Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2021

 

 

 

 

 

   2018 оны 10 сарын 11 өдөр

      Дугаар 182/ШШ2018/02021

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж:

 

Нэхэмжлэгч: ”СО” ХХК

 

Хариуцагч: “БЭ” ХХК

Гуравдагч этгээд: Ж.Б

 

            21.681.000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, хариуцагчийн өмгөөлөгч Л.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

                                                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “СО” ХХК болон “БЭ” ХХК нь 2015 оноос эхлэн хамтран ажиллаж ирсэн. 2017 оны 09 сарын 01-ний өдөр 001-17/13 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ, 2017/13 тоот барьцааны гэрээг байгуулсан. Манай компани гэрээний үүргээ цаг тухай бүрд нь биелүүлж ирсэн. 2017 оны 09 сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 сарын 23-ны өдөр хүртэл нийт 8 удаагийн ачилтаар нийт 35.340.000 төгрөгийн шатахуун нийлүүлсэн. Үүнээс 7.296.000 төгрөгийг 96 ширхэг хашааны суурь өгч, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 13.590.000 төгрөгийг дансаар хийж нийт 20.886.000 төгрөгийн буцаан төлөлт хийсэн бөгөөд одоогоор 14.454.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 001-17/13 тоот гэрээний 3.6-д заасны дагуу Худалдан авагч нь уг гэрээний 3.5-д заасан хугацаанд багтаан төлбөрийг төлөөгүй нөхцөлд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу нийт алданги 9.660.546 төгрөг болсон. Иргэний хуулийн 232.4-д заасны дагуу алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул алданги нь 7.227.000 төгрөг болсон. Иймд үндсэн төлбөр болон алданги нийт 21.681.000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэгчтэй 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд иргэн Ж.Бын эзэмшлийн Тоёото ланд крюзер 100 маркийн 08-90 УБҮ улсын дугаартай машиныг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр барьцааны гэрээний дагуу барьцаанд тавьсан. Тус тээврийн хэрэгслийг барьцаанд тавьснаас хойш нийт 3 удаагийн ачилтаар 13.590.000 төгрөгийн түлш буюу 9.000 литр түлшийг худалдаж авсан. Үүнтэй холбоотой төлбөр тооцоог бэлэн мөнгөөр бүрэн төлсөн байгаа. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нийт 8 удаагийн зарлагын падаан дээр 9 сард 5 удаа, 10 сард 3 удаа тос бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж харагдаж байна. 9-р сард бүтээгдэхүүн аваагүй. 9 сард нийлүүлсэн гэх 5 удаагийн баримт дээр “Бат-Энхжилт”, “Бат-Энхжин” ХХК гэсэн байгаа. Үүнээс харахад хаана ямар компанид нийлүүлсэн гэдэг нь тодорхойгүй байна. Гэрээний хавсралт 2-т заасан эд хөрөнгийг худалдаж авна гэж заасан боловч хавсралт 2 нь байдаггүй, ингэхдээ захиалсан бүтээгдэхүүний 25 хувьтай тэнцэх төгрөгийг урьдчилж төлнө. Тухайн сард худалдаж авсан бүтээгдэхүүний тооцоог 25-ны өдөр хийж, 30-ны өдрийн дотор төлбөрийг төлнө гэж тохиролцсон байдаг. 5 удаагийн төлбөр тооцоог төлөөгүй бол яагаад дараагийн 10-р сарын 3 удаагийн төлбөр тооцоог төлсөн байдаг вэ гэдэг асуудал гарна. 9 сард тос нийлүүлсэн бол яагаад тооцоо нийлээгүй байдаг, яагаад үнийг төлөөгүй байхад дахин тос өгөөд байгаа, 10 сарын худалдаж авсан тосны үнэ 13.590.000 төгрөгийг бүтнээр нь төлж байгаа үйл баримт зэргийг анхаарах хэрэгтэй. 9, 10-р сарын үнэ бас өөр өөр байна. Талуудын гэрээгээр тохиролцсон зүйл дизель түлш 9.000 литр авна, нэг литр бүрийн үнийг 1.510 төгрөгөөр тооцоход нийт 13.590.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр худалдаж авна гээд заасан байгаа. Энэ үнэндээ л тааруулж, 3 удаагийн ачилтаар бүтээгдэхүүн авч энэ үнийг төлсөн. Нэхэмжлэгч үнэнд тооцож 7.000.000 төгрөгийн хашааны суурь авсан гэж буй боловч хариуцагч хайрга олборлох үйл ажиллагаа явуулдаггүй, хэв хашмалаар бетон хийц хийдэг компани биш. Төлбөр тооцоог эцсийн байдлаар дүгнэсэн эсэх, гэрээг заавал дүгнэсэн байхыг шаардах бөгөөд хэзээ нэхэмжлэх хүргэсэн, мөнгөө төл гэдэг шаардлагыг хэдийд хэрэгжүүлсэн, энэ хугацаанд шаардаж байсан үйл баримт байгаа эсэх нь тодорхойгүй байна.

 

Барьцааны зүйл нь 9-р сард тавигдаагүй байдаг, үүнийг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийг “БЭ” ХХК-ийн захирал Ганбагана унаж яваад Гурвалжингийн уулзвар дээр замын цагдаад торгуулсан бөгөөд энэ тээврийн хэрэгсэл бусдын эзэмшилд байсан байна. Компани бол гэрээ хийгээд барьцааны зүйлийг шууд өөрийн эзэмшилд авдаг. Эндээс харахад гэрээ хэдийгээр 2017 оны 09 дүгээр сарын 01-нээр огноологдсон байгаа ч 10 дугаар сарын 01-нд хийгдсэн, барьцааны зүйлийг 10 дугаар сард нэхэмжлэгч эзэмшилдээ авсан байгаа юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Ренчинбямбыг шүүх хуралдаанд оролцуулж гэрчээр асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

Шүүх нэхэмжлэл, “СО” ХХК болон “БЭ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “СО” ХХК болон “БЭ” ХХК-ийн дүрэм, 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ, хавсралт 1, 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн барьцааны гэрээ, 0890 УБҮ улсын дугаартай автомашины гэрчилгээ, зарлагын түүвэр, ШТМ-ын зарлагын падаан, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны албан бичиг болон бусад бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “СО” ХХК нь хариуцагч “БЭ” ХХК-д холбогдуулж Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 21.681.000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 “СО” ХХК нь 2017 оны 09 сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 сарын 23-ны өдөр хүртэл нийт 8 удаагийн ачилтаар нийт 35.340.000 төгрөгийн шатахуун нийлүүлсэн, хариуцагч 20.886.000 төгрөгийн буцаан төлөлт хийсэн ба 14.454.000 төгрөгийн үлдэгдлийг алдангийн хамт 21.681.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж, дизель түлшийг 9 дүгээр сард 5 удаа тус бүр 3000 литрээр, 10 дугаар сард 3 удаа тус бүр 3000 литрээр хариуцагч компанид хүлээлгэн өгсөн зарлагын падааныг нэхэмжлэлд хавсарган ирүүлжээ.

Хариуцагч газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг 2017 оны 10 дугаар сард хийсэн, энэ сард 3 удаа нийт 9000 литр дизель түлш авч үнэ 13.590.000 төгрөгийг төлсөн, автомашиныг 13.590.000 төгрөгийн төлбөрийн үүрэгт барьцаалсан, тооцоо бүрэн дууссан тул нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй гэж маргаж байна.

“СО” ХХК болон “БЭ” ХХК-иуд 2017 оны 09 сарын 01-ний өдөр 001-17/13 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр талууд агуулахаас ачуулсан баримт буюу зарлагын падаанд харилцан гарын үсэг зурснаар газрын тосны бүтээгдэхүүн нь худалдан авагчийн өмчлөлд шилжсэнд тооцох, худалдан авагч сар бүрийн 25-ны дотор нийлүүлэгч талтай тооцоо нийлж, төлбөрийг 30-ны дотор төлж барагдуулах, хугацаандаа төлбөрийг төлөөгүй нөхцөлд хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. Гэрээнд хавсралт 1, 2 гэж заасан боловч хавсралт 2 байхгүй, хавсралт 1-д дизель түлш нэг литрийг 1510 төгрөгөөр, 9000 литрийг 13.590.000 төгрөгөөр худалдан авах тухай тэмдэглэгджээ.  

Мөн өдөр талууд 2017/13 тоот барьцааны гэрээг байгуулж,  Ж.Бын эзэмшлийн Тоёото ланд крюзер 100 маркийн 08-90 УБҮ улсын дугаартай машиныг 13.590.000 төгрөгийн шаардлагад барьцаалсан нь гэрээгээр тогтоогдож байна. Автомашиныг 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Синчи ойл ХХК эзэмшилдээ авсныг талууд тайлбарлаж байна.

“БЭ” ХХК 13.590.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дансаар төлснийг талууд тайлбарлаж байх ба энэ нь мөн хариуцагчийн тооцооны баримтаас харагдаж байна.

Хариуцагчийн тооцооны баримтаас харахад 2017 оны 9 дүгээр сард авсан гэх түлшний үнэ нэг бүр нь 1450 төгрөгөөр бодож тооцогдсон, мөн 9 дүгээр сард дизель түлшний үнээс 7.296.000 төгрөг бартераар төлөгдсөн нь харагдаж байна.

Хариуцагч 2017 оны 9 дүгээр сард 5 удаа нэг бүр 3000 литрээр дизель түлш нэхэмжлэгчээс аваагүй гэх боловч энэ нь дизель түлшийг хариуцагч компанид тээвэрлэж хүлээлгэн өгсөн нэхэмжлэгч компаний жолооч Б.Ренчиндамбын “Борлуулалтын менежрт захиалга өгдөг ба түүний зөвшөөрлөөр түлшээ агуулахаас авч хүргэдэг. 2 хувь падан бичигдэж, 1 хувийг түлшийг хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулж манайх авдаг. 2017 оны 9, 10 дугаар сард 8 удаа, нэг удаадаа 3000 литр буюу нэг машинаар дизель түлш “БЭ” ХХК-д хүргэж өгсөн, ихэнхдээ Тамир гэх залуу хүлээн авдаг, 2 удаа харуулд нь, нэг удаа ковшны жолоочид захирлын зааснаар нь хүлээлгэн өгч байсан” гэсэн мэдүүлэг, түлшийг хүлээн авсан хариуцагч компаний ажилтны гарын үсэг 2017 оны 9, 10 дугаар саруудын падаанд адил байгаа зэргээр үгүйсгэгдэж байна.

Худалдсан дизель түлшний үлдэгдэл үнэ 14.454.000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй байна. Алдангийн хувьд 2017 оны 10 дугаар сард нэг бүрийг 1510 төгрөгөөр худалдан авсан түлшний үнэ 13.590.000 төгрөг төлөгдсөн, 9 дүгээр сард нэг бүрийг 1450 төгрөгөөр тооцон худалдсан түлшний үнийн үлдэгдэлд тооцоо бодсон 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаагаар алданги тооцож 1.283.976 төгрөгийг нэмж төлүүлэх, нэхэмжлэгчийн 5.943.024 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Барьцааны гэрээгээр хариуцагч автомашиныг 13.590.000 төгрөгийн шаардлагад барьцаалсан байх ба энэ нь түлшийг нэг бүр 1510 төгрөгийн үнэтэйгээр 10 дугаар сард хүлээн авсан дизель түлшний үнэтэй дүйцэж байгаа, энэ нь төлөгдсөн байх тул өөр үүргийн гүйцэтгэлийг барьцааны автомашинаар хангах үндэслэлгүй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 153 дугаар зүйлийн 153.1-ийг баримтлан “БЭ” ХХК-аас 15.737.976 төгрөгийг гаргуулж “СО” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 5.943.024 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 266.400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 236.640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119., 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                          С. БУД