Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 02331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Н.Бб/РД: /,

 

Хариуцагч: Т.Э/РД: / нарт холбогдох

 

14 500 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2016 оны 10 сарын эхээр Н.Бб, Т.Э нар нь Баянгол дүүргийн 1-р хорооны Замчдын гудамж Замчдын гудамж хаягтай Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 сарын 30-ны өдрийн А/294 тоот захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгогдсон газар доороо үйлчилгээний төв бүхий 5 давхар 20 айлын орон сууцны барилгыг гүйцээн барьж ашиглалтанд оруулж, улсын комисст хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. 2016 оны 10 сарын 21-ний өдөр “Болдхаус” ХХК-ийн нэр дээр барилгын ажлыг эхлүүлэх үргэжлүүлэх зөвшөөрөл гарсан.

2017 оны 02-р сарын 25-ны өдөр иргэн Т.Э, Н.Бб нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, барилга угсралтын ажлын хөлсөнд 20 000 000/хорин сая/ төгрөг байхаар гэрээний 3.2-д заасан. Гэрээний 3.3-д зааснаар урьдчилгаа төлбөрт Т.Э нь 5 000 000/таван сая/ төгрөг, 2017 оны 03 сарын 10-ны өдөр 500 000/таван зуун мянган/ төгрөг нийт 5 500 000 өгсөн. Түүнээс хойш ямар нэг тооцоо хийгээгүй.

2017 оны 7 сард барилга ашиглалтанд орж, барилга байгууламжийг ашиглалтанд хүлээн авах улсын комисс хүлээн авч акт гарсан. Захиалагч нар 2017 оны 07 сарын 26-ний өдөр барилга угсралтын ажлын хөлсний үлдэгдэл 15 000 000 төгрөгийг олгоно гэж гэрээний 5.3-д нэмэлт оруулсан. 2017 оны 07 сарын 26-ны өдрөөс өнөөдрийн өдрийг хүртэл ажлын хөлсний үлдэгдэл 14 500 000 төгрөгийг төлөхгүй компанийг хохироож байна.

Иймд Н.Бб, Т.Э нараас 14 500 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 230 450 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Т.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““Б” ХХК-аас нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Т.Э би нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

БГД 1-р хороо Замчдын гудамжинд Үйлчилгээтэй 20 айлын орон сууцны барилгыг барих ажилд захиалагч иргэн Т.Э би “Цотэ менежмент” ХХК-тай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулан ажиллах явцад гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, хөрөнгө оруулалтгүйн ажил зогсож улмаар барилгыг байгаа байдлаар нь актаар хүлээн авч барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгах шаардлагаар дээрх “Б” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажилласан ба хөрөнгө оруулагч тал болох “Цотэ менежмент” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Монголын олон улсын ба үндэсний арбитр”-т нэхэмжлэл гаргаж арбитрын маргаан үүссэн байгаа.

Иймд “Б” ХХК-ны гаргасан нэхэмжлэлийг дээрх арбитрын ажиллагаа дуустал түдгэлзүүлж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Н.Бб шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч нь ажлын хөлс 14 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.Бб би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан 2017 оны 02 сарын 25-ны өдрийн хамтран ажиллах гэрээг үндэслэн дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“Б” ХХК-тай 2017 оны 02 сарын 25-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэлийн шаардлагад дурдсан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Дангийн 6 дугаар байрны барилгад хөрөнгө оруулалт хийх, уг орон сууцны барилгыг барих, ашиг хуваах хэлбэрээр 2015 оны 08 сарын 03-ны өдөр “Цоте менежмент” ХХК, Т.Э, Н.Бб нарын хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж барилгын ажлыг эхэлсэн ба гэрээнд заасан барилгын ажил дуусаагүй байхад гэрээний талуудын хооронд маргаан үүсэж, уг маргаан одоо Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх монголын олон улсын ба үндэсний арбитрт маргаан үүсэж хуульд заасан ажиллагаа явуулж байгаа юм.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болсон Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Дангийн 6 дугаар байрны барилгын ажилтай холбоотой хэргийг арбитрын шүүхээр шийдвэрлэгдэж байгаа ба уг маргааныг шийдвэрлэхээс өмнө “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм. Учир нь нэхэмжлэлд дурдсан хаягт байршилтай, нэхэмжлэлийн үндэслэл болсон барилгын ажлыг “Цоте менежмент” ХХК-тай гэрээ байгуулан эхэлсэн бөгөөд уг гэрээний дагуу барилгын ажил явагдаж байх явцад талуудын хооронд маргаан үүсэж гэрээний дагуу ажил зогссон. Арбитрт хянан хэлэлцэж байгаа энэ маргаан шийдвэрлэгдсэнээр маргаан бүхий барилгын ажлыг хэдэн хувьтай баригдсан байхад нь үргэжлүүлэн ажил хийсэн эсэх, хэдэн төгрөгийн ажил хийсэн эсэх зэрэг маргааны үйл баримтын талаар арбитрын шүүх дүгнэлт өгч шийдвэрлэсний дараа “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй энэ хэрэг маргааныг шийдвэрлэх боломжтой болох ба, зохигчийн маргаж байгаа зүйл үндэслэлийн талаарх хэргийг арбитрын уг маргаан шийдвэрлэхээс өмнө шийдвэрлэх боломжгүй нь тодорхой харагдана.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч Н.Бб, хариуцагч Т.Э нарт холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 14 500 000/арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н.Бб нь “Цоте менежмент” ХХК-тай гэрээ байгуулан эхэлсэн бөгөөд уг гэрээний дагуу барилгын ажил явагдаж байх явцад талуудын хооронд маргаан үүсэж гэрээний дагуу ажил зогссон гэх тайлбар ирүүлсэн.

 

Хариуцагч Т.Э нь “Цотэ менежмент” ХХК-тай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулан ажиллах явцад гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй гэх тайлбар ирүүлсэн.

 

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяад 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр утсаар, хариуцагч Н.Ббт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр баталгаат шуудангаар болон 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр утсаар, хариуцагч Т.Эод 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталгаат шуудангаар болон 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч зохигчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа, хариуцагч Н.Бб, хариуцагч Т.Э нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан болох нь Хамтран ажиллах гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Хамтран ажиллах гэрээний 1, 2, 5-д зааснаар нэхэмжлэгч нь барилгын аяган суурийн ажилд холбогдох зураг, далд ажлын актуудыг хариуцан нөхөн бүрдүүлэх, улсын комисст туслан гүйцэтгэгч нартай хамтран хүлээлгэн өгөх, хариуцагч нар нь 20 000 000/хорин сая/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь Хамтран ажиллах гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх ... хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Хамтран ажиллах гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь холбогдох зураг, далд ажлын актуудыг бүрдүүлэх, хариуцагч нь ажлын хөлс төлөх үүргийг хүлээсэн тус хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Гэрээний 3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 14 500 000/арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т “... ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.” гэж заасан.

 

Гэрээний 3-т зааснаар хариуцагч нар нь нийт ажлын хөлс болох 20 000 000/хорин сая/ төгрөгийг 3/гурав/ хувааж төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Зохигчид 20/хорь/ айлын орон сууцны барилгыг ашиглалтад хүлээн авах улсын комиссын акт гарсан талаар маргаагүй болно.

 

Гэрээний 3-т зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэгчид ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 14 500 000/арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас Гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 14 500 000/арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нар нь “Цотэ менежмент” ХХК-тай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан гэх тайлбар ирүүлсэн байх боловч Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчтэй байгуулсан Гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцагч нар өөрсдөө хэрэгжүүлэх үүрэгтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Бб, Т.Э нараас 14 500 000/арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Бб, Т.Э нараас 14 500 000/арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бб, Т.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 230 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ