Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 101/2016/08338/И |
Дугаар | 001/ХТ2017/00295 |
Огноо | 2017-03-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2017/00295
“Утпала финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06508 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 67 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “Утпала финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Ц.Ууганцэцэгт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 67 200 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гандарь, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Утпала финанс ББСБ” ХХК иргэн Ц.Ууганцэцэг нар 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ0001/150922 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204036962 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 66 дугаар байрны 5 тоот хаягт байх 87.9 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг зээлийн үүрэгт ЗБГ0001/150922 дугаартай барьцааны гэрээгээр барьцаалсан.Зээлийн эргэн төлөх хуваарь нь сар бүр хүүг төлөх, гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 22-нд үндсэн зээл 60 000 000 төгрөгийг, хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон боловч 2 сар хүү төлөөд ахиж төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусах үед зээлийг төлөх боломжгүй байгаа тул гэрээгээ сунгах хүсэлтийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ЗНГ0001/160322 дугаартай нэмэлт гэрээ байгуулж, хугацааг 3 сараар сунгасан.Уг нэмэлт гэрээнд эхний 2 сар буюу 2016 оны 04, 05 дугаар сард хүүг төлж, 6 дугаар сарын 22-ны өдөр үндсэн зээл 60 000 000 төгрөгийг, хүүгийн хамт төлөхөөр болсон. Гэвч нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ дахин зөрчиж, өнөөдрийг хүртэл төлөлт хийлгүй манай байгууллагыг алдагдалд оруулж, хохирол учруулж байгаа учраас Г.Ууганцэцэгээс үндсэн зээл 60 000 000 төгрөг, зээлийн хүү 5 760 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 440 000 төгрөг, нийт 67 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгч төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж, зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06508 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Ууганцэцэгээс 67 200 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Утпала финанс ББСБ” ХХК-нд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан үүрэг гүйцэтгэгч Ц.Ууганцэцэг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Ц.Ууганцэцэг, Э.Тэмүүжин, Э.Тэргэл нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн 2204036962 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 66 дугаар байрны 5 тоот 87.9 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Утпала финанс ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ууганцэцэгээс 496 420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Утпала финанс ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 67 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 201 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Шүүх тооцооллыг гаргахдаа Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 хэсгийг үндэслэх ёстой байтал нэхэмжлэгч байгууллагын тооцооллыг үндэслэл болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч миний бие үндсэн зээлийн төлбөрт 23 200 000 төгрөг төлсөн ба үндсэн зээлийн үлдэгдэл 60 000 000-23 200 000=36 800 000 төгрөг үлдсэн. Сарын 4 хувийн хүүтэй зээлсэн ба сарын хүү нь 36 800 000*4%=1 472 000 төгрөг, 1 472 000*12 ашигласан сар= 17 664 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 хувийг тооцоход 3 532 800 төгрөг болж байна. Нийт үндсэн зээл 36 800 000 төгрөг+зээлийн хүү 17 664 000 төгрөг +нэмэгдүүлсэн хүү 3 532 800 төгрөг = 57 996 800 төгрөг болж байна. Зөрүү /67 200 000-57 996 800/=9 203 200 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй болно.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчилж өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх эрх бүхий этгээдээс олгосон зээлийн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “Утпала финанс” ХХК хариуцагч Ц.Ууганцэцэгт холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан байх ба хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр дамжуулан оролцсон боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, оролцох боломжгүй шалтгаанаа тайлбарлаагүй тул шүүх хэргийг нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3., 100 дугаар зүйлийн 100.3.-т заасан зохицуулалтад нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3., 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэдэг бөгөөд хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасны дагуу шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэдэг байна.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэлийн талаар тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй тул зээлийн төлөлтийн тооцоог буруу гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-т үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх зохицуулалт нь зөвхөн гүйцэтгэх хугацаа нь болсон үүрэгт хамааралтай ба хариуцагчийн гомдолд дурдагдаж буй 23 200 000 төгрөгийг тэрээр хэзээ, хэрхэн төлсөн болохоо баримтаар нотлоогүй тул зээлийн тооцооллын талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06508 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 67 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН