргаан үүссэн.

Иймд Б ХХК-ны гаргасан нэхэмжлэлийг дээрх арбитрын ажиллагаа дуустал түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хамтран ажиллах гэрээг байгуулахаас өмнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Дангийн 6 дугаар байрны барилгад хөрөнгө оруулалт хийх, уг орон сууцны барилгыг барих, ашиг хуваах хэлбэрээр 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Цоте менежмент ХХК, Э-, Б- нарын хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж барилгын ажлыг эхэлсэн ба гэрээнд заасан барилгын ажил дуусаагүй байхад гэрээний талуудын хооронд маргаан үүсэж, уг маргаан одоо Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх монголын олон улсын ба үндэсний арбитрт маргаан үүсэж хуульд заасан ажиллагаа явуулж байгаа ба уг маргааныг шийдвэрлэхээс өмнө Б ХХК-ийн нэхэмжлэлтэй энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-, Э- нараас 14 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-, Э- нараас улсын тэмдэгтийн хураамжид 230 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. "Б " ХХК нь талуудын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хамтран ажиллах гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгч гэрээний 3.3., 3.4.-T заасан үүргээ зохих ёсоор биелүүлснээ нотлох үүрэгтэй ба энэ талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй.

Нэхэмжлэгчийн "...2017 оны 7 сард барилга ашиглалтанд орж, барилга байгууламжийг ашиглалтанд хүлээн авах улсын комисс хүлээн авч акт гаргасан..." гэх нэхэмжлэгчийн тайлбар хэргийн баримтаар хангалттай тогтоогдоогүй байхад шүүгч энэ талаар зохигч маргаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир нь шүүхэд анх хариуцагч миний зүгээс тайлбар гаргахдаа нэхэмжлэлд дурдсан барилгын ажил дуусаагүй байхад гэрээний талуудын хооронд маргаан үүсэж, энэ маргаан нь одоо арбитрт маргаан үүсээд шийдвэрлэгдээгүй байгаа тайлбарыг гаргаж мөн энэ талаарх баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ болон үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийгээгүйгээс зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй. Шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/Ш32018/11963 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан байх ба уг захирамж гарснаас хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогчдод хэргийн материал огт танилцуулаагүй, энэ эрхийг хэрэгжүүлэхэд шүүх шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Э-, Б- нарт холбогдуулан гэрээний үүрэгт 14 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд баригдах 20 айлын орон сууцны барилгын суурийн ажилд холбогдох зураг, далд ажлын актуудыг хариуцан нөхөн бүрдүүлэх, улсын комисст туслан гүйцэтгэгч нартай хамтран хүлээлгэн өгөх, хариуцагч Б-, Э- нар нь барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зураг, төсөл тооцоо, мэдээллээр хангах, барилгын ажилд шаардлагатай зөвшөөрөл, бичиг баримтыг хариуцах, ажлын хөлсөнд 20 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн талаар талууд маргаагүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Талууд гэрээний 3.3 дахь хэсэгт ...гэрээний урьдчилгаа төлбөрт 5 000 000 төгрөг олгох бөгөөд улсын комисст өгмөгц дараагийн 5 000 000 төгрөгийг олгох, 3.4 дэх хэсэгт ...үлдэгдэл төлбөр болох 10 000 000 төгрөгийг улсын комиссын акт гармагц олгох-оор тохиролцсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Нэхэмжлэгч талаас маргаан бүхий барилгыг ашиглалтад орж, барилга байгууламжийг улсын комисс хүлээн авч акт гаргасан гэх тайлбарыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар эсэргүүцээгүй тул анхан шатны шүүх орон сууцны барилгыг ашиглалтад оруулах улсын комиссын акт гарсан талаар зохигчид маргаагүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсийг хариуцагч нараас шаардах эрхтэй юм.

 

Талуудын байгуулсан гэрээнд Урьдчилгаанд 5 500 000 төгрөг олгов, хүлээн авсан Ц.Болдбаатар, хүлээлгэн өгсөн Э- гэж бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул анхан шатны шүүх хариуцагч нараас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 14 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.

 

Анхан шатны шүүх хариуцагч Э-од 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, хариуцагч Б-т 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, нэхэмжлэгч болон хариуцагч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан танилцуулжээ. /хх 16 дахь тал/

 

Хариуцагч Б-ын дахин шинжээч томилуулах хүсэлтийг анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 5842 тоот дүгнэлт гарсан, шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2018/11963 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цагт товолсныг талуудад 6 хоногийн өмнө буюу 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар эдлэх эрхийг хязгаарласан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02331 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА