Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/ма2018/01135

 

 

 

 

 

 

 

 

 

Чингис хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30ы өдрийн 181/ШШ2018/00732 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ундармал сод рашаан ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 543 376 673 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Цэцэгсүрэн, Л.Шагдарсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингис хаан банк нь Ундармал сод рашаан ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2258/01/СL-2014 тоот Зээлийн шугам нээх гэрээ байгуулан 100 000 000 төгрөгийг 30 сарын хугацаатай, зээл ашигласан хэмжээний дүнгийн 21.6 хувийн хүүтэйгээр, зөрчил үүссэн тохиолдолд хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр, мөн өдөр 2258/01/СС-2014 тоот Зээлийн гэрээ байгуулан 400 000 000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй, зөрчил үүссэн тохиолдолд хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр тус тус зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 2065/01/РА/01-2014 тоот, мөн өдрийн 2065/01/РА/02-2014 тоот барьцааны гэрээгээр дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Ү-2207002332 тоот улсын бүртгэлийн дугаартай, Налайх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны 21 тоотод байрлах, 43 м.кв талбай бүхий орон сууц, Ү-2207002331 тоот улсын бүртгэлийн дугаартай, Налайх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны 4 тоотод байрлах, 28 м.кв талбай бүхий орон сууц, Ү-2204059215 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 2 хороо, Дарь эхийн /13351/ гудамж 10 дугаар байр, 255 м.кв талбай бүхий Үйлчилгээний зориулалттай барилга, Ү-2203020385 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, /14252/ ХД-39 дүгээр байрны 94 тоотод байрлах 67.39 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч зээлийн шугам нээх гэрээний дагуу 100 000 000 төгрөгийн зээлээс үндсэн зээл 42 639 836 төгрөг, хүү 58 583 427 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 195 423 төгрөг, нийт 102 454 194 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний дагуу 400 000 000 төгрөгийн зээлээс үндсэн зээл 84 969 064 төгрөг, хүү 132 658 024 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 892 226 төгрөг, нийт 227 519 315 төгрөгийг тус тус төлсөн.

Банкны зүгээс зээлдэгч нартай удаа дараа уулзаж, зээлийн өр, төлбөрийг төлөхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн өр, төлбөр төлөгдөөгүй ба зээлийн гэрээний хугацаа дууссан байгаа болно. Зээлдэгч 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дараах өр төлбөртэй байна. Үүнд: Зээлийн шугам нээх гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 83 963 629 төгрөг, хүү 13 161 616 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 394 964 төгрөг, нийт 99 520 210 төгрөг, Зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс үндсэн зээл 315 030 935 төгрөг, хүү 114 183 112 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 642 414 төгрөг, нийт 443 856 462 төгрөгийн өр төлбөртэй байх тул хариуцагч Ундармал сод рашаан ХХК-иас нийт 543 376 673 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхийн шийвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулахыг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Хариуцагч 400 000 000 төгрөгийг авсан гэдэгт маргаагүй. Харин Зээлийн шугам нээх гэрээний дагуух 100 000 000 төгрөгөөс 30 000 000 төгрөгийг аваагүй гэж маргаж байгаа ч уг мөнгө 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч байгууллагын дансанд шилжин орсон баримтыг хэрэгт баримтаар өгсөн. Зээлийн шугам нээх гэрээ нь уг гэрээгээр тохиросон хэмжээний мөнгийг авах эрхийг олгосон гэрээ. Үүний дагуу 2014 оны 05 дугаар сарын 02-нд 40 000 000 төгрөг, 05 дугаар сарын 06-нд 60 000 000 төгрөгийг авч буцаагаад 30 000 000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 26-нд төлсөн. Дахин 2014 оны 05 дугаар сарын 30-нд 30 000 000 төгрөгийг нэмж авсан. Иймд уг гэрээний дагуу 100 000 000 төгрөгийг банк хариуцагчид бүрэн шилжүүлсэн. Хэрэгт баримтаар өгсөн мэдэгдлүүдэд уг хоёр зээлийн дагуух төлбөл зохих бүх дүнг бус харин тухайн цаг хугацаанд графикаар төлбөл зохих хэмжээг тусгасан мэдэгдлүүд юм гэжээ.

 

Хариуцагч Ундармал сод рашаан ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Чингис хаан банкны зүгээс Ундармал сод рашаан ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Ундармал Сод рашаан ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2258/01/СL2014 тоот Зээлийн шугам нээх гэрээг байгуулсан боловч зээлдүүлэгчийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүйгээр, зээлийн төлбөрийг бүрэн шилжүүлж өгөөгүй байдаг. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Гэсэн хэдий ч Ундармал сод рашаан ХХК нь зээлдүүлэгчээс шилжүүлэн авсан зээлийн төлбөрийг зохих ёсоор төлж байсан ба зээлийн төлөлттэй холбогдуулж, төлсөн зээлийн төлбөрийн хэмжээгээр зээлийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, худалдан борлуулсан төлбөрийн хэмжээгээр зээлийн үлдэгдэл төлбөрийг хаах хүсэлтийг биечлэн гаргаж байсан боловч зээлдүүлэгчийн зүгээс хүлээн аваагүй. Чингис хаан банк нь нийт 530 000 000 төгрөгийн үндсэн зээл, үндсэн зээлд хамаарах хүүгийн нийт хэмжээгээр зээлийн барьцааны гэрээ байгуулсан талаар дурдсан байх ба 543 376 673 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандаж гаргажээ. Үүнээс үзэхэд зээлийн барьцаа хөрөнгүүдийн үнэлгээ нь зээлийн үнийн дүнгээс илүү давсан байтал бүх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргаж байгааг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан боловч уг барьцааны гэрээнүүд нь Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөө талаар тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Чингис хаан банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ундармал сод рашаан ХХК-иас 543 376 673 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох А.Гандолгорын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020385 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД 39 дүгээр байр 94 тоотод байрлах, 67.39 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204059215 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь эх гудамж, 10 дугаар байр 1 давхарт байрлах 255 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г.Гэсэржавын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207002331, Ү-2207002332 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 75 дугаар байр 4, 21 тоотод байрлах 28, 43 мкв талбай бүхий 2, 3 өрөө орон сууцнаас тус тус хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 945 034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 2 945 034 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр давж заалдах гомдолдоо: ...Талуудын хооронд байгуулагдсан №2258/01/СL-2014 дугаартай Зээлийн шугам нээх гэрээ-ний 7-д Зөрчил үүссэн тохиолдолд зээлдүүлэгч зөрчил үүссэн тухай зээлдэгчид мэдэгдсэн өдрөөс эхлэн зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд зээлдэгч нь энэхүү гэрээний 5 дугаар зүйлд заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх дээрх гэрээний заалтад дүгнэлт хийгээгүй бөгөөд зээлдүүлэгч Чингис хаан банк ХХК-ийн зүгээс зээлдэгч Ундармал сод рашаан ХХК-д зөрчил үүссэн талаарх мэдэгдсэн мэдэгдэлгүйгээр нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 394 964 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 2 394 964 төгрөгийг хасч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК нь хариуцагч Ундармал сод рашаан ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 543 376 673 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №2258/01/СС-2014 дугаартай Зээлийн гэрээ-гээр зээлдүүлэгч нь 400 000 000 төгрөгийг 30 сарын хугацаатайгаар зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч жилийн 21.6 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр, мөн өдөр 100 000 000 төгрөгийн үнийн дүнгээр, 30 сарын хугацаатайгаар зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч жилийн 21.6 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр №2258/01/СL-2014 дугаартай Зээлийн шугам нээх гэрээ-г тус тус байгуулж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар А.Гандолгорын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020385 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД 39 дүгээр байр 94 тоотод байрлах, 67.39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204059215 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь эх гудамж, 10 дугаар байр 1 давхарт байрлах 255 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2207002328 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 75 дугаар байр 48 тоотод байрлах, 28 м.кв талбай бүхий орон сууц, Г.Гэсэржавын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207002331, Ү-2207002332 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 75 дугаар байр 4, 21 тоотод байрлах 28, 43 м.кв талбай бүхий 2, 3 өрөө орон сууцнуудыг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд, мемориалын ордер, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулгууд зэрэг баримтаар тогтоогдсон, дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна. /хх 15-21, 23, 23, 24-33, 34-57/

 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг хугацаанд нь төлөх, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч Ундармал сод рашаан ХХК нь зээлийн гэрээний хугацаанд 227 519 315 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн талаар зохигчид маргаагүй, өөр төлбөр төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүх уг төлбөрийг үндсэн зээлээс хасч, үлдэх хэсгээс хүүг, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан журмын дагуу тооцож, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар №2258/01/СС-2014 дугаартай Зээлийн гэрээ-ний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 315 030 935 төгрөг, гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны хүү 114 183 112 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 642 414 төгрөг, нийт 443 856 462 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Харин анхан шатны шүүх №2258/01/СL-2014 дугаартай Зээлийн шугам нээх гэрээ-ний зээлийн үлдэгдэл, хүүгийн талаар зөв тооцоолсон боловч нэмэгдүүлсэн хүү болох 2 394 964 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан Зээлийн шугам нээх гэрээ-ний 7-д Зөрчил үүссэн тохиолдолд зээлдүүлэгч зөрчил үүссэн тухай зээлдэгчид мэдэгдсэн өдрөөс эхлэн зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд зээлдэгч нь энэхүү гэрээний 5 дугаар зүйлд заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заажээ.

 

Дээрх журамд зааснаар үүргийн зөрчил үүссэнийг мэдэгдэнэ, мэдэгдсэнээс хойш нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байна. Хэрэгт авагдсан баримтаар үүргийн зөрчил үүссэн талаар зээлдүүлэгч Чингис хаан банк ХХК нь зээлдэгч Ундармал сод рашаан ХХК-д мэдэгдсэн талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь үүргийн зөрчил үүссэнийг хариуцагчид утсаар мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч хэзээ, яаж мэдэгдсэн нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30ы өдрийн 181/ШШ2018/00732 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...543 376 673 төгрөг... гэснийг ...540 981 709 төгрөг... гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...2 945 034 төгрөг... гэснийг ...2 862 859 төгрөг... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяраас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.ЦОГТСАЙХАН