Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02419

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02419

 

 

 

Синчи-Ойл ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/02021 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Синчи ойл ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Батжилт-Энх ХХК-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Болд

 

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 21 681 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Түвшинжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Шаравнямбуу

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ж.Болд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Синчи-Ойл ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинжаргал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа

Синчи-Ойл ХХК нь Батжилт-Энх ХХК-тай 2015 оноос эхлэн хамтран ажиллаж ирсэн ба 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 001-17/13 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ, 2017/13 тоот барьцааны гэрээг тус тус байгуулсан. Манай компани гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлсээр ирсэн. 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 8 удаагийн ачилтаар нийт 35 340 000 төгрөгийн шатахуун нийлүүлсэн. Үүнээс 7 296 000 төгрөгт тооцон 96 ширхэг хашааны суурь өгч, 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 13 590 000 төгрөгийг дансаар хийж нийт 20 886 000 төгрөгийн буцаан төлөлт хийсэн бөгөөд одоогоор 14 454 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 001-17/13 тоот гэрээний 3.6-д худалдан авагч нь уг гэрээний 3.5-д заасан хугацаанд багтаан төлбөрийг төлөөгүй нөхцөлд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу нийт алданги 9 660 546 төгрөг болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул алданги нь 7 227 000 төгрөг болсон. Иймд үндсэн төлбөр болон алданги нийт 21 681 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд иргэн Ж.Болдын эзэмшлийн Тоёото ланд крюзер 100 маркийн 08-90 УБҮ улсын дугаартай машиныг 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдөр барьцааны гэрээний дагуу барьцаанд тавьсан. Тус тээврийн хэрэгслийг барьцаанд тавьснаас хойш нийт 3 удаагийн ачилтаар 13 590 000 төгрөгийн түлш буюу 9.000 литр түлшийг худалдаж авсан. Үүнтэй холбоотой төлбөр тооцоог бэлэн мөнгөөр бүрэн төлсөн байдаг. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нийт 8 удаагийн зарлагын падаан дээр 9 дүгээр сард 5 удаа, 10 дугаар сард 3 удаа тос бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж харагдаж байна. 9 дүгээр сард бүтээгдэхүүн аваагүй бөгөөд нийлүүлсэн гэх 5 удаагийн баримт дээр Бат-Энхжилт, Бат-Энхжин ХХК гэсэн бичиглэл хийгдсэн байна. Үүнээс харахад хаана, ямар компанид нийлүүлсэн гэдэг нь тодорхойгүй байна. Гэрээний хавсралт 2-т ...эд хөрөнгийг худалдаж авна гэж заасан боловч гэрээний хавсралт 2 гэж байхгүй, мөн захиалсан бүтээгдэхүүний 25 хувьтай тэнцэх төгрөгийг урьдчилж төлдөг. Тухайн сард худалдаж авсан бүтээгдэхүүний тооцоог 25-ны өдөр хийж, 30-ны өдрийн дотор төлбөрийг төлөхөөр талууд тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч удаа дараа төлбөрөө төлөөгүй гэсэн атлаа 10 дугаар сард авсан бүтээгдэхүүнийг нийлүүлж, төлбөрийг төлсөн байдаг. 9 сард бүтээгдэхүүн авсан талаар тооцоо нийлсэн баримт үйлдээгүй, 10 сарын худалдаж авсан тосны үнэ 13 590 000 төгрөгийг бүтнээр нь төлсөн, 9, 10 сарын үнэ өөр байгаа талаар баримт хэрэгт авагдсан байгааг анхаарах нь зүйтэй. Талуудын гэрээгээр тохиролцсон зүйл дизель түлш 9 000 литр авна, нэг литр бүрийн үнийг 1 510 төгрөгөөр тооцоход нийт 13 590 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр худалдаж авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч байгууллага гэрээний төлбөрт тооцож 7 000 000 төгрөгийн хашааны суурь авсан гэж байгаа боловч хариуцагч байгууллага хайрга олборлох үйл ажиллагаа явуулдаггүй, хэв хашмалаар бетон хийц хийдэг компани биш. 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийг Батжилт-Энх ХХК-ийн захирал н.Ганбагана унаж яваад гурвалжингийн уулзвар дээр замын цагдаад торгуулсан бөгөөд энэ тээврийн хэрэгсэл бусдын эзэмшилд байсан байна. Компани бол гэрээ хийгээд барьцааны зүйлийг шууд өөрийн эзэмшилд авдаг. Гэрээ хэдийгээр 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөр огноологдсон байгаа боловч 10 дугаар сарын 1-нд хийгдсэн, барьцааны зүйлийг 10 дугаар сард нэхэмжлэгч байгууллага эзэмшилдээ авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 153 дугаар зүйлийн 153.1-ийг баримтлан Батжилт-Энх ХХК-аас 15 737 976 төгрөгийг гаргуулж Синчи-Ойл ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 5 943 024 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 266 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 236 640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Синчи ойл ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Баярмаа давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д "барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэснийг үл зөвшөөрч байна. Синчи-Ойл ХХК нь Батжилт-Энх ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, барьцааны гэрээг тус тус байгуулан хамтран ажилласан. Барьцааны гэрээний 2.2-д үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчид энэхүү гэрээний 2.1-д заасан барьцааны зүйлээс илүү хэмжээний шатахуун нийлүүлж болох ба энэ нь үүрэг гүйцэтгүүлэгч илүү нийлүүлсэн шатахууны үнийг нэхэмжлэх эрхээ алдах үндэслэл болохгүй гэж заасан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу давж заалдах гомдолдоо:

... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг байхгүй мэтээр тайлбарласан. Учир нь тус хавтаст хэргийн 19 дүгээр талд зарлагын түүвэр гэх нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал тус гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан гэж, бөгөөд хариуцагч тал 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан гэж тус тус тайлбарладаг. Хэргийн 13 талд авагдсан гэрээний хавсралт 01нэг литрийн түлшний үнийг 1510 төгрөг гэж, хэргийн 19 тал дээр 9 дүгээр сард нэг литр түлшний үнэ 1450 төгрөг гэж, 10 дугаар сарын нэг литр түлшний үнэ болох 1510 гэж бичсэнээс үзэхэд 10 дугаар сард гэрээ байгуулсан гэж харагдаж байна. Мөн хавтаст хэргийн 21 дүгээр талд 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нийлүүлэлт хийсэн гэх бөгөөд тус өдөр нь Мягмар гараг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн гаргасан тогтоолын дагуу 2 болон 7 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй атал 6917 УНУ гэх тээврийн хэрэгслээр түгээлт хийсэн гэх ойлгомжгүй нөхцөл байдлыг гэрчийн этгээдээс асуухад хариулт хэлээгүйг анхан шатны шүүхээс мөн адил үнэлж үзээгүй. Маргаан бүхий иргэний хэргийн хавтаст хэргийн 21-24 тал дээр нийт 8 ширхэг зарлагын баримт байна. Дээрх баримтуудын 9 дүгээр сард 5 зарлагын баримтын хүлээн авагч дээр н.Бат-Энхжин, харин 10 дугаар сарын 3 баримт дээр н.Батжилт-Энх гэж бичсэн байна. 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдийн газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний 3.4-т 25 хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгаа төлбөрийг газрын тосны бүтээгдэхүүнийн хүлээн авахаас өмнө ажлын гурван хоногийн дотор төлсөн байх бөгөөд энэхүү төлбөрөө хугацаандаа төлөгдөхгүй тохиолдолд худалдагч тал газрын тосны бүтээгдэхүүнийн худалдан авагчид нийлүүлэхгүй байх эрхтэй гэж зааснаас үзвэл дүгээр сард нийт 15 000 литр түлш нийлүүлсэн байхад хариуцагч тал төлбөрөөс төлөлт хийгээгүй атал 10 дугаар сард яагаад дахин нийлүүлэлт хийсэн. Олон жилийн туршлагатай компани дээрх 9
дүгээр сарын төлбөрийг нэхэхгүй 10 дугаар сард нэмж
дизель өгч байгаан ойлгомжгүй байх бөгөөд тус газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээг 10 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан гэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Синчи-Ойл ХХК нь хариуцагч Батжилт-Энх ХХК-д холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүний үнэд 21 681 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргасан байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 8 удаагийн бүтээгдэхүүн нийлүүлэлтээр 35 340 000 төгрөгийн шатахуун нийлүүлснээс хариуцагч үлдэгдэл 14 454 000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлаж, хариуцагч байгууллага ... дизель түлш нийлүүлсэн зарим падаан дээр хүлээн авагч байгууллагын нэрийг буруу бичсэн, уг бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй гэж маргажээ.

 

Зохигчид 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах №001-17/13 тоот гэрээ, №2017/13 тоот барьцааны гэрээнүүдийг байгуулсан байх бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч тал хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Иймд худалдан авагч худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг нэхэмжлэгчид төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Синчи-Ойл ХХК нь хариуцагч Батжилт-Энх ХХК-аас гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Харин зохигчдын хэн аль нь хариуцагч байгууллагаас өгсөн 96 ширхэг хашааны суурийн үнэ 7 296 000 төгрөгийг дээрх худалдах, худалдан авах гэрээний үнэд тооцсон, хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 13 590 000 төгрөгийг дансаар төлсөн асуудлыг үгүйсгээгүй болно.

 

Талуудын гэрээний 01 тоот хавсралтаар 9000 литр дизель түлшийг нэг литрийг нь 1510 төгрөгөөр нийт 13 590 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн зарлагын түүвэр гэсэн бичгийн баримтад 10 дугаар сард 3 удаагийн нийлүүлэлтээр хариуцагч байгууллага 13 590 000 төгрөгийн бүтээгдэхүүн авсан уг бүтээгдэхүүний үнийг төлсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 13,19 тал/

 

Хариуцагч байгууллага 2017 оны 10 дугаар сард 3 удаа нийлүүлсэн 9000 литр дизель түлшний 13 590 000 төгрөгийг үнийг төлсөн, талууд барьцаагаар хангагдах шаардлагыг 13 590 000 төгрөгөөр тодорхойлсон тул анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцааны автомашинаар хангах үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...барьцааны зүйлээр үүргийг хангах ёстой байсан гэсэн гомдол үндэслэлгүй байна. Иргэний хуульд барьцааны гэрээнд заавал тусгах зүйлд барьцааны зүйлээр үүргийг хангах үнийг заавал заах талаар заасан байдаг. Гэрээний хавсралтад хүснэгтээр барьцааны зүйлээр хангагдах үнийн дүнг 13 590 000 төгрөг гэж тодорхой заасан байна. Гэрээний 2.2-ийн нэгдүгээр заалтад заасан үнийн дүнгээр хязгаарлагдахгүйгээр түүнээс илүү дүнтэй бүтээгдэхүүн нийлүүлж болохоор заасан байна. Ингэж тусгасан нь тухайн үүргийг барьцаагаар хангах үндэслэл болно гэдгийг тодорхой заагаагүй, харин илүү нийлүүлсэн үнээ шаардах эрхтэй гэсэн агуулгатай байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг үгийн шууд утгаар тайлбарлахаар заасан. Барьцааны гэрээний 2.2-д шатахууны үнийг шаардах эрхийг зааснаас биш барьцааны зүйлээр үүргийг хангах талаар заасан гэж үзэхгүй юм.

 

Харин хариуцагчийн 2017 оны 9 дүгээр сард 5 удаагийн нийлүүлэлтээр 3000 литр түлшийг аваагүй гэж тайлбарлаж, уг үндэслэлээрээ давж заалдах гомдол гаргасныг хангах боломжгүй байна. Учир нь 2017 оны 9 дүгээр сарын 4, 7, 11, 13, 19-ний өдрүүдэд нийлүүлсэн дизель түлшний зарлагын падаанд хариуцагч байгууллагын нэрийг Бат-Энхжин гэж буруу бичсэн байгаа боловч 2017 оны 10 дугаар сарын 13, 16, 23-ны өдрүүдэд нийлүүлсэн дизель түлшний падаанд хариуцагч байгууллагын нэрийг Батжилт-Энх гэж зөв бичсэн, уг дизель түлшийг хариуцагч Батжилт-Энх ХХК-д хүлээлгэн өгсөн болохыг гэрч нотолсон, дизель түлшийг хүлээн авсан хүн гарын үсэг зурсан болохыг хариуцагч байгууллага үгүйсгээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний дагуу зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэд 14 454 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...өөр өөр компанийн нэрээр нийлүүлсэн барааг анхааралгүй нотлох баримтыг буруу үнэлсэн гэсэн үндэслэл заасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтуудыг харьцуулж үнэлнэ. Хэрэгт хариуцагч байгууллагын нэрийг өөр өөрөөр бичиж өгсөн баримт байх бөгөөд уг баримтуудыг тодруулахаар барааг зөөж байсан жолоочийг гэрчээр асуусан байна. Гэрчийн мэдүүлгээр Батжилт-Энх ХХК-д хүлээлгэн өгсөн талаар мэдүүлсэн зэргийг шүүх үнэлээд барааг хүлээлгэн өгсөн гэж үзсэнийг буруутгах боломжгүй. Мөн 9,10 сард өөр өөр үнээр нийлүүлсэн гэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуульд зааснаар гэрээний үнийг өөрсдөө тохиролцох бөгөөд гэрээгээр үнээ тохирсон байх тул энэ талаар давж заалдсан гомдлыг хангах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/02021 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн төлсөн 236 700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ц.ИЧИНХОРЛОО